Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 374

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух ******* ******* овогт *******ы *******ын РД:*******  нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох 153/2015/0319/И/ индекстэй иргэний хэргийг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2016 оны 06 сарын 07 өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Эрдэнэцэцэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал

Хариуцагчийн төлөөлөгч М.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК-иас тээврийн хөлс 11 256 000 төгрөг, алданги 5 625 000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь ******* ХХК-тай 2014 оны 11 сарын 19-нд гэрээ хийж, 2014 оны 11 сарын 24-нд анхны тээврээ хийсэн. 2014 оны 12 дугаар сарыг дуустал өөрөөр хэлбэл нэг сарын хугацаанд нийт 16 эрээс хийж 1288 тонн хүдэр тээвэрлэсэн. Түүнээс хойш 8 сар болж байна. Цагаан сарын өмнө 2 500 000 төгрөг авсан. Түүнээс хойш мөнгө аваагүй. Миний хувьд тээвэр хийж мөнгө олж амьдардаг хүн, мөнгөгүй болчихоор банкны өрөндөө баригдаад хэцүү байна. Би энэ гэрээг хүдэр ХХК-тай хийгээгүй. ******* алтайн жинчид ХХК-тай хийсэн. Энэ гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-д гэрээнд заасан үүргээ биелээгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцно гээд заасан байгаа. Тээврийг Говь-Алтай аймгийн Цээл сумын нутгаас хүдэр ачаад Бургастайн боомтын Цагаан байшин гэх газар хүргэдэг байсан энэ хооронд 168 км байдаг. Би тээврийн хөлсөө ******* алтайн жинчид ХХКомпаниас 11 256 000 төгрөг нэхэмжилж байгаа. Миний нэхэмжилж байгаа мөнгөн дотор хоол сэлбэг, авсан шатахууны мөнгө ороогүй цэвэр тээврийн хөлс юм. Тухайн үед хоолоо талоноор иддэг байсан. Миний нэхэмжилж байгаа мөнгө бол үндэслэлтэй тул *******- жинчид ХХК-иас 11 256 000 төгрөг, алданги 5 625 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хяналтын шатны шүүхийн тогтоолыг үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Даргалж байсан шүүгч нь энэ хүнтэй ашиг сонирхолын зөрчилтэй, холбоо сүлбээтэй хүмүүс гэдгийг мэдээгүй шүүх хуралдаанд орсон.Энэ хүний хувьд шүүхээр тоглож байна. Алдангиа хүүтэй нь тооцож авна. 2014 оны 10 сарын 14-ны өдөр гэрээ хийгээд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр энэ гэрээ чинь дууссан. Баяжмалыг тээвэрлэсэн бүх материал, бензин шатахууны үнэ хөлсийг тодорхой гаргаад өгсөн. Мөн гэрээг хувиар нь хэрэгт өгсөн байгаа, чиний тэр бариад байгаа гэрээний 4.6 дахь заалт чинь гэрээтэйгээ хамт хугацаа нь дууссан шүү. Чи 12 дугаар сарын 31-нийхээ өдөр тасалбар болгоод, гэрээнийхээ 6-р зүйлийн 6.3 хэсэгт ямар журмаар яаж шийдвэрлэхийг тодорхой заагаад өгсөн. Чиний яриад байгаа тэр 4.6 дахь заалт чинь гэрээтэйгээ хамт хүчин төгөлдөр бус болсон. Одоо би авсан мөнгөө хасаад үлдэгдэл үндсэн мөнгөө хүүтэй нь хамт гаргуулж авна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч М. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нотлох баримтыг цуглуулж орж ирсэн байж түүнийг шүүх хянан үзэж шийдвэр гаргах ёстой гэж бодож байна.Тэгтэл нэхэмжлэгчийн зүгээс яагаад энэ мөнгийг өгөхгүй байгаа талаар ямар нэгэн нотлох баримт алга байна шүү дээ.  Хүдэр ХХКомпаниасорж ирсэн мөнгийг ******* алтайн жинчид ХХКомпани нь өгөхгүй байгаа мэтээр дурьдсан байдаг. Миний хувьд мөнгө орж ирэхгүй байгаа талаар нотлох баримтаа гаргаад хавтаст хэрэгт өгсөн. Энэ тээвэрт Говь-Алтай аймгийн гурван жолооч бас явсан байдаг юм. Тэд энэ тээврийн хөлсөнд 15 сая төгрөгийг авах ёстой байсан, мөнгөө авсан гэж манай компаниас тооцооны хасалт хийлгэж байгаад Ложистик ХХК-аас тоног төхөөрөмж авсан. Мөн Хархүү гэдэг жолооч 20 сая төгрөгийн техник тоног төхөөрөмж, Энхтайван гэдэг жолооч 9,600,000 төгрөгний үнэтэй тоног төхөөрөмжийг тус тус авсан. Манайх нийт 157,900,000 төгрөг авах авлагатайгаас, 7 сарын 6-ны өдөр 10,000,000 төгрөг орж ирсэн өчигдөр буюу 07 дугаар сарын 28-ний өдөр 20,000,000 төгрөг орж ирсэн энэ бэлэн орж ирсэн мөнгөнүүдийг жолооч нарт 10 хувиар бодоод өгсөн байдаг. Өчигдөр буюу 07 дугаар сарын 28-ны өдөр 1,165,469 төгрөгийг Б.*******ын дансруу хийсэн. Жолооч нарыг хийсэн ажлынх нь гүйцэтгэлээс шалтгаалаад хувь бодож олгож байгаа. Тэгээд энэ хавтас хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудаас үзэхэд Б.******* нь бичсэн нэхэмжлэл дээрээ би Хүдэр ХХК-ний төмрийн баяжмалыг ачиж, ******* алтайн жинчид компани мөнгө өгөхгүй байна гэсэн агуулгатай нэхэмжлэл бичсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримтууд бол үүнийг нотлоод байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага Хүдэр ХХКомпаниас 100,000,000 төгрөг орж ирсэн тэр мөнгийг *******- жинчид ХХКомпани нь хувьдаа зарцуулаад байгааг яаж нотлоод байгаа юм бэ үүнийг нь ойлгохгүй байна иймд одоо би хүдэр ХХКомпаниас мөнгө орж ирсэн цагт нь жолооч нарт нь цаг тухай бүрт нь өгнө харин хүү алдангийг бол өгөх боломжгүй гэв.

Шүүх хуралдаанаар  хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ХХК-иас тээврийн хөлс 11 256 000 төгрөг, алданги 5 625 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Хариуцагчийн төлөөлөгч Б. нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн хөлс 11 256 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги 5 625 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн гэрээний дагуу тээвэрлэгч Б.******* ачааг тогтоосон газарт хүргэсэн байх тул тээвэрлүүлэгч ******* ХХК нь тохирсон хөлсийг төлөх үүргийг хүлээнэ.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* Алтай ХХК-ний захирал М.тэй Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт орших Таяннуурын уурхайгаас төмрийн баяжмалыг Бургастайн боомтод тээвэрлэн хүргэх тухай тээвэрлэлтийн гэрээ байгуулсан болох нь гэрч нарын мэдүүлэг болон зохигчдын тайлбар, тээвэрлэгч Б.******* тээвэрлүүлэгч ******* ХХКомпанитай байгуулсан 2014 оны 11 сарын 19 өдөр байгуулсан ачаа тээвэрлэх гэрээгээр батлагдаж байна.

Талууд гэрээ байгуулагдсан талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь гэрээний хугацаанд 1299.40 тн баяжмал тээвэрлэж 24636624 төгрөгийн тээвэрлэлтийн ажил хийж гүйцэтгэж 10220148 төгрөгийн шатахуун болон бусад суутгалд суутгуулж, гарт олгох 14416476 төгрөгийн ажил хийсэнээс 2015 оны 02 сарын 10 өдөр 2500000 төгрөгийг авсан болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, ******* ХХК-ний тээврийн хөлс олгосон жагсаалт, 2014 оны 11, 12 сарын ажлын хөлсний тооцоо, баяжмал тээврлэсэн орлогын баримт, ******* ХХК-иас түлш олгосон баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцсон ба Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэхь хэсэгт зааснаар тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ гэсэний дагуу ложистик ХХК-иас ******* Алтай ХХК-д мөнгө орж ирэхээр орлогоороо нэхэмжлэгч Б.*******ын ажлын хөлсийг төлдөг байсан байна.

Ачаа тээвэрлэх гэрээний 4.6-д тээврийн хөлсийг Хүдэр ХХК-иас хуваарийн дагуу орж ирсэн мөнгийг ажлын гүйцэтгэлд хувь бодож олгоно гэсний дагуу хариуцагчаас 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдөр 3 000 000 төгрөг, 3 дугаар сарын 2-ны өдөр 1 000 000 төгрөг, 7 дугаар сарын 7-ны өдөр 647 482 төгрөг, 7 дугаар сарын 28-ны өдөр 1 165 469 төгрөг нийт 5 812 951 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон байх ба талууд маргахгүй байна.

Хариуцагч хүдэр ХХК-ний охин компани болох ложистик ХХК-иас мөнгө орж ирэхээр нэхэмжлэгчид тээврийн хөлсний үлдэгдлийг төлнө алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар ачаа тээвэрлэх гэрээний 4.6-д төлбөр тооцоог хүдэр ХХК-иас хуваарийн дагуу орж ирсэн мөнгийг олгоно /хх-ийн 20 хуудас/ гэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас алданги 5 625 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч ******* ХХК-иас 5 443 049 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******ад олгох нь зүйтэй байна.

2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1371 тоот Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5 443 049 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 102 038 төгрөгийг гаргууланнэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар ******* ХХКомпаниас 5 443 049 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* Адуу овогт *******ы *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 5 625 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******- жинчид ХХКомпаниас 102 038 төгрөгийг гаргуулж Б.*******ад олгосугай.

3.2015 оны 10 сарын 30-ны өдрийн 1371 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ