Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2021/0385

 

“ТШГТ” НҮТББ-ын

нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг

даргад холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч Г.Билгүүн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, гуравдагч этгээд Х.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 294 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Х.Б, Г.О, гуравдагч этгээд Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “ТШГТ” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 294 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ТШГТ” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч “ТШГТ” НҮТББ-ын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/349 дүгээр тушаалаар ашиглах эрх авсан 0,96 га газрыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эзэмшиж байгаа иргэд, тэдний гэр, хашаа бусад эд хөрөнгийг уг газраас албадан чөлөөлөх захирамж гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар албадан чөлөөлөх захирамж гаргахыг хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Х.Б, Г.О, гуравдагч этгээд Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нар давж заалдах гомдолдоо: “Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаар тушаалаар ... Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр хэсэг, Арцатын амны 18-д амьдрах 178 өрх оршин амьдрах газраа гэрчилгээжүүлэх /бүртгэлжүүлэх/-ээр үүрэг өгсний дагуу бид кадастрын зургаа хийлгэсэн.

Ингээд бидний газар ашиглах эрх шийдвэрлэгдсэн учраас 4 дүгээр хорооны Засаг дарга 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 24 дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газарт дээрх бүх өрхүүдийн нэрсийг явуулсан.

... Гэвч бидний 8 айлуудын гэрчилгээг “хоёрдугаар ээлжинд өгнө” гэсэн боловч бидний газар дээрх “ТШГТ” НҮТББ-д газрын давхцал үүсгэсэн, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга “2020 оны 05 дугаар сард сунгалт хийлгэсэн” мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн.

... Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.О бидний асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн, ... нийслэлийн Засаг дарга “манай мэдлийн газар биш” гэсэн хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын яам Засгийн газар руу явуулаагүй, замд нь хаасан.

Иймд бидний асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “ТШГТ” НҮТББ-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/349 дүгээр тушаалаар ашиглах эрх авсан 0,96 га газрыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эзэмшиж байгаа иргэд, тэдний гэр, хашаа бусад эд хөрөнгийг уг газраас албадан чөлөөлөх захирамж гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар албадан чөлөөлөх захирамж гаргахыг хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“ТШГТ” НҮТББ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаал[1]-аар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газрын Арцатын задгайд 1.0 га хэмжээтэй газрыг аялал жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/349 дүгээр тушаал[2]-аар газрын хэмжээг 0,96 га болгон багасгаж, газар ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгаж, тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас “ТШГТ” НҮТББ-д газар ашиглах 0201541 дугаар гэрчилгээ[3]-г олгожээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаал[4]-аар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Арцатын амны 4 дүгээр хороонд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг газар дээр нь шалгаж, бүртгэлжүүлэхийг ажлын хэсэгт үүрэг болгож, тухайн иргэдийн жагсаалт[5]-д гуравдагч этгээд Б.М, Б.Б, Г.О, Х.Б, Х.Б, Б.А нар багтжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 2-т Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна” гэж заасан.

Хан-Уул дүүргийн 4 хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 24 дүгээр албан бичгээр тус хорооны Засаг даргад, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 02, хорооны Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 180 дугаар албан бичгүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад,

мөн хорооны Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 205 дугаар албан бичиг[6]-ээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус тус Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах Арцатын амны 4 дүгээр хороонд оршин амьдарч буй гуравдагч этгээдүүдийн газар ашиглах эрхийн гэрчилгээ олгуулахаар хандаж байжээ.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар төрийн захиргааны байгууллага болон Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал, Засаг даргаас тус тус удаа дараа “гуравдагч этгээдүүдэд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах гэрчилгээ олгуулах” асуудлыг шийдвэрлэхээр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон боловч эцсийн үр дүнд тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд газар ашиглуулах шийдвэр гаргаж, гэрчилгээг гуравдагч этгээдүүдэд олгоогүй, захиргааны байгууллагын эс үйлдэхүй болон татгалзлын талаар гуравдагч этгээдүүд шүүхээр маргаагүй байна.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдүүдэд оршин амьдарч байгаа дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах гэрчилгээг олгуулахаар хорооны иргэдийн Нийтийн Хурал болон Засаг даргаас удаа дараа уламжилсан, төрийн захиргааны байгууллагаас кадастрын зураг үйлдүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байсан зэрэг нь тэдгээрийг шууд хууль ёсны газар ашиглагч гэх үндэслэл болохгүй.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4 “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж зааснаас үзвэл дүүргийн Засаг дарга дур мэдэн эзэмшсэн газрыг чөлөөлөх мэдэгдэлд дурдсан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тохиолдолд газрыг албадан чөлөөлж, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах ёстой.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч эрх бүхий этгээдийн холбогдох шийдвэрийн дагуу тухайн газрыг ашиглах эрхтэй, харин гуравдагч этгээдүүд оршин амьдрах газраа ашиглах эрхгүй болох нь тус тус тогтоогдсоноос үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг буруутгах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 294 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

 

[1] 1 дэх хавтсын 94-94 дэх талууд.

[2] 1 дэх хавтсын 28 дахь тал.

[3] 1 дэх хавтсын 44-45 дах талууд.

[4] 1 дэх хавтсын 121-122 дахь талууд.

[5] 1 дэх хавтсын 124 дэх тал.

[6] 1 дэх хавтсын 137, 143, 141, 136 дахь талууд.