Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 21

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгчдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Б.Одбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овогт Э-ий Н-д холбогдох 1916002230005 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймаг, есөнбулаг сум, 2 баг Баяншанд 4-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ДК87091312 регистрийн дугаартай, Урианхай овогт Э-ий Н,

Холбогдсон хэргийн талаар: яллагдагч Э.Н нь согтуурсан үедээ 2019 оны 06 дүгээр сарын 26-ний өдрийн 19 цагийн орчим Говь- Алтай аймаг, Халиун сумын нутаг “Таван толгой” гэх газарт зүс таних Г.Н-г“.... радиаторын ус тургиулж асгалаа хэмээн толгойн тус газарт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь “толгойн орой болон зүүд хөмсгөнд шарх, хамрын уг, зүүн хөмсөг, зүүн хацарт зулгаралт “ бүхий хөнгөн хохирол учируулсан, мөн өөрийнх нь үйлдлийг таслан зогсоохыг оролдсон Г. Н-ийн эхнэр болох С.Ц-ийннүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар болон зүүн баруун хацрыг хамарсан цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. Би Г.Н, С.Цнарт гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм асуудал гаргахгүй. Би Г.Н, С.Цнартай Халиун сумаас хамт Говь-Алтай аймгийн төв рүү гарсан. Миний машин халаад зогссон байхад Г.Н ах хажууд ирээд зогсоход нь ус гуйсан. Тэгэхэд Г.Н ах хаяад яв, юм үзэг гэж хэлсэн. Гэтэл эхнэр нь чи найзынхаа хүүхдийг юу гэж тэгж байгаа юм бэ? гээд ус гаргаж өгсөн. Тэгээд тийм зүйл болсон гэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-8-13-рт/,

Хохирогч Г.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би тухайн үед ус өгөхөөр зогсоод машиных нь нормаль их өндөр байхаар нь унтраасан чинь машины ус нь тургиад тухайн залуу уурлаад намайг зодсон. Толгойруу 2 удаа чулуугаар цохиж хагалсан. Тэгээд манай эхнэр Цэцэгмаагийн нүүрлүү цохисон гэх мэдүүлэг /1 дүгээр хх-6, 33-34-рт/,

Хохирогч С.Ц-ийнмөрдөн байцаалтад өгсөн “...Н очоод машиныг нь унтраачихсан юм. Тэгсэн халуун мотор усаа тургисан чинь Н. нь ална гээд чулуу бариад дайрсан. Тэгээд Н-ийн толгойг 2 удаа цохиж хагалаад цус гоожуулсан. Би наанаас нь очоод салгах гэтэл чулуутай гараараа миний хамар руу цохиод та 2-ыг ална гээд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-31-рт/,

Гэрч У.Агийн мөрдөн байцаалтад өгсөн “...Н ах машинаасаа буугаад ирсэн чинь Н. том чулуу гартаа барьж байгаад толгойруу нь цохисон. Тэгэхэд Н ах толгойгоо бариад доош суусан. Тэр үед салгаж байсан Н-ийн эхнэрийг Н. нь гараараа улаан нүүрлүү нь цохисон. Мөн Н. нь өөрийнхөө эхнэрийг боож унагааж байгаа харагдсан. Хоёулаа нилээн согтуу байсан машинаа барьж байхдаа их хурдтай давхиад байсан. Тэгээд эхнэр нь хажуунаас нь хүүхэд бид 2 чамд гарзгүй байдаг юм бол чи хүний хүүхдийг бодооч гэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-49-50, 53-56-рт/,

Гэрч У.Агийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-57-60-рт/,

Хохирогч Г.Нийн биед үзлэг хийсэн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 208 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-83-84-рт/,

Хохирогч С.Ц-ийнбиед үзлэг хийсэн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 209 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-89-90-рт/,

Мөрдөгчийн тэмдэглэл “...Г.Ннь өөрийн эзэмшлийн пургон маркийн авто машиныг өөрөө жолоодож ирсэн, хэргийн газарт Э.Нын истана маркийн тээврийн хэрэгсэл ямар нэгэн хүнгүй үлдсэн байсныг үзлэг хийж, ирсэн болно. Тухайн хэргийн газарт үзлэг хийх явцад биологийн гаралтай эд зүйлээр бохирлогдсон ямар нэгэн чулуу тогтоогдоогүй...” гэх /1 дүгээр хх-18-рт/,

Хохирогч Г.Нийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд Н.ын эхнэрт чанга орилоод нөхрөө аваач хүн аллаа гэж хэлсэн чинь Н.ыг эхнэр нь барьж авсан. Тэр хооронд машиндаа суугаад зугтаах гэтэл хөдлөхдөө машиныг нь шүргэчихсэн юм. Тэгээд нэгэнт зугтааж байсан учир бууж хархаас айгаад машинтайгаа тойрсон. Тэр үед миний толгойноос цус их гарч байсан ба нүдрүү цус урсаад нэг гараараа нүдээ таглаад явж байхад гэнэт Н. зогсож байгаад тулчихсан. Тэгээд тормоз гишгэж амжилгүй Н.ыг мөргөөд унагаасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-27-рт/,

Хохирогч Г.Нийн мөрдөн байцаалтад хохирогчоор дахин өгсөн “...шууд тормос гишгэсэн боловч лав сайн гишгэж чадаагүйгээс болоод Н.ыг мөргөөд давхар машиныг нь мөргөсөн юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-35-рт/,

Гэрч Л.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг “...2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр аймгийн төвөөс Халиун сумруу буцаж явах замд истана, пургон 2 машин зогсож байсан. Нэг хүн гараа өргөөд бид зогссон. Тэгээд тэр хүн ирээд эмнэлгийн тусламж үзүүлээч гэж гуйсан. Тэгээд тэндээс истана машины жолооч эхнэр 2-ыг нь мөн 20 орчим насны нэг эмэгтэй, 3 хүүхдийг аваад аймгийн төврүү явсан бөгөөд засмал замруу орох үед эмнэлгийн түргэн рүү ярьж замд осол болоод бие нь маш муу байгаа хэдэн хүн аваад явж байна гэж ярьсан ба эмнэлгийн машинтай хойд давааны овоон дээр таарч осол орсон хүмүүсийг хүлээлгэж өгсөн. Жолооч нар хоёулаа архи уусан бололтой байсан. Архи үнэртэж байсан...”гэх мэдүүлэг /1 дүгээр хх-40-рт/,

Гэрч М.Мягмарбаярын мөрдөн байцаалтад өгсөн “...машиныг нь нормалдсан байхад нь унтраачихсан. Тэгээд копутыг нь хаачихсан чинь ус нь дэврээд асгараад байсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-42-рт/,

Шүүгдэгч Э.Нын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт “нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн дээд зовхинд шарх, хамар хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт, баруун тохой, аюулхай, зүүн шуу, зүүн бугуй, баруун тохой, зүүн сарвуу, зүүн дал, баруун шилбэнд зулгаралт,цээжний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-67-рт/,

Шүүгдэгч Э.Нын биед Нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлт “...зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн дээд зовхи шарх, цээжний зөөлөн эдийн гэмтэл, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо...” /1 дүгээр хх-77-79-рт/,

Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1317 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-116-118-рт/,

Шинжээчээс авсан мэдүүлэг /1 дүгээр хх-122-123-рт/,

Прокурорын тогтоол /1 дүгээр хх-131, 133-135-рт/,

Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1 дүгээр хх-206-рт/,

Хохирогч Г.Н-ийн “Миний бие Н нь Э.Нт хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт холбогдон Э.Нт учирсан эмчилгээний зардал болох 1.000.000 төгрөгийг 03 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлөх баталгаа гаргаж байна” гэх /1 дүгээр хх-216-рт/,

Хохирогч Г.Н, С.Цнарын “...Н.т холбогдох хэргийн хохирогч бөгөөд түүнээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй” гэх нотариатаар батлуулсан тодорхойлолт /1 дүгээр хх 217, 220 дугаарт/,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн засаг даргын тодорхойлолт “Э.Н нь тус багийн 4-2 тоотод ам бүл тавуулаа эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг нь үнэн болно” гэх /1 дүгээр хх224-рт/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хх-230-234-рт/, Марал-Алтай өрхийн Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт “...М.Мягмарбаяр нь 28 настай. Тус өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтанд жирэмсний 32 долоо хоногтой, төрөх хугацаа 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр товлосон. Онцгой хяналтад хянагдаж байгаа нь үнэн болно” гэх Э.Нын эхнэрийн тодорхойлолт /1 дүгээр хх-223-рт/,

Хохирогч Г.Н-ийн шүүхэд ирүүлсэн “...Миний бие Э.Нт нэхэмжлэх зүйлгүй. Даралт их ханиад хүрсэн биеийн эрүүл мэнд муу байгаа тул шүүх хурлыг надгүйгээр хийж өгнө үү. Гомдолгүй тул өмгөөлөгчийн хамт оролцохгүй болно” гэсэн хүсэлт,

Хохирогч С.Ц-ийншүүхэд ирүүлсэн “...Миний бие Э.Нт нэхэмжлэх зүйлгүй. Даралт их 8 сард харвалт өгсөн тул шүүх хурлыг намайг оролцуулахгүйгээр хийж өгнө үү. Ямар нэгэн гомдолгүй тул өмгөөлөгчийн хамт оролцохгүй болно” гэсэн хүсэлт,

Хохирогч Г.Н, С.Ц-ийннарын биед Э.Нт цохиулж, зодуулсны улмаас үүссэн гэмтлийг харуулсан фото зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх197-198- дугаар хуудас/,

Г.Нийн биед учирсан гэмтлийн харуулсан фото зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-197-198-рт/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр дүгнэлтдээ: Э.Н нь 2 хүний биед хөнгөн гэмтэл учруулсан болохоо шүүх хуралдааны явцад сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэдгийг улсын яллагч дурдлаа. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа бөгөөд Э.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн хохирогч нар Э.Наас гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн учраас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэхээр байна. Түүнчлэн тус хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хохирогчийн буруутай үйлдлээс шалтгаалан уг гэмт хэрэг гарах болсон зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн түүний хувийн байдлын хувьд одоогоор ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг боловч удахгүй 4 дэх хүүхдээ өлгийдөн авахаар бэлтгэл ажлаа хийж байна. Шүүгдэгч хувиараа барилгын ажил хийж, орлого олж, ар гэрээ авч явдаг өрхийн тэргүүн хүн юм. Иймд эдгээр хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болохыг харгалзан үзэж хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгоход 450 нэгжээс эхэлдэг. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар төлөх боломжтой. Иймд торгуулийн ялд нь дүйцүүлэн боломжит хугацаагаар хугацаа тогтоож өгнө үү гэв..

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд Шүүгдэгч Э.Н нь согтуурсан үедээ 2019 оны 06 дүгээр сарын 26-ний өдрийн 19 цагийн орчим Говь- Алтай аймаг, Халиун сумын нутаг “Таван толгой” гэх газарт зүс таних Г.Н-г“.... радиотрын ус тургиулж асгалаа хэмээн толгойн тус газарт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь “толгойн орой болон зүүд хөмсгөнд шарх, хамрын уг, зүүн хөмсөг, зүүн хацарт зулгаралт “ бүхий хөнгөн хохирол учируулсан, мөн өөрийнх нь үйлдлийг таслан зогсоохыг оролдсон Г. Н-ийн эхнэр болох С.Ц-ийннүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар болон зүүн баруун хацарыг хамарсан цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан “хохирогч Г.Н, С.Цнарын мэдүүлэг, гэрч У.А, Л.Д, М.Мягмарбаяр нарын мэдүүлэг, гэрч У.Агийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч Г.Н, С.Цнарын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Д.Даваахүүгийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тус үйлдэл нь хүний эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан шинжээрээ эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд уг гэмт хэргийг шүүгдэгч Э.Н үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч Э.Ныг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

 

Хохирогч Г.Н, С.Цнар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Миний бие Э.Нт нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хурлыг намайг оролцуулахгүйгээр хийж өгнө үү. Ямар нэгэн гомдолгүй тул өмгөөлөгчийн хамт оролцохгүй болно” гэсэн хүсэлт ирүүлсэн, мөн хохирогч Г.Н, С.Цнарын “...Н.т холбогдох хэргийн хохирогч бөгөөд түүнээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй” гэх нотариатаар батлуулсан тодорхойлолт зэргийг хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч нь хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч Э.Н, хохирогч Г.Н нарын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Э.Н нь  хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

 Шүүгдэгч Э.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох  ялын санал оруулж байна...” гэх прокурорын санал, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Нын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Урианхай овогт Э-ий Ныг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2.Шүүгдэгч Э.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Нт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Ялтан Э.Н нь шүүхээс оногдуулсан ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Э.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Э.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА