| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0302/э |
| Дугаар | 296 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 296
2020 4 01 2020/ШЦТ/296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Г.Ганбагана,
Нарийн бичгийн дарга: Б.Аззаяа,
Шүүгдэгч: И.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тариачин овогт Идэшийн Бд холбогдох эрүүгийн 1909032801477 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо 2 дугаар гудамж 178 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, Тариачин овогт Идэшийн Б /РД:ХН81011679/,
Холбогдсон хэргийн талаар /2020 оны 01 сарын 04-ний өдрийн 31 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч И.Б нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Чандмань барилгын материалын дэлгүүрийн 4 дугаартай лангуунаас Г.Хишигбаатарын эзэмшлийн “Хуйвай У-9” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 468 905 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Хишигбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Чандмань дэлгүүрийн 4-р лангуун дээр байж байхад тухайн дэлгүүрийн дарга болох Тунгалаг гэх хүн миний утсаар ганц яриад өгье гэхээр нь би утсаа өгөөд яриулсан тэгээд буцаад утсаа авчхаад лангуун дээр тавиад гэрлүү ороод гараад ирсэн чинь миний утас алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийг 13-14 дүгээр хуудас/
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-аас гаргасан “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-22 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч И.Б нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Чандмань барилгын материалын дэлгүүрийн 4 дугаартай лангуунаас Г.Хишигбаатарын эзэмшлийн “Хуйвай У-9” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 468 905 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан болох нь шүүгдэгч И.Бгийн мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Хишигбаатарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авсанаа мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдсаныг мэдүүлж, хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч И.Бгийн үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч И.Бгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул И.Бгийн Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-26 хуудас/, хохирогч Г.Хишигбаатарт 468.905 төгрөгийн хохирол төлж барагдуулсан /хх-ийн 25 дугаар хуудас/ болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч И.Бд 350 /гурван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан боловч шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнийг тодорхой хугацаагаар эрхийг нь хязгаарлаж нийгмээс тусгаарлахгүйгээр харин нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг хийлгэх нь зүйтэй гэж үзэн И.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Тариачин овогт Идэшийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад 468.905 /дөрвөн зуун жаран найман мянга есөн зуун тав/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бд 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан И.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч И.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч И.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН