Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 940

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол-Америкийн хамтарсан “Э” ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “...Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх хэсэг, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн 982.6 сая төгрөгийн илүү төлөлтөнд алданги тооцож өгөхийг хариуцагчид даалгаж” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Д.Б нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Албан хүсэлтийн хариуг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10/1038 албан тоотоор татвар төлөгчийн хууль ёсны эрх ашигт нийцэхгүй, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх заалтыг үндэслэлгүй илт буруу тайлбарласан хариу ирүүлсэн.

Ийнхүү Улсын төсвийн орлого, хяналтын газрын дээд шатны байгууллага болох Татварын ерөнхий газрын даргад 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Э-23/36 тоотоор тус компанийн илүү төлөлт болох 982,6 сая төгрөгийн татварт алданги тооцож тус компанийн төлөх татварын төлбөрт суутгуулахаар дахин хүргүүлсэн боловч албан тоотын хариу ирүүлэхгүй байсан тул Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Занданбатад 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Э-23/70 албан тоотоор дахин хандсан.

Гэтэл албан тоотын хариуг Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд дарга, асуудал хариуцсан газрын дарга нар байхад татварын асуудалд хамааралгүй Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар танай компанийн хариуг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10/1038 тоотоор хариуг хүргүүлсэн гэсэн татвар төлөгчийн хууль ёсны эрх ашигт нийцэхгүй хариуг дахин ирүүлсэн.

Иймд дээр дурьдсан захиргааны үйлдэл эс үйлдэхүй нь “Э” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн тул эс зөвшөөрч харъяаллын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэгч компанийг Улсын төсвийн орлого, хяналтын газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/98 тоот, Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/660 тоотуудаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг үндэслэлгүйгээр 982 667 099 төгрөгийг шаардан төлүүлсэн байдаг.

Тодруулбал Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр нэхэмжлэгчийг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг үндэслэлгүйгээр илүү төлүүлсэн болохыг тогтоосон.

Улмаар нэхэмжлэгчийн зүгээс илүү төлсөн татварт алданги тооцож, төлөх татварт суутган тооцож өгөхийг хүссэн боловч алданги тооцож суутган тооцохгүй байгаа нь дараах татварын хууль тогтоомжийг зөрчиж байна.

Нэгдүгээрт:

Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх хэсэгт “илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах”, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.2 дахь хэсэгт “татвар төлөгчөөс үндэслэлгүй илүү хураасан мөнгөн хөрөнгөд алданги тооцох хугацааг уг хөрөнгийг татварын алба, татварын улсын байцаагчийн буруу шийдвэрээр татвар төлөгчийн данснаас авсан өдрөөс буцаан олгох буюу татварын өрөнд суутгах хүртэлх хоногийн тоогоор” тооцно гэж зохицуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл татвар төлөгч буюу нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр буюу татварын албаны буруу шийдвэрээр илүү хураасан тохиолдолд татвар төлөгч нь түүнд алданги тооцон нэхэмжлэн авахаар зохицуулсан.

Хоёрдугаарт:

Татварын ерөнхий хуулиар Татварын алба, татвар төлөгчийн эрх, үүрэг, хариуцлагыг эрх тэгш байдлаар зохицуулсан байдаг.

Учир нь Татварын алба татвар төлөгчийг шалгаж зөрчил илрүүлсэн тохиолдолд тухайн төлөөгүй татварыг нөхөн төлүүлж, торгууль, алданги тооцож төлүүлдэг боловч Татварын албаны буруутай шийдвэрээс болж татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-д заасан эрхийн дагуу илүү төлсөн татвартаа алданги тооцож суутган тооцуулах гэхээр Татварын ерөнхий хуулийн дээрх заалтуудыг зөрчиж хүлээж авахгүй байгаа нь Үндсэн хуулинд зааснаар хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулж байна.

Гуравдугаарт:

Хариуцагч нь Татварын ерөнхий хуулийн Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх гэсэн 14 дүгээр зүйл, Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хангах гэсэн энэ хуулийн 25 дугаар зүйлүүдэд заасныг хариуцагч нь биелүүлэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна.

Иймд Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх хэсэг, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн 982.6 сая төгрөгийн илүү төлөлтөнд алданги тооцож өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нь шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: 

“...Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.2-т “...татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан мөнгөн хөрөнгөд алданги тооцох хугацааг уг хөрөнгийг татварын алба, татварын улсын байцаагчийн буруу шийдвэрээр татвар төлөгчийн данснаас авсан өдрөөс буцаан олгох буюу татварын өрөнд суутгах хүртэлх хоногийн тоогоор” гэж хуульчилсан байна.

Дээрх заалт нь татварын алба болон татварын улсын байцаагч хууль бус татвар ногдуулалтаа татвар төлөгчийн данснаас албадан суутгасан байхаар хуульчилсан зохицуулалт байна.

Харин нэхэмжлэгч талын хувьд албан бичгээр хэрхэн татвар ногдох талаар хандаж харин татварын албанаас алдаатай мэдээлэл өгсний улмаас төсөвт төлсөн татварыг суутгуулахаар гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байна. Дээрх шийдвэрийг татварын албанаас 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр суутган тооцооллыг хийсэн болно. Иймд дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.          

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Монгол-Америкийн хамтарсан “Э” ХХК нь тус шүүхэд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газарт холбогдуулан “...Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх хэсэг, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн 982.6 сая төгрөгийн илүү төлөлтөнд алданги тооцож өгөхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “...татварын албаны буруу шийдвэрээр илүү хураасан тохиолдолд татвар төлөгч нь түүнд алданги тооцон нэхэмжлэн авахаар зохицуулсан”, хариуцагчаас “...татварын алба болон татварын улсын байцаагч хууль бус татвар ногдуулалтаа татвар төлөгчийн данснаас албадан суутгасан байхаар хуульчилсан, гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр суутган тооцооллыг хийсэн” гэж тус тус тайлбарлан маргаж байна. 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 453 дугаар шийдвэрээр Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 9 дүгээр зүйлийн 9.1.9, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 58 дугаар зүйлийн 58.1.1, 58.1.2, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 47.7-д заасныг тус тус баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 982,667,099 төгрөгийг хууль бусаар төлүүлсэн, бусад татварын өр, төлбөрт суутган тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 982,667,099 төгрөгийг бусад татварын өр, төлбөрт суутган тооцохыг Гааль, татварын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 588 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 399 дүгээр тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд үүнээс үзэхэд татварын байгууллага татвар төлөгчөөс буруу шийдвэрээр үндэслэлгүйгээр татвар ногдуулан авсан болох нь тогтоогдож байна. 

Энэхүү шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын дагуу Монгол-Америкийн хамтарсан “Э” ХХК-аас татварын илүү төлөлтийг суутган тооцох хүсэлт гаргасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 982,667,099 төгрөгийг суутган тооцооллыг баталгаажуулсан байна. 

Нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газарт 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн э23/22 дугаар албан бичгээр, Татварын ерөнхий газарт 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10/1038 дугаар албан бичгээр, Татварын ерөнхий газрын дарга Л.Зоригтод 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Э23/36 дугаар албан бичгээр, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Занданбатад 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Э23/70 дугаар албан бичгээр 982,667,099 төгрөгийн алданги суутган тооцуулахаар тус тус хандсан байх бөгөөд Татварын ерөнхий газраас 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10/1038 дугаар албан бичгээр “..танай компанийн хувьд албан бичгээр хэрхэн татвар ногдох талаар хандаж харин татварын албанаас алдаатай мэдээлэл өгсний улмаас төсөвт төлсөн татварыг суутгуулахаар шүүхийн шийдвэр гарсан байна. Иймд танай хүсэлтийг хангах үндэслэлгүй байна”, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 03/2357 дугаар албан бичгээр “...дээрх хуулийн заалт нь татвар төлөгчийн данснаас албадан суутгасан байхаар зохицуулсан тул танай хүсэлтийг хангах боломжгүй бөгөөд танай албан бичигт дурдсан асуудлаар хуулийн хэлтсээс 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 10/1038 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн болно” гэх хариуг тус тус хүргүүлсэн нь үндэслэлгүй байна.

Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-д “...илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах эрхтэй”, 60 дугаар зүйлийн 60.3.2-т “...татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан мөнгөн хөрөнгөд алданги тооцох хугацааг уг хөрөнгийг татварын алба, татварын улсын байцаагчийн буруу шийдвэрээр татвар төлөгчийн данснаас авсан өдрөөс буцаан олгох буюу татварын өрөнд суутгах хүртэлх хоногийн тоогоор алданги тооцно” гэж зааснаас үзэхэд татварын албаны зүгээс татвар төлөгч буюу нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр буюу татварын албаны буруу шийдвэрээр илүү хураасан тохиолдолд татвар төлөгч нь түүнд алданги тооцон нэхэмжлэн авахаар зохицуулсан байна. 

Тодруулбал Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 399 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Э ХХК-иар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг үндэслэлгүйгээр илүү төлүүлсэн болохыг тогтоосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 60 дугаар зүйлийн 60.3.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-аас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн 982.6 сая төгрөгийн илүү төлөлтөнд алданги тооцож суутган тооцохыг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газарт даалгасугай. 

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           Ц.ОДМАА