| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0161/Э |
| Дугаар | 0185 |
| Огноо | 2020-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 0185
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч М.Амарзаяа, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00499 0132 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Б.Б, Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 37 настай, дээд боловсролтой, компьютерийн сүлжээний инженер мэргэжилтэй, “***” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл хоёр, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хорооллын 54б байрны *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хорооллын 5а байрны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 249 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан 6 дугаар хороо Хайрхан хорооллын 54в байрны *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Б-г хуучин үерхэж байсан залуутайгаа мессэж бичиж харилцлаа гэх асуудлаас үүдэн маргалдан түүн рүү аяга шидэж эрүүл мэндэд нь духанд шарх, зүүн зулайд зөөлөн эдиййн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овгийн Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан 6 дугаар хороо Хайрхан хорооллын 54в байрны 61 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Б-тай хуучин үерхэж байсан залуутайгаа мессэж бичиж харилцлаа гэх шалтгаанаар маргалдан түүн рүү аяга шидэж, бие махбодод нь “духанд шарх, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...эхнэр бид хоёр амралтын өдөр байсан тул хамт архи уусан. Архи ууж байгаад би санаандгүй утсыг нь хартал хуучин үерхэж байсан залуутайгаа “Номингийн 5 дугаар давхарт 00-д уулъя” гэсэн чат бичсэн байсан. Би чи яагаад энэ хүнтэй чатлаад байдаг юм бэ гэхэд угаасаа би холбоотой байдаг, хохь чинь гэж хэлэхээр нь би ширээн дээр байсан аягийг аваад шидчихсэн. Үүнээс болоод эхнэрийн толгой хагарсан, би хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хамтран амьдрагч Б нь миний утсыг нээж үзээд миний бүх чатуудыг уншаад өмнө нь үерхэж байсан залуутай чатласан байхыг хараад уурлаад “чи яах гэж энэ залуутай чатлаад байдаг юм” гэхээр нь би уурандаа урьдаас нь “яадаг юм” гээд хэлчихсэн чинь Б над руу цагаан өнгийн аяга аваад шидсэн. Тэр аяга нь миний духны зүүн дээд хэсгийг оносон. Би гараараа духаа дарсан чинь миний rap цус болчихсон байхаар нь би сандаалтай нүцгэн гэрээсээ гараад гүйж байгаад орцны үүдний гадна байрлах жалга руу халтираад унахдаа том цементэн дээр баруун нүдээрээ уначихсан. Би буцаад гэр рүүгээ гүйгээд орж байтал аав Ж-тай таараад бид хоёр гэр лүүгээ ороод, дараа нь гэмтэл рүү явсан. Миний биед учирсан духанд шарх, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг Б аягаар цохиж үүсгэсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7 дугаар хуудас);
3. Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгаас Упаанбаатар хотод дүү Б-тай уулзах гээд ирсэн. Тэгтэл Б эрүүл мертлөө xoёр нүд нь хөхөрчихсөн, толгой нь хагарчихсан байхаар нь юу болсон талаар асуухад Б над руу аяга шидээд толгой хагалахаар нь би гараад гүйж байгаад нүүрээрээ уначихсан гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 дугаар хуудас);
4. Гэрч Д.Ж-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2020 оны 01 дүгээр сарын 12-ны орой Б-ын гэрийн урд байрлах 13 дугаар байрны дулаан гражид машинаа байрлуулчихаад Б-ын гэр рүү нь орох гээд чип байхгүй байрных нь хаалгыг онгойлгож чадахгүй тул байрны дэлгүүрээр дамжин гэр рүү нь орох гэтэл Б-гийн толгойноос цус гарчихсан, хувцас хунар нь шороо болчихсон байхаар нь яачихсан юм бэ гэж асуусан чинь Б над руу аяга шидээд миний толгойг хагалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь яагаад наад хувцас хунар чинь ийм шороо болчихсон юм гэж асуусан чинь Б “ би энэ гадаа байгаа жалга руу уначихлаа” гэж хэлсэн. Би Б-г дагуулаад гэр рүү орсон чинь Б согтуу байдалтай орон дээр сууж байхаар нь би “яагаад хүүхэд ингэчихдэг юм” гэж хэлээд Б-г эмнэлэг рүү дагуулж явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15 дугаар хуудас);
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1561 дугаартай шинжээчийн: “...Г.Б-гийн биед духанд шарх, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 19 дүгээр хуудас);
6. Шинжээч эмч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Г.Б-гийн биед духанд шарх, зүүн зулайд үүссэн гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хөнгөн зэрэгт хамаарна. Б-гийн биед духанд шарх бүхий гэмтлээс бусад гэмтлүүд нь унахаас үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23 дугаар хуудас);
7. Хамтарсан багийн хурлын: “...гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн дагуу шийдвэрлүүлэх саналтай...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 44-46 дугаар хуудас);
8. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын: “...хурц түргэн ууртай, хардалтаас болж муудалцсан, зүүн талын духны дээд хэсэг рүү аяга шидсэн, 2 оёдол тавиулсан...” гэсэн үнэлгээ (хх-ийн 47-50 дугаар хуудас);
9. Шүүгдэгч Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 32 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 29 дүгээр хуудас); шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 41 дүгээр хуудас), гэрлэлт бүртгэлгүйн тухай лавлагаа (хх-ийн 36 дугаар хуудас);
10. Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би эхнэр Б-тайгаа хамт урьд өдөр нь архи уусан байсан. Маргааш нь дахиад ууж байтал Б хуучин найз залуутайгаа чатлаж байгааг нь утаснаас нь харж байгаад мэдчихээд “чи энэ залуутай яах гэж чатлаад байгаа юм бэ” гэсэн чинь Б “яадаг юм, би угаасаа харьцаатай байгаа, би уулзахаар болсон” гэж хэлэхээр нь миний уур хүрээд ширээн дээр байсан жижиг, цайны, цагаан өнгийн, сэнжтэй аягыг аваад шидсэн чинь духанд нь оночихсон. Тэгтэл Б-гийн духнаас цус гараад, Б цусаа харж сандраад тавчиктайгаа гэрээс гараад гүйсэн. Удалгүй аав Ж Б-тай хамт гаднаас орж ирээд Б-гийн толгойг ороолтоор ороогоод эмнэлэг рүү авч явсан. Би согтуу үедээ хамтран амьдрагч руугаа аяга шидэж гэмтэл учруулсандаа харамсаж байна, миний буруу...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 58 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч Г.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, яллагдагч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Б-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Г.Б-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүгдэгч Б.Б, хохирогч Г.Б нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхөр болон хамтран амьдарч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Б.Б нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж үзэх үндэслэл болж байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Б нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Б.Б-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА