Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 0218

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Н.Ундрах /томилолтоор/, хохирогч Ж.Б, шүүгдэгч Ө.Т, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Ө.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02883 1072 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Ө.Т, Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, “***” ХХК-д худаг угсралтын ажил эрхэлдэг, ам бүл тав, эх, гурван дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар хороо, Тоосгоны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дугаар сарын 16-ний өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 01 сарын 16-ны өдөр үлдэгдэл 1 жил 6 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ө.Т нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны оройн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8б байрны орцонд уг орцны *** тоотод оршин суух иргэн Ж.Б-той “дээрээс ууттай ус шидсэн, цонх руу нь чулуу шидэж цуулсан” гэх шалтгаанаар харилцан бие биеэ буруутган маргалдан зууралдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж мөн мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр сарвуунд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Ө.Т нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны оройн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 8б байрны орцонд уг орцны *** тоотод оршин суух хохирогч Ж.Б-той “дээрээс ууттай ус шидсэн, цонх руу нь чулуу шидэж цуулсан” гэсэн шалтгаанаар харилцан маргалдан зууралдаж, нүүр лүү нь гараараа цохиж, мөн мөргөж, бие махбодод нь “...зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр сарвуунд зулгаралт, цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ө.Т-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Ж.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байхад цонх руу чулуу шидээд байсан. Манай 3 хүүхэд газар суугаад хичээлээ хийж байсан. Том охин босоод цонхоо онгойлгоод харахад өөдөөс нь том хайрганууд ороод ирсэн. Би цонхыг нь буцааж хаалгаад хартал цонхны доод тал нь хагарчихсан байсан. Би “цонх хагалаад хаячихлаа” гэж хэлэх гээд гэрээсээ гараад орцны үүд рүү явж байтал шүүгдэгч өөдөөс орилоод ороод ирсэн. Би “чи цонх хагалаад хаячихлаа” гэж хэлтэл хоёр гар нь сарвалзахаар нь би шуунаас нь бариад авсан. Ноцолдож байхдаа намайг мөргөсөн. Би цонхоо хагалуулчихсан, нүүрээ мөргүүлчихсэн болохоор шүүгдэгчийг тавихгүй гээд зууралдаж байсан. Удалгүй дээрээс манай том охин бууж ирсэн. Би охиндоо цагдаа дууд гэж хэлсэн. Цагдаа нар маш хурдан хүрээд ирсэн. Зууралдаж байхад ирээд цагдаа шүүгдэгчийг аваад явсан. Би тархины өвчтэй байсан. Миний толгой одоо болтол хавдаж өвддөг. Би урьд нь 139,000 төгрөг, сүүлд цонхны мөнгө гэж 100,000 төгрөг авсан. Одоо ажилгүй байсан хугацааны цалингаа шүүгдэгчээс гаргуулж авмаар байна. Энэ талаар цуглуулсан баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 13-ны орой 22 цагийн орчимд гэртээ байж байтал том өрөөний цонх цуурчихсан. Тэгэхээр нь гайхаад жижиг салхивчаа онгойлгоод хартал өөдөөс жижигхэн хайрганууд ороод ирсэн. Тэгээд би гараад орцны хаалгаар гарах гээд хаалга түлхтэл өөдөөс үл таних нэг залуу орж ирээд дээрээс ус асгачихлаа гээд дайрч эхэлсэн. Би "юу яриад байгаа юм бэ” гэтэл үгийн зөрүүгүй миний зүүн нүд рүү 2 удаа мөргөж 4-5 удаа гараараа нүүр рүү цохисон,  тэгэхээр нь би цагдаа дуудлага өгсөн. Удалгүй цагдаа  нар орж ирээд хэсэг рүү аваад явсан. Надад учирсан гэмтлүүдийг үл таних залуу миний нүүр лүү гараараа цохиж, мөргөж, мөн гараас зуурч учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-21 дүгээр хуудас);

4. Гэрч Б.Х-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 13-ны орой 19 дүгээр байрны гадаа хамтран амьдрагч Т-тэй хамт зогсож байтал ууттай ус Т-ийн дээрээс уначихсан. Тэгээд дээшээ хартал 2 давхрын айл цонхоо хааж байсан. Т газраас хайрга авч шидчихээд орц руу гүйгээд орсон. Би орцны хаалга татаад хартал Т нэг эмэгтэй хүнтэй барилцаад зууралдаад зогсож байтал үл таних 2 ах, эгч дээрээс бууж ирээд салгаж байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-24 дүгээр хуудас);

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 5923 дугаартай: “...Ж Б-ын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр сарвуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт (хх-ийн 29 дүгээр хуудас);

6.Шүүгдэгч Ө.Т-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 75 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 55 дугаар хуудас); шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд (хх-ийн 57-69,113-118 дугаар хуудас);

7. Шүүгдэгч Ө.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тэр эмэгтэй миний цамцнаас зуураад тавихгүй байхаар нь гарыг нь тавиулах гээд хэсэг ноцолдсон, тэгэх явцдаа тэр эгчийн нүүр лүү мөргөчихсөн. Би гарыг нь тавиулах гээд чадахгүй зууралцаад орцны үүдний хэсэгт ирэхэд цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 51-53 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Хохирогчийн цагдаад гаргаж байсан өргөдөл, мөн гэрч болон хохирогчоор өгч байсан мэдүүлгүүдийг шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс шинжлэн судаллаа. Учир нь хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байна. Хохирогч анх цагдаад мэдүүлэг өгөхдөө “үгийн зөрүүгүй нүд рүү цохисон”, дараа нь “гарт байсан утсыг хананд хавсарч цохиод хагалсан” гэж мэдүүлсэн. Гэрчээр хууль сануулж мэдүүлэг өгөхдөө “орцны үүдээр гартал эрэгтэй, эмэгтэй хоёр зогсож байсан, эрэгтэй нь намайг 4 удаа цохиж, эмэгтэй нь самардсан” гэж мэдүүлсэн. Дараа нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “эхлээд мөргөсөн” гэж хэлдэг. Харин шүүх хуралдаан дээр “үгийн зөрүүгүй мөргөсөн” гэж мэдүүлэг нь өөрчлөгдсөн. Тиймээс хохирогчийн мэдүүлгийг туйлын үнэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Харин шүүгдэгчийн өмнө болон одоо өгч байгаа мэдүүлгийг харахад хоорондоо зөрүүтэй зүйл байхгүй. Мөн гэрч Халиуны мэдүүлэгт зөрүүтэй зүйл байхгүй. Иймд эдгээр мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн биед 3 тооны гэмтэл учирсан. Үүний алинд нь хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдох юм, алинд нь гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэдгийг тусад нь ялгаж өгөөгүй. Ер нь бол гэмтлийн зэрэг тогтоогдохгүй ч гэсэн шинжээч дүгнэлтдээ тусгадаг. Иймд шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй нөхцөл байдал байна гэж үзэж байна. Маргаан болох үед хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Гагцхүү энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд зааснаар гэм буруугийн хэлбэр нь санаатай юм уу, болгоомжгүй юм уу гэдэг дээр өмгөөлөгч байр сууриа илэрхийлье. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан байдаг. “Хууль бус шинжтэй болохыг ухамсарлах” гэдэг нь аль алинд нь байна. Энэ нь тухайн хохирлыг хүсэж үйлдсэн эсэхийг хэлнэ. Шүүгдэгч нь тухайн үйлдлийг хийхдээ хохирогчийг гэмтээе, гэмтэл учруулъя гэсэн санаа зорилго, сэдэлт байгаагүй. Харин өөрт нь асуудал байсан болохоор цагдаагаас зугтах зорилгоор зугтаах гэж байх үедээ хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан. Хүсэж хохирол учруулаагүй бол энэ нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэр болдог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2020 оны Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “санаатай” гэдэг үг орж ирсэн. Тус хуулийг өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлсэн. Улсын яллагчийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллан дүгнэлтэд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай нөхцөл байдал үүсэж байна гэж харж байна. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэв.

Хууль зүйн хувьд гэм буруугийн хэлбэр гэдэг нь гэмт этгээдийн бусдад учруулсан хохирол, хор уршигтаа хандсан сэтгэхүйн харьцаа бөгөөд гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус болохыг ухамсарласан, улмаар хүсэж үйлдсэн байдаг. Энэ хэргийн тухайд шүүгдэгч Ө.Т нь хохирогчийн нүүр лүү мөргөсөн, цохисон үйлдлээ өөрийн ухамсраар шийдвэр гаргаж, өөрөө хүсэж хийсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хохирогч Ж.Б нь гэрийнхээ цонхыг хагалуулсан тул шүүгдэгч Ө.Т-ийг явуулахгүй, цагдаад хүлээлгэн өгнө хэмээн зууралдаж байгаа нь эд хөрөнгийн хохирол хүлээсэн иргэн хүний хувьд зүй ёсны үйлдэл бөгөөд харин эсрэгээрээ хуулийн дагуу шалгуулахгүй хэмээн зугтаах оролдлого хийж, хохирогчид халдаж буй шүүгдэгчийн үйлдэл нь түүний гэмт санааг илэрхийлж байна.

Иймд шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч Ө.Т-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ж.Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ж.Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон 1 дэх хэсэгт санаатай гэсэн нэмэлт оруулсан тул прокурорын яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулах шаардлагатай” гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан, энэ гэмт хэрэг үйлдэгдсэн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн томьёоллоор тодорхойлсон байсан тул прокурорын яллах дүгнэлт болон яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүй.

Нөгөөтээгүүр, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 11.6 дугаар зүйлд хууль зүйн техникийн шинжтэй нэмэлт оруулсан, харин ялын төрөл, хэмжээг огт өөрчлөөгүй байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх асуудал хөндөгдөхгүйг дурдах нь зүйтэй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ө.Т-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ж.Б нь шүүгдэгч Ө.Т-өөс мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардалд 140,000 төгрөг, шүүхийн шатанд цонхны төлбөрт 100,000 төгрөг, нийт 240,000 төгрөг хүлээн авсан гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй хэмээн дурдаж, харин хохирогч ажилгүй байх үеийн цалин хөлсний зөрүүг нэхэмжилснийг нотлох баримтгүйн улмаас энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзээд хохирогч Ж.Б нь цалингийн зөрүүтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдлаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ө.Т нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч  Ө.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 40 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, түүний 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 06 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 08 сар 09 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон 27 хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцох, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нь хохирол төлбөрийг нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Шүүгдэгч нь нийт 27 хоног цагдан хоригдсон. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүнийг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож өгнө үү...” гэв.

Анхан шатны шүүх үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-д хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангана гэж үзлээ. 

Түүнчлэн, шүүгдэгч Ө.Т нь Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан байх үедээ санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас элээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх ...-ээр шийдвэрлэж болно” гэж тус тус зааснаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 29 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 07 сар 29 хоногоор тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө.Т нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байх тул түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ө.Т нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт 27 хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Т нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн Ө.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-д хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ө.Т-д Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 286 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн нэг жил зургаан сар хорин ес хоног дээр энэ тогтоолоор оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцон гуч хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг нэг жил долоон сар хорин ес хоногоор тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-д оногдуулсан нэг жил долоон сар хорин ес хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-ийн цагдан хоригдсон 27 (хорин долоо) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.Б нь цалин хөлсний зөрүүгээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг заасугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Т нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ө.Т-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ө.Т-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА