Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 77

 

Х, ХХ нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00945 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Х, ХХ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХ, ХХХХ нарт холбогдох

 

 

Ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг арилгахад гарсан зардалд 73 006 945 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, ХХХХХ,

Хариуцагч ХХХын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Хариуцагч ХХХХы итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х, ХХ нарын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Х, ХХ нар нь Хын өмчлөлийн ХХХХХХ дүүрэг ХХ-р хороо, ХХХХХХХХХХХХ тоотод байрлах газарт 2 давхар барилгын гадна доторх заслын ажил болон цахилгаан сангийн ажлыг нийт 108 000 000 төгрөгөөр бариулахаар хариуцагч ХХХ, ХХХХ нартай 2014 оны 04 сарын 17-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх 01 тоот гэрээг байгуулсан. Үнийн саналыг 108 000 000 төгрөгөөр барилга барих бүрэн боломжтой, мөн хариуцагч нар өөрсдөө гэрээний саналыг боловруулж ирсэн тул нэхэмжлэгч нар нь өөрийн газар дээрээ Иргэний хуулийн 40.1, 189.1, 343.1, 344.1-д зааснаар гэрээ байгуулсан байдаг. Мөн Иргэний хуулийн 348.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохирч хийж болно гэж хугацаа заасан байдаг. Талуудын гэрээний хугацаанд 2014 оны 06 сарын 17-ны өдөр тухайн барилгыг барьж дуусгах үүрэг хүлээсэн. Учир нь нэхэмжлэгч нар нь Японы жайка төслөөр Капитал банкнаас хүүтэй зээл авсан. Хариуцагч тал нь гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 350.1.1-д заасныг зөрчсөн бөгөөд хариуцагч талын хийсэн барилгын төслийн ажил нь барилгын норм дүрмийг баримтлаагүй, чанаргүй байсан тул Иргэний хуулийн 350.1.6, 350.1.8 болон гэрээний 3 дугаар зүйлийн 2.1-д заасан үүргээ ноцтой зөрчсөн бөгөөд барилгын ажлыг хаяж явсан. Нэхэмжлэгч нар эрх бүхий байгууллагад хандаж 2014 оны 8 сард Монгол улсын зөвлөх инженер ХХХХХХ, ХХХХХХХ, барилгын мэргэшсэн төсөвчин ХХХХХХХХ нарын бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт гаргуулсан байдаг. Энэ дүгнэлтээр чанарын шаардлага хангахгүй цаашлаад нураах асуудал гарч ирсэн. 2014 оны 11 сарын 13-ны өдрийн шинжээч томилуулах захирамжаар томилогдсон Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтээр хариуцагч нар нь барилгын чанарын шаардлага хангахгүй материал ашигласан, цаашид барилгыг үргэлжлүүлэн барих боломжгүй болохыг тогтоосон. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч тал хариуцагч нарыг удаан хугацаанд хүлээсэн, нэхэмжлэгч нар хариуцагчид нийт 90 000 000 төгрөгийг төлсөн боловч хариуцагч тухайн барилгын норм дүрмийг барьж гүйцэтгээгүй, барилгыг чанаргүй дутуу хийж хаяж явснаас болж 1 жил 4 сарын хугацаа өнгөрч байхад банкнаас яаралтай төсөлд оруулсан барилгыг ашиглалтад оруулахгүй, үйл ажиллагааг эхлэхгүй удааширч байгааг мэдэгдэж, гэрээнд заасан үүргээ удаа дараа шаардаж зээлийг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Мөн банкинд өнөөдрийг хүртэл их хэмжээний хүү төлж, хохирч байна. 2 шинжээч дүгнэлтээр хариуцагч нарын барьсан барилга нь норм дүрэм зөрчиж цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тул арга буюу нэхэмжлэгч тал барилгыг нурааж өөрсдийн хөрөнгөөр дахин шинээр барьж ашиглалтанд оруулсан. Барилгыг нурааж дахин барихад бодитоор 75 501 750 төгрөгийн зардал гарсан. Хариуцагч талаас шинжээчийн дүгнэлтийг дутуу хийсэн гэж үл зөвшөөрч дахин шинжээч томилж, Хөрөнгийн үнэлгээний төв болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилсон. Ингээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2015 оны 12 сарын 30-ны өдрийн албан бичгээр хариуцагч талын барьсан барилга нь газар хөдлөлтийн бүс нутагт барьсан, холбогдох барилгын норм дүрмийг зөрчсөн, барилгын стандартыг зөрчиж чанаргүй барьсан, цаашид барилгын ажлыг явуулах боломжгүй, бүрэн зогсоох шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Эдгээр дүгнэлтийг үндэслэж барилгыг нурааж 2015 онд дахин барилга барьж ашиглалтад оруулж, үйчилгээ явуулж байгаа тул шинжээчээр ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн Хөрөнгийн үнэлгээний төвийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр хариуцагч нарын хийсэн ажил нь 75,6 хувийн гүйцэтгэлтэй ажлыг хийсэн болохыг тогтоосон бөгөөд энэхүү хийсэн ажил нь барилгын норм дүрмийг баримтлаагүй зөрчсөн, стандартын шаардлага хангасан материал ашиглаагүй ажлыг буулгаж дахин хийхэд 48 091 591 төгрөг болохыг тогтоосон. Хариуцагч талын хийсэн ажлын 2 давхар бүхэлдээ нураагдсан, 1 давхар тал нь нураагдсан байгаа. Хариуцагч нар нь гэрээний 3.2.1-д заасан гэрээний үүргээ зөрчсөн, мөн 3.2.10-д зааснаар барилгын норм дүрмийн дагуу чанартай хийж, нэхэмжлэгч талд хүлээлгэж өгсөн бол нэхэмжлэгч талд 75 501 750 төгрөгийн хохирол учрахгүй байсан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээг цуцлуулах, ирээдүйд гарах байсан 70 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 73 000 000 төгрөгт тооцож төлсөн. Иргэний хуулийн 229.1-д зааснаар буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйгээс гарсан зардлыг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Үүнд Иргэний хуулийн 227.3, 227.5, 350.1.5, 352.352.2.2-д заасан хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн 2 талын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3.1.9, 3.1.10, 3.2.1, 3.2.6, 3.2.9, .3.2.10, 3.2.11, 3.2.12, 3.2.13, 3.2.13, 3.2.14-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа учраас 4.4, 7.1, 7.4-д заасны дагуу хариуцагч талаас хохирлоо нэхэмжилж байна. Нэхэмжлэгч талаас барилгыг гүйцээн барьж ашиглалтад оруулахад гарсан зардал 75 701 550 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний 3.2-д заасан үүргээ биелүүлээгүйгээс хог хаягдлыг тээвэрлэхэд гарсан зардал 2 000 000 төгрөг, мөн эрх бүхий хүмүүсээр дүгнэлт гаргуулахад гарсан зардал 1 000 000 төгрөг, нийт 78 501 000 төгрөг нэхэмжилж байгаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлөөгүй 5 494 800 төгрөгийг хасаад нийт 73 006 945 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч ХХХ, ХХХХ нарын шүүхэд гаргасан тайлбарт: Ажил гүйцэтгэх гэрээний 5.1-д зааснаар гүйцэтгэгч тал барилга угсралтын ажлыг 2015 оны 6 сарын 17-ны өдөр бүрэн дуусгах үүрэг хүлээнэ гэсэн гэрээний дагуу маш богино хугацаанд хийж гүйцэтгэсэн. Уг барилга нь зураг төсөлгүй, хөрсний шинжилгээ авагдаагүй байсныг ХХХ өөрийн зардлаар бусад компаниар хийлгэсэн байдаг. Мөн “ХХХХХХХ” ХХК-иар Хын гражийн бүтцийн зургийг 1 000 000 төгрөгөөр хийлгэсэн байдаг. 2014 оны 4 сарын 14-ний өдөр “Таван үндэс” ХХК-иар барилгын ул суурь болон барилыг инженер геологийн зураг төслийн тооцооны үзүүлэлт гаргуулсан. Хуучин суурь цутгасан байсныг нурааж, цэвэрлэж, маш гүн ухаж суурийг зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн. Хэдийгээр захиалагч тал төлбөрөө төлсөн гэж байгаа боловч гэрээний 4.3-д зааснаар нийт үнийн дүн 108 000 000 төгрөгөөс 30, 30 хувиар бодож хугацаа алдалгүй төлнө гэсэн гэрээ хийсэн. Мөн гэрээний 4.3-д зааснаар сүүлийн мөнгө буюу 100 000 000 төгрөгийг 2014 оны 6 сарын 17-ны дотор 3 хувааж төлнө гэсэн гэрээ хийсэн боловч захиалагч тал 2014 оны 4 сарын 18-ны өдөр 28 000 800 төгрөг, 2014 оны 5 сарын 17-ны өдөр 2 000 000 төгрөг, 2014 оны 5 сарын 20-ны өдөр 2 000 000 төгрөг, 5 сарын 22-ны өдөр 13 000 000 төгрөг, 5 сарын 22-ны өдөр 7 000 000 төгрөг, 6 сарын 11-ний өдөр 6 000 000 төгрөг, гэрээнд заасны дагуу 100 000 000 төгрөгийн 50 хувь болох 58 000 800 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Иймд захиалагч талаас гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүйгээс болж барилгын материал үнэд орж, барилгын ажил зогсох шалтгаан болсон. Энэ байдал үргэлжилсээр 6 сарын 19-нд 3 000 000 төгрөг, 6 сарын 24-нд 10 000 000 төгрөг, 6 сарын 21-нд 2 000 000 төгрөг, 6 сарын 30-нд 3 000 000 төгрөг, 7 сарын 03-нд 8 000 000 төгрөг, 7 сарын 08-нд 3 000 000 төгрөг, 7 сарын 16-нд 1 000 000 төгрөг, нийт 88 800 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ 88 800 000 төгрөгөнд тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн гэж хариуцагч тал үзэж байгаа. 2015 оны 11 сарын 19-нд хөрөнгийн үнэлгээний төвөөс шүүгчийн захирамжийн дагуу хөрөнгө үнэлгээ хийгдсэн. Энэ үнэлгээг хийхдээ асуултыг тодорхой асуусан, нийт хийсэн ажлыг тооцоог гаргахад гүйцэтгэгч тал газар шорооны ажлыг 100 хувь, суурийн ажлыг 100 хувь, төмөр бетон араг бүтцийн ажил 100 хувь, хана туурганы ажлыг 90 хувь, хучилтын ажил 100 хувь, дээврийн ажил 100 хувь, шалны ажил 40 хувь, засварын сувгийн ажил 40 хувь, шатны ажил 60 хувь, хаалга цонхны ажил 40 хувь, заслын ажил 60 хувь, цахилгааны ажил 60 хувь, агааржуулалтын ажил 60 хувь, нийт 75,6 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн дүгнэлт гарсан. Гэвч захиалагч талаас ажлын үр дүнг чанаргүй байсан учраас нураасан гэсэн тайлбарыг өгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэгч талаас барилгыг буулгаж дахин хийхэд нийт талбай 280 мжв талбайг үнэлдэг. 75 хувийн 49 хувь нь чанарын шаардлага хангахгүй гэж үзэж 44 668 000 төгрөгийн ажлыг буулгаж дахин хийсэн гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Шинжээч хэлэхдээ 2 давхарын төмөр бетон хучилтын ажлыг буулгаагүй гэсэн тайлбарыг өгдөг. Харин ХХХ нь нэхэмжлэгч талаас үнэлгээний тал дээр ямар нэгэн гомдол гаргаагүй учраас энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна гэж үзсэн. Иймээс хариуцагч талаас барилгын ажлыг нийт 75,6 хувийн гүйцэтгэлтэй гэж үзэж, нийт 168 000 000 төгрөгийн ажил хийгдсэн байна. Үүний 75 хувь гэж үзэж нийт 126 000 000 төгрөгийн ажил хийгдсэн гэж дүгнэсэн. Эндээс хуучин хундаам, суурийг буулгасан гэдэгт 4 030 000 ажил буулгасан байна гэж үзэж нийт 130 000 000 төгрөгийн хөрөнгө зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй. Үүнээс 49 хувийн ажил хийгдээгүй буюу 44 668 000 төгрөгийн ажил дахин хийгдсэн гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс харахад хариуцагч талын хийсэн ажил энэ төлбөртөө шингээд, ямар нэгэн өр авлагагүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөн манай талаас нэхэмжлэгч нарын барилга дахин бариулахад гарсан зардлын баримтад аудитын дүгнэлт гаргуулмаар байна гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХ-аас 28 364 026 төгрөгийг, хариуцагч ХХХХаас 28 364 026 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х, ХХ нарт олгож, илүү нэхэмжилсэн 16 278 892 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлий 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХХ, ХХХХ нараас улсын тэмдэгтийн хураамжид 441 590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч X, ХХ нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХХын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзэж байна. Шүүх хуралд мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан бөгөөд хэргийн хариуцагч ХХХХыг шүүх хуралд оролцуулаагүй. ХХХХ би ХХХХыг албадан ирүүлэх захирамж гаргаж, шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан боловч түүнийг шүүх хуралд оролцуулалгүйгээр шүүх хурлыг үргэлжлүүлсэн.

Би ХХХХы итгэмжлэгдсэн төлөөлөгч биш харин үндэслэх хэсэгт ХХХХХХХХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй...гэсэн нь нэг шийдвэрт 2 итгэмжлэгдсэн төлөөлөгч байгаа мэтээр ойлгомжгүйгээр бичсэн байна.

ХХХХХХ өмгөөлөгч хүсэлтээ шүүхэд ирүүлснийг шүүгч танилцуулж байсан. Иймээс хариуцагч ХХХХы итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ намайг гэж бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. ХХХ нь тайлбартаа “108 000 000 төгрөг аваагүй, харин 90 000 000 төгрөгийг авсан” гэдэг. Гэтэл шүүх 108 000 000 төгрөгөөс 26.6 хувь гэж буруу тооцсон байна. Харин уг 28 728 053 төгрөгөөс аваагүй байгаа 18 000 000 төгрөгийг хасаж тооцох байсан.

ХХХХХХ-ын гэрээг хүлээн зөвшөөрөхгүй нийт ажлаа хийж гүйцэтгүүлэхээр гэрээ хийснийг зөвхөн буулгалт гэж уг зардлыг бүтэн гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд ХХХ, ХХХХ нар нь гэрээнд заагдсан ажлыг 2 сарын хугацаанд өөрсдийнх хүсэлтийн нь дагуу барилгын ажлыг /75.6 % /, мөн цахилгааны ажлыг /60 %/ газар шорооны ажлыг /100 % / хийж дуусгасан бөгөөд гэрээнд дурьдагдсан ажлын хөлсийг өгөөгүйгээс л маргаан гарсан байдаг. “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-иас гаргасан дүгнэлтэд барилгын суурь, араг бүтэц чанар сайн, буулгах шаардлагагүй буулгаагүй гэсэн байхад нэхэмжлэгч тал нь 2 давхарыг буулгасан гээд байгаа нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00945 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХы итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХын давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч ХХХХы итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХ намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэлээ гэжээ.

Өмгөөлөгч би Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 12 цагаас Хавтгай өтөг болон Политехникийн их сургуульд холбогдох хэрэгт хариуцагчийг төлөөлөн оролцох ба энэ хурлын цагаас хоцрон ирэх магадлалтай тул шүүгчийн туслахад биеэр ирж мэдэгдэн, мөн хариуцагч ХХХын өмгөөлөгч ХХХХд хуралд оролцох тухайгаа хэлж шүүх хуралдаанд уламжлан өгөхийг хүссэн. Гэтэл шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн төдийгүй хамтран хариуцагч буюу зохигчийн төлөөлөгч ХХХХ хариуцагч ХХХХыг буюу төлөөлөгчийг нь шүүх хуралдаанд оролцуулах санал гарган, зөвшөөрөөгүй байхад ИХШХШТХ-ийн 100.8, 107-р зүйлд заасан эрхийг зөрчин хэрэг маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад болон ажил гүйцэтгэх гэрээний маргааны талаарх хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зарим заалтуудыг буруу тайлбарлан хариуцагч талаас үндэслэлгүй төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайлбал: 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч нар нь захиалагчийн хяналтын дор тэдний хөрөнгө оруулалтаар гэрээний хугацаанд барилгын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд хөрөнгө оруулалт тасалдсан учир барилгын ажил зогссон байхад гүйцэтгэгчийн буруугаас гэж дүгнэсэн, захиалагч барилгын зарим ханыг өөрчлөн дуусгасан, ашиглаж байхад гүйцэтгэгч ХХХ болон ХХХХ нарын гүйцэтгэсэн барилга угсралтын ажлыг бүхэлд нь буулгасан буюу шинээр барилга угсралтын ажил гүйцэтгэсэн гэж, Иргэний хуулийн 352.2.2-т заасан эрхээ захиалагч мөн хуулийн 352.2.4-т зааснаар алдсан байхад төлбөр гаргасан зэрэг нь хариуцагч талыг хохироосон, үндэслэл муутай төлбөрийг төлөхөд хүргэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, бидний зөрчигдсөн эрхийг сэргээн, ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн маргааныг анхан шатны шүүхээс үндэслэлтэй зөв шийдвэрлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.      

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

             Нэхэмжлэгч Х, ХХ нар нь барилгын ажлын доголдлыг арилгахад гарсан зардал, хохиролд 73 006 945 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ХХХ, ХХХХ нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2014 оны 4 сарын 17-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр 280 м.кв талбай бүхий барилгын ажлыг цахилгаан, сангийн болон дотор, гадна заслын ажлын хамт бүхэлд нь 108 000 000 төгрөгөөр барьж гүйцэтгэн, 2014 оны 6 сарын 17-нд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байх ба шүүх талуудыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзсэн нь зөв болжээ.

 

            Хариуцагч тал буюу гүйцэтгэгч гэрээгээр тохирсон хугацаанд чанарын шаардлага хангасан барилга ашиглалтад өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч үүргээ хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг удаа дараа мэдэгдэж байсан, гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа олгосон боловч үүрэг биелэгдээгүйгээс нэхэмжлэгч гэрээгээ цуцалсан үйл баримт тогтоогдсон байна.

      

            Түүнчлэн нэхэмжлэгч тал дутуу баригдсан барилгыг гүйцээх, чанарын шаардлага хангаагүй хэсгийг дахин барих ажлын төсвийг мэргэшсэн төсөвчингөөр зохиолгон өөр этгээдээр гүйцэтгүүлж барилгыг ашиглалтад оруулсан нь барилгын явцын талаарх гэрэл зураг, төсвийн тооцоолол, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэргүүдээр тогтоогдсон, энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

            Шүүхээс талуудын хүсэлтээр барилгын ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээ, бараа материалын чанар, стандартын шаардлага хангасан эсэх, дахин хийгдсэн барилгын ажлын төсөвт өртгийн талаар дүгнэлт гаргахаар шинжээчээр томилогдсон “ХХХХХХХХ” ХХК “барилга угсралтын ажлыг дуусгаж, түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлд гүйцэтгэгчийн хийсэн ажил 75.6 хувьтай байгаа, уг ажил нь барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэх, барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглох тухай Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, барилгын хананы өргөний хэмжээгээр явуу тавих бөгөөд ханандаа 350 мм-ээс багагүй хэмжээтэй суулгах тухай Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрмийн 3.41  дэх хэсэг зөрчсөн зэргээр барилгын ажлын норм норматив зөрчсөн, нийт ажлын гүйцэтгэл болох 75.6 хувиас 49 хувийг буулгаагүй, 26.6 хувийн ажлыг дахин хийх” талаар дүгнэсэн байна.

 

            Талууд гэрээгээр 280 м.кв талбай бүхий ажлыг 108 000 000 төгрөг, 1 м.кв талбайн ажлын хөлс 385 715 төгрөг байхаар тохиролцсон байх бөгөөд хариуцагч гэрээний үүргийн дагуу гүйцэтгэвэл зохих ажлаас 75.6 хувийн буюу 81 648 000 төгрөгийн ажил гүйцэтгэснээс чанарын доголдолтой, дахин хийгдэх 26.6 хувийн ажлын үнэ 28 728 000 төгрөг, шаардлага хангасан ажлын хөлс нь 52 920 000 төгрөг байна.

 

            Нэхэмжлэгч ажлын хөлсөнд 90 000 000 төгрөг өгсөн талаар талууд маргаагүй тул энэ дүнгээс чанарын шаардлага хангасан ажлын хөлс 52 920 000 төгрөгийг хасч, 37 080 000 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй бөгөөд үүн дээр гэрээ цуцалснаас учирсан хохиролд 3 000 000 төгрөгийг нэмж, нийт 40 080 000 төгрөгийг хариуцагч ХХХ, ХХХХ нараар хувь тэнцүүлэн төлүүлэх нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.      

 

           Анхан шатны шүүх чанарын шаардлага хангаагүй ажлыг дахин гүйцэтгүүлэх ажлын хөлсөнд нэхэмжлэгчээс төлсөн 25 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүх залруулах нь зүйтэй.

 

            Хариуцагч ХХХХы итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХ шүүх хуралдааныг хойшлуулах бичгийн хүсэлтийг холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй байна. Харин шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт ХХХын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХг, хариуцагч ХХХ, ХХХХ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж ташаа бичсэн, энэ талаар гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХгийн гомдол үндэслэлтэй тул шүүхийн алдааг залруулж байна.   

 

            Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00945 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХ-аас 20 040 000 төгрөгийг, хариуцагч ХХХХаас 20 040 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х, ХХ нарт олгож, илүү нэхэмжилсэн 32 926 945 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “хариуцагч ХХХ, ХХХХ нараас улсын тэмдэгтийн хураамжид 441 590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч X, ХХ нарт олгосугай” гэснийг “хариуцагч ХХХ-аас улсын тэмдэгтийн хураамжид 179 175 төгрөг, хариуцагч ХХХХаас улсын тэмдэгтийн хураамжид 179 175 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч X, ХХ нарт олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ХХХХы итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХын төлсөн 441 600 төгрөг, хариуцагч ХХХын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 770 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

 

                                                    ШҮҮГЧИД                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                  А.МӨНХЗУЛ