Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 0100

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,

 

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Т.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.О-т холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, Т.О

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч нь 2020 оны 02 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө иргэн Г.Б-ийн зүүн гуяны дээд хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 02 сарын 27-ны 18 цагийн үед хамт ажилладаг Б-ийн гэрт эхнэр, хүүхдийн хамт очоод том савлагаатай пиво 7-8 ширхэгийг уугаад нилээн согтсон. Шөнө 3-4 цагийн үед манай эхнэр  ОО-н өрөө рүү ороод бие засаж байхад найз Б араас нь ороод хаалгаа дотроосоо түгжсэн байхаар нь хардаад маргаан үүссэн. Хүүхдээ аваад гарах гэтэл Б гаргахгүй зууралдаад байхаар нь гал тогооны өрөөний хоолны ширээн дээр байсан жижиг цагаан иштэй чернелин ягаан цэцэгтэй хутга байхаар нь аваад Б-ийн зүүн хөлийн гуянд нэг удаа хатгасан. Эмчилгээнд 1.255.300 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

-Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2020 оны 02 сарын 27-ны орой хамт ажилладаг найз Огэр бүлийн хамт манайд ирсэн. Хоол унд хийж идээд бид нар 5, 6 том савтай пиво уусан. Шөнө 04 цагийн үед О-ын эхнэртэй тамхи татаад байж байтал О намайг эхнэртэйгээ хардаад эхнэрээ зодоод байхаар нь салгатал над руу уурлаад гал тогооны шүүгээнд байдаг цэцэгтэй жижиг хутга барьчихаар нь ноцолдоод хутгыг нь салгаад манай эхнэр О-г гаргаад явуулсан. Миний зүүн гуя хорсоод байхаар нь харсан чинь хутгалчихсан байсан. Эмнэлэг дээр оёо тавиулсан. Хохирлын 255.300 төгрөгийн баримт байгаа. Энэ мөнгийг О надад төлсөн. Миний хөл шархтай ажил хийх боломжгүй байсан тул хэрэгцээндээ хэрэглээрэй гээд 1.000.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг /хх 12-13 хуудас/

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:.. манай нөхөртэй О муудалцаад байхаар нь би О гэрээс гаргаад явуулах гэтэл намайг цохих гээд байхаар нь явуулаад гэртээ ортол манай нөхөр намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлэхээр нь эмнэлэгт ирсэн гэсэн мэдүүлэг /хх 14-15 хуудас/

        Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ...Нэг мэдсэн О гартаа хутга барьчихсан байхаар нь би очоод салгасан...” гэх мэдүүлэг /хх 20 хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 235 дугаартай “...Г.Б биед зүүн гуяны дээд хэсэгт 1 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2020 оны 02 сарын 27-ны өдөр үүссэн байж болно.” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 хуудас/

-Шүүгдэгч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...эхнэр ОО-н өрөө рүү ороод бие засаж байхад найз Б араас нь ороод хаалгаа дотроосоо түгжсэн байхаар нь хардаад маргаан үүссэн. Хүүхдээ аваад гарах гэтэл Б гаргахгүй зууралдаад байхаар нь гал тогооны өрөөний хоолны ширээн дээр байсан жижиг цагаан иштэй чернелин ягаан цэцэгтэй хутгыг  аваад Бямбасүрэнгийн зүүн хөлийн гуянд нэг удаа хатгасан  гэсэн мэдүүлэг /хх 35-36 хуудас/,

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 2-6 хуудас/

            -Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 9 хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 40 хуудас/

-Т.О-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 33, 35-36 хуудас/ зэрэг болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.О нь 2020 оны 02 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө иргэн Г.Б зүүн гуяны дээд хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 650 нэгжээр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Т.О нь 2020 оны 02 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө иргэн Г.Б зүүн гуяны дээд хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Б зүүн хөлийн гуянд нэг удаа хатгасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Б-н “..над руу уурлаад гал тогооны шүүгээнд байдаг цэцэгтэй жижиг хутга барьчихаар нь ноцолдоод хутгыг нь салгаад манай эхнэр О-г гаргаад явуулсан. Миний зүүн гуя хорсоод байхаар нь харсан чинь хутгалчихсан байсан...гэсэн мэдүүлэг /хх 12 хуудас/,  гэрч М.Б, Б.Б нарын мэдүүлэг, хохирогчийн биед зүүн гуяны дээд хэсэгт 1 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл үүссэнийг тогтоосон 235 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Т.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Шүүгдэгч Т.О нь хохиролд 1.255.300 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд хохирогч Г.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.    

            Шүүгдэгч Т.О нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан ягаан өнгийн иштэй 24 см урт, ажлын хэсэг нь 13 см урт чернелэн ягаан өнгийн цэцэгний хээтэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.