| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0059/э |
| Дугаар | 0090 |
| Огноо | 2020-03-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 0090
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж
Улсын яллагч Л.Э
Хохирогч Д.А, Д.Ц
Хохирогчийн өмгөөлөгч З.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С
Шүүгдэгч Г.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын Г.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Г нь согтуурсан үедээ, 2019 оны 10 сарын 10-ны өдөр хатуу хучилттай зам дээр Хьюндай Сонота-6 загварын улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас улсын дугаартай Тоёота приус загварын автотээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж иргэн Д.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хавтаст хэрэгт би үнэн зөв мэдүүлсэн. Хохирогч нарын хохирлыг нотлох баримтын хүрээнд боломжоороо төлнө. Яг өнөөдрийн байдлаар бүрэн төлж барагдуулах боломжгүй байна. Хохирогч нарт өнөөдрийн байдлаар 1.500.000 төгрөг төлсөн байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохиролд өнөөдрийн байдлаар нийт 1.500.000 төгрөг өгсөн. Энэ нь машины хохирол гэж үзэж байна. Одоо 740.000 төгрөг үлдсэн. Эмчилгээний зардал 988.800 төгрөг Г.Г-с нэхэмжилж байна. Гомдолтой байна гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Одоо ч дотор муухайрч ажил хийхэд хэцүү байна. Би 3 сар цалингүй чөлөө авч хэвтрийн дэглэм барьсан. Эмнэлэгт хэвтсэн төлбөр 204.000 төгрөг, эм тариа 230.000 төгрөг, наалт 50.000 төгрөг, 3 сар ажилгүй байсан хугацааны цалин 1.389.150 төгрөг, нийт 1.873.150 төгрөг Г.Г-с нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол хэргийн газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх 4-9 хуудас/
Тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-14 хуудас/
Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 10 сарын 10-ны өглөө 07 цагийн үед өөрийнхөө гэр болох 5-27 тоотоос эхнэрийн хамт өөрийн эзэмшлийн улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслээр 19-03 тоотод оршин суух хүүгийнхээ гэрт очиж ач хүүгээ сургуульд нь хүргэж өгөх ажилтай гарсан юм. Дэнжээс уруудаад аюулгүйн тойргоор эргээд баг руу чиглээд явсан. Танил захын урд явж байтал миний урд талаас урсгал сөрөөд нэг машин орж ирсэн, энэ үед манай эхнэр “энэ ямар аймар машин бэ?” гэж хэлээд дуусахын хооронд нөгөө машин чинь миний машины урд руу орж ирээд мөргөсөн. Нэг сэрсэн чинь рулийн дэр гараад ирсэн, хажуугаас нь утаа гараад байхаар нь эхнэр рүүгээ харсан чинь амнаас нь цус гоожсон байхаар нь буугаарай миний хөгшин гэсэн чинь миний хаалга онгойхгүй байна гэхээр нь би өөрөө түрүүлж буугаад дараа нь эхнэрээ буулгасан. Тухайн үед манай эхнэр бүсээ тайлж чадахгүй их удсан. Миний машинтай мөргөлдсөн залуу машин дотроо л сууж байсан. Цагдаа ирээд үзлэг хийгээд эхнэр бид хоёр эмнэлэг рүү явсан гэсэн мэдүүлэг /хх 33-34 хуудас /
Хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 10 сарын 10-ны өглөө гэрээсээ нөхрийн хамт гараад Цагаанчулуут багт оршин суудаг хүүнхээ охиныг очиж авахаар нөхрийнхөө улсын дугаартай приус-11 тээврийн хэрэгсэлтэй Танил захын урд явж байтал нөхөр бид хоёрын урдаас саарал өнгийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд маш хүчтэй мөргөсөн юм. Нөхөр бид хоёрын машин замын хойд талд ертөнцийн зүгээр урагш хараад шидэгдээд зогссон. Энэ үед миний ухаан балартсан, нэг мэдсэн чинь машин дотроо доош тонгойгоод сууж байсан. Амнаас их хэмжээгээр цус гарч, цээжээр хатгуулж өвдөөд байсан гэсэн мэдүүлэг /хх 36-37 хуудас/,
Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би түүний холбогдсон хэргийн талаар мэднэ, 2019 оны 10 сарын 10-ны өглөө ажлаасаа хоцроод явж байтал Г.Г нь миний худалдаж авсан тээврийн хэрэгсэлтэй Танил захын урд машинтай мөргөлдсөн байсныг хараад яваад очиход Приус-10 загварын машин нь замын хойд хэсэг рүү гарчихсан байсан. Приус-10 тээврийн хэрэгсэлд эрэгтэй, эмэгтэй 2 настай хүн сууж байсан. Тэр 2 хүн дээр яваад очиход урдаас хэрэлдээд хэл ам хийгээд байхаар нь буцаад дүү дээрээ очиход Ган-Эрдэнэ машинаа онгойлгоод бууж ирсэн. Г-д хандаж чи ах, дүү нар руугаа утсаар ярь гэж хэлээд ажлаас чөлөө өгөхгүй байсан учраас ажилдаа явсан гэсэн мэдүүлэг /хх 45-46 хуудас/,
шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 677 дугаартай шинжээчийн: Д.А-н биед өвчүү ясны хугарал, цээж ба хэвлий хэсэгт цус хуралт үүсчээ. Өвчүү ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цээж хэвлий хэсэгт цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 64 хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 676 дугаартай: Д.Ц-гийн биед баруун гуя, цавинд цус хуралт үүсчээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 55 хуудас/
Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 10 сарын 31-ний өдрийн 84 дугаартай шинжээчийн: Зам тээврийн осол нь 7615 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Г нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гарсан байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 74 хуудас/
Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 10 сарын 28-ны өдрийн №13, 14 дугаартай тээврийн хэрэгслүүдэд техникийн хяналтын үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 82-87, 94-99 хуудас/,
Жолооч Г.Г согтолтын зэргийг шалгахад 0.88% байсан тухай баримт /хх 22 хуудас/
Г.Г яллагдагчаар өгсөн: 2019 оны 10 сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө төрсөн ах Г.С худалдаж авсан 7615 улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явсан. Шөнө 04 цагийн үед Б гэдэг залуугийн хамт 2.5 литрийн пиво хувааж уусан. Ууж дуусаад хэсэг юм ярьж миний машинд суусан. Б гэр рүүгээ ороод би машиныхаа хаалгыг цоожлоод унтсан. Гадаа хүйтэн байхаар нь гайгүй байх гэж бодоод гэр рүүгээ хөдөлсөн. Замын уулзвар дээр явж байтал нэг эмэгтэй гар өргөөд зогсож байхаар нь хаашаа явах вэ? би хорооллын эцэс орно гэсэн чинь чи намайг хотын төв оруулаад өгөөч 5000 төгрөг өгье гэхээр нь за за суучих гэж хэлээд город уруудсан. Танил захын урд талын зам дээр явж байтал ногоон өнгийн Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл гэнэт орж ирээд миний машины урдаас мөргөсөн юм. Нэг мэдсэн чинь миний машин эсрэг урсгалд ороод зогссон байсан. Буусан чинь машины дугуй салаад унасан, замын хойд талд нөгөө Приус машин урагшаа харсан чиглэлтэй зогсож байсан. 7615 улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай төрсөн ах С, Т гэдэг хүнээс худалдаж аваад мөнгийг нь өгчихсөн юм байна лээ. Уг машины бичиг баримт Хос капитал банк санхүүгийн байгууллагын барьцаанд байдаг. Согтуурал шалгахад тухайн үед 0.88% гарсан. Нөгөө приусын жолооч эрүүл байх шиг байсан гэсэн мэдүүлэг /хх 123-124 хуудас/
Г.Г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 121-122, 123-124 хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 130 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Г.Г нь согтуурсан үедээ, 2019 оны 10 сарын 10-ны өдөр нутаг дэвсгэр Танил техникийн захын урд байрлах хатуу хучилттай зам дээр Хьюндай Сонота-6 загварын 7615 улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1056 улсын дугаартай Тоёота приус загварын автотээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж иргэн Д.А эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм бурутайд тооцох, шүүгдэгч Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоолох эрхийг нь хасч, 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Тухайн зүйл анги нь 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ялын санкцитай. Энэ хэрэг нь ангилалын хувьд хөнгөн хэрэгт хамаардаг. Шүүгдэгч Г хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн байгаа. Тиймээс ниймгээс тусгаарлахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн хувьд нотлох баримт дээр алдаа байна гэдгийг харсан. Ялын асуудал дээр хэлэх зүйл байхгүй. Машины гэмтлийг төлж дууссан. Эрүүл мэндийн хувьд учирсан хохирлоо нэхэмжлэхдээ нотлох баримт бүрдүүлэхэд алдаа гаргасан байсан. Үндсэн баримтаа олохгүй байна гэсэн зүйл ярьдаг. Эрүүл мэндийн хохирлын хувьд иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа учраас ял хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Г.Г нь согтуурсан үедээ, 2019 оны 10 сарын 10-ны өдөр Танил техникийн захын урд байрлах хатуу хучилттай зам дээр Хьюндай Сонота-6 загварын 7615 улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1056 улсын дугаартай Тоёота приус загварын автотээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж иргэн Д.А эрүүл мэндэд нь өвчүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, гэрч Г.С-ийн “Г.Г миний худалдаж авсан Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй Танил захын урд машинтай мөргөлдсөн байсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.А биед өвчүү ясны хугарал, цээж ба хэвлий хэсэгт цус хуралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
прокуророос шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд хохирогч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт машины эвдрэл 1.500.000 төгрөгийн үлдэгдэл 74.000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн 204.000 төгрөг, эмчилгээний зардал 479.888 төгрөг, хот явсан шатахууны үнэ 260.000 төгрөг, машины гадар үнэлгээ хийлгэсэн 88.000 төгрөг, дотор үнэлгээ 15.000 төгрөг , эмчилгээний мөн 74.000 төгрөг нийт 988.8000 төгрөг, хохирогч Д.Ц эмнэлэгт хэвтсэн 204.000 төгрөг, эм тарианы 230.000 төгрөг, өвчин намдаагч наалт 50.000 төгрөг, ажлаасаа цалингүй 3 сарын чөлөө авч хэвтрийн дэглэм сахисан хугацааны цалин 1.389.150 төгрөг, бүгд 1.873.150 төгрөг нийт 2.861.950 төгрөг нэхэмжилж байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Г.Г-ээс машины эвдрэл үлдэгдэл 74.000 төгрөг, зурагны 120.000 төгрөг, машины гадар үнэлгээний 88.000 төгрөг бүгд 282.000 төгрөг гаргуулж хохирогч Д.А, өвчин намдаах наалтны 50.000 төгрөг, зурагны 120.000 төгрөг, 10.000 төгрөг, машины гадар үнэлгээний 15.000 төгрөг бүгд 195.000 төгрөг гаргуулан Д.Ц олгох үндэслэлтэй байх бөгөөд дээрхи төлбөрийг шүүгдэгч нь хохирогч нарт бүрэн төлж барагдуулсан тул хохирол төлбөргүй байна. Харин хохирогч нар нотлох баримтаа бүрдүүлэн эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч Г.Г нь учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Г.Г 1130455 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг ШШГГ-т шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.