Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 131/ШШ2016/00669

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр  хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******гийн ******* миний бие 1967 онд ******* суманд төрсөн. Миний бие 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Баянхонгор аймгийн ******* сумын Батзам нэгдлийн 2-р бригадад малчнаар ажилд орж 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт тухайн үеийн боловсон хүчин нь тушаалын бичилтийг хийгээгүйгээс болоод ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул Баянхонгор аймгийн ******* сумын Батзам нэгдлийн 2-р бригадад малчнаар 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Д.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, ******* 1982-1988 онуудад авч байсан цалинг нь Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 424 тоот албан бичиг, 1980 оны хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, гэрч *******ын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Д.******* нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1982-1988 онуудад авч байсан цалинг нь Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 424 тоот албан бичиг, 1983-1990 онуудад ажилласан хоног, авсан хөлсийг  бичиж  эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулсан 1980 оны хөдөлмөрийн дэвтэр, түүнийг 1982 оноос хойш тасралтгүй мал маллаж байгаа талаар мэдүүлсэн гэрч *******ын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2,116, 118, 133.1.1 дүгээр  зүйлүүдийг  тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ын 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын “Бат зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг  тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч  шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ