Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 945

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б гийн Н  нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, генерал Б.Билэгтийн “Б.Н ийг төрийн албанаас халах тухай” 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/748 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо, нэхэмжлэгч Б.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Н  болон түүний өмгөөлөгч Б.Э  нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“…Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/748 тушаалаар Хорих 401 дүгээр ангид ахлах нягтлан бодогчийн албан тушаал эрхэлж байсан Б гийн Н  миний биеийг хэд хэдэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.5-д зааснаар “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах арга хэмжээ авсныг үл зөвшөөрч урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан юм.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар төрийн албанаас халах гол үндэслэл нь мөн хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлийг зөрчсөн байх явдал билээ.

Тус хуулийн 13 дугаар зүйлийн заалтуудаас намайг төрийн албанаас халсан үндэслэлд ойртож очих заалт нь 13.1.5-ийн “зөвхөн төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;” гэсэн заалт боловч хуулийн энэ шаардлага, энэ нөхцөлийг хэрхэн яаж зөрчсөн талаарх эрх бүхий субъектын дүгнэлт гараагүй байхад Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг хэрэглэснээрээ маргаан бүхий тушаал нь өөрөө хууль зөрчсөн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг хэрхэн яаж үнэлэх, яаж хянан шийдвэрлэх, ямар дүгнэлт гарах талаарх хууль, хууль тогтоомжийн бусад актад заасан нэг ч ажиллагаа хийгдээгүй байхад ийнхүү арга хэмжээ авч байгаад гомдолтой байна.

Маргаан бүхий тушаалын ерөнхий агуулгаас харахад Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн заалтуудаас 15.1.7-ийн “албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших” гэсэн заалт л миний үйл ажиллагаа, ажил хэрэг, авсан арга хэмжээтэй холбоотой байж болох талтай юм. Гэтэл хуулийн энэ шаардлага зөрчигдсөн эсэх талаар надтай. холбоотой нэг ч баримт байхгүй бөгөөд хэрэв байдаг бол ажлаас халагдаад зогсохгүй эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Харин Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн заалтууд нь албан хаагчид хамааралгүй, харин захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хориглосон зүйлийг зохицуулсан заалтууд тул миний үйл ажиллагаа, миний ажилтай шууд хамааралгүй асуудал тул үүнийг үндэслэж ажлаас халсан гэж үзэхгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь намайг ажлаас халах шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-ийн “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн;”, мөн 26 дугаар зүйлийн 26.4-ийн “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.” гэсэн заалтуудад заасан нөхцөл журмуудыг хэрхэн яаж тогтоосон, хэрэглэсэн талаар, өөрөөр хэлбэл ямар, ямар зөрчлийг хэзээ, хаана хэрхэн гаргасан юм, тэр нь хуулийн өмнөх заалтуудтай яаж уялдаж байгаа юм бэ? гэдгийг тогтоогоогүй нь ажилтныхаа эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байгаа явдал юм.

Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.3-ийн “Шийдвэр гүйцэтгэх байгууллагын данс, бүртгэлийн хөтлөлт, тайлан тэнцлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон хууль тогтоомжийн дагуу гаргасан журмын дагуу хөтөлнө.” гэсэн заалтыг үйл ажиллагааныхаа мөрдлөг болгон анхан шатны баримтгүй ажил, гүйлгээг бүртгэлд тусгахгүй байх, баримт бүрдэлт, гарын үсгийн баталгаажуулалт хангалттай хийгдээгүй санхүүгийн анхан шатны баримтаар хүлээн авахгүй байхыг хичээж ирсэн байхад “хуурамч баримт” гэдгийг эцэслэн тогтоогоогүй байж ямар үндэслэлээр, яаж хэрхэн тооцсон нь үл мэдэгдэм байдлаар “санхүүгийн: хуурамч баримт” бүрдүүлсэн мэтээр намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Манайх санхүүгийн программаар бүртгэлээ хөтөлдөг байгууллага. Ийм болохоор заавал хөтлөгдөх журнал, ерөнхий дэвтэр, дэлгэрэнгүй бүртгэлүүд цаг тухай бүртээ автоматаар бүртгэгдэж тайлан мэдээнд тусгагдаж байсан.

Иймд сүүлийн 14 жилд тус байгууллагад ажиллаж мэргэжил, ажил, ажлын дадлага, туршлага, ёс зүйн хувьд бүрэн тэгширсэн гэж өөрийгөө үзэж байгаа намайг ажлын байрын тодорхойлолт албан үүрэгтээ тэнцэх эсэхийг бүрэн тогтоогоогүй, шаардлагатай бол мэргэжлийн ур чадвар ёс зүйн хувьд ямар алдаа дутагдал гаргасныг хууль журамд заасны дагуу эрх бүхий субъектээр дахин шалгуулж зохих дүгнэлт ч гаргуулаагүй байж миний болон холбогдох бусад албан тушаалтан, ажилтнуудын тайлбар, санхүүгийн бусад баримтыг үзэхгүйгээр хуулийн маш олон заалтыг зөрчсөн асуудлыг шийдвэрлэж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулж гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Бригадын генерал Б.Билэгтийн “Б.Н ийг төрийн албанаас халах тухай” 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/748 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан үеийн нөхөн олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталсан “Албаны шалгалт явуулах удирдамж”-аар томилогдсон албан хаагчид Баривчлах 431, Хорих 407, 421, 401 дүгээр ангиудын Санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулахаар баталж, Хорих 421 дүгээр ангийн санхүүгийн үйл ажиллагаанд 2015 оны 05 дугаар сарын 11-нээс 15-ны хооронд хяналт, шалгалт явуулсан байна.

Хорих 421 дүгээр ангийн санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагаа, мөнгөн хөрөнгийн тайлан, төсвийн гүйцэтгэл, албан хаагчдын цалин бодолт, авлага, өглөг, анхан шатны баримтын бүрдэл, хүчин төгөлдөр байдал, ажлын зохион байгуулалт төсвийн хөрөнгийн зарцуулалт, үндсэн хөрөнгийн бүртгэл зэрэгт хяналт шалгалт явуулж, дотоод аудитын шалгалтаар байгууллагад Б.Н  нь нийт 25,188.031 төгрөг/ Хорин таван сая нэг зуун наян найман мянга гучин нэг/-ийн хохирлыг учруулсан зөрчил илэрч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу “Сахилгын зөрчил нь шалгагдаж, нотлох баримтаар тогтоогдсон”.

Хорих 421 дүгээр анги нь ялтан ажиллуулахдаа 57 сая төгрөгийн гэрээг санхүүгийн бүртгэлд тусгалгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/33 дугаар тушаалаар батлагдсан “Ялтан гэрээгээр ажиллуулахад мөрдөх заавар”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т “...Аж ахуйн нэгж байгууллагын дарга удирдлагатай ялтан ажиллуулах гэрээг хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны дарга нар харилцан тохиролцон байгуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү аж ахуйн газрын даргаар батлуулна” гэсэн заалтыг зөрчиж ангийн даргаар гэрээ батлуулж, үүнээс 31535000 төгрөгийн гэрээг ахлах нягтлан бодогч Б.Н  байгуулж гарын үсгээр баталгаажуулсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Зөвлөлийн хурлаар өгсөн 14 хоногийн хугацаатай үүргийн дагуу санхүүгийн бүртгэлд тусгагдаагүй дээрх гэрээний 21 сая төгрөгийн зарцуулалтын баримтыг ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага гаргаагүй байна.

Б.Н  нь хувь хүнээс бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 530492 төгрөгийн суутгал хийгээгүй, ангийн хүнсний материалд 6946079 төгрөгийг илүү зарцуулсан, шатахуунд 2212800 төгрөгийг илүү зарлагадсан, өдрийн албан хаагчдад эрх мэдлээ хэтрүүлж 15.589.660 төгрөгийн хүнсний материал илүү зарлагадаж нийт 25.188.031 төгрөгийн хохирлыг байгууллагад учруулсан байна. 

Б.Н д төлбөр барагдуулах албан бичиг хүргүүлсэн ч хохирлыг барагдуулаагүй талаар дурдсан байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Зөвлөлийн хуралдаанаар өгсөн үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, байгууллагад учруулсан хохирлыг арилгаагүй, өмнө сахилгын шийтгэл авагдаж байсан, гаргасан зөрчлийн шинж байдал болон дээрх зөрчлүүдийг дахин гаргахаас урьдчилан сэргийлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24- өдрийн 6/748 дугаартай тушаалаар Б.Н ийг Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан.                                                                           

Стратеги, төлөвлөлт, мэдээлэл, дүн шинжилгээний төвөөс 2015 оны 07 угаар сарын 31-ний өдрийн 2а/2810 дугаартай албан бичгээр Б.Н д андаж 25.118.031 төгрөгийн төлбөрийг 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн отор барагдуулаагүй байх тул 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дотор барагдуулж байгууллагыг хохиролгүй болгохыг мэдэгдсэн ч байгууллагад учруулсан хохирлыг арилгалгүй, тавигдсан төлбөрийг хувьдаа ашиглаагүйг батлах нотлох баримтыг ирүүлэлгүй өдий хүрсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Хууль зүйн сайдын 2014 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хууль зүйн яам, түүний агентлаг, байгууллагын дотоод аудитын журам"-ын 5 дугаар зүйлийн 5.1. Хууль зүйн яам ,ний харьяа агентлаг, байгууллага нь дотоод аудитын нэгж, дотоод аудитортой айна, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна..., 69.4. Дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй 'байна..., тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.3. “аудитор” гэж энэ хуульд заасан шаардлагыг Хангаж, аудитын байгууллагад аудитын үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэшсэн нягтлан бодогчийг хэлнэ..., 4 дүгээр зүйлийн 4.1.49.“дотоод аудит" гэж төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай зарцуулах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн төсвийн дотоод хяналтын үйл ажиллагааг ойлгоно гэж заасны дагуу байгууллага дотроо хяналт шалгалт хийх дотоод аудиттай, аудит нь шинжилгээний дагуу баримтаар тогтоогдсоны үндсэн дээр шийдвэрээ гаргасан, дүгнэлт нь эрх бүхий шийдвэр юм.                                                       

Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн хуралдаанаар Б.Н ийн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гаргасан гомдлыг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр авч хэлэлцэж “Б.Н ийг төрийн албанаас халах тухай тушаал”-ыг үндэслэлтэй гэж шийдвэрлэн, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2а/2794 дугаартай албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг хүргүүлсэн.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 6/748 дугаар тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Н ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н ээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Б.Н ийг төрийн албанаас халах тухай” Б/748 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг 1 сарын хугацаагаар дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Зарим албан хаагчийг албан тушаалд шилжүүлэн томилох тухай” Б/1198 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Н ийг Хорих 431 дүгээр ангийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлж, Хорих 421 дүгээр ангийн ерөнхий нягтлан бодогчоор шилжүүлэн томилсон байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Зарим албан хаагчийг албан тушаалд шилжүүлэн томилох тухай” Б/186 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Н ийг Хорих 421 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлж Хорих 401 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчоор шилжүүлэн томилжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталсан “Албаны шалгалт явуулах удирдамж”-ийн дагуу Хорих 421 дүгээр ангийн 2014, 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан байна.

Тус шалгалтаар Хорих 421 дүгээр ангийн үйл ажиллагаанд илэрсэн санхүүгийн зөрчилд холбогдуулан Б.Н ийг Хорих 421 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа холбогдох хууль, журмын дагуу албан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан байна.

Тодруулбал нэхэмжлэгчийг Хорих 421 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа санхүүгийн албан хаагчдад хяналт тавих, мэргэжлийн удирдлагаар хангах албан үүргээ гүйцэтгээгүй, дотоод орлогын 54.2 сая төгрөгийг шууд зарцуулсан, хувь хүнээс 2.1 сая төгрөгийн татвар суутгаагүй, кассын нярваар эд хөрөнгийн хариуцлага хүлээх баталгаа гаргуулаагүй, 40.5 сая төгрөгийн бараа, ажил үйлчилгээ авсан гэж хуурамч баримт бүрдүүлэн бэлнээр мөнгө гарган авсан, үндэслэлгүй 17.2 сая төгрөгийн хүнсний материал зарлагадсан, албан хаагчдын цалингаас 16.9 сая төгрөгийг дур мэдэн суутгал хийсэн, Тоёота Ландкрузер 100 маркын суудлын автомашиныг бүртгэлд тусгаагүй, 5.3 сая төгрөгийн шатахууны тооцооны хуудсыг хуурамчаар үйлдсэн, аж ахуй нэгж байгууллагад ялтан ажиллуулахдаа 21.7 сая төгрөгийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан, 57 сая төгрөгийн ялтан ажиллуулах гэрээг ангийн даргаар батлуулан ажиллуулсан боловч санхүүгийн бүртгэл тайланд тусгаагүй, холбогдох анхан шатны баримтыг нуун дарагдуулсан, хувийн харилцах дансаар цалингийн суутгал, шагнал урамшууллын мөнгө дамжуулан гаргасан гэх нийт 13 зөрчлийг гаргасан гэж үзжээ.

Дээрх 13 төрлийн зөрчлөөс үүдэн нэхэмжлэгч Б.Н  нь байгууллагад 25.188.031 төгрөгийн хохирол учруулсан гэж хариуцагч тайлбарлан маргаж байна.

Б.Н ийн байгууллагад учруулсан гэх 25.188.031 төгрөгийн зөрчил Хорих 421 дүгээр ангийн санхүүгийн баримтад илэрсэн болох нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/01321 дүгээр шийдвэр, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ХТ2017/01448 дугаар тогтоолоор тогтоогдсон хэдий ч гагцхүү 25.188.031 төгрөгийн хохирлыг Б.Н  нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, хорих 421 дүгээр ангид учруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэжээ.

Нэгэнт Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны хүчин төгөлдөр тогтоолоор Хорих 421 дүгээр ангид 25.188.031 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон тул захиргааны хэргийн шүүх дахин нотлох шаардлагагүй.

Маргаан бүхий акт гарах болсон 13 төрлийн зөрчлөөс 4 төрлийн зөрчил нь тогтоогдсон бөгөөд үлдэх 9 төрлийн зөрчил нь тогтоогдоогүй, тогтоогдох боломжгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүдээс нэг нь л гэхэд төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдахаар том зөрчил байгаа...” гэж тайлбарлаж байх хэдий ч энэ тайлбараар маргаан бүхий актыг хуульд нийцсэн, үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.

Учир нь захиргааны акт гарах болсон үндэслэл, хэрэгцээ, шаардлага тодорхой, хуульд нийцсэн байх ёстой.

Гэвч нэхэмжлэгч Б.Н , хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарлан маргаж байгаа, маргаан бүхий актад тусгагдсан 13 төрлийн зөрчлөөс зөвхөн 4 төрлийн зөрчлийн  талаар дүгнэсэн шүүхийн шийдвэрүүдээр тогтоосон бөгөөд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй Б.Н ээс хохирлыг гаргуулах нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн байна. 

Гэхдээ 4 төрлийн зөрчил, 25.188.031 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон ч энэ нь зөвхөн нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас гарсан гэж үзэж, дүгнэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл яг нэхэмжлэгч 25.188.031 төгрөгийн хохирлыг яагаад дангаар хариуцах ёстой, Хорих 421 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа гаргасан яг ямар зөрчлөөс үүдэн 25.188.031 төгрөгийн хохирол байгууллагад учруулсан болох нь бүрэн нотлогдохгүй, энэ талаар үндэслэл бүхий нотлох баримтад тулгуурласан тайлбарыг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргаж,  бүрэн нотолж чадахгүй байна гэж шүүх үзлээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтаас үзвэл төрийн албан хаагчийн гаргасан гэх зөрчлийг гарцаагүй, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шалган тогтоож, түүний шинж байдлыг харгалзан төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулах зохицуулалттай байна.

Тодруулбал төрийн албан хаагчийн өөрийн гаргасан зөрчлийг шалган тогтоогоогүй байж хариуцлага хүлээлгэж төрийн албанаас халахыг хуулиар хоригложээ.

Дүгнэвэл маргаан бүхий акт болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Б.Н ийг төрийн албанаас халах тухай” Б/748 дугаар тушаалд заасан 13 төрлийн зөрчил, байгууллагад учруулсан гэх 25.188.031 төгрөгийн хохирол Б.Н ийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан эсэхийг тогтоох нь захиргааны хэргийн шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг 1 сарын хугацаагаар дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нэхэмжлэгч Б.Н ийг Хорих 421 дүгээр ангийн ахлах нягтлан бодогчийн ажлыг эрхэлж байхдаа яг ямар зөрчил гаргасан, тэр нь яг хэдий хэмжээний бодит хохирлыг байгууллагад учруулсан болохыг нарийн шалган тогтоож түүнд тохирсон захиргааны акт гаргах нь маргааны үйл баримтыг дүгнэхэд ач холбогдолтой байна. 

Тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд хариуцагч захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн маргаан бүхий захиргааны актыг хуульд нийцсэн зөв эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байх тул “...ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”-ийг хүссэн шаардлагыг дүгнэх боломжгүй байна.

Хариуцагчийн зүгээс дахин шинэ акт гаргахдаа ашиг сонирхлын зөрчилгүй этгээдээр дамжуулан Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу “мэдэгдэх, сонсгох” зарчмыг хэрэгжүүлэн, нэхэмжлэгчийг тайлбар гаргах боломжийг олгох нь зүйтэй байна.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг тус тус баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Б.Н ийг төрийн албанаас халах тухай” Б/748 дугаар тушаалыг шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаас шинэ акт гарах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга дахин шинэ акт гаргаагүй бол “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Б.Н ийг төрийн албанаас халах тухай” Б/748 дугаар тушаал” хүчингүй болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү гардаж аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ОДМАА