Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 0203

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Т.Мөнхжаргал,

Хохирогч Д...., түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

Шүүгдэгч Г...., түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дарьганга овогт ...гийн ...т холбогдох 1808007230345 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, ...тоотод оршин суух, урьд

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 3-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Дарьганга овот ...гийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга.

Г.... нь бусдыг хуурч, “хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байгаа ах, дүү нарыг нь ялаас чөлөөлж, суллаж өгнө, нөхрийгөө хуулийн байгууллагад ажилладаг” гэж итгүүлж, төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр, иргэн Д....гаас 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 сая төгрөгийг Т....ийн “Хаан” банкны ... дугаар дансаар, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөгийг Т....ийн Хаан банкны ... дугаар дансаар, 2017 оны 08 дугаар сард 60,000 төгрөг, 100,000 төгрөг, 50,000, 50,000 төгрөг нийт 260,000 төгрөгийг бэлнээр, мөн паалантай данх, мах чанагч зэрэг нийт 90,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг нь авч нийт 4,350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

  1. Хохирогч Д....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хх 20-21 х/,
  2. Хохирогч Д....гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           3.Шүүгдэгч Г....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /1 хх 107-108 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           4.Гэрч Т....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хх 100 х/,

           5.Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх128-129 х/

           6.Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 24 х/

           7.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 25, 113 х/

           8.Шийтгэх тогтоолын хуулбарууд /1 хх 27-33, 147-164, 2 хх 44-69 х/

           9.Хохирлын баримт /1 хх 65 х/

           10.Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 66-73 х/

           11.Улсын дээд шүүхийн тогтоолын хуулбар /1 хх 202-205 х/

           12.Давж заалдах шатны шүүхийн магадлал /1 хх 214-228 х/

           13.Улсын дээд шүүхийн мэдэгдэх хуудас /1 хх 230 х/

           14.Хорих ангиас суллагдсан хүнд олгосон тодорхойлолт /2 хх 69 х/

           15.Төлбөр барагдуулах гэрээ /2 хх 83 х/

           16.Хохирлыг төлж барагдуулахаар бичгээр гаргасан баримт /2 хх 84 х/ зэрэг болно.

               Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг бүрэн нотлон тогтоосон.

Шүүгдэгч Г.... нь Д....гаас мөнгө авахын тулд “гэмт хэрэгт холбогдон хоригдсон байгаа ах, дүү нарыг нь ялаас чөлөөлж, суллаж өгнө, нөхрийгөө хуулийн байгууллагад ажилладаг” гэх худал үгээр хуурч  мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 сая төгрөгийг Т....ийн “Хаан” банкны ... дугаар дансаар, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөгийг Т....ийн Хаан банкны ... дугаар дансаар, 2017 оны 08 дугаар сард 60,000 төгрөг, 100,000 төгрөг, 50,000, 50,000 төгрөг нийт 260,000 төгрөгийг бэлнээр, мөн паалантай данх, мах чанагч зэрэг 90,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг нь авч нийт 4,350,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д....гийн “... ... ирээд мөнгө нэхэхээр нь 1,000,000 төгрөгийг Шөнийн захын доор байдаг АТМ-ээс дансаар ... данс руу шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш надаас дүүгийн ажилд хэрэглэх гэж байна гээд увуулж цувуулаад 60,000 төгрөг, 100,000 төгрөг, 50,000 төгрөг зэргээр олон удаа мөнгө авч байсан. Бага багаар авсан мөнгөний хэмжээнүүдийг бэлнээр өгсөн болохоор мэдэхгүй байна. Надаас бас паалантай данх 30,000 төгрөгөөр, битүү чанагч 55,000 төгрөгөөр авхуулсан. Манай ах Ц.... олон жилийн өмнө машин барьж яваад хүн дайрч хэрэгт ороод шоронд хоригдсон юм. 2017 оны 07 сарын 01-ний өдөр хууль солигдоод дахин шүүх хурлаар орох гэж байгаа гэж сонсоод ... эгчид хэлсэн. Ах маань 5 сая төгрөгөөр өмгөөлөгч ав гэж хэлснийг дамжуулж хэлсэн. Тэгтэл ... эгч 3 сая төгрөгөөр ахыг чинь гаргаад өгнө, өөрт нь таньдаг хүн байгаа гэж хэлсэн. ...тэрнээс хойш хэд хоногийн дараа дүүг чинь уулзуулаад өгье гээд 50,000 төгрөг авсан. Тэгээд манай ах ...ын шүүх хуралд мөнгө хэрэгтэй болсон учир би өөрийн ах Ц....аас 3,000,000 төгрөг аваад ... эгчийн данс руу Содон хорооллын Хаан банкнаас дансаар шилжүүлж өгсөн. Тэр нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр болсон. Манай дэлгүүрээс худалдан авалт хийж байсан учир танилцсан 2017 оны эхэн үеээс эхэлж таньдаг болсон. ...” гэх мэдүүлэг /1 хх 20-21 х/,

           Шүүгдэгч Г....ийн “... Би ...гийн хоригдож байгаа дүүг гаргаж өгч чадна гэж хэлж мөнгө авсан нь үнэн, хохирлын дүн дээр маргахгүй. Өөр ямар нэг зорилго байгаагүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 107-108 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

              Гэрч Т....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би ээж ...ийг миний дансаар хүнээс мөнгө авсан гэдгийг мэдэж байгаа. ...” гэх мэдүүлэг /1 хх 100 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хохирлын хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хохирол хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хохиролд зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол шүүгдэгч нь худал үгээр хуурч олон удаагийн үйлдлээр хохирогчид нийт 4,350,000 төгрөгийн хохирол учруулсан болох хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

 Шүүгдэгч Г.... хохирогчийн мөнгийг авахын тулд урьд дэлгүүрээс нь худалдаа хийж танилцсан давуу байдлаа ашиглан “нөхрийгөө хуулийн байгууллагад ажилладаг, хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байгаа ах, дүү нарыг нь суллаж өгнө” хэмээн худал үгээр хуурч мөнгөө өөрийн сайн дураар шилжүүлэн өгөх сэдлийг төрүүлж улмаар өөртөө шилжүүлэн авсан нь Залилах гэмт хэргийн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гэх шинжүүдийг бүрэн хангасан.

Шүүгдэгч Г.... хохирогч Д....гаас 4,350,000 төгрөгийг удаа дараагийн үйлдлээр хууран мэхлэж авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирогч Д....д нийт 4,350,000 төгрөгийн хохирол учирснаас 1,000,000 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 3,350,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600,000 төгрөг /шүүгдэгч төлөхийг зөвшөөрч гэрээ хийсэн/ нийт 3,950,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.

Улсын яллагч: Г....т 620 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд өмгөөлөгчийн гаргасан өмнө шийтгүүлсэн ялаас илүү эдэлсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар оруулан тооцоход татгалзах зүйлгүй гэсэн.

Өмгөөлөгч Л.Батаа: Г.... нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хохирлоо төлөхийг зөвшөөрч байгаа, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Улсын Дээд Шүүхийн тогтоол байгаа бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр уг тогтоолын мэдэгдэх хуудас явсан боловч тухайн өдөр нь шүүгдэгч Г.... хорих ангиас суллагдсан байдаг. Тухайн мэдэгдэх хуудас очих хугацаад шүүгдэгч Г.... нь 11 сар 8 хоног илүү ял эдэлсэн байдаг. Улсын Дээд Шүүхийн тогтоол дээр шүүгдэгч Г....ийн эдэлсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх тогтоолоор шийтгүүлсэн ял дээр нэмж нэгтгэх боломжтой гэж заасан байх тул хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж, улсын яллагчийн 620 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 11 сар 8 хоногийн ялыг хасаж тооцож өгнө үү? гэсэн.

Шүүгдэгч Г....т холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны хүүхдүүдтэй, энэ гэмт хэрэг цаг хугацааны хувьд 2017 оны 08 сард үйлдэгдсэн, шүүхээс сүүлийн удаа буюу 2018 оны 03 дугаар сард хорих ял шийтгүүлснээс хойш дахин гэмт хэрэгт холбогдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг их биш зэргийг тал бүрээс нь харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзээд 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

Шүүгдэгч Г.... нь 2018 оны 229 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар анхан шатны шүүхээс 03 жилийн хорих ялаар шийтгүүлснийг давах, хяналтын шатны шүүхээс 05 жилийн хорих ял болгон нэмэгдүүлсэн нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу асуудал /давах, хяналтын шатны шүүхээс ялыг хүндрүүлэх эрхтэй байсан/ бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хуульд заасан журмын дагуу өөрчлөлт оруулсан давах болон хяналтын шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эдлээд дууссан ялын зарим хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолтой нэгтгэн эдлүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул өмгөөлөгч, улсын яллагчийн саналуудыг хүлээн авах үндэслэлгүй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дарьганга овогт ...гийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Г....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г....т мэдэгдсүгэй.

4.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г....ээс 3,950,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 28-1б тоотод оршин суух УУ85111208 регистрийн дугаартай Д....д олгосугай.

5.Г....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирлоос 1,000,000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ДАШДОНДОВ