Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 768

 

Ө.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:        

          прокурор П.Ганбаатар,

          шүүгдэгч Ө.Б-гийн өмгөөлөгч К.М,

          нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,      

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Ө.Б-д холбогдох 2017 2502 0715 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э овгийн Ө-ын Б, 1981 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Баяжих нөхөрлөл” ХХК-д жоншны уурхайд ажилладаг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дундговь аймаг, Хулд сум, 3 дугаар баг, Уул жирэм 5 дугаар гудамж, 6 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

Ө.Б нь 2016 оны 3 дугаар сараас эхлэн 2017 оны 2 дугаар сар хүртэл Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 37 дугаар байрны 6 тоотод хохирогч Ч.А-ээс хуурч мэхлэн 22.800.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Ө.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ө.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан 22.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Б-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Б-гийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, “Самсунг Нөүт” загварын гар утас 1 ширхэг, “Самсунг Дуос” загварын гар утас 1 ширхэг, “Хаан банк”-ны карт 1 ширхэг, “Хадгаламж банк”-ны карт 1 ширхэг, “95767144” сим картны үүр 1 ширхэг зэргийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ө.Б-гаас 19.800.000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 37-06 тоотод оршин суух хохирогч Б ишигт овогт Ч-ийн Ад /РД: /-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Ө.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Б нь хохирогч Ч.А-ээсэд төлөх 19.800.000 төгрөгийг хорих ялын тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.3 дахь хэсэгт зааснаар “тодорхой ажил үүрэг гүйцэтгэх”, 2.5 дахь хэсэгт зааснаар “оршин суугаа газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй болжээ. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг нь арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”, мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж хуульчлан заасан байна.

Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолын 2, 3, 7 дахь заалтад шүүгдэгч Ө.Б-д 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд Ө.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолыг зөвтгүүлэн, өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ө.Б-гийн өмгөөлөгч К.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Зургаадугаар бүлэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх, үндэслэл, журам”, 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан нь үүрэг болгосон ерөнхий заалт гэж ойлгохоор хуульчилсан ба оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх талаарх заалтууд байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “Тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх.” тухай 7 дугаар бүлэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг тусгайлан зохицуулсан байх ба зөвхөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж болохоор хуульчилжээ.

Иймд анхан шатны шүүхййн Ө.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шүүгдэгч Ө.Б-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар...” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дээрх зүйл, хэсэг, заалт байхгүй, мөн “...эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлсийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай...” гэж заасан байх боловч эд зүйлсийн эзэмшигч нь тодорхойгүй, хэн гэж хүнд буцаан олгож байгаа нь ойлгомжгүй байх тул дээрх алдааг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ө.Б-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ө.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЧМАНДАХ

                                      ШҮҮГЧИД                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ