| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0197/Э |
| Дугаар | 0227 |
| Огноо | 2020-03-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 0227
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, иргэний хариуцагч М.Б, насанд хүрээгүй хохирогч Э.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Э, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос С овгийн А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 01367 0017 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С овгийн А.Б, Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “***” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл зургаа, эцэг, эх, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч А.Б нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 06 цаг 55 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхоны урд талын замд Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 14 настай Э.Э-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч С овгийн А.Б нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 06 цаг 55 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхоны урд талын замд Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 14 настай Э.Э-г мөргөж, түүний бие махбодод “...баруун атгаал ясны хоёрлосон далд хугарал, баруун хацар чамархайд зөөлөн эдийн няцрал, зулгаралт...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч А.Б-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;
2. Насанд хүрээгүй хохирогч Э.Э-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 6 цаг 50 минутын орчимд гэрээсээ гараад зам гарах гээд явж байтал хажуу талаас гэнэт нэг машин ирээд намайг мөргөсөн. Би хэсэг хугацаанд ухаан алдаад сэрсэн чинь жолооч ах миний гарыг барьчихсан эмнэлэг дуудаж байсан. Эмнэлгийн тусламж ирээд намайг үзээд нүүр нь шалбарч, баруун гар чинь гэмтсэн байна гэж хэлсэн. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг;
3. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би хүүхдээ осолд орсноос хойш хүүхдээ асраад ажлаа хийгээгүй. Манай ээж 68 настай хоол унд хийж чаддаггүй хүн байдаг. Иймд 2 сарын ажилгүй байсан үеийн цалин болон хүүхдийнхээ ирээдүйд гарах эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна. Би өдрийн 50,000 төгрөгөөр ажилладаг юм. Хоёр сар ажилгүй байсан цалинд нийт 3,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг;
4. Иргэний хариуцагч М.Б-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Б бид хоёр нэг гэр бүлийн хүмүүс учраас шүүхээс тогтоосон хэмжээгээр хохирлыг төлнө...” гэсэн мэдүүлэг;
5. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-5, 8-12 дугаар хуудас);
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 06 цаг 55 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхоны урд талын замд манай охин Э хичээлдээ явж байгаад “Toyota Pruis” маркын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн, мөргөсөн хүн нь эмнэлэг болон цагдаа дуудаад манай охин шууд Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байсан. Тухайн өдөр 09 цаг 30 минутын орчим манай эгч над руу яриад “Э машинд мөргүүлээд гэмтлийн эмнэлэгт очсон гэж байна” гэж хэлсэн. Би тэр даруйдаа эмнэлэг ороход манай охины баруун гар хугарсан, нүүр нь хавдаад зулгарсан, ер нь нэлээн хүнд байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтээд гарсан, хэвтэж байхдаа гарандаа хагалгаанд орсон. Манай охин Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолборын *** ангид сурдаг, одоо 14 настай. Эмнэлгээс гарснаас хойш хичээлдээ явахгүй, байнга эмнэлэг явж боолтоо солиулж хэвтрийн дэглэм сахиж байгаа...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-16 дугаар хуудас);
7. Насанд хүрээгуй хохирогч Э Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 06 цаг 50 минутын орчимд гэрээсээ гараад хичээлдээ явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхоны автобусны буудпаас автобусанд суух гээд зам хөндпөн гарч байтал баруун гар талаас машины гэрэл асаад машин ирж яваа харагдсан. Би тухайн үед зам гарч байсан болохоор амжаад гарчих байх гээд гүйтэл хажуугаас ирээд мөргөсөн. Би мөргүүлээд хэсэг ухаан алдсан, нэг мэдэхэд газар байсан, удалгүй түргэний машин ирээд намайг аваад явсан. Тухайн үед би хойноосоо урагшаа зам хөндлөн гарч байсан, машин баруунаасаа зүүн тийшээ явж байсан. Тэр машин нэлээн хурдтай ирсэн байх гэрэл нь их тод гялбуулаад байсан. Яг ямар машин намайг мөргөснийг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17 дугаар хуудас);
8. Гэрч Ц.П-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би зам тээврийн осол хэрэг гарах үед машин дотор сууж явсан. Гэнэт л юм мөргөчив үү гэмээр чанга чимээ гарсан, манай хүргэн “мөргөчихлөө” гэж хэлсэн. Би хүргэнийгээ ажил руу явах замд нь буучихъя гээд цуг явж байсан юм. Би тухайн үед доошоо харчихсан явж байсан тул тэр хүүхдийг гарч ирэхийг хараагүй. Осол гарах үед гадаа харанхуй байсан ба манай хүргэн машинаа барьчихсан явж байсан, уг нь зөөлөн л явж байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас);
9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14434 дугаартай: “Э.Э-гийн биед баруун атгаал ясны хоёрлосон далд хугарал, баруун хацар чамархайд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 28-29 дүгээр хуудас);
10. Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 888015 дугаартай шинжээчийн: “...Тоёота Приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл-зүүн урд их гэрлийн гадна гадар хагарсан, зүүн урд талын оврын гэрэл болон дохионы гэрэл ажиллахгүй, урд салхины шил зүүн урд хэсэг бяцарч хагарсан, зүүн урд крило бага зэрэг хонхойсон гэх эвдрэл гэмтлүүд нь ...уг зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой гэмтлүүд юм...” гэсэн дүгнэлт (хх-ийн 35-40 дүгээр хуудас);
11. Техникийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 045 дугаартай: “… Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн осол хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, хэмжилтийн схем зураг. фото зургийн үзүүлэлт зам орчны байдал, явган зорчигч тээврийн хэрэгсэлд мөргөгдсөн, унасан гэх цэгүүдийн байрлал, тэдгээрийн хоорондын зай, осол хэргийн дараах тээврийн хэрэгслийн байрлал, түүнд үүссэн эвдрэл, гэрчийн мэдүүлэг, хүний биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14434 дугаартай дүгнэлт, Сонгинохайрхан дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 888015 дугаартай оношилгооны дүгнэлт зэргийг үндэслэхэд “Т.Приус-20” маркийн *** улсын дугаартай автомашимыг жолоодож явсан жолооч А.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дурмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх заалт "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Явган зорчигч Э.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх ундэслэлгүй байна..." гэсэн дүгнэлт (хх 45-46 дугаар хуудас);
12. Шүүгдэгч А.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 87 дугаар хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 85 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 49 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Харин энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж заасныг зөрчиж, жолооч болон зорчигч нарыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэх гэж асуусан, шинжээч уг асуултад хариулахдаа хэрэглэх хууль тогтоомжийг шууд зааж хариулсан байх тул Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 045 дугаартай дүгнэлтийн 1, 2 дахь хариултыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Э.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч А.Б нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч хүсээгүй буюу мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч А.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.Б-г “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 865,970 төгрөг төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дурдан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э нь цалин хөлстэй адилтгах орлого болон хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял байдаггүй боловч явган хүний гарцтай газар гэдгийг мэдсээр байж зам тээврийн осол гаргасан учир эрх хасах ял оногдуулах үндэслэлтэй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгчид нэмэгдэл ял оногдуулсантай холбогдуулан түүний жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Бямбасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гарсан зардалгүй..” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...Маш их гомдолтой байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн тул 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Хувийн байдлын хувьд тэрээр хадам эх, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь хөдөлмөр хамгаалал аюулгүйн байдлын инженер хийж байгаад жирэмсэн болж хүүхдээ гаргаад одоо ажилгүй байгаа. Иймд эрх хасах ял оногдуулахгүй байхыг шүүхээс хүсэж байна...” гэв.
Шүүх гэм буруугийн хэлбэр, хэргийн нөхцөл байдал, улсын яллагчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.С овгийн А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар сургуулийн орчинд явган хүний гарц зохицуулах ажлаар тогтоосугай.
4.Шүүгдэгч А.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э нь цалин хөлстэй адилтгах орлого болон хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг заасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Б-гийн 848604 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Лицензын төвд хүргүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА