| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0105/Э |
| Дугаар | 0184 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 0184
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Д.Нямбат, шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овгийн Н.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 06070 0007 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овгийн Н.Н, Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эх, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 10 дугаар 11-ний орой 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 23 дугаар байрны 141 тоотод “айлын гэрт цэвэрхэн амьдар" гэх шалтгаанаар Б.Х-ийг зодож хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхи, хацар, баруун хацарт цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Х овгийн Н.Н нь 2019 оны 10 дугаар 11-ний оройн 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны *** тоотод “айлын гэрт цэвэрхэн амьдарсангүй" гэсэн шалтгаанаар хохирогч Б.Х-ийг зодож, бие махбодод нь “...хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхи, хацар, баруун хацарт цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Н.Н-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн хуудас (хх-ийн 2 дугаар хуудас), хохирогч Б.Х-ийн цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл (хх-ийн 13 дугаар хуудас), эмчилгээтэй холбоотой баримт, зардлын тооцоо (хх-ийн 54-57 дугаар хуудас);
3. Хохирогч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н гаднаас согтуу орж ирээд найз залуугаа санаад байна гэхээр нь одоо гэрээс яваа найз залуу руугаа зайл гэж хэлсэн.Тэгэхэд Н уурлаад намайг үсдэж дараад миний нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21 дүгээр хуудас);
- Хохирогч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...байрны эзэн манай найз З, түүний нөхөр С бид гурав пиво, архи хувааж уугаад сууж байтал гаднаас Н халамцуу орж ирээд бид хамтдаа уусан. З том өрөөнд орж унтаад, нөхөр мөн өрөөндөө орж унтсан. Би Н-ийн хамт коридорт юм яриад сууж байхад найз залуугаа санаад байна гээд дуу нь чангараад агсам тавиад байсан. Тэгэхээр нь би найз залуугаа санаад байгаа юм бол зайлаач гэж хэлэхэд Н уурлаж босож ирээд намайг үсдэж дараад миний нүүр рүү 1-2 удаа өшиглөсөн .." гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-24 дүгээр хуудас);
4. Гэрч П.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х-д гэж манай найз эмэгтэй нөхрийнхөө хамт манай хажуу өрөөг түрээсэлдэг ба 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Х-д болон түүний нөхөр С бид гурав гэртээ архи, пиво ууж байхад гаднаас Нарангэрэл архи уусан халамцуу орж ирээд хамт суусан. Тэгээд С өрөөндөө орж унтсан, би бас нойр хүрээд өрөөндөө орж унтсан. Намайг унтаж байхад хүн хэрэлдэх чимээ гарахаар нь коридорт гартал Х-д “намайг Н зодоод хамар гэмтээчихлээ, хамар руу өшиглөсөн” гэж хэлсэн. Н-ээс юу болсон талаар асуухад Х-д архиа асгачхаад танай хүүхдийг цэвэрлэ гэхээр нь би хүүхдийг чинь өмөөрсөн юм гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 27 дугаар хуудас);
5. Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би сэрээд өрөөнөөс гарахад эхнэр хамраа дараад цусаа угаах гээд зогсож байхаар нь юу болсон талаар асуухад Н намайг үсдэж дарж байгаад хамар руу өшиглөж зодчихоод гараад явчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29 дүгээр хуудас);
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13143 дугаартай: “Б.Х-дийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний доод зовхи, хацар, баруун хацарт цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдээс хамар ясны хугарал, таславчийн мурийлт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх-ийн 31-32 дугаар хуудас);
7. Шүүгдэгч Н.Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 45 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 49 дүгээр хуудас);
8. Шүүгдэгч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би Хараанижидэд хандаад айлын гэр түрээсэлж байгаа юм бол цэвэрхэн амьдраач дандаа архи дарс ууж байх юм гэхэд чамд хамаагүй гээд маргасан. Тэгээд би хоёр удаа алгадаад хоорондоо хэрэлдсэн. Бусдын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо төлнө...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 40 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Х-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Н.Н-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Х-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Н-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Х-д нь нийт 238,000 төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилсэн байх боловч хэрэгт 68,000 төгрөгийн баримт авагдсан байх тул шүүгдэгч Н.Н-ээс нийт 68,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Х-д олгож, хохирогч Б.Х-д нь нотлох баримтаа бүрдүүлэн эмчилгээний бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-д 348 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 6 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн тооцож хасан нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг нийт 300 цагаар тогтоох саналтай байна. Хохирогч Х-д нь баримтаар 68,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч өнөөдрийн байдлаар хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс уг хохирлыг гаргуулж, хохирогчид олгуулах нь зүйтэй. Харин хохирогчийн үлдэгдэл нэхэмжлэл баримтгүй тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү. Учир нь би хагалгаатай болохоор нийтэд тустай ажил хийх ямар ч боломжгүй байгаа...” гэв.
Шүүх улсын яллагчийн саналаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-д 348 (гурван зуун дөчин найм) хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Н.Н-ийн торгох ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Учир нь тэрээр хохирогчид учруулсан хохирлоосоо огт төлөөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин хөлс орлогогүй байна. Түүний эрүүл мэндийн байдлын талаар хэрэгт авагдсан баримтгүйн дээр хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэх нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгүй байх хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх байгууллагыг сонгохдоо ялтны эрүүл мэндийн байдал, эзэмшсэн мэргэжил, ур чадварыг харгалзан ахлах шийдвэр гүйцэтгэгч ажиллуулах байгууллагыг тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзах нь зүйн хэрэг.
Шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт нийт 6 (зургаа) хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 348 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 6х8=48 цагийг хасаж тооцон биечлэн эдлэх ялын хугацааг 300 (гурван зуу) цагаар тогтоох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Н-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Шүүгдэгч Н.Н-д хохироос өөр төрлийн ял оногдуулсан тул түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Х овгийн Н.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-д гурван зуун дөчин найман цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Н.Н-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ийн цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлаар хасаж тооцон биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 300 (гурван зуу) цагаар тогтоосугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ээс 68,000 (жаран найман мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Б.Х-д олгож, харин хохирогч Б.Х-д нь нотлох баримтаа бүрдүүлэн эмчилгээний бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Н-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Н.Н-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Н-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА