Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 942

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Иргэн Ж.У ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс, Хурдан морины салбар хороонд тус тус холбогдох

Гуравдагч этгээд: Л.Э 

Нэхэмжлэлийн шаардлага: “... 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины Салбар хорооны хязаалан насны хурдан морины уралдаанд түрүүлсэн Ж.У  миний морийг хассан шийдвэрийг хүчингүй болгуулж, бай шагналыг олгохыг хариуцагч нарт даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.У , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж , Т.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэзолбоо нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.У  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ж.У  миний бие нь багаасаа аавыгаа даган морьтой ойр өссөн. Манайхан ер нь гурван үеэрээ хурдан морьгой холбогдсон хүмүүс байгаа. Бор халзан үрээ маань манай өөрийн унаган адуу. Угшлын хувьд Хэнтий аймгийн Баянхутаг гаралтай. Энэ үрээ маань 2016 оны Үндэсний баяр наадмын шүдлэн насны хурдан морины уралдаанд түрүүлсэн амжилттай.

2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Бор халзан хязаалан маань Үндэсний их баяр наадмаар хоёр дахь удаагаа түрүүлсэн. Хурдан морьд уралдахын өмнө үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг морьдын эрлийз мөн эсэхийг шалгаад, монгол морьдыг уралдааны замд гаргадаг. Энэ бор халзан хязаалан морийг тухайн үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг уралдахын өмнө шалгаад монгол морь болохыг тогтоон уралдуулсан. Энэ шалгалтаар нийт уралдахаар бүртгүүлсэн 190 гаруй адуунаас 150-иад адууг эрлийз гэж тогтоон уралдаанаас өмнө хасагдсан. Энэ дотор манай адуу байхгүй.

Гэвч уралдаж түрүүлж ирсэний дараа, Салбар хорооноос хязаалан насны хурдан морины уралдаанд түрүүлсэн манай морины бай шагналыг олгоогүй.

Салбар хорооныхныг бүрэн бүрэлдэхүүнээрээ байхад нь учрыг лавлан асуутал Чой-Иш /үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийн дарга /“..танай морь монгол адуу мөн. Гэвч уралдаж ирсэний дараа хэмжилт хийхэд стандартаас 2 см өндөр байна” гэж хэлсэн. Гэвч уралдаж ирсэний дараа огт хэмжилт хийгдээгүй, бүх л хугацаанд айрагдсан морины хашаанд эцэг Д.Ж  бид хоёр морьтойгоо хамт, мориныхоо дэргэд байсан. Харин дүрэм журмынхаа дагуу нас тоггоох зорилгоор зөвхөн шүдэлсэн.

Хурдан морийг уралдаж ирсэний дараагаар дахин шүдэлдэг. Шүд зөрсөн тохиолдолд л хасах журамтай. Өөр бусад ямар нэг зорилго, үндэслэлээр хурдан морийг хасах тухай Үндсэний баяр наадмын тухай хууль тогтоомж, дүрэм журам огт байхгүй.

Миний бие нь салбар хорооны шийдвэрийг гардаж авах, дахин хэмжсэн гэх тэмдэглэлтэй танилцах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсээгүй. Иймд тухайн өдөр нь Салбар хорооны дарга Б*******т морины бай шагналыг олгохгүй байгаа, хассан шийдвэрийг эс зөвшөөрч буйгаа илэрхийлж гомдлоо бичгээр гаргаж өгсөн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Дараагийн өдөр нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүхэд хандан гомдлоо бичгээр өгсөн. Биечлэн уулзахаар туслах Л*******тэй хэд хэдэн удаа холбогдсон боловч хүлээн авч уулзсангүй. Мөн л өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Иймд тус шүүхэд хандаж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ. 

Хариуцагч Улсын их баяр наадмын хурдан морины салбар хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд болон хуралдааны үед гаргасан тайлбартаа “... Хурдан морины салбар хороо нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан бүрэлдэхүүнтэйгээр уралдааныг зохион байгуулсан.

Энэ ажлын хүрээнд Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор батлагдсан "Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм”, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан “Үндэсний их баяр наадамд монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг тус тус мөрдлөг болгон ажилласан.

Хурдан морины нас, насны уралдааныг зохион байгуулах даамал, дэд даамал, морь шүдлэх болон үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийн гишүүдийг хурлаар хэлэлцэн баталж, тогтоол гарган үүрэг даалгавар өгсөн.

Хурдан морины уралдааны үед үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүн, ХХААХҮЯ-ны сайдын 2017 оны 01/1911 дугаартай албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн мэргэжлийн байгууллагуудын албан тушаалтнуудыг томилж, ажиллуулсан болно.

Хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан бүх насны морьдыг “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм"-ийн 8.5 дахь заалтыг үндэслэн уралдааны дараа дахин шүдлэж, үүлдэрлэг байдпыг тогтоосон.

Энэ ажлын явцад иргэн Ж.У ын бор хязаалангийн сэрвээний өндрийг хэмжихэд 139 см байсан нь монгол хязаалангаас 2 см-ээр илүү тул үүлдэрлэг байдлаараа эрлийз болох нь тогтоогдож, монгол хязаалангийн уралдаанд байр эзлэх боломжгүй тухай ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн уралдаанаас хассан” гэжээ.

Хариуцагч Улсын их баяр наадмыг зохион байгуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нь шүүхэд болон хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь Салбар хороо өөрийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж зохион байгуулах ажиллагааны явцын асуудалтай маргаж байна. Хуулинд салбар хороо нь хурдан морины уралдааныг зохион байгуулна гэж тодорхой заасан. Түрүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүдээр тогтоох боломжгүй гэж хэлсэн. Энэ нь Хурдан морины салбар хорооны хэдий үед хэрхэн ажлаа зохион байгуулах түүний эрхэд халдаж маргаж байна. Журамд зааснаар үүлдэрлэг байдлыг ганцхан шүдээр бус сэрвээний өндрөөр хэмжиж тогтоодог. Нэгэнт үүлдэрлэг байдлаар ялгаж уралдуулах тохиолдолд зөвхөн шүдээр хэмжилт хийх боломжгүй тул салбар хороо уралдааныг хэрхэн зохион байгуулах нь тэдний эрхийн асуудал.   

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд Л.Э  нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “....Дундговь аймгийн Дэрэн сумын уяач Л.Э  миний уясан хээр үрээ Үндэсний их баяр наадамд 2017 оны 7 дугаар сарын 10-нд түрүүлсэн. Учир нь наадмыг зохион байгуулах хурдан морины комиссоос эхний 4-т давхисан 4 адууг нь хасаж, 5-д давхисан миний хээр үрээ түрүүлсэн. Энэ шийдвэр бол хөдөөний уяач бидний монгол адуугаараа уралдах чин хүсэл билээ. Би бодохдоо морины комиссийн шийдвэр мэргэжлийн мал зүйч хүн үүлдэрлэг байдлыг нь зөв тогтоосон зөв шийдвэр гэж бодож байна. Би энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ж.У аас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс, Хурдан морины салбар хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр “...2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины Салбар хорооны хязаалан насны хурдан морины уралдаанд түрүүлсэн Ж.У  миний морийг хассан шийдвэрийг хүчингүй болгох”, “Бай шагнал олгохыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст даалгах” гэж тодруулсныг шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

НЭГ: “...2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины Салбар хорооны хязаалан насны хурдан морины уралдаанд түрүүлсэн Ж.У  миний морийг хассан шийдвэрийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ж.У  нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны дарга, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Б*******, Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комиссын дарга У.Хүрэлсүхэд тус тус гомдол гаргаж байсан байна.

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны “Салбар хороодын бүрэлдэхүүнийг батлах тухай” Дугаар 01 тогтоолын 1 дэх заалтаар Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярыг зохион байгуулах Баяр наадмын салбар хороодын бүрэлдэхүүнийг хавсралтаар баталжээ.

2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны “Журам батлах тухай” 05 дугаар тогтоолын 1 дэх заалтаар баталсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын морин спорт, уяачдын холбооноос гаргасан саналыг Зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцэж Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол морьдоос эрлийз морьдыг ялгахдаа морины ерөнхий галбир, бие цогцос /биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл/ сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгоно”, 3.2 дахь хэсэгт “Монгол морьдоос эрлийз морьдыг ялгахдаа сэрвээний өндөр нь дараах хэмжээг давсан морьдыг эрлийз гэж үзнэ. Үүнд: Хязаалан 137 см”, мөн 3.4 дэх хэсэгт “Эрлийз байж болзошгүй удам угшил нь тодорхой бус морьтой уяачид тухайн морийг уралдуулахаас хоёр хоногийн өмнө үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэгт хандаж шийдвэр гаргуулах, морьдыг нас насанд нь уралдуулах үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл, хурдан морины уяачид уралдаан эхлэхээс өмнө зохих хэмжилтүүдийг заавал хийлгэсэн байх үүрэг хүлээх бөгөөд энэ талаар хэмжилт хийлгэсэн нь нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбар болон гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн морьдыг уралдахаас өмнө Үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсэг морьдын эрлийз мөн эсэхийг шалгаад зарим морьдыг хассан байх бөгөөд үүнд нэхэмжлэгч Ж.У ын бор халзан хязаалан хасагдаагүй, уралдаж ирсний дараа нэхэмжлэгчийн бор халзан хязааланг хэмжиж стандартад заагдсан хэмжээнээс 2 см-ээр зөрсөн гэж хассан нь дээрх журамд нийцэхгүй байна. 

Учир нь уралдаж ирсний дараа морьдыг шүдлэж, шүд зөрсөн тохиолдолд хасах зохицуулалттай байна. 

2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойд уралдах морьдын үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийн хурлын тэмдэглэл”-д тусгагдсанаар сэрвээний өндрөөр хоёр, үүлдэрлэг байдлаар хоёр нийт дөрвөн хязаалан хасагдсан байна. Үүнээс нэхэмжлэгч Ж.У ын 313 номертой уралдсан бор халзан хязаалангийн сэрвээний өндөр 139 байсан нь тогтоогджээ.

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан Монголын Улсын стандарт MNS 6464:2014 “Хурдан моринд тавих ерөнхий шаардлага”-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт хязааланд тавигдах сэрвээний өндрийн дээд хэмжээ нь 138 см гэж заасан байна.

Хариуцагч талаас нэхэмжлэгч Ж.У ын бор халзан морины сэрвээний өндөр нь хязаалан морины сэрвээний дээд хэмжээ болох 138 см-аас хэтэрч, 139 см байсан нь тус стандартыг зөрчсөн гэж тайлбарлажээ. Гэвч Үндэсний их баяр наадмаар мөрдлөг болгож ажилласан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны “Журам батлах тухай” 05 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-д хурдан морийг уралдаж ирсний дараа дахин хэмжилт хийх, хасах талаар зохицуулаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ж.У ын бор халзан хязаалан нь 2016 оны Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд түрүүлсэн амжилт гаргаж, бай шагнал хүртэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “...захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу хариуцагч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хорооны 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн нэхэмжлэгч Ж.У ын морийг хассан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

ХОЁР: “...Бай шагнал олгохыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэн эрхийг заасан бөгөөд хуулийн 12.4.4-т “бөх, уяач, харваачид бай, шагнал олгох” гэж заасан байна.

Хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Зохион байгуулах хороо нь салбар хорооны гаргасан шийдвэрийн дагуу бай шагнал олгодог” гэж  тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь салбар хорооны гаргасан шийдвэрийг баталгаажуулж, бай шагналыг олгодог чиг үүрэгтэй байна.

Иймд хурдан морины салбар хорооны шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч Ж.У ад бай шагнал олгох эрх зүйн үр дагавар үүсэх тул бай шагналыг олгохыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн хариуцагч Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн баримтууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт” гэж заасан нотлох баримтын хуульд заасан арга хэрэгслээр олж авсан гэх шаардлагыг хангаагүй байна. Гэвч нэхэмжлэгч талын зүгээс тус асуудлаар маргахгүй байгаа гэдгээ шүүх хуралдааны үеэр илэрхийлсэн тул шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлж, дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.У аас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс, Хурдан морины салбар хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины Салбар хорооны хязаалан насны хурдан морины уралдаанд түрүүлсэн Ж.У  бор халзан хязаалан морийг хассан шийдвэрийг хүчингүй болгож, бай шагналыг олгохыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 / далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                           Ц.ОДМАА