Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 0007

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч А.Ганзориг,

Шүүгдэгч М.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бууч овогт ...гийн ...д холбогдох 1908003941882 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-ийн Арьс ширний үйлдвэрт ажилладаг, ам бүл 5, хамтран амьдрагч, 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ногоочны ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бууч овогт ...гийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 М.... нь 2018 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ногоочны ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С....тэй “архи ууж орж ирээд, мөнгө нэхлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний духан тус газар нь аягаар цохиж зодон бие махбодид нь “духанд шарх” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч С....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн орчимд жоохон архи уучихаад гэртээ хүрээд ирсэн чинь манай эхнэр над руу уурлаад байхаар нь би эхнэрээсээ уучлаарай гээд хэлтэл цай ууж байсан аягаараа миний толгойны баруун тал руу цохичихсон юм. Тэр үед миний толгойноос цус гараад байхаар нь би түргэн тусламж дуудаж үзүүлэхэд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй гэж хэлээд түргэн тусламж яваад өгсөн. Би тэгээд ...г гэмтлийн эмнэлэгт хүргэж өг гэж хэлэхэд намайг хүргэж өгөөгүй. Миний толгойноос цус гараад тогтохгүй болохоор нь өмсөж байсан цамцаараа толгойгоо боочихоод зам дээр гарч такси барьж гэмтлийн эмнэлэг орсон юм. ...... бид хоёр 2011 оноос хойш хамт амьдарч байгаа бид хоёрын дундаас 2 хүүхэд гарсан. ...Намайг архи уучихаад гэртээ яваад ортол архи уулаа гэж уурлаад цай ууж байсан аягаараа миний толгойруу цохисон. ...Миний толгойн дахь гэмтлийг ... аягаар цохиж учруулсан юм. ...тухайн аяга одоо хаана байгааг мэдэхгүй байна хагараад хаячихсан байх. ...” гэх мэдүүлэг /хх 33 х/,

2.Шүүгдэгч М....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ногоочны ...тоотод байх өөрийн хашаанд байх дүү ... гэрт дүү ...нарын хамт байж байсан чинь шөнө 01 цагаас 02 цагийн хооронд гаднаас С.... согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд надаас тамхи нэхээд байсан. Тэгэхээр нь би тамхи байхгүй гэж хэлсэн чинь тэгүүл тамхины мөнгө өг гээд байн байн нэхээд байхаар нь миний уур хүрээд цай ууж байсан аягаараа толгойн тус газар нь цохичихсон. ...намайг С.... зодож цохисон асуудал байхгүй. ...С....г цохисон гэх аяга нь одоо байхгүй. Хэрэг гарснаас хойш манай хүүхэд тоглож байгаад хагалчихаар нь хог дээр хаячихсан. ...дүгнэлтэнд дурдагдсан духан дахь шарх гэмтлийг С....д учруулсныг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх 79-80 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 3.Гэрч М....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр үед агсам тавиад болохгүй болохоор нь манай эгч цай ууж байсан аягаараа цохичихсон юм. ...” гэх мэдүүлэг /хх 37 х /,

4.Гэрч С....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад гаднаас ... ах толгойдоо оёдол тавиулчихсан, боолгочихсон орж ирсэн. Тэгээд би ... ахаас “юу болсон юм бэ” гэж асуусан чинь ... ах “... аягаар цохичихсон тэгээд би толгойгоо гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлчихээд ирлээ” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 43 х /,

5.Шинжээч эмч Г.Энхбаатар: “...2019.01.16-ны өдөр шинжээч эмч Б.Ганзориг нь 1364 дугаартай дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтэнд С....гийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл гэсэн байна. гэх мэдүүлэг /хх 46 х/,

6.Шинжээчийн 1364 тоот дүгнэлт

   1.С....-н биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.Ц

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 21 х/,

               7.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 52 х/

           8.Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 55 х/

           9.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 56 х/

           10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 59 х/

зэрэг болно.

Шүүгдэгч М.... нь 2018 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ногоочны ...тоотод хамтран амьдрагч С....г “архи ууж орж ирээд, мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар түүний духан тус газар нь аягаар цохиж бие махбодид нь “духанд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч С....гийн “...би эхнэрээсээ уучлаарай гээд хэлтэл цай ууж байсан аягаараа миний толгойны баруун тал руу цохичихсон юм. Тэр үед миний толгойноос цус гараад байхаар нь би түргэн тусламж дуудаж үзүүлэхэд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй гэж хэлээд түргэн тусламж яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 33 х/,

Хохирогч М....гийн “...миний уур хүрээд цай ууж байсан аягаараа толгойн тус газар нь цохичихсон. ... дүгнэлтэнд дурдагдсан духан дахь шарх гэмтлийг С....д учруулсныг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх 79-80 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

  Гэрч М....ийн “...Тэр үед агсам тавиад болохгүй болохоор нь манай эгч цай ууж байсан аягаараа цохичихсон юм. ...” гэх мэдүүлэг /хх 37 х /,

 Гэрч С....ын: “...... ах “... аягаар цохичихсон тэгээд би толгойгоо гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлчихээд ирлээ” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 43 х /,

 Шинжээч эмч Г.Энхбаатар: “...2019.01.16-ны өдөр шинжээч эмч Б.Ганзориг нь 1364 дугаартай дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтэнд С....гийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл гэсэн байна. гэх мэдүүлэг /хх 46 х/,

 Шинжээчийн 1364 тоот дүгнэлт

   1.С....-н биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 21 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг бүрэн нотлон тогтоосон байна гэж үзсэн.

М.... нь хохирогч С....гийн биед духанд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч М.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

М.Долгосүрэнгийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг хуульчилсан.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэдгийг хууль тогтоогчийн зүгээс аутентик тайлбараар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт тайлбарласан. Энэхүү тайлбар хэсэгт зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжинд байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно гэсэн.

Шүүгдэгч М...., хохирогч С.... нар гэр бүлийн баталгаагүй /хх 55 х/ хэдий ч нэг гэр бүлд хамтран амьдардаг болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдсон тул Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.

Дээр дурьдсан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” хэмээх нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.4 дүгээр зүйлд заасан тайлбарыг баримталсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

Иймд шүүгдэгч М.... нь хохирогч С....гийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, М....гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахт хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирогч С.... гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 33 х/-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

Улсын яллагч: Уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 12 сарын 19-ний өдөр дууссан тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг гаргасан.

            Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй гэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж хуульчилсан.

Хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.

 Мөн зүйлийн 2 дахь хэсэг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж хоёр өөр байдлаар хуульчилж Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг үүсгэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлд хамаарч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь ялын санкцын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ангилалд хамаарч байгаа, шүүгдэгч 2018 оны 12 сарын 19-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэнээс хойш 01 жилийн хугацаа өнгөрсөн, дээрх хугацаанд яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн гэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуульзүйн үндэслэлтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Бууч овогт ...гийн ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М....д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан М....г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.М.Долгосүрэнгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ