Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,

Улсын яллагчаар хяналтын прокурор Х.Гүнжидмаа,

Хохирогчийн У.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,

Шүүгдэгч Э.Б,

Гэрч Р.С,

Гэрч Г.Х,

Гэрч М.З,

Гэрч Д.Баянмөнх,  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бэрсүүд овогт Э-н Бд холбогдох 2016000080004 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын  05-ны өдөр төрсөн,   настай, эмэгтэй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, дээд боловсролтой,   инженэр мэргэжилтэй, ... захирал ажилтай, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, 1 дүгээр баг, Баянхайрхан, Хөгжил 0-00А тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДЮ000000 регистрийн дугаартай, Бэрсүүд овогтой Э-н Б.

Шүүгдэгч Э.Бгийн  2019 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 00 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Андууд” рестораны хувцас солих өрөөнд кара-оке тэмцээнийг хөтөлж өгсөнгүй гэх зүйлээр шалтаглан хохирогч У.Сын зүүн чихэн тус газарт алгадаж зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.       Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд өгсөн “...Би 2019 оны 12 дугаар сарын 30-ны орой 00 цаг 00 минут өнгөрөөгөөд  өөрийн баг хамт олон дээрээ очсон. Хөндлөнгийн өөр хэн нэгний баг дээр очоогүй. Очиход архи уугаад сууж байсан бөгөөд би эрүүл байсан. Эрүүл хүний нүдээр харахад энэ хэд уучихсан, шал согтуу байсан. Үүнийг цаашид ч гэрчлэнэ гэж бодож байна. Би эхний хундага архийг өгөхөд У.С уугаагүй. Бусад нь бүгд уусан. У.С дээр очоод ууя гэж хэлсэн нь үнэн. Харин У.С босож ирчхээд намайг алгадна гэж мэдээд биеэрээ хойшоо болсон. Үүнийг М.З мэдүүлэгтээ гэрчилж байгаа. М.З согтуу байсан учраас би алгадаад хойшоо болсон эсвэл У.С өөрөө хойшоо болсныг богино хугацаанд бүрэн хараагүй гэж үзэж байна. Би алгадаж амжаагүй. Хацар, уруул хоёрын хооронд шүргээд өнгөрсөн. Би У.Сд хөнгөн гэмтэл учруулахаар үйлдэл хийгээгүй. Харин алгадсан гэж гэрчилж байгаа гэрч байдаг. Гэрч нар эрүүл ухаанаар үнэхээр алгадсан уу? үгүй юу? гэдгийг харсан эсэхийг гэрчлэх үүднээс энд 3 гэрчийг дуудсан. Би итгэхгүй байсан учраас хамгийн мундаг аппаратаараа үзээд өг гэж олон жил ажилласан мэргэжлийн эмч н.Оюундарьд хэлээд 20.000 төгрөгийг өөрөө хувиасаа төлөөд үзүүлэх гэж байхад У.С намайг чи согтуу, миний чих рүү алгадсан гэж хэлсэн. Би У.Сын чих байтугай хацар луу алгадаагүй гэдгийг өөрөө ч мэдэж байгаа. Би ч мэдэж байгаа. Ингэх шалтгаан байгаа. Тэр шалтгааны улмаас намайг хийгээгүй, гэмтээгээгүй зүйл дээр гэрч байгаа учраас гэмтсэн гэж байгаад харамсалтай байна. Би 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 18 сумаар тойрон аялж, караоке тэмцээн зохион байгуулсан. Говь-Алтай аймагт анх удаагаа өндөр бооцоо, маш өндөр шалгууртай, 18 сум өрсөлдсөн том арга хэмжээ зохион байгуулсан. Энэ тэмцээний 2 дугаар шатыг хөтлүүлэхээр Анагаахын шинжлэх ухаан их сургуулийн Жах, У.С эгч зэрэг 4 хөтлөгчид санал тавьсан. У.С 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тэмцээнийг хөтөлж өгсөн. Би У.С эгчийг үргэлж магтдаг, үргэлж үнэлдэг. Өнөөдөр энд суулгах болсон шалтгааныг би ойлгохгүй байна. Гэхдээ шалтгаан байгаа. Ардын дуу бүжгийн Алтай чуулгын хамтарч ажилладаг бүх баг хамт олныг Говь-Алтай аймагт байхгүй хэмжээний хөдөлмөрийн хөлсөөр үнэлж, хөлс мөнгийг нь өгдөг. Тийм учраас тэд уран бүтээлд маань маш сайн тусалдаг. Тэрний нэгэн адил У.С тийм л хүн байсан. Нэвтрүүлгийн дугаар нэгэнт явчихсан учраас 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тэмцээнийг хөтлүүлэхээр санал тавьсан. Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос ирчхээд орой нь У.Сд хэлсэн...Мэдээж 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орой 19 цагаас гэсэн олон нийтэд тараасан зар байсан. 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэхэд бүх газрууд тодорхой ил болсон байсан. У.С мэдүүлэгтээ чи өдөр хийхгүй яасан юм бэ? гэсэн асуудал тавьсан байсан. У.С 19 цагаас  болохыг мэдэж байсан. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлээд У.С урлагийн хүмүүсийн үнэд ордог их зан илэрч эхэлсэн. Бараг л 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тэмцээн хийх эсэх нь миний л асуудал гэсэн байдлаар хандаж байсан. Би У.Сыг аргадаад танд хөтлөлтийн шинэ хувцас хийж өгье гэж хэлэхэд тэгье гэж хэлсэн. У.С эгчийн хүүхэд нь “Андууд” ресторанд зөөгч хийдэг байсан учраас хүлээж байгаад хоёуланг нь гэрт нь хүргэж өгдөг байсан. Алтай эрчим хүчний газрын шинэ жилтэй хамт Ардын дуу бүжгийн Алтай чуулгын шинэ болсон. Ардын дуу бүжгийн Алтай чуулгад 60 уран бүтээлч ажилладаг. Эдгээр хүмүүсээс энэ хүнийг зөндөө дэмждэг байсан талаараа зөндөө бичсэн нь хавтаст хэрэгт байгаа. Тэр өдөр ч би итгэж байсан. Арай ч У.С надад үнэд орохгүй байх гэж бодож байсан. Караоке тэмцээний өдөр маш өндөр зардал буюу шатсан байдалд орж байсан учраас У.Сын хувцсыг чинь үнэхээр хийж өгч чадаагүй. Уучлаарай. У.С байгууллагынхаа шинэ жилийн орой хамт олондоо гэртээ хонохгүй шүү, хонохгүй гэдгээ хэлсэн шүү хамт олон оо гэж зарлаад явж байсан. Эн талаар гэрч нараас манай өмгөөлөгч асуух байх. Дараа нь У.С нэг найзтайгаа танай ажил дээр очиж уумаар байна гэж хэлсэн. Би У.Саар тэмцээнээ хөтлүүлэх юм чинь яаж үгүй гэж хэлэх юм бэ? Би танихгүй хүнтэй уухыг хүсээгүй. Гэтэл У.С өмнө нь бидэнтэй хамт хойшоо явж бичлэг хийж байсан залуу байгаа юм гэж хэлэхэд нь болно гэж хэлсэн. Тэгээд У.С “Андууд” рестораас 1 шил архи аваад шинэ жилийн арга хэмжээгээ дуусгаад манай ажил дээр очсон. Тэнд очиход У.С нэлээн согтуу байсан. Авч очсон архинаасаа ч уусан...Ууж байх хугацаандаа У.С манай ажил дээр хонож, тэр залуутайгаа унтах гэсэн санаа бүхий дохио өгч байсан. Хэн ч байгууллага дээрээ эр, эм хоёрыг унтуулна гэж байхгүй. Надад энэ байдал маш их таалагдаагүй. “Андууд” ресторанаас гарч явахдаа Р.Стай таараад орой хүргээд өг гэж гуйсан байсан юм. У.С Р.Сыг утсаараа дуудахад хүрч ирсэн.  У.С нэлээн согтсон байсан учраас нөгөө хоёрыгоо дагаад явсан. У.С эхний мэдүүлэгтээ Дтэй найз. Н.Еийг би танихгүй. Дийн найз гэж мэдүүлэг өгсөн байсан. Дараагийн мэдүүлэгтээ У.С Н.Етэй найз болоод Д нь Н.Еийн найз болсон. Энэ мэтчилэн зөндөө зүйл бий. Үнэхээр тэр орой чихний хэнгэрэг нь цоорсон юм уу? У.С сүүлийн хэдэн өдөр байнга хэрүүлтэй байсан. Тэр хооронд аль өдөр нь чихний хэнгэргээ цоолсон эсэхийг би мэдэхгүй байна. Дахин шинжилгээ авах үед У.Сд чих рүү чинь цохих хэмжээний зүйл болоогүй гэдгийг чи мэдэж байгаа гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хөтлөлт хийх болоход У.С өдөржингөө утсаа аваагүй. Сүүлд нь би “Андууд” рестораны эзний утсаар 17 цаг болж байхад залгахад утсыг нь авсан. С эгчээ яасан бэ? гэж асуухад эгч нь ч одоо бараг боломжгүй болох нь дээ гэж хэлсэн. Ийм хүн чанар байдаггүй юмаа. 19 цагт тэмцээн болох гэж байсан. У.С эгч 19 цагт тэмцээн болно гэдгийг сайн мэдэж байсан. Тэр орой “Андууд” рестораны арга хэмжээг зохицуулчихаад 2 халтуур хийх боломж байсан. Би тэр өдөр 200.000 төгрөг өгөхөөр байсан. Амьдралд нь ч хэрэгтэй. Надад ч хэрэгтэй. Хэдэн хоногийн өмнө “Андууд” ресрораны н.Лхамаа эгчид эд нар маш их загнуулсан байсан. Санхүүтэй нь хамаатай. Түүнээсээ болоод У.С эгч надад тэмцээнийг хөтөлж өгөөгүй. Хэрэв хүн чанар байсан болсон бол надад ядаж нэг өдрийн өмнө хэлчихэж болох байсан болов уу? гэж найзалж, нөхөрлөж явсан хүний хувьд бодож 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр очиж тийм үйлдэл хийсэн. Гэхдээ би У.Сыг алгадаагүй. Алгадах гэж яваад шүргээд өнгөрсөн. Гэмтэл учруулахаар зүйл болоогүй...” гэх мэдүүлэг,/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч У.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 30-ны орой хаалтаа хийж, хувцас сольдог өрөөгөө цэвэрлээд явахад бэлдээд байж байсан. Хувцсаа өмсчихөөд ширээ дээрх аяга тавгаа хураагаад гараад ирсэн чинь Э.Б нэг хүнтэй хамт ирсэн байсан. Та хэдийг хаалтаа хийж байгаа байх гэж мэдээд ирлээ. Архи аваад ороод ирье гэж хэлж байна гэж М.З надад хэлсэн. Тухайн үед М.Згийн нөхөр Хосбаяр бас 1 шил архи аваад хаалтаа хийж байгаа юм чинь бүгдээрээ 1 шил архи уучхаад харьж амарцгаая гэж байсан юм. Тухайн үед бид согтуу байгаагүй. Учир нь “Андууд” рестораны захиралтай гэрээ хийсэн байсан. Тийм учраас бид ажил үүргээ гүйцэтгэж байхдаа архи уух ямар ч боломжгүй байсан. Э.Б өөрөө согтуу орж ирж байсан. Э.Б худал мэдүүлж байна... Би тэр үед ширээний хажууд утсаа оролдоод байж байсан. Архи огт уугаагүй. Хосоогийн хийж өгсөн хундагатай архийг уугаагүй ширээн тавьсан байсан чинь Э.Б манай багийн хүмүүстэй тулгаж ууж байснаа над дээр ирээд С эгч нэг барьчих гэж хэлэхээр нь би юу ч бодолгүй, утсаа тавиад хундагатай архийг нь бариад өндийгөөд бараг тулгаж амжаагүй байхад миний зүүн тал руу цохисон. Би санаандгүй байсан учраас хажуу тийшээ далчийтал цохиулж, халуу шатаад юу болсныг ч мэдэхгүй, нүднээс нулимс гараад доошоо суусан... Э.Б тэр үйлдлийг хийчихээд уучлаарай гэж хэлээгүй балай авгай минь гэх мэтээр доромжилж, зохисгүй, зүй бусаар харьцаад байгаа нь сонин байна. Би хөгжимчин хүн учраас өөрийн ирээдүйн амьдралд санаа зовоод 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод очиж “ЭМЖЖ” эмнэлэгт сонсголоо шалгуулсан. Азаар миний хэнгэргэн хальс төлжөөд нөхөгдсөн байсан. Э.Бд хэлэх зүйл гэвэл уучлаарай гээд маргааш нь ч юм уу хэлсэн байсан бол би энэ хүртэл явахгүй байсан. Тухайн орой гэртээ очиход үнэхээр миний чих халуу шатаж, юм дүйнгэтэж сонсогдсон. Маргааш нь спорт цогцолбор дээр төв шинэ жилийн арга хэмжээг хөтлөхөөр бэлтгэлтэй байсан ч ажлаа ч хийж чадахгүй найруулагчдаа хэлж чөлөө аваад цагдаа дээр очиж гомдол гаргасан. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр эмчид үзүүлсэн. Их зан гаргасан, мөнгө нэхсэн гэж байгаад Э.Бд гомдолтой байна. Яагаад намайг тэгж бодоод байгааг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч  У.Сын мөрдөн байцаалтад шатанд өгсөн “... Б та нарын хаалтаа хийж байгаа байх гэж бодоод зорьж ирлээ гээд нэг шил архи барьсан орж ирсэн. Архиа өөрөө задлаад хундагалж өгөөд тулгаад уугаад байсан. Тэгээд намайг С эгч нэг барьчих тулгачихъя гэхээр нь би урд ширээн дээр байсан хундагатай архийг аваад босох гэтэл Б миний зүүн талын чихрүү хүчтэй цохисон. Миний нүүр халуу шатаад нүднээс нулимс гараад, би буцаад суусан. Хажууд байгаа хүмүүс зүгээр байгаа хүнийг яаж байгаа юм бэ гэхэд би үүнийг хийх гэж ирсэн гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Манайхан Бг яв гар гээд хамт ирсэн Мөнхзаяа нь аваад гараад явсан. Би гараад Алтангинжээр хүргүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 02 ны өдөр 11 цагийн үед чих хамар хоолойн их эмч Аззаяа гэдэг эмчид үзүүлсэн чинь зүүн талын чихний хэнгэргэн хальс цоорсон байна гэсэн. Би картан дээрээ бичилт хийлгэж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24, 25-26-рт/,

Гэрч М.Згийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон 4 дүгээр сургуулийн шинэ жилийн арга хэмжээ болсон. Шинэ жилийн арга хэмжээг дуусгаад техник болон бусад зүйлүүдээ хурааж, янзлаад хувцсаа солиод хаалтаа хийе гээд байж байсан. Тухайн үед бүх хүмүүс гарсан байсан. Э.Б нь арын хаалгаар нэг эгчтэй хамт орж ирсэн байсан. Г.Х 1 шил архи аваад текний тэнд  хаалтаа хийчихээд тарах гээд зогсож байсан. Би ундаа авах гээд зогсож байхад Э.Б ороод ирэхээр нь хүүе ээ ороод ирсэн юм уу? Ийшээ орооч гэж хэлсэн. За угаасаа орно гээд зогсож байсан. Г.Хын авсан архийг задлаад үгээ хэлээд тулгах гээд байж байсан чинь Э.Б нэг шил архи аваад орж ирсэн. Э.Б архиа давхар задлаад эхнээс нь бүх хүнтэй тулгаж, уугаад явсан. Эхлээд Баяа ахтай тулгаж уусан. Дараа нь би, Алтангинж, Хосбаяр нартай тулгаж уусан. Тухайн үед С эгч утсаа оролдоод ширээний ард сууж байсан. Хамгийн сүүлд Э.Б У.С дээр очоод С эгчээ тулгая гэж хэлсэн. У.С эгч босоод тулгах гэхэд Э.Б цохисон. У.С эгч хажуу тийшээ далийсан. Э.Б орж ирэхдээ та хэдийг хаалтаа хийж байгааг мэдэж ирсэн юм. н.Мөнхсүлд хаана байна. н.Мөнхсүлдийн дүү н.Данзан, н.С. авгай хоёр миний ажлыг аллаа гэж хэлсэн. Э.Б жоохон уучихсан, уурласан байдалтай ширүүн орж ирсэн. У.С эгчийг цохиод авангуут нь н.Алтангинж Г.Х хоёр Э.Бг барьж авсан. Би Э.Бд чи яаж байгаа юм бэ? Чиний ажил чинь биш яагаад гэнэт ингээд байгаа юм бэ? Та хоёрыг эвлэрэх гэж байгаа юм болгосон чинь ингээд байхдаа яадаг юм бэ? Чи адилхан эмэгтэй хүн байж алгадлаа гэж хэлсэн. Маргалдаж зогсож байгаад Э.Б хундагатай архиа У.С эгч рүү цацсан чинь М.Адундуур нь орж түүнлүү цацагдсан. Э.Бг хамт явж байсан эгч нь аваад гарч явсан...” гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч М.Згийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Б нэг шил архи авч бид нар дээр авч орж ирээд нөгөө архиа задлаад бид нарт бүгдэд нь хундаганд хийж өгөөд өнөөдөр миний ажлыг С авгай аллаа гэж хэлээд бид нартай хундагатай архиа тулгаж уусан тэгээд С. эгч хундагаа авчих нэг тулгая гэж хэлсэн. С. эгч хундагатай архиааваад тулгах гэтэл Б шууд баруун гараараа С. эгчийн зүүн талын шанаа, чих орчим хүчтэй алгадаж авсан. Б баруун гараараа нэг удаа С. эгчийн зүүн талын чих орчим алгадаж цохисон. Хурдан болж өнгөрсөн, их хүчтэй алгадаж цохисон чат хийгээд явсан. С эгч хажуу тийшээгээ хазайсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-рт/,

Гэрч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Бид “Андууд” ресторантай гэрээ байгуулж, албан байгууллагуудын шинэ жилийг хөтлөх, урлагийн үйл ажиллагааг явуулах үүрэгтэй байсан. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хамгийн сүүлийн хүлээн авалтууд буюу 2 байгууллагын шинэ жилийн үйл ажиллагаа болсон. Тухайн үйл ажиллагаа тараад хүмүүсээ гаргаж байсан. Урд талын төв хаалга хаалттай. Бид хойд талын хаалгаар гарч явах байсан. Тухайн орой сүүлийн үйл ажиллагаа байсан учраас би хүмүүстээ зүгээр тарж байхаар ганц шил архи уугаад таръя гэж хэлсэн. Би текнээс  1 шил архи авахаар очсон байхад Э.Б орж ирээд би угаасаа мэдээд ирсэн юм гэж хэлсэн. Тэгэхэд нь хамт орцгооё гэж хэлсэн. Э.Б текнээс бас 1 шил архи авсан. Бид заалны виф өрөөнд хувцсаа солиод, байрлаж ажилладаг байсан. Э.Б нь шинэ жилийн үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш “Андууд” ресторанд орсон байгууллагуудын шинэ жилийн дурсамжит үйл ажиллагааг бичих зорилгоор хамтарч ажиллаж байсан. Хамтдаа ажиллаж байсан юм чинь гээд хамт орсон. Би эхлээд авсан 1 шилээ задлах гэхэд Э.Б би эхлээд задалчихъя гээд задлаад бүгдэд нь хийж өгсөн. Эхэлж тулгахад би нэг татсан. Э.Б У.С эгчид тулгая гэж хэлээд тулгачихаад алгадсан. Алгадсаны дараа У.С эгч ямар нэгэн үйлдэл хийгээгүй, доошоо хараад сууж байсан. Э.Б нь У.Сыг караоке тэмцээн хөтөлж өгөөгүй гээд ууртай байсан. Б.Мгэх залуугаар хөтлүүлсэн байсан бөгөөд Б.М, У.С та хоёр миний ажлыг баллачихлаа гэж уурлаж, давших үйлдэл гаргасан. Би болиоч гээд салгаж гэж байсан. Манай багийн н.Алтангинж гэдэг дуучин залуу байдаг. Э.Бг хундагатай архи цацахад тэр залуу дундуур нь орж, архи цацуулсан...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Г.Хын мөрдөн байцаалтад өгсөн “... С. эгч хундагаа аваад тулгах гэтэл Ба шууд баруун гараараа С. эгчийн зүүн талын шанаа чих орчим нь нэг удаа алгадаж авсан. С эгч хажуу тийшээ хазайгаад шанаа чих орчмоо дараад суусан. Бид нар гайхаад чи яаж байна болиоч гэж гэхэд Б чамайг би ингэх гэж ирсэн юм гэж хэлээд С эгчрүү хуруугаараа чичлээд дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-рт/                                                                                                                             

Гэрч Д.Бшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2019 оны 12 дугаар сарын 30-ны шөнө бид “Андууд” ресторанд үйл ажиллагаа явуулж дуусаад хувцас солих өрөөнд хувцсаа сольж байх үед Э.Б орж ирсэн. Бүтэн 1 сарын хугацаанд шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахаар хамтарч ажилласан учраас та хэдийг хаалтаа хийж байгаа байх гэж бодоод ороод ирлээ гэж хэлж орж ирсэн. 1 шил архи задлаад бүгдээрээ хувцасаа сольж дууссан бол наашаа зогсчих гэж хэлсэн. Архийг хундагануудад хийгээд хэдэн хүмүүст бариулсан. Дараа нь Э.Б С эгч 1 барьчих гэж хэлээд дөхөж очоод алгадсан. Тэгээд Н.Мөнх-Эрдэний дүү гэх залуугийн нэрийг хэлж тэр хаана байна. Та хоёрт би ийм л юм өгөх гэж ирсэн юм гэсэн утгатай үг хэлсэн. Хамт байсан хүмүүс боль боль гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/                          

Гэрч Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Архи задалж нэг нэг хундага бариулаад нэг нэг татчих гээд С. гэх манай чуулгын эмэгтэй рүү дөхөж очоод 1 удаа нүүрлүү нь шууд баруун гараараа алгадсан. Тэгээд алгадангуутаа ингэх гэж ирсэн юм гэж хэлээд холдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-рт/,

Гэрч А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... С эгчтэй тулгах гэж очоод шууд зүүн талын чих орчимруу нь нэг удаа гараараа алгадаж цохисон. Тэгээд би ингэх гэж ирсэн гэж хэлж байсан. Бид нар болиоч юу болж байна гэхэд хундагатай архиа Са эгчрүү цацах гэж байгаад надруу цацсан . би яг хажууд нь зогсож байсан юм. Би С.ыг гэрт нь хүргэж өгсөн. Зүүн талын чих өвдөөд дүлийрээд байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32-рт/,

2020 оны 01 дүгээр сарын 03 ны өдрийн хүний эрүүл мэндэд шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №12 дугаартай дүгнэлт “... У.Сын биед зүүн чихний хэнгэргэн хальс цооролт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүснэ. Цаашид энгийн хөдөлмөр эрхлэлтийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийг зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 52-53-рт/,                                                   

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хүний эрүүл мэндэд шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №28 дугаарт “...У.Сын биед учирсан зүүн чихний хэнгэргэн цооролт гэмтэл нь чих хамар хоолойн эмчийн үзлэгээр тогтоогдож байна. дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гараар алгадах болон цохих үед үүүсэх боломжтой. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Өмнө нь гарсан 2020 оны 01 сарын 03 ны өдрийн №12 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 57-58/ зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 00 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Андууд” рестораны хувцас солих өрөөнд Алтай телевизийн зохион байгуулсан кара-оке тэмцээнийг хөтөлж өгсөнгүй гэх зүйлээр шалтаглан хохирогч У.Сын зүүн чихэн тус газарт алгадаж зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна. 

Шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул  шүүгдэгч Э.Бг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч болон тухайн үйл явдлыг харсан гэрч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийг агуулга талаас нь харьцуулан үзсний үндсэн дээр ноцтой зөрүү гараагүй тул үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шүүх үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Шүүгдэгч Э.Б нь “...2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын шинэ жилийн орой У.С зодуулснаа ч өөрөө мэдэхгүй байгаа юм биш үү. Мэдэхгүй болтлоо тасарсан байсан юм биш үү. Би тэгж л ойлгож байна. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн орой М.Дүгэр, О.Е нартай явж байхдаа гэмтэл учирсан байх...” гэж мэдүүлж байгаа боловч 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шүүгдэгчийн үйлдлийг нотлосон баримтуудыг шууд үгүйсгэсэн хангалттай нотлох баримтууд хэрэгт цуглараагүй байх тул шүүгдэгчийн болон гэрч Р.С нарын мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч өөр цаг хугацаанд гэмтэл авсан байж магадгүй талаарх шүүгдэгч, гэрч Р.С нарын мэдүүлгүүд нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн Х.Аззаяагийн “...У.С нь надад үзүүлэхдээ зүүн талын чих өвдөөд байна гэсэн зовуурьтайгаар ирсэн. Би тухайн хүний зүүн талын чихэнд үзлэг хийсэн хэнгэргэн хальс шинээр цоорсон байсан...хийтэй цохих, алгадах, үед даралтын хүчний нөлөөгөөр хэнгэргэн хальс цоордог мөн өрөвслөөр цоордог тэр нь шинж тэмдэг нь шал өөрөөр илэрдэг....зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол нь гэмтлийн гаралтай байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-42/, эмчийн үзлэгийн тэмдэглэлүүд/хх-ийн 64-65-рт/, түүнчлэн хохирогч У.Стай 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр муудалцсан, зодолдсон зүйл болоогүй талаар мэдүүлсэн гэрч О.Е, М.Днарын мэдүүлгүүд /хх-ийн 44-45, 186, 187-189-рт/ зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх. 

 Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Э.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хохирогч У.Сын хохиролтой холбоотойгоор шүүх хуралдаанд гаргаж өгсөн “ЭМЖЖ” эмнэлгийн 35000 төгрөг, 20000 төгрөгний 2 ширхэг НӨАТ-ын баримт, тус бүр 51600 төгрөгний үнийн дүн бүхий 2 ширхэг хот хооронд зорчих тасалбаруудыг нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар үнэлж хохирогчийн нэхэмжилсэн 173.200 төгрөгийн нэхэмжлэлээс 158.200 төгрөгийн нэхэмжлэлийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. Харин нь ямар эм авсан нь тодорхойгүй Өлзийт тан эмийн сангийн НӨАТ-ын баримтыг үнэлэх боломжгүй байх тул уг баримтаар нэхэмжилсэн 15000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт  хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөр төлөөгүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэрсүүд овогт Э-н Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бд шүүхээс оногдуулсан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Э.Бд сануулсугай

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хохирогч У.Сын нэхэмжилсэн 173.200/нэг зуун далан гурван мянга хоёр зуу/ төгрөгийн нэхэмжлэлээс 158.200/нэг зуун тавин найман мянга хоёр зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг ханган шүүгдэгч Э.Бгаас гаргуулж, 15000/арван таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлөгдөөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, хохирогч У.Сын шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.МӨНХТУЛГА