Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2021/0362

 

 

 

 

 

 

Ж.Э-ын гомдолтой

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, У.П нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 334 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ж.Э-ын гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 334 дүгээр шийдвэрээр: “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2.4 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0173607 дугаар шийтгэлийн хуудсыг 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбатаас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Ж.Э нь 2020 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд хуульд заасан журмын дагуу тодорхой хандив цуглуулах ажиллагаа явуулсан.

Гэтэл Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0173607 дугаар шийтгэлийн хуудсаар Ж.Э намайг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 10,000 нэгжээр торгосон.

Шүүх процесс асуудалд зөв дүгнэлт өгсөн хэдий ч материаллаг буюу хууль хэрэглээний асуудалд дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Тиймээс тус шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд:

Зөрчил үйлдээгүй талаар: Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг тус зөрчлийг үйлдсэн гэж буруутгаж байгаа бөгөөд ингэхдээ шийтгэлийн хуудсанд дурдсанаар шаардлага хангаагүй хандивыг буцаагаагүй, шүүхэд өгсөн хариу тайлбарт дурдсанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна”, 51 дүгээр зүйлийн  51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй” гэснийг тус тус зөрчсөн байна гэжээ.

А. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан сонгуулийн зардлын дансыг хуульд заасны дагуу бүртгүүлсэн.

Ж.Э нь хуульд заасан журмын дагуу сонгуулийн зардлын дансыг бүртгүүлсэн бөгөөд энэ нь хэргийн материалд буй 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Үндэсний Аудитын Газрын 01/1446 дугаар албан бичгээр нотлогдоно. 2020 оны Улсын Их Хурлын Сонгуулийн санал авах өдөр нь 2020 оны 06 сарын 24-ний өдөр байсан бөгөөд Монгол улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасны дагуу санал авах өдрөөс 21 хоногийн өмнө буюу 2020 оны 06 сарын 03-ны өдөр зардлын дансыг бүртгүүлсэн.

Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.21, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчөөгүй байна.

Б. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчөөгүй.

Төвлөрүүлж, зарцуулахтай холбоотой хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байгаа бол хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтуудыг зөрчсөн байх шаардлагатай.

Нэхэмжлэгч нь дээрх заалтуудын алийг ч зөрчөөгүй бөгөөд хариуцагчийн дурдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь заалтыг ч мөн зөрчөөгүй болно.

Учир нь тус хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансандаа л бүх мөнгөн хөрөнгийг төвлөрүүлсэн. Мөн тус зардлын дансаар л сонгуулийн ажилд шаардлагатай бүхий л хөрөнгийг зарцуулсан. Энэ нь хэргийн материалд буй нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй, “Этернал секвил аудит” ХХК-ийн гаргаж өгсөн аудитын тайлан, ашиг сонирхлын зөрчилгүй хараат бус байдлын тухай мэдэгдэл зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Дээрх баримтуудыг анхан шатны шүүхээр хэлэлцсэн болно. Тиймээс нэхэмжлэгч нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т заасан мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулахтай холбоотой хэсгийг зөрчөөгүй байна.

В. Буцаан шилжүүлнэ гэдэг нь зарцуулалт биш бөгөөд иргэдээс өгсөн хандивыг л буцаахтай холбоотой асуудал юм. Ингэхдээ заавал дансаар буцаана гэсэн хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд хандив буцаах талаар тогтоосон хугацаа байдаггүй. Харин зарцуулна гэдэг нь сонгуулийн ажилд зориулж шаардлагатай бараа материал татан авах, ажилчдын цалин хөлс, хоол унд, ажил гүйцэтгүүлсний хөлс зэрэг сонгуулийн ажилдаа зориулж зарцуулах тухай ойлголт юм. Зөрчлийн тухай хуульд хандивын мөнгийг буцаан шилжүүлэхтэй холбоотой нэг ч зөрчил байдаггүй. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 23-т мөнгөн бус хандивтай л холбоотой зохицуулалт байдаг.

Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох учиртай. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа бол бүртгүүлэх, төвлөрүүлж, зарцуулахтай л холбоотой хуульд заасан журмыг зөрчсөн байхыг шаардах буюу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуультай уялдаа холбоотой байх ёстой бөгөөд эрх бүхий албан тушаалтан уг зөрчлийг нотлох үүргийг хүлээдэг. Харин Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахаар заагаагүй бол тус үйлдэл нь зөрчил биш байна. Гэтэл хариуцагчийн хэлсэн аль ч үндэслэлүүд няцаагдаж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан ямар ч үйл баримт тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх зөрчил үйлдсэн, эсхүл үйлдээгүй талаар тогтоох боломжтой байсан байхад ямар нэгэн дүгнэлт өгөөгүй. Учир нь шийтгэлийн хуудаст заасан гол үндэслэл нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэг юм. Харин Монгол улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн аль хэсгийг үндэслэсэн нь хариуцагчийн алдаа дутагдлын асуудал. Нэхэмжлэгчийн үйл баримт нэг л зүйл байгаа. Тэр нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчил мөн үү биш үү гэдгийг шүүх дүгнэх бүрэн боломжтой байсан.

Зөрчлийн хэрэг шалгах процесс ажиллагаанд ноцтой зөрчил гарсан. Анхан шатны шүүхээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн буюу холбогдогчоор татсан атлаа энэ зүйлд заасан “ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, өөрийн эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, зөрчлийн хэрэгтэй танилцах” эрхийг эдлүүлээгүй гэх үйл баримт үүссэн гэж зөв дүгнэсэн.

Гэвч энэ нь хариуцагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хангалттай үндэслэл байхад дахин акт гаргахаар буцаасан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байна. Учир нь төрийн байгууллага хуульд заасны дагуу хуулиа баримталж хууль ёсны зарчмыг дагаж мөрдөх ёстой байдаг. Уг зарчмаа дагаж мөрдөөгүйгээс болоод нэхэмжлэгч удаан хугацаагаар зөрчлийн хэргийн холбогдогч болж бие махбодь, сэтгэл санаагаар хохирох ёсгүй.

Ийнхүү дээрх үндэслэлүүдээр тус шийтгэлийн хуудас нь хуульд заасны дагуу гараагүй байх тул Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0173607 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн нэхэмжлэгчийг зөрчил үйлдээгүй гэдгийг тогтоох боломжтой байхад шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэсэнг бүхэлд нь хүлээн зөшөөрөхгүй байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт гомдлын шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Гомдол гаргагч Ж.Э-аас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0173607 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргасныг анхан шатны шүүх “... Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан маргааны үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй байлаа, иймээс дээрх нөхцөл байдлын талаар нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул уг асуудлыг хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд дахин шийдвэрлэх боломжтой” гэж дүгнэн хариуцагчид нотлох үүргийг хүлээлгэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг хэрэглэн түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан үндэслэл нь шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдсон байх ч хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт, хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой “өөр бусад үндэслэлээр” нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тохиолдолд хэрэглэгдэнэ.

Гэхдээ тэрхүү “өөр бусад үндэслэл” гэдэг нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг зөвтгөх, шүүхийн шинжлэн судлах боломжгүй бусад “бодит үндэслэл” байхаас бус, тухайн актын хууль зүйн үндэслэлийг өөр үндэслэлээр солих тухай ойлголт биш юм.

Өөрөөр хэлбэл, шүүхээс маргаан бүхий актыг түдгэлзүүлэхийн зорилго нь хариуцагчаас хууль бус актын алдааг нь зөвтгүүлэхэд биш, харин тухайн акт хууль ёсны гэдгийг нь нотлуулахад орших бөгөөд хэрэв нотлогдохгүй бол маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай.

Гэтэл анхан шатны шүүх үндсэндээ хариуцагчаас маргаан бүхий актыг үндэслэлийг солиулж, зөвтгүүлэхээр түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх заалтыг баримтлан шийтгэл оногдуулжээ.

Хэдийгээр хариуцагчийн хариу тайлбарт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй”, 49 дүгээр зүйлийн 49.3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна” гэж заасныг зөрчсөн хэмээн тайлбарлаж байх боловч Ж.Э нь сонгуулийн зардлын дансыг санал авах өдрөөс 21 хоногийн өмнө буюу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлсэн, энэ нь Үндэсний аудитын газрын 01/1446 дугаар албан бичгээр нотлогдож байх бөгөөд уг зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулсан талаар нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан, “Э аудит” ХХК-ийн гүйцэтгэсэн тайлан зэрэгт тусгагдсан байна.

Гэвч татварын улсын байцаагч нь гомдол гаргагч Ж.Э-ыг Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4, 54.5-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж шийтгэлийн хуудас ногдуулсан атлаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...зөрчлийн холбогдогч Ж.Э-ыг Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна”, 51 дүгээр зүйлийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байх хэдий ч шүүхээс маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянаж байх энэ тохиолдолд Ж.Э нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4, 54.5-д заасныг зөрчсөн эсэх, энэ нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөнд хамаарах эсэх, маргаан бүхий акт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гарсан эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.

Учир нь энэ тохиолдолд сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн тухайд маргаж байх ба уг харилцааг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмаар илүү нарийвчлан зохицуулсан бөгөөд 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаас үзвэл тухайн журам нь нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулсан талаар тайлагнахтай холбоотой буюу хууль бус хандив цуглуулж, төвлөрүүлэхийг хориглож, сонгуулийн санхүүжилтийг сонгогч иргэн, олон нийтэд нээлттэй, ил тод байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд зорилго бүхий зохицуулалтыг агуулжээ.

Мөн журмын 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51.1-д зааснаар сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 3.4-д “Нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ.” гэж тус тус зааснаар нэр дэвшигч нь сонгуулийн зардлын нэг данстай байх бөгөөд сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш сонгуулийн зардлын дансыг нээлгэж санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлэх зохицуулалттай.

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд Ж.Э нь зөвхөн нэг сонгуулийн зардлын данс ашигласан болох нь тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж шууд дүгнэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч Ж.Э сонгуулийн зардалд ашиглахаар нээсэн дансаа бүртгүүлсэн, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу нэг данс ашигласан, хуульд заасан хугацаанд алдаа дутагдалгүйгээр тухайн зардлын тайланг гаргаж, сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулсан талаар тайлагнах хуулийн зорилго, шаардлагыг хангасан болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т “Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ”, 54.5-д “Буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд гомдол гаргагч сонгуулийн зардлын дансанд цугларсан дээрх хуулийн шаардлага хангаагүй хандивийн мөнгийг буцааж шилжүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан сонгуулийн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулахтай холбоотой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т заасны дагуу Үндэсний аудитын газарт бүртгүүлсэн өөрийн дансандаа хандивын мөнгийг төвлөрүүлж, тус зардлын дансаар сонгуулийн ажлаа санхүүжүүлсэн байх тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэх шинжийг агуулаагүй байна гэж үзлээ.

Хэдийгээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хариуцагч татварын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй” хэмээн гомдол гаргасан байх боловч 2010001927 бүртгэлийн дугаартай зөрчлийн хэргийн материалд авагдсан 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай санал, мөн өдрийн утсаар ярьсан тэмдэглэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны танилцуулга болон тэмдэглэл зэргээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Холбогдогчийг дуудах хуудсаар, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудаж болно” гэж заасныг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байх ба харин эсрэгээр гомдол гаргагч Ж.Э нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-д “Холбогдогч дараахь үүрэгтэй:” 3.1-д “шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх”, 3.2-т “шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтан шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх” гэж заасан үүргийг биелүүлээгүй байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа алдаатай явагдсан гэж үзэхгүй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0173607 дугаар шийтгэлийн хуудас нь гомдол гаргагч Ж.Э-ын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 334 шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4, 54.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.Э-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын Татварын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0173607 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид буцаан олгосугай” гэж өөрчилж, 3 дахь заалтыг хасч, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                        Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ