Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 0112

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр ,

Улсын яллагч А....туяа,

Өсвөр насны шүүгдэгч ..., хууль ёсны төлөөлөгч Ц....,

Өсвөр насны шүүгдэгч Б...., хууль ёсны төлөөлөгч С...., тэдний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тоорой овогт ..., Шарайд овогт ...ын ... нарт холбогдох 1908056681850 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 06 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн 11 д бүлэгт сурдаг, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тоорой овогт ... /.../.

Монгол Улсын иргэн, 2002 оны 04 сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа гар утасны худалдаа эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шарайд овогт ...ын ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Өсвөр насны яллагдагч Б.... нь өсвөр насны ...тэй бүлэглэн, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай “Буман-Очир” нэртэй 6 нэрийн хүнсний дэлгүүрийн цонх, цонхны хамгаалалтын төмөр, хөөсөнцөрийг хулгайлах гэмт хэргийг үйлдэх зорилгоор тусгайлан бэлтгэсэн алх, цаасны хутга, хэрэглээний хутга зэргийг ашиглан эвдэж, хагалан, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн,

Өсвөр насны яллагдагч ... нь өсвөр насны Б....тай бүлэглэн, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай “Буман-Очир” нэртэй 6 нэрийн хүнсний дэлгүүрийн цонх, цонхны хамгаалалтын төмөр, хөөсөнцөрийг хулгайлах гэмт хэргийг үйлдэх зорилгоор тусгайлан бэлтгэсэн алх, цаасны хутга, хэрэглээний хутга зэргийг ашиглан эвдэж, хагалан, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч С....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо ...тоотод амьдардаг. Манайх “Буман-Очир” нэртэй 6 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2019 оны 11 сарын 01-ний орой 18 цагийн орчим дэлгүүрээ хаачихаад гэртээ орж хоол ундаа идчихээд шөнийн 22 цагийн орчим унтсан. Шөнийн 01 цагийн орчим унтаж байхад гадаа шил хагарах шиг чимээ гарахаар нь цонхоор хартал дэлгүүрийн цонхны дэргэд 2 эрэгтэй хүүхэд зогсож байхаар нь ганцаараа гарахаас айгаад 2 хүүгээ босгоод хүү Эрдэнэбулганыг цагдаад дуудлага өг гэж хэлчихээд хүү ...ын хамт дэлгүүрийнхээ үүдэн дээр очтол нөгөө дэлгүүрийн гадаа зогсож байсан 2 эрэгтэй хүүхэд дэлгүүр рүү орчихсон байсан. Цагдаа нар маш хурдан ирсэн. Цагдаа нарын хамт дэлгүүр рүү яваад ортол нөгөө 2 эрэгтэй хүүхэд лангууны ард сууж байсан. Тэгээд дуудлагаар ирсэн 2 цагдаа хүүхдүүдийг аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх 17-18 х/,

2.Өсвөр насны шүүгдэгч ...ий мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Манай найз ... хүнсний дэлгүүр ухаж мөнгөтэй болох уу гэхээр нь зөвшөөрч бид хоёр хар хорин захын нэг давхараас шар өнгийн алх, хар саарал өнгийн цаасны хутга 1 ширхэг худалдаж авсан. 2019 оны 11 сарын 01-ний шөнө 01 цагаас 02 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаантоосгон Буман-Очир нэртэй хүнсний дэлгүүрийн зүүн хойт булангийн хөөсөнцөрийн буланг цаасны хутгаар зүсэж орох гэсэн чинь цаана нь тоосгон хана тээглээд орж чадаагүй. Тэгэхээр нь бид 2 цонхны төмөр хамгаалалтыг татаж салгаад цонхыг алхаар цохиж хагалаад ... ороод би араас нь орж бэлэн мөнгө хайгаад лангууны ард зогсож байсан чинь цагдаагийн хүмүүс ирээд намайг бариад авч явсан. ...” гэх мэдүүлэг /хх 53-54 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

3.Өсвөр насны шүүгдэгч Б....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ...д дэлгүүр ухах талаар хэлсэн чинь зөвшөөрч бид хоёр Хар хорин зах дээрээс цаасны хутга 1 ширхэг, алх ширхэгийг худалдаж авсан. Тэгээд Драгон төвийн араас 1 ширхэг цагаан өнгийн хутга газар байхаар нь авч куртикнийхаа халаасанд хийсэн. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаантоосгон Буман-Очир нэртэй хүнсний дэлгүүрийн зүүн хойт булангийн хөөсөнцөрийн буланг цаасны хутгаар зүсэж орох гэсэн чинь цаана нь тоосгон хана тээглээд орж чадаагүй. Бид хоёр цонхны төмөр хамгаалалтыг татаж салгаад цонхыг алхаар цохиж хагалаад ороод бэлэн мөнгө хайж байгаад лангуун дээр зогсож байгаад цагдаад баригдсан. ...” гэх мэдүүлэг /хх 96-97 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

4.Гэрч Э....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 сарын 01-ний өглөөний 8 цаг 30 минутаас 01 сарын 02-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 5 шар дахь цагдаагийн хэсгийн байран дээр дэслэгч Б....ын хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 01 цаг 31 минутанд цагдаагийн 102 дуудлагын утсанд ... дугаараас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Буман-Очир хүнсний дэлгүүрт хулгай орсон хүмүүс нь дотор байна гэсэн дуудлагын дагуу очиход дэлгүүрийн эзэн С.... дэлгүүрийн гадаа гар утсаараа бичлэг хийгээд зогсож байсан. дэслэгч Б.... дэлгүүрийн эзний хамт ороход дэлгүүрийн лангууны ард хоёр хүн нуугдсан байдалтай сууж байхаар нь шалгахад Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо ба байрны 27 тоотод суух ... эрэгтэй 16 настай /.../, ...ын ... /.../ нар бүлэглэн хулгай хийж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч ажилласан. Намайг дуудлагын дагуу Буман-Очир дэлгүүр дээр ирэхэд дэлгүүрийн урагшаа харсан цонх хагарсан хамгаалалтын төмөр газар унасан мөн дэлгүүрийн зүүн хойт хананд 50x50 хэмжээтэй хөөсөнцөр хавтанг эвдсэн байдалтай байсан. Нэг нь эрээн куртиктэй, нөгөө нь хар хувцастай лангууны ард суусан, зогссон байдалтай байсан. Хяналтын камерын бичлэг дээр тодорхой харагдана. Тухайн хоёр хүн дэлгүүрээс эд зүйл аваагүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 115 х/,

5.Гэрч Б....ын мөрдөн байцаалтыын шатанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 5 шар дахь цагдаагийн хэсгийн байран дээр дэд ахлагч Э....ын хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 01 цаг 31 минутанд цагдаагийн 102 дуудлагын утсанд ... дугаараас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Буман-Очир хүнсний дэлгүүрт хулгай орсон хүмүүс нь дотор байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгалтыг хийж ..., Б.... нарыг үйлдэл дээр нь барьж жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн ...” гэх мэдүүлэг /хх 117 х/,

6.Гэрч С....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний хүү Б.... хүнд тусархаг сайхан сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Миний хүү Б.... өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 101 х/,

7.Гэрч С....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү ... нь төлөв даруу зантай, биеэ зөв авч явдаг хүүхэд  байгаа юм. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 103 х/,

8.Гэрч М....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ...ын ... гэдэг хүнийг танина, бага ангийн багш нь байгаа юм. ... Дорнод аймгаас ирж сурсан хүүхэд. ... нь биеэ маш зөв авч явдаг, зан араншингийн хувьд төлөв даруу, биеэ даасан, хичээнгүй сэргэлэн цовоо хүүхэд байсан. ...” гэх мэдүүлэг /хх 105 х/,

9.Гэрч З....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ...ын ... гэдэг хүнийг танина, дунд ангийн багш нь байгаа юм. ... нь төлөв даруу зантай, сурлага сайтай, хичээлээ сайн хийдэг хүүхэд байсан. ...” гэх мэдүүлэг /хх 107 х/,

10.Гэрч Э....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ...ийг танина, бага ангийн багш нь байгаа юм. ... нь зөөлөн, түргэн уургүй, биеэ маш зөв авч явдаг хүүхэд байгаа юм. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 119 х/,

11.Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт: “цонхны шил 2 ширхэг 120,000 т, цонхны хаалт төмөр 40,000 т, хөөсөнцөр 104,000т, нийт 264,000 төгрөг” /хх 69 х/,

12.Б....ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 28 х/

13....ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 29 х/

14.Б....ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33 х/

15.Б....ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 36, 126 х/

16....ий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39 х/

17....ий оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 41, 80 х/

18....ий хувийн байдлын тодорхойлолтууд /хх 81-86 х/

19....ий нас тоолсон тэмдэглэл /хх 98 х/

20.Б....ын нас тоолсон тэмдэглэл /хх 99 х/

21.Б....ын хувийн байдлын тодорхойлолтууд /хх 125, 134-142 х/

22. “Гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирлын 280,000 төгрөгийг авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хохирогч С....ын бичгээр гаргасан баримт /хх 143 х/ зэрэг болно.

 

Өсвөр насны шүүгдэгч Б...., ... нар бүлэглэн, 2019 оны 11 дүгээр сарын 02-ны шөнийн 01 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай “Буман-Очир” нэртэй 6 нэрийн хүнсний дэлгүүр лүү хулгай хийх зорилгоор цонхны хамгаалалтын төмөр, цонх, хөөсөнцрийг хутга, цаасны хутга, алхаар эвдлэн нэвтэрсэн болох нь:

Хохирогч С....ын “... ...ын хамт дэлгүүрийнхээ үүдэн дээр очтол нөгөө дэлгүүрийн гадаа зогсож байсан 2 эрэгтэй хүүхэд дэлгүүр рүү орчихсон байсан. ... Цагдаа нарын хамт дэлгүүр рүү яваад ортол 2 эрэгтэй хүүхэд лангууны ард сууж байсан....” гэх мэдүүлэг /хх 17-18 х/,

Өсвөр насны шүүгдэгч ...ий “... “Буман-Очир” нэртэй хүнсний дэлгүүрийн зүүн хойт булангийн хөөсөнцөрийн буланг цаасны хутгаар зүсэж орох гэсэн чинь цаана нь тоосгон хана тээглээд орж чадаагүй. Тэгэхээр нь бид 2 цонхны төмөр хамгаалалтыг татаж салгаад цонхыг алхаар цохиж хагалаад ... ороод би араас нь орж бэлэн мөнгө хайгаад лангууны ард зогсож байсан чинь цагдаагийн хүмүүс ирээд бариад авч явсан. ...” гэх мэдүүлэг /хх 53-54 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Өсвөр насны шүүгдэгч Б....ын “... “Буман-Очир” нэртэй хүнсний дэлгүүрийн зүүн хойт булангийн хөөсөнцөрийн буланг цаасны хутгаар зүсэж орох гэсэн чинь цаана нь тоосгон хана тээглээд орж чадаагүй. Бид хоёр цонхны төмөр хамгаалалтыг татаж салгаад цонхыг алхаар цохиж хагалаад орчихоод бэлэн мөнгө хайж лангуун дээр зогсож байгаад цагдаад баригдсан. ...” гэх мэдүүлэг /хх 96-97 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Э....ын “... дэслэгч Б.... болон дэлгүүрийн эзний хамт ороход дэлгүүрийн лангууны ард хоёр хүн нуугдсан байдалтай сууж байхаар нь шалгахад Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо ба байрны 27 тоотод суух ... эрэгтэй 16 настай /.../, ...ын ... /.../ нар бүлэглэн хулгай хийж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч ажилласан. ...” гэх мэдүүлэг /хх 115 х/,

Гэрч Б....ын “... “Буман-Очир” хүнсний дэлгүүрт хулгай орсон хүмүүс нь дотор байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгалтыг хийж ..., Б.... нарыг үйлдэл дээр барьж жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн ...” гэх мэдүүлэг /хх 117 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн.

Өсвөр насны шүүгдэгч ..., Б.... нар нь “Буман-Очир” нэртэй 6 нэрийн хүнсний дэлгүүр лүү нэвтрэхдээ алх, хутга, цаасны хутга зэрэг хүйтэн зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйлсийг захаас худалдаж авах зэргээр урьдчилан бэлтгэж, дэлгүүрийн цонхны хамгаалалтын төмрийг эвдлэх, цонхыг алхаар цохиж хагалах, хөөсөнцөрийг хутгаар зүсэх зэргээр ашиглан хууль бусаар, нууцаар, хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нэвтэрсэн, уг обьект нь хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай хүнсний дэлгүүр болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “хүн байнга үйл ажиллагаа явуулах, ... зариулалттай орон байр, ...тусгайлан бэтгэсэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” нэвтэрсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг хангасан.

Шүүгдэгч нар хулгай хийхээр дэлгүүр лүү нэвтрэн орсон хэдий ч хохирогч цонх хагарах чимээнээр хэргийн газарт ирж цагдаад дуудлага өгч шүүгдэгч нар үйлдэл дээрээ баригдсанаар уг гэмт хэрэг таслан зогсоогдсон тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч ..., Б.... нар гэмт хэрэг үйлдэх үедээ 16, 17 насанд хүрсэн байсан болох нь тэдгээрийн төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэлүүдээр тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийн субьектийн насны шалгуурыг хангаж байгаа.

Өсвөр насны шүүгдэгч ..., Б.... нар өөрсдийн дээрх үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, өсвөр насны шүүгдэгч ..., Б.... нар нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирогч С....од хулгайн гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирлын 264,000 төгрөг төлөгдсөн болох нь түүний “хохиролд 280,000 төгрөг хүлээн авсан, одоо надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх бичгээр гаргасан баримт /хх 143 х/-аар  нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

Улсын яллагч: Өсвөр насны шүүгдэгч ..., Б.... нарт тус бүрт нь 03 жилийн хорих ял оногдуулах саналыг гаргасан.

Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Амаржаргал: Шүүгдэгч нар насанд хүрээгүй хүүхдүүд бөгөөд бусдад төлөх төлбөргүй, гэм буруу дээр маргахгүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ялыг тэнсэж өгнө үү? гэх саналыг гаргасан.

Өсвөр насны шүүгдэгч ..., Б.... нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ... ерөнхий боловсролын дунд сургуульд суралцдаг, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй, хор уршиг их биш, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тус бүрт нь 03 жилийн хорих ял оногдуулж, Өсвөр насны шүүгдэгч нар тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмын дагуу уг ялыг хоёр дахин багасгаж, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоож, үйлдсэн гэмт хэргийн ял, субьектийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах шалгуурыг бүрэн хангаж байгаа тул тэдгээрт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан алх, цаасны хутга, хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж өсвөр насны шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Тоорой овогт ..., Шарайд овогт ...ын ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар ...ийг 03 жилийн хугацаагаар хорих ялаар, Б....ыг 03 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ..., Б.... нарт оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялуудыг хоёр дахин багасгаж, тус бүрийн биечлэн эдлэх хорих ялыг 01 жил 06 сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар ..., Б.... нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ..., Б.... нарт тус бүрт нь 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосон шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч  ..., Б.... нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 02 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ..., Б.... нарт мэдэгдсүгэй.

8...., Б.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан алх, цаасны хутга, хэрэглээний хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ..., Б.... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ