Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 0186

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Д.Нямбат, шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овгийн А.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03633 1898 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овгийн А.Н, Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эцэг, эх, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 15 дугаар гудамжны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 689 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 (гурван зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч А.Н нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Дунд Нарангийн 14 дүгээр гудамжны *** тоотод оршин суух Б.Б төрсөн өдрийг тэмдэглэж байхдаа О.О-ийн 275,200 төгрөгийн монет хос ээмэг, 275,200 төгрөгийн монет бөгж, С.Б-ны 361,200 төгрөгийн монет бөгжийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж, бусдад нийт 911,600 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Х овгийн А.Н 2018 оны 07 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 14 дүгээр гудамжны 484 тоотод Б.Бямба-Эрдэнийн төрсөн өдрийг тэмдэглэж байх үедээ хохирогч О.Отгондарийн 275,200 төгрөгийн үнэ бүхий монет хос ээмэг, 275,200 төгрөгийн үнэ бүхий монет бөгж, хохирогч С.Б-ны 361,200 төгрөгийн үнэ бүхий монет бөгжийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж, бусдад нийт 911,600 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч А.Н-ын шүүх хуралдаанд өгсөн: “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч О.О-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хх-ийн 13 дугаар хуудас),

3. Хохирогч О.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 14 дүгээр гудамжны *** тоотод найзын төрсөн өдөрт уригдан очсон. Төрсөн өдөр тэмдэглэж байгаад унтсаны дараа эрэгтэй эмэгтэй хос, хуримын монет бөгж, эмэгтэй монет ээмгээ хулгайд алдсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18 дугаар хуудас);

4. Хохирогч С.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б-ийн төрсөн өдрийг тэмдэглэхээр эхнэр О-ийн хамт ирээд архи уусан. Маргааш өглөө нь босоод ирэхэд хуруунд байсан хуримын бөгж алга болсон байсан. Мөн эхнэр О-ийн хуримын монет бөгж, чихэнд нь байсан монет ээмэг алга болсон байсан. Өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө би rap утсаа алдсан гэж мэдүүлсэн боловч тэр өдөр rap утсаа авч очоогүй,  гэртээ мартсан юм байна лээ..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуудас);

5. Гэрч Э.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...архи уугаад Б-ийн гэрт унтсан байсан. Өглөө 08 цагт босож гэртээ хариад хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд явж байтал манай найзууд утсаар залгаад Б-ны болон эхнэрийнх нь ээмэг бөгж алга болсон байна гэхээр нь буцаад очсон..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас);

6. Гэрч С.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...найз Б-ийн төрсөн өдөр болоод би эхнэр О-ын хамт гэрт нь очсон. Гэрт нь ороход Б-ийн эхнэр Б-, найз нь Н нар ирсэн байсан. Ирсэн хүмүүсийн зарим нь шөнө яваад маргааш өглөө нь 09 цаг 30 минутад сэрэхэд манай эхнэрийн чихэнд зүүсэн байсан монет хос ээмэг, зүүн гарын ядам хуруунд зүүсэн байсан хуримын бөгж байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би хуримын бөгжөө хартал бас байхгүй болчихсон байсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 26 дугаар хуудас);

7. Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манай нөхөр Б-ийн төрсөн өдөр болоод манай гэрт найзуудын хамт тэмдэглэсэн. Бид нар архи, пиво уугаад ихэнх нь архиндаа тасраад унтаад өгсөн. Өглөө бостол найз О, түүний нөхөр Б нарын ээмэг, бөгж алга болсон байсан. Тухайн үед О, Г, М, Н, О, Б нар байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29 дүгээр хуудас);

8. Гэрч Ч.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сард найз Намуунтуул манай ажил дээр ирээд монет бөгж ломбардад тавиад өгөөд өгөөч гэхээр нь ямар учиртайг нь асуухад манай эгчийн бөгж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би 150,000 төгрөгөөр ломбардад барьцаанд тавьж мөнгийг нь Н-д өгсөн. Хуримын бэлзэгтэй, эмэгтэй хүний монет бөгж байсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 35 дугаар хуудас);

9. Хохирогч О.О, яллагдагч А.Н нарын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хамт авхуулсан 2 ширхэг гэрэл зураг (хх-ийн 39 дүгээр хуудас), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...хулгайд алдагдсан эд зүйлсийг нийт 911,600 төгрөгөөр үнэлсэн...” тайлан (хх-ийн 42 дугаар хуудас);

10. Шүүгдэгч А.Н-ын иргэний иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 60 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 55 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 93-97 дугаар хуудас);

11. Шүүгдэгч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...найз Б төрсөн өдрийг тэмдэглээд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны Дунд Нарангийн 14 дүгээр гудамжны *** тоот гэрт нь Б, О, Б-ийн ажлын 2 залуу гээд хүмүүстэй хамт архи уусан. Шөнө 01 цагийн үед манай найзууд бүгд унтаж байхаар нь О-ийн чихэнд байсан хос монет ээмэг, баруун гартаа зүүсэн байсан монет бөгж, мөн Б-ны баруун гарын ядам хуруундаа зүүсэн байсан монет бөгжийг хулгайлж авсан. Нэг цаг гаруйн дараа найз О гэрийн гадаа ирчихсэн байна, хамт гаръя гэхээр нь би гарахгүй чи харин миний хувцсыг аваад явчих гэж хэлээд ууттай хувцсаа өгч явуулахдаа хулгайлсан ээмэг, бөгжөө дотор нь хийгээд явуулсан. Хоёр хоногийн дараа О-аас хувцсаа аваад дотор нь байсан ээмэг бөгжийг аваад О-д манай эгчийнх байгаа юм надад бичиг баримт байхгүй чи ломбардад тавиад өгөөч гэж хэлсэн. О Сансар хороололд байдаг ломбардад 178,000 төгрөгөөр тавьсан ба О-аас урд нь зээлсэн байсан 70,000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгөөр нь бид хоёр пиво авч уугаад салцгаасан. Хоёр хоногийн дараа О-иас хулгайлсан монет ээмгийг Чингэлтэй дүүргийн 17 дугаар автобусны буудлын орчим байх ломбардад тавиад эргүүлж аваагүй хаясан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 82 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

 Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч А.Н-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох эрэгтэй хүний монет бөгжийг 361,200 төгрөг, эмэгтэй хүний монет бөгжийг 275,200 төгрөг, монет ээмгийг 275,200 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн байх тул шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг нийт 911,600 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч А.Н-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын бага хэмжээнээс дээш үнэлгээ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.Н-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч О.О, С.Б нарын хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч А.Н-лаас нийт 911,600 төгрөгийг гаргуулж, хохирогч О.О-д 550,400 төгрөг, хохирогч С.Б-д 361,200 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Н-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хохирогч О.О-д 550,400 төгрөг, хохирогч С.Б-д 361,200 төгрөгийн төлөх төлбөртэй, хохирол нөхөн төлөгдөөгүй. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж: “...Надад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү, би хохирлыг төлж барагдуулна. Би урьд эдэлсэн ялаас маш их зүйлийг ойлгож ухаарсан. Түүнээс хойш ямар нэгэн буруу зүйл хийгээгүй. Шударгаар ажил хийж амьдарч байгаа. Энэ хэрэг бол миний өмнө шийтгүүлсэн хэрэг бөгөөд би цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдгийг 2019 оны 11 сард мэдсэн. Би бага насны хүүхэдтэй тул хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү...” гэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний группэд байдаг эцэг, бага насны хүүхэдтэйгээ амьдардаг хувийн байдал, түүнчлэн шүүгдэгчийн үйлдсэн энэ гэмт хэрэг нь урьд шийтгүүлсэн бөгөөд эдэлж дуусан ялаас өмнө үйлдэгдсэн байгааг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч А.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж засан хүмүүжүүлэх нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Х овгийн А.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д зургаан зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч А.Н-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-аас 911,600 (есөн зуун арван нэгэн мянга зургаан зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч О.О-д 550,400 төгрөг, хохирогч С.Б-д 361,200 төгрөг тус тус олгосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Н-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                   Б.БАТАА