Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 375

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 3-31 тоотод оршин суух Алигаанхан овогтой Ваанжавын Бадамхандын /ПЮ:83122941 регистрийн дугаартай/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 28-10 тоотод оршин суух Буурлууд овогт Цэвээнпүрэвийн Цэрэнзолбоод холбогдох 153/2016/00088/и/ индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Эрдэнэцэцэг

Хариуцагч: Ц.Цэрэнзолбоо

Бусад оролцогчид: Нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч В.Бадамханд нь хариуцагч Ц.Цэрэнзолбоогоос гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэмж гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Бадамханд нь Ц.Цэрэнзолбоотой 2002 онд танилцсан. 2003 оны 12 дугаар сарын 25-нд хүү Ц.Пүрэвдаш төрсөн. 2005 онд Ц.Цэрэнзолбоо Солонгос улсруу явсан. Тэрнээс хойш В.Бадамханд Ц.Цэрэнзолбоо нар нь гэрлэлтээ батлуулсан боловч нэг гэрт орж амьдраагүй, тэдний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй . 2002 оноос хойш 14 жил тусдаа амьдарсан , сэтгэл санаа нийлэхгүй тул В.Бадамханд Ц.Цэрэнзолбоо нарын гэрлэлтийг цуцалж , хүү Ц.Пүрэвдашийг эх В.Бадамхандын асрамжинд үлдээж, эцэг Ц.Цэрэнзолбоогоос хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Цэрэнзолбоо шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.Шүүхээс бид хоёрт 3 сарын эвлэрэх хугацаа өгсөн. Бадамханд нь хил даваад явчихсан учраас бид нарын хувьд ярилцаж эвлэрэх боломж гараагүй. Бид нарын хувьд гэртээ хэрэлдээд салсан салсан зүйл биш байгаа. 2004 оны 12 сард Солонгос улс руу яваад эхнэрээ өөр дээрээ татаж аваад харлаад байж байх хугацаандаа би баригдаад Монголд ирсэн эхнэр бол өнөөдөрийг хүртэл Солонгост байгаа. Миний хувьд эхнэрийнхээ нүд рүү харж байгаад хэлэх зүйл зөндөө байгаа. Бадамханд бид хоёр хар багаасаа хамт байсан ба Солонгос улсад байр хүртэл аваад хөдөлмөрлөөд амьдарч байсан. 2003 оноос хойш Бадамханд ажил хийгээгүй би сард 150 доллар явуулдаг байсан тэр бүү хэл Улаанбаатар хотод алт мөнгөний лангуу хүртэл авч өгсөн. Би 3 сарын хугацаанд Бадамхандтай ярих гэсэн боловч дугаар нь олдоогүй. Би одоо хааяа нэг машин засварын газар ажиллуулдаг нурууны суулт өвчтэй учраас хүнд ажил хийж чаддаггүй.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ :

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч В.Бадамханд хариуцагч Ц.Цэрэнзолбоо нар нь 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсон нь 00/000129-520 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр батлагдаж байна.

Нэхэмжлэгч В.Бадамханд хариуцагч Ц.Цэрэнзолбоо нар нь гэр бүл болсноос хойш 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүү Ц.Пүрэвдаш төрсөн болох нь 12 тоот Ц.Пүрэвдашийн төрсөний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар батлагдаж байна.

Нэхэмжлэгч В.Бадамханд хариуцагч Ц.Цэрэнзолбоо нар нь эвлэрэх боломжгүй нэхэмжлэгчийн цаашдаа хамтран амьдрах боломжгүй, бид тусдаа 14 жил амьдарсан , сэтгэл санаа нийлэхгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэсэн тайлбар, хариуцагчийн В.Бадамханд нь Солонгос улсад тусдаа амьдардаг гэсэн тайлбар , хүү Ц.Пүрэвдаш нь В.Бадамхандын эцэг эх дээр амьдардаг зэргийг үндэслэн тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийн нас, сурах орчин, эцэг эхийн халамжийг харгалзан 2003 оны 12 дугаар сарын 25-нд төрсөн хүү Ц.Пүрэвдашийг эх В.Бадамхандын асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Ц.Пүрэвдашийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Цэрэнзолбоогоор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч хариуцагч нар дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар зохигчдын хэн нэгэн нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг Ц.Цэрэнзолбоо нь хүүхдээ эх В.Бадамхандын асрамжинд үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх , эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Ц.Цэрэнзолбоо нь хүүтэйгээ уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх В.Бадамхандын зүгээс саад учруулахгүй байхыг даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цэрэнзолбоогоос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Алигаанхан овогт Ваанжавын Бадамханд , Буурлууд овогт Цэвээнпүрэвийн Цэрэнзолбоо нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Ц.Пүрэвдашийг эх В.Бадамхандын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2003 оны 12 сарын 25-ны өдөр төрсөн хүү Ц.Пүрэвдашийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Цэрэнзолбоогоор тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хүү Ц.Пүрэвдашийг өсгөж хүмүүжүүлэх эцэг, эхийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг эцэг Ц.Цэрэнзолбоо, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх В.Бадамханд нарт тус тус даалгасугай.

5.Зохигчид нь дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцласан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Цэрэннадмидад даалгасугай.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ц.Цэрэнзолбоогоос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.Бадамхандад олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ