Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 0276

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч О....н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харагчин овогт ...ийн ...нд холбогдох 1908062160187 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужааны мэргэжилтэй, хувиараа улирлын чанартай барилгын ажил эрхэлдэг, ам бүл 6, эх, ах, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 9-р хороо Шархадны ...тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Харагчин овогт ...ийн ...н /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О....н нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 19 дүгээр байрны урдах автобусны буудал дээр 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цагийн орчимд иргэн Б....ийн өмчлөлийн Хуавэй Р-20 маркийн гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 350,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...автобусны буудал дээр буухад өөрийн эзэмшлийн Хуавэй Р-20 маркийн гар утасыг халааснаас миний хажуу талд байсан 23-24 орчим насны, 175-180 см өндөр цайвар шаргал төрхтэй залуу авсан. Тухайн өдөр 17 цагийн үед гэрээсээ гар утас засуулах гээд  Саппоро  ортол  миний  гар  утсыг  хулгайлсан  залуу  зогсож  байхаар нь  би хоёр хүүхдээ дуудаад цагдаад бариад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 8-12 х/,

2.Шүүгдэгч О....нгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Ганцаараа гэмт хэрэг үйлдсэн. Тэр эгч автобуснаас буух гээд хаалганы хажууд зогсож байсан би бас тэр эгчийн хажууд зогсож байгаад халааснаас нь гар утсыг нь авсан. ... хохирлын 350,000 төгрөгийг ахаасаа мөнгө авч төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /хх 52-53 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

3.Хохирогчоор таньж олуулах ажиллагааны “...миний гар утасыг авсан хүнийг би хараад шууд танина яагаад гэвэд би өөрөө цагдаад авчирч өгсөн, хоёр нүд нь давхраагүй, улаан шаргал царайтай хүн байсан.Зурган дээр байгаа хүмүүсээс 3 дахь нь мөн байна гээд О....нгийн зургийг заав ...” гэх тэмдэглэл /хх 25-26 х/,

4.Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Хуавэй P20  загварын гар утасны үнэлгээ 350,000 төгрөг” /хх 19-21 х/,

5.Иргэний үнэмлэхийн хуулбар /хх 35 х/

6.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 36 х/

7.Хохирогч Б....ийн “миний хохирол болох 350,000 төгрөгийг авлаа, гомдол, саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй ...” гэх баримт /хх 69 х/ зэрэг болно.

Шүүгдэгч О....н нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 19 дүгээр байрны урдах автобусны буудлын орчимд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цагийн орчимд иргэн нийтийн тээврийн автобусанд зорчиж явсан Б....ийн гадуур хувцасны халааснаас Хуавэй Р-20 маркийн гар утасыг авч бусдад 350,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б....ийн “...автобусны буудал дээр буухад Хуавэй Р-20 маркийн гар утасыг миний халааснаас хажуу талд байсан 23-24 орчим насны, 175-180 см өндөр цайвар шаргал төрхтэй залуу авсан. Тухайн өдөр 17 цагийн үед гэрээсээ гар утас засуулах гээд  Саппоро  ортол  миний  гар  утсыг  хулгайлсан  залуу  зогсож  байхаар  нь  би хоёр хүүхдээ дуудаад цагдаад бариад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 8-12 х/,

Шүүгдэгч О....нгийн “...Ганцаараа гэмт хэрэг үйлдсэн. Тэр эгч автобуснаас буух гээд хаалганы хажууд зогсож байсан тэр үед би бас тэр эгчийн хажууд зогсож байгаад халааснаас нь гар утсыг авсан. ...” гэх мэдүүлэг /хх 52-53 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогчоор таньж олуулах ажиллагааны “...миний гар утасыг авсан хүнийг би хараад шууд танина яагаад гэвэд би өөрөө цагдаад авчирч өгсөн, хоёр нүд нь давхраагүй, улаан шаргал царайтай хүн байсан.Зурган дээр байгаа хүмүүсээс 3 дахь нь мөн байна гээд О....нгийн зургийг заав ...” гэх тэмдэглэл /хх 25-26 х/,

Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Хуавэй P20  загварын гар утасны үнэлгээ 350,000 төгрөг” /хх 19-21 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.

Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой бөгөөд Б....ийн эзэмшлийн Хуавэй Р-20 маркийн гар утсыг авсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

О....н нь иргэн Б....ийн эзэмшлийн Хуавэй Р-20 маркийн гар утсыг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хууль тогтоогчийн тайлбараар “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. ...” гэж заасан.

бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төггрөг түүнээс бага хэмжээг.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3.

Шүүгдэгчийн хулгайлсан эд зүйлийн үнэлгээ /хх 19-21 х/ 350,000 төгрөгөөр тогтоогдсон нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрч байгаа.

Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар шүүгдэгч О....н бусдын эзэмшлийн Хуавэй Р-20 маркийн гар утсыг хулгайлан авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, О....нгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.

Хохирогч Б....т учирсан шууд хохирлын 350,000 төгрөг төлөгдсөн болох  болох  нь  түүний  “350,000  төгрөгийг Дэлгэрэнмөрөн бүрэн төлж барагдуулсан” гэх баримт /хх 69 х/-аар тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

Улсын яллагчаас: О....нд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан.

Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын ялын санал дээр хэлэх тайлбаргүй гэсэн.

Шүүгдэгч О....н гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн хор уршиг их биш, хохирол нөхөн төлөгдсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзээд 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол О....нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Харагчин овогт Оюунчимэгийн ...нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О....нг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг О....нд мэдэгдсүгэй.

4.О....ний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 350,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О....нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ДАШДОНДОВ