Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 79

 

“Сиби энержи Монгол групп” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/00968 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Сиби энержи Монгол групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Гашууны гол групп” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 988 191 330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Бат-Эрдэнэ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Сиби энержи Монгол групп” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Манай компани 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 140414 тоот бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу “Гашууны гол групп” ХХК-д БНД130/90 маркийн битумыг нийт 1243,045 тонн, 1 тонныг 1000 ам.доллароор 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 414,170 тонн, 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 473.531 тонн, 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 236,638 тонн, 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 118,706 тонныг нийлүүлсэн. Гэрээнд зааснаар битумыг Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 27,75 км хатуу хучилттай замын барилын ажлыг гуйцэтгэхээр бүрэн хүлээж авсан болно. Гэвч “Гашууны гол групп” ХХК нь гэрээний дагуу ачигдсан барааны үнийн дүнгээс тухай бүр нь төлбөрийн 15 хувийг урьдчилж төлөх байсан боловч санжүүжилт гүйцэтгэлээр хийгддэг тул БНД 90/130 маркийн битумыг төлбөрийг хүлээн авснаас хойш 45 хоногт барагдуулна гэсэн боловч одоог хүртэл төлбөрийг бүрэн барагдуулаагүй 2 жил гаруй болжээ. “Гашууны гол групп” ХХК нь гүйцэтгэсэн ажлынхаа санхүүжилтийг авсан боловч манайд өгөх төлбөрийг барагдуулахгүй байгаа нь манай компанийг санхүүгийн хүнд байдалд оруулж байна.

Иймд хариуцагчаас бэлтгэн нийлүүлэх гэрээний үндсэн өрийн үлдэгдэл төлбөр 990 007,42 ам.доллар, хугацаа хэтрүүлсэн хүү алдангид үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрүүлэлгүй 495 000 ам.доллар, нийт 1 485 007,42 ам.доллар буюу 2 988 191 330 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчи “Гашууны гол групп” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нь хариуцагчаас гэрээний үүргийн биелэлт үндсэн төлбөр 990 00742 ам доллар, алданги 495 000 ам.доллар нийт 1 485 007,42 ам.доллар нэхэмжилсэн байна. Манай зүгээс дээрх төлбөрийг ам.доллараар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Бэлтгэн нийлүүлэх гэрээний 3.1 дэх заалтад барааны үнийг ам.доллараар тогтоож гэрээний нэмэлт хавсралтад заасан болно гэсэн нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дахь заалтад "бараа ажил үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т \банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно\ зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно, Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 "мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ" гэсэн заалтыг ноцтойгоор зөрчиж хийсэн гэрээ байх тул нэхэмжлэлд дурьдсан ам.доллараар илэрхийлж, одоогийн Монгол банкны ханшаар хөрвүүлснийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй. Уг гэрээ төлбөртэй холбогдолтой асуудал нь Засгийн газар, Зам тээврийн яамны захиалгын дагуу зүүн чиглэлийн улсын чанартай нийслэлийг аймгийн төвүүдтэй холбосон авто замын ажил ба захиалагчаас цаг хугацаанд нь төлбөр гүйцэтгэл төлж байгаагүй, улс орны эдийн засаг, санхүүгийн хямралаас үүдэлтэй.

Манай компанийн талаас биш Зам тээврийн яамнаас шалтгаалсан болно. Нэхэмжлэгчийн одоогийн Монгол банкны ханшаар тооцож нэхэмжилсэн дүнг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжилсэн алдангийн хувьд Иргэний хуулийн 232.1 дахь заалтад "Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ" гэж заасан ба нэхэмжилж буй алдангийг анзтай адилтган үзэж болох юм. Иргэний хуулийн 232.8 дахь заалтад "Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно" гэж заасны дагуу шүүх нэхэмжилж буй алдангийг хасч багасгаж өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч “Гашууны гол групп" ХХК-иас 990 007,42 ам.доллар буюу 1 992 132 530,82 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Сиби энержи Монгол групп" ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 495 000 ам.доллар буюу 996 058 800 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15 098 906,65 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Гашууны гол групп" ХХК-иас 10 118 612,65 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Сиби энержи Монгол групп" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Бат-Эрдэнийн давж заалдах гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч буй хэсэг: Гэрээний алданги болох 495 000 ам.доллар буюу 996 058 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэг.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч буй үндэслэл: Орос, Монгол хоёр хэл дээр аль аль нь хуулийн хувьд хүчин төгөлдөр, ижил эрхтэй байхаар байгуулагдсан "Бэлтгэн нийлүүлэх гэрээ"-ний 9.2 дахь хэсгийн Монгол хэл дээрх заалт эргэлзээтэй, хоёрдмол утга агуулгыг илэрхийлсэн байдлаар буруу орчуулгаар тусгагдсан, нэхэмжлэгч буюу бараа нийлүүлэгч тал орос хэл дээрх хувилбараар "алданги" гэдэг утгаар ойлгож гэрээ байгуулсан байхад шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйл буюу хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, гэрээний 9.2 дахь хэсгийн заалтын эргэлзээтэй утга агуулгыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Гомдлын үндэслэлийн талаарх тайлбар: Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.2 дахь хэсэгт "Энэхүү гэрээний 7.1 дэх нөхцлийг худалдан авагч биелүүлээгүй бол тэрээр нийлүүлэгчид төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд /барааны хэсгийн/ нийт үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх торгуулийг төлөх болно" гэж заасныг Иргэний хуулийн 223.6 дахь хэсэгт заасан алданги гэдэг утгаар ойлгож хэрэглэсэнгүй. Гэрээний тус заалтыг худалдан авагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдвөл зохих үнийн дүнгийн 0.5 хувийн хэмжээгээр алданги төлөх агуулгаар тайлбарлан авч үзэх бүрэн үндэслэлтэй байна. Учир нь, Гэрээний эх хувь Орос, Монгол хоёр хэл дээр байсан бөгөөд гэрээний 9.2 дахь хэсгийг Монгол хэл рүү хөрвүүлэн буулгахдаа зөв орчуулаагүйгээс гэрээний заалтын утга бүрэн гүйцэт, тодорхой тусгагдаагүй, буруу орчуулгын үг хэллэг хэрэглэснээс үүдэн уг заалтын "алданги тооцох тухай" үндсэн утга агуулга алдагдахад хүрч, хоёрдмол утга санаа илэрхийлсэн эргэлзээтэй байдлыг үүсгэсэн байна.

Гэхдээ гэрээний тус заалтыг "торгууль" гэх утгаар бус, харин "алданги" гэсэн агуулгаар тайлбарлаж, ойлгох бүрэн боломжтой гэж үзэж байна. Тухайлбал, Гэрээний 9 дэх хэсэг буюу "Талуудын хариуцлага" бүлгийн 9.1 дэх хэсэгт Нийлүүлэгчийн хариуцлагыг тодорхойлохдоо: "Энэхүү гэрээний 4.1 дэх заалтыг зөрчсөн тохиолдолд нийлүүлэгч нь худалдан авагчид гэрээнд заасан бараа нийлүүлэх хугацааг хэтрүүлсний хоног тутамд тухайн «Барааны хэсэг»-ийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлөх бөгөөд төлбөрийн нийт хэмжээ нь нийлүүлээгүй барааны нийт үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байх ёстой" гэж заасан байгаагаас үзэхэд, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчвөл хэн аль нь алданги төлөхөөр тохиролцсон ньтодорхой ойлгогдоно. Энэ утгаар гэрээний 9.2 дахь хэсэгт Худалдан авагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд нийлүүлэгчид «Барааны хэсэг»-ийн үнийн дүнгийн 0.5 хувиар төлбөр төлөх агуулга тусгагдсан гэж үзэж байна. Нэршлийн хувьд, "пеня буюу анз, алданги" гэсэн үгийг Орос хэлнээс Монгол хэл рүү хөрвүүлэхдээ "штраф буюу торгууль" гэсэн буруу үгээр орчуулж тусгасны гадна 9.2 дахь хэсгийн Орос хэл дээрх заалтад "нийт үнийн" гэсэн утгатай үг байхгүй, харин "неоплаченной в срок стоимости буюу-хугацаанд нь төлөгдөөгүй үнийн дүнгийн" гэсэн утга агуулгатай үг хэллэгийг "нийт үнийн дүнгийн" гэж маш буруу хөрвүүлж буулгаснаас Монгол хэл дээрх текстийн утга алдагдахад хүрсэн байна. Гэвч Монгол хэл рүү буруу хөрвүүлсэн "нийт үнийн дүнгийн" гэсэн агуулгаар нь ч авч үзэхэд, түүний өмнө тусгагдсан «Барааны хэсэг»-ийн гэсэн үгийн агуулга нь гэрээний нийт үнийг бус тухайн барааны үнийн дүнгийн гэсэн утга санааг илэрхийлж байгаа юм.

Иймээс уг заалт нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хоног тутамд төлбөр төлөх агуулгаар тусгагдсан гэж үзэж болох бөгөөд гэрээний тус хэсгийн заалт нь алдангийн талаар зохицуулсан, талууд алданги төлөх талаар харилцан тохиролцсон гэж ойлгогдож байгаа юм. Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцохоор заасан. Иймд хуулийн энэ заалтын дагуу алданги тооцох үнийн дүнгийн хэмжээг тайлбарлан авч үзэхийн зэрэгцээ уг заалтын "Барааны хэсэг"-ийн гэдэг утгаар нь гэрээний нийт үнийн дүн гэдэг ойлголтоос ялган салган ойлгож болох байсан. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана" гэж заасны дагуу гэрээний тус хэсгийг тайлбарлахдаа Иргэний хуулийн алдангийн зохицуулалтын утга санаагаар, өөрөөр хэлбэл, тухайн заалтад орсон үг хэллэг нь "торгууль" гэхээсээ илүү "алданги" гэх утга санааг илүү давамгай илэрхийлж байгаа утгаар нь тайлбарлаж шийдвэрлэх нь илүү бодитой байх байсан.

Гэрээний 9.2 дахь хэсгийн Орос хэл дээрх текстийг Монгол хэл рүү зөв ойлгож орчуулвал: Худалдан авагч нь энэхүү гэрээний 7.1 дэх хэсгийг зөрчсөн тохиолдолд нийлүүлэгчид төлбөрийн хугацаа хэтрүүлсэн "Барааны хэсэг"-ийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээтэй алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлнө гэсэн шууд утга агуулгатай, алданги гэж ойлгогдож байгаа юм.

Хамгийн гол нь хариуцагч тал гэрээний 9.2 дахь заалтын талаар алданги, торгуулийн аль нь болох талаар маргаагүй, өөрсдөө үүнийг алданги гэдэг утгаар ойлгож, "...алдангийн хэмжээ илт их байгаа тул түүнийг шүүх багасгаж өгнө үү" хэмээн шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбар гаргаж байгаагаас үзэхэд, зохигч талууд анхнаасаа алданги тооцохоор тохиролцсон болохыг бүрэн гэрчилж байгаа юм. Ийм учраас хариуцагч тал гэрээний 9.2 дахь хэсэг нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх талаар нэг ойлголттой, алданги тооцох талаар талууд харилцан тохиролцсон болохыг "алдангийн хэмжээг багасаж өгөх"-ийг хүсч байгаагаараа хүлээн зөвшөөрч байгаа юм. Ийм тохиолдолд шүүх төвийг сахих, мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс талуудын маргаагүй гэрээний заалтын талаар ийнхүү шийдвэр гаргах үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулгаар өөрчлөлт оруулж өгөхийг хүсч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч "Сиби энержи Монгол групп" ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болон алдангид 2 988 191 330 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Гашууны гол" ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

      Зохигчид 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр "Сиби энержи Монгол групп" ХХК нь "Гашууны гол" ХХК-д захиалгын дагуу бараа нийлүүлэх, “Гашууны гол" ХХК нь барааны үнийн 15 хувийн урьдчилгаа төлбөрийг барааг хүлээн авмагц, үлдэгдэл төлбөрийг барааг хүлээн авснаас хойш 45 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон байх бөгөөд "Сиби энержи Монгол групп" ХХК нь “Гашууны гол групп" ХХК-д 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 414.170 тонн, 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 473.531 тонн, 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 236.638 тонн, 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 118.706 тонн, нийт 1243.045 тонн битумыг 1 тонныг нь 1 000 ам.доллароор нийлүүлж, нийт бараны үнэ 1 485 007 ам.доллароос 990 007 ам.долларыг хариуцагч төлөөгүй болох нь талуудын тайлбар, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгчийн нийлүүлсэн барааны тоо хэмжээ, хариуцагчаас төлөгдсөн  барааны үнийн дүнд талууд маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх барааны үнийн үлдэгдэл 990 007 ам.долларыг Монгол банкнаас нийтэд зарласан нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ам.долларын ханшаар төгрөгт шилжүүлэн 1 992 132 530 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул хариуцагчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй болно.    

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 9.2 дахь заалтад "Энэхүү гэрээний 7.1 дэх нөхцлийг худалдан авагч биелүүлээгүй бол тэрээр нийлүүлэгчид төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд "барааны хэсэг"-ийн нийт үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх торгуулийг төлнө" гэж заасан боловч гэрээний талуудын тохиролцоо нь Иргэний хуульд нийцэх ёстой бөгөөд шүүхээс талуудын тохиролцоог хуульд нийцээгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ“ гэж торгууль, алдангийн талаар тодорхойлжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад торгуулийг 0.5 хувиар хоног тутамд тооцох урьдчилсан нөхцөл байхгүйн зэрэгцээ алдангийг талууд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох ёстой байтал “барааны хэсэг”-ийн буюу тухай бүрт нийлүүлж буй барааны нийт үнийн дүнгээс тооцохоор тохиролцсон байх тул талууд алданги, торгуулийн талаар тохиролцоо хийгээгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар алдангийн үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй юм. Мөн шүүх талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцааг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь буруу байна.

 

Учир нь худалдах, худалдан авах гэрээний үнийг тодорхой хугацаагаар төлөхөөр зохигчид тохиролцсон бөгөөд уг гэрээнд зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болох хүүгийн талаар тусгаагүй байна.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зүйлчлэлийн өөрчлөлтийг оруулж, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/00968 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 980 294 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

 

                                                     ШҮҮГЧИД                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                    А.МӨНХЗУЛ