| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0287/э |
| Дугаар | 280 |
| Огноо | 2020-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 280
2020 3 30 2020/ШЦТ/280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Аззаяа,
Улсын яллагч: Г.Ганбагана,
Шүүгдэгч У.Б (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чангас овогт Чулуунхүүгийн Бадамгаравт холбогдох эрүүгийн 2009007970391 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, барилгын туслах ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 73 дугаар байрны 11 тоотод оршин суудаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Боржигон овогт Уранчимэгийн Б, /РД:ЗЮ93010134/,
1/ Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 269 дугаартай яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч У.Б нь согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 06-ны шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Отгончимэгтэй маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2009007970391 дугаартай хэргээс:
Шүүгдэгч У.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Би энэ өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн найз бүсгүй Болдмаагийн найз болох Отгончимэг гэх бүсгүйтэй маргалдаж тухайн эмэгтэй намайг элдвээр хэлээд байхаар нь нэг удаа алгадахад нүүр самардах гээд байхаар нь дахиад нэг удаа гараараа цохиод газар унахаар нь өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/
Хохирогч Д.Отгончимэгийн “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Болдмаагийн найз залуу эргэж хараад ямар ч шалтгаан маргаангүй шууд над дээр ирээд нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа алгадаж үснээс зулгааж газарт унагаагаад, нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж зодоод байсан, зодуулж байхад манай найз Болдмаа найз залуугаа салгах гэж оролдсон боловч дийлэхгүй байсан. Миний хамар амнаас цус гарсан чинь нөгөө залуу намайг зодохоо болиод нөгөө гэрээс хоёр залуу гарч ирээд нэг залуу нь чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм гээд муудалцаж би нэг залууг нь гуйж төв зам дээр гаргуулсан бөгөөд би дүүтэйгээ уулзаж цагдаа дуудаж тэр айлд очсон...надад гомдол санал байхгүй. Мөн надад нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21, 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Х.Болдмаагийн “...Б үсдээд түлхээд газар унагаасан ер нь бол харилцан зодолдоод байсан би дунд нь орж салгасан... Д.Отгончимэг Бийн нүүрийг маажсан байсан. Отгончимэгийн хамар хугарсан гэж ярьж байсан. Отгончимэгийн зүүн нүд улайсан байсан хамарнаас нь цус гарч байсан, би цусыг нь арчиж цэвэрлэж өгөх гэхэд үгүй би энэ чигээрээ явна цагдаад өгөөд шоронд нь хатаана гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №2401 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:
1. Д.Отгончимэгийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын цус хуралт, баруун гарын 3-р хурууны шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 45-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч У.Б нь согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 06-ны шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Отгончимэгтэй маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Отгончимэгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2401 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч У.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул У.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч У.Бийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн, хохирогч Д.Отгончимэгийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 78 дугаар хуудас/ гэсэн хүсэлт хавтаст хэрэгт байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Иймд У.Бид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч У.Б нь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацааны дотор буюу шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, хохирогч гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт / хх-ийн 78 хуудас / гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Уранчимэгийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч У.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН