| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0162/Э |
| Дугаар | 0219 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 0219
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Н.Уранбайгаль, хохирогч Я.Ш-гийн өмгөөлөгч Н.Одонтуяа, шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн О.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 01249 0563 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн О.Н, Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 42 дугаар гудамжны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч О.Н нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 19 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Номин” агуулах худалдааны төвийн баруун урд замд Н.Б-ын эзэмшлийн “Kia Granto” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Я.Ш-гийн жолоодож явсан “Hyundai 5ton" маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Я.Ш-гийн эрүүл мэндэд хүнд, түүний эзэмшлийн “Hyundai 5ton” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд нийт 13,759,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн О.Н нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 19 цаг 00 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Номин” агуулах худалдааны төвийн баруун урд байрлах эсрэг хөдөлгөөнтэй 6 эгнээгээр зорчдог замд иргэний хариуцагч Н.Б-ын эзэмшлийн “Kia” загварын “Granto” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд урсгал сөрөхийг хориглоно” гэж, 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас жолооч Я.Ш-гийн жолоодож явсан “Hyundai” загварын “5ton" маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хохирогч Я.Ш-гийн бие махбодод “...хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, нарийн, бүдүүн гэдэс, чацархайн няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт /1800 мл/, цээжний зөөлөн эдийн няцрал, хамар шарх...” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулж, түүний тээврийн хэрэгсэлд нийт 13,759,000 төгрөгийн гэм хор учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч О.Н-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байна...” гэсэн мэдүүлэг;
2. Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 22-ын товчоо явах замд *** улсын дугаартай том оврын автомашинууд мөргөлдөж зам тээврийн осол гарсан байв. Осол гарсан газарт автомашины нягтрал ихтэй хөдөлгөөнтэй байсан. Зам тээврийн осол гарсан зам орчны нөхцөл байдал нь асфальт, шулуун тэгш. эвдрэлтэй, хуурай, суурины доторх, чөлөөтэй. гэрэлтүүлэгтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 6 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй замтай байсан. Осол болсон газарт хэргийн газрын үзлэгт А цэгээр 2 автомашин мөргөлдсөн гэх цэгээр, Б цэгээр зам тээврийн осолд холбогдсон авто машинууд мөргөлдөөд зогссон цэгээр, В цэг буюу үл хөдлөх цэгээр ямар нэг номер дугаар байхгүй гэрэлтүүлгийн шонгоор түс тус авсан гэсэн тэмдэглэл (хх-ийн 3-4 дүгээр хуудас);
3. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (5-10 дугаар хуудас);
4. Хохирогч Я.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Урьд өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ бүгдийг үнэн зөв ярьсан учир нэмж ярих зүйл байхгүй. Хагалгаанд орсон үеийг бодвол арай гайгүй хөл дээрээ явдаг болоод байж байна. Биеийн байдал дунд зэргийн байна. Нарийн, бүдүүн гэдэсний гэмтэл, дотуур цус алдалттай гэмтлийн эмнэлэгт очсон. Тэр машин эсрэг урсгалаас гэнэт гарч ирээд урдаас мөргөснийг мэдэж байна. Би 3 эгнээтэй замын 2 дугаар эгнээгээр явж байсан. Эсрэг урсгалын 3 дугаар эгнээнээс орж ирээд мөргөсөн. Гэнэт л хурц гэрэл асаасан машин цагаан зураас даваад орж ирэхэд нь харсан. Би зогсоох арга хэмжээ авсан, тоормосоо гишгээд араагаа салгасан боловч тэр машин ирээд мөргөсөн, гомдолтой байна. Миний өөрийн нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм. Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас өөрийн машины ачаан дээр 200 боодол өвс, чиргүүл дээр 200 боодол өвч ачаад Улаанбаатар хот руу орж явахдаа осолд орсон. Нэг боодол өвс дунджаар 15-20 кг жинтэй байдаг. Тэгэхээр миний машины ачаа болон чиргүүлийн норм стандарт заасан 5 тонн ачааг тус тус ачаад явж байсан. Тухайн үед ачааг буулгаад зарж борлуулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-26 дугаар хуудас);
5. Хохирогч Я.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний орой 19 цаг өнгөрч байхад өөрийн нэр дээр бүртгэлтэй Хьюндай 5 тон маркийн *** улсын дугаартай цагаан өнгийн ачааны автомашин болон 6 тонны даацтай Орос чиргүүл дээр өвс ачаад хуучин 22-ын товчоогоор хот руу орж ирээд “Номин” агуулах худалдааны төвийн урд талын зам дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд /нийтдээ 6 эгнээтэй замын/ 3 урсгалтай замын 2 дугаар эгнээгээр хотын төв рүү кабиндаа ганцаараа явж байтал миний өмнөөс улаан өнгөтэй Гранто маркийн бохирын ус сордог автомашин урсгал сөрж орж ирээд миний машинд мөргүүлээд зам тээврийн осол гарсан. Тухайн үед надтай хамт тээвэрт явж байсан жолооч Д, Г нар цагдаа болон түргэн тусламж дуудсан. Түргэний эмч ирж үзээд намайг Гранто маркийн автомашинд зорчиж явсан нэг хүүхдийн хамт ГССҮТөвд хүргэж эмчилгээ үйлчилгээнд хамруулсан. Тэр үед жолооч Дандар мөн ачааны машиндаа өвс аччихсан миний урд, харин Ганзориг миний ард машинтайгаа явж байсан. Ослын улмаас автомашины кабин, мотор зэрэг урд талын эд анги бүгд эвдэрсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-29 дүгээр хуудас);
6. Иргэний хариуцагч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг автомашин миний эзэмшлийнх боловч би Н-г тухайн өдөр гуйгаад ажилд явуулсан байсан юм. Н миний машиныг жолоодож яваад осолд орсон. Би иргэний хариуцагч болж байгааг хүлээн зөвшөөрч байна. Уг асуудлыг Н өөрөө хариуцна. Би машины эвдрэлийг өөрөө янзлаад болох учир дүүдээ ямар нэгэн гомдол санал байхгүй…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35-36 дугаар хуудас);
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13405 дугаартай: “Я.Ш-гийн биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, нарийн, бүдүүн гэдэс, чацархайн няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт /1800 мл/, цээжний зөөлөн эдийн няцрал, хамар шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мoхоо үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 57-58 дугаар хуудас);
8. “Вендо” хөрөнгийн үнэлгээний газрын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн: “Hyundai загварын “5ton” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 13,759,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 67-73-р хуудас), “Чиргүүл Орос, *** улсын дугаартай чиргүүлийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 750,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийи 77-78-р хуудас);
9. Гэрч Т.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид том машинаар ачаа зөөвөрлөдөг ажлыг хувиараа хийдэг юм. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Ш, Д бид хэд өвс ачаад Улаанбаатар хот руу гарсан. 19 цагийн үед Улаанбаатар хот руу ороод Ш миний машины урд талд машинтайгаа, би араас нь явж байсан. Д бид хоёроос урд, түрүүлээд явсан байсан. Номин агуулах худалдааны төвийн баруун замд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 2-3 дугаар эгнээгээр явж байхад гэнэт Ш-гийн машин зорчих хэсэг дээр урдаасаа мөргүүлээд 2-3 дугаар эгнээг ташуулдаж зогссон. Би араас нь нэлээн зайтай явж байхдаа харсан. Тэгээд би машинаа зогсоогоод буугаад Ш-гийн машин дээр очиход Ш-гийн машины кабин дотор 2 залуу орчихсон, Ш-г татаж гаргах гээд зогсож байсан. 20-30 км/цагийн хурдтай явсан байх, би араас нь яг ийм хурдтай явж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 118-119-р хуудас);
10. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн: “...Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламж нөлөөлсөн гэх ямар нэгэн үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 125-126 дугаар хуудас);
11. Шүүгдэгч О.Н-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 43 дугаар хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 46 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 52 дугаар хуудас);
12. Шүүгдэгч О.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би урьд өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Ш-гийн ярьж байсан байсан эгнээ нь 3 дугаар эгнээ юм, би бас 3 дугаар эгнээгээр явж байсан. Осол гарахад нөлөөлсөн зүйл гэвэл суудлын жижиг тэрэг 2 дугаар эгнээнд байх замын том эвдрэлийг тойч гарах гэж байгаад миний явж байсан 3 дугаар эгнээ рүү гэнэт орж ирснээс болсон. Тэгээд би эсрэг урсгал руу дөнгөж ороод Ш ахын машинтай мөргөлдсөн. Би Ш ахын эмчилгээний зардалд нийт 800,000 төгрөгийг өгсөн байгаа. Үлдсэнийг даатгалаараа шийдүүлэх болно...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 113-115 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Харин энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж заасныг зөрчиж, жолооч нарыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэх гэж хууль хэрэглээний асуулт тавьсан, шинжээч уг асуултын дагуу хэрэглэх хууль тогтоомжийн заалтыг шууд зааж хариулсан байх тул хавтаст хэргийн 125-126 дугаар хуудсанд авагдсан бөгөөд улсын яллагчийн шинжлэн судалсан Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтийн 1, 2 дахь хариулт буюу “...жолооч О.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан ““Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Я.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэснийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хууль тогтоомжийг хэрэглэхэд шаардлагатай тусгай мэдлэг гэдэг нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухайд техникийн бүрэн бүтэн байдал, зогсоох арга хэмжээ, тээврийн хэрэгслийн хурд, замын нөхцөл, тэмдэг, тэмдэглэгээний бүрэн бүтэн байдал, жолоочийн эрүүл мэнд зэрэг хууль зүйн бус, бусад шинжлэх ухааны үүднээс үндэслэл бүхий гаргаж өгсөн мэдээллийг хэлнэ.
Харин хууль хэрэглэх эрх бүхий албан тушаалтан эдгээр мэдээлэл болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харьцуулан үнэлсний үндсэн дээр ямар хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд хууль зүйн шинжлэх ухааны үүднээс дүгнэлт өгөх учиртай бөгөөд энэхүү ажиллагааг шинжээчид даалгахыг 2017 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан хориглосныг нэг мөр хэрэгжүүлэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Я.Ш-гийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч О.Н-гийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүгдэгч О.Н Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд урсгал сөрөхийг хориглоно” гэж, 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргаагүй болно.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд урсгал сөрөхийг хориглоно” гэж, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг давхар зөрчсөн болох нь шүүх хуралдаанаар нөхөн тогтоогдсон бөгөөд энэхүү өөрчлөлт гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч О.Н нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргахгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Н-г “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Н-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд нийт 13,759,000 төгрөгийн гэм хор учирсан нь энэ гэмт хэргийн шинжид хамаарахгүй тул гэм буруутайд тооцоход дурдах шаардлагагүй.
Хохирогч Я.Ш нь хохиролд нийт 14,760,000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ шүүхийн шатанд гаргаж өгсөн байх тул шүүгдэгч О.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч О.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгчийн В,С ангиллын *** дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан лицензийн төвд хүргүүлэх саналтай байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас миний үйлчлүүлэгч Ш-д хүнд хохирол учирсан. Шүүгдэгчийн зүгээс хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж 14,760,000 төгрөгийн хүлээлгэн өгсөн. Даатгалаас 6,560,000 төгрөг авч, 200,000 төгрөгийг бэлнээр төлсөн учраас хохирогчийн хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Тиймээс шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь өөрийн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй, анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анхаарах зүйлийг тодорхой заасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас санамсар болгоомжгүй байдлаар анх удаа авто тээврийн ослын гэмт хэрэгт холбогдсон, мөн гэмт хэрэг үйлдсэнийхээ дараагаар хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирол төлбөрийг бүрэн нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогч нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн байгааг шүүх анхаарч үзээсэй. Хувийн байдлын хувьд Н нь 5 сартай, 6 настай хүүхдүүдтэй, мөн гэрт нь 70 болон 72 настай тэргэнцэртэй өвөө, эмээ нь хамт байдаг. Өвөө нь саяхан тархины хорт хавдраа авхуулсан. Н нь гэр бүлийн олон гишүүдийг тэжээж явж байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Мөн эрх хасах нэмэгдэл ялыг хамгийн бага хугацаагаар тогтоож өгнө үү...” гэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх нэмэлт дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн гэр бүлийн байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байдлыг харгалзан үзэж өмгөөлөгчөөс гаргасан тэнсэх саналыг татгалзах зүйлгүй. Шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрээ гаргах байх...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “тэнсэх” гэсэн ойлголтыг хууль зүйн агуулгаар нь тодорхойлсон зүйл, хэсэг бөгөөд хууль тогтоогч 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад илүү нарийвчилсан зохицуулалт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тусгай ангид заасан ялын хэмжээнээс хамааран хэрхэн заагтай авч үзэхийг, мөн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнээс салгах боломжгүйгээр хуульчилсан билээ.
Шүүгдэгч О.Н нь хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул тухайн зүйл, заалтыг журамлаж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой байна.
Шүүгдэгч О.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж ... ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж зааснаар түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулах учиртай.
Иймд шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, өмгөөлөгч нарын дүгнэлт, хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт, улсын яллагчийн нэмэлт тайлбарыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Н-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ хэмээн дүгнэв.
Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэлээ.
Шүүгдэгч О.Н-д тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх хорих ялыг оногдуулахгүй тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт нь хуульд заасан үндсэн ял оногдуулах хуультайг тогтоолоор сануулах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүний *** дугаартай ВC ангилалтай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар уламжлан зохих байгууллагад шилжүүлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн О.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Н-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Н-д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Шүүгдэгч О.Н-д тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ гэмт хэрэгт үндсэн ял оногдуулахыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүний *** дугаартай ВC ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар уламжлан зохих байгууллагад шилжүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Н-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА