Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00669

 

Д.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01962 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2596 дугаар магадлалтай

Д.Н-ийн  нэхэмжлэлтэй,

“М” ХХК, А.У- нарт холбогдох

Өв залгамжлалын эд хөрөнгөд 1 500 000 000 төгрөг, компанийн хувьцаа ногдол ашиг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сувданчимэг, түүний өмгөөлөгч Ч.Нямсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Ч.Нямсүрэн, хариуцагч А.У-, хариуцагчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан хүү Ч.Батболдын хууль ёсны өвлөгч бөгөөд бэр болох А.У- нь өвлөх эд хөрөнгийг өгөхгүй өнөөдрийг хүрсэн тул дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Би хүүгийнхээ үлдээсэн мөнгө, эд хөрөнгө, бусад эд зүйлээс өөрт оногдох хэсгийг авах зорилгоор өвлөх эрхийнхээ дагуу Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Б.Батсүрэн дээр бүртгүүлж, хөрөнгө хамгаалах ажиллагаа хийлгүүлсэн юм. Гэтэл Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар өвлөгдсөн эд хөрөнгийг хуваарилахад маргаан гарсан тул дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Талийгаач хүү маань дээрх компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөд компанийн 70 хувийг эзэмшдэг байсан. Иймд хувьцаанаас ногдох өвийг нэхэмжилнэ.

Миний бие элэгний хүнд өвчний улмаас бие муу байгаа бөгөөд эмчилгээний зардлыг хүү маань хариуцдаг байсан, бурхны оронд очсоноос хойш эмчилгээ хийлгэх боломжгүй болж маш хүнд байдалтай болоод байна. Миний хүү Ч.Батболдын нэр дээр болон “М” ХХК-ийн нэр дээр банканд 2 тэрбум гаруй төгрөг, үл хөдлөх хөрөнгө, автомашин бүгд нийлээд хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгөтэй бөгөөд компани нь 2014-2015 онд нилээд их хэмжээний ашиг олсон байх боломжтой. Иймээс ногдол ашгаа гаргуулна.

Миний бие хүнд өвчний улмаас хүүгийнхээ байнгын асрамж, туслалцаанд байсан бөгөөд хүүгийн эхнэр гэх А.У- нь 2014 оны 11 дүгээр сард салаад явсан тул хүү маань намайг охин н.Отгонцэцэг болон түүний 3 хүүхдийн хамтаар Хан-Уул дүүргийн Хурдын байрны 19-11 тоотод орших өөрийнхөө гэрт нүүлгэж авч ирснээс хойш 3 сарын хугацаанд хүүхдүүдийн хамт хоол ундыг нь хийж, хувцсыг нь угааж, гэр орныг нь цэвэрлэж, хамтран амьдарч байсан. Эд хөрөнгийн асуудлыг А.У- өөрөө зохицуулж өгөх байх гээд өдий хүртэл харлаа. Гэтэл хөгшин намайг болон миний хүүхдүүдийг доромжил ж, ...эд нар намайг алах гээд байна, эд хөрөнгө, мөнгө хулгайлж авсан гэж хуулийн байгууллага болон хүмүүст худлаа ярьж, гүтгэн доромжилж байгаад гомдолтой байгаа.

Хүүгийн маань нэр дээр банкны дансанд нь компанийн хөрөнгөөс тусдаа 2 тэрбум гаруй төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө, 8 ширхэг автомашин байдаг. Иймд хуульд заасны дагуу хууль ёсны өвлөгч надад хүүгийн нэр дээрх мөнгө, хөрөнгө болон “М” ХХК-ийн эзэмшлийн хувиас хуульд заасны дагуу гарган өгнө үү. Мөн “М” ХХК-ийн 2014-2015 оны ашгаас хүүд маань ногдох ашгийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд миний хүүгийн нэр дээрх эд хөрөнгө, мөнгө болон түүний удирдаж байсан “М” ХХК-ийн хөрөнгөөс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 533 дугаар зүйлийн 533.1 дэх хэсэгт зааснаар өвлөгчөөр тогтоож, өвлөх эд хөрөнгийг хувааж, 1 тэрбум төгрөгийг олгуулж, миний эрхийг хамгаалж, нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсэж байна. Мөн компанийн байранд байсан алдрын буланг 500 000 000 төгрөгөөр үнэлэн нэхэмжилнэ гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нямсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн зүгээс эвлэрэх саналыг хариуцагчид тавьсан, тиймээс ч бид компанийн хувьцаа ногдол ашиг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, зуслангийн газар дээрх байшинг үнэлүүлэх хүсэлтээс татгалзаж байгаа. Нэхэмжлэгч одоо бие нь муу, бас цаашид   маргалдаж муудалцах хүсэлгүй байгаа учраас хүүгийнхээ хүүхдүүдийг бодоод нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 600 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх саналтай гэж надаар дамжуулж шүүхэд болон хариуцагчид хэлүүлсэн юм гэжээ.

Хариуцагч, хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч А.У- шүүхэд болон түүний өмгөөлөгч З.Шүрэнчулуун шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд зурагдсан гарын үсгийг Д.Н- зураагүй, охин Ч.Сувданцэцэг нь зурсан байх тул нэхэмжлэгчийн хүсэл зориг биш байна. Нэхэмжлэлд Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй,чөлөөлүүлэх хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй байхад иргэний хэрэг үүсгэсэн байна. Энэ нь хүсэл зориг биш байхад түүний нэхэмжлэл гэж үзсэн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасан төлбөрийн чадваргүй байдал нь тайлбар болон бусад нотлох баримтаар нотлогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, тэтгэврийн насны, хүнд өвчтэй байдал нь төлбөрийн чадваргүй гэх үндэслэл болохгүй юм. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн шалгасан нь үндэслэлгүй.

Д.Н- нь өөрийн төрсөн хүүхдэд ногдох эд хөрөнгөөс өвлөх эрхтэй боловч Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасны дагуу тэргүүн ээлжинд хууль ёсны өвлөгч нь түүний эхнэр А.У- би болон түүний төрсөн хүүхдүүд болох Б.Болормаа, Б.Болоржин, Б.Танхил, Б.Цэцэн бид мөн адил хэмжээгээр өвлөх эрхтэй юм. Гэтэл нэхэмжлэгч нь бодит байдалд нийцэхгүй, ямарч баримт нотолгоогүй, хэт их хэмжээний мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.Энэ компанийг бид өөрсдөө үүсгэн байгуулсан, энэ үйл явдал болсноос хойш үйл ажиллагаа ч хэвийн явагдаагүй, хуваах ногдол ашиг гэж гараагүй.

А.У- миний бие талийгаач Ч.Батболдтой 1997 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж дундаасаа 4 охинтой болсон.Нөхөр бид хоёр суухдаа аль аль талаасаа хөрөнгө гэхээр зүйлгүй нийлж, хамгийн анх техникийн зах дээр контейнерт дугуй зарахаас эхлээд хамтдаа уйгагүй хөдөлмөрлөсний дүнд 2007 онд “М” ХХК-ийг үүсгэн байгуулж авто засвар нээн, нойр хоолгүй зүтгэсний дүнд нэлээдгүй амжилтад хүрч чадсан билээ. Гэвч миний нөхөр Ч.Батболд 2015 онд нас барж, манай гэр бүлд нөхөж баршгүй гарз тохиогоод байна. Биднийг өөрсдийн амьдралыг босгож бий болгоход талийгаач Ч.Батболдын ар гэрийнхэн тусалж дэмжсэн зүйл байхгүй бөгөөд зөвхөн өөрсдийн хамтын хөдөлмөрийн үр шимээр энэ бүх орлого, мөнгөн хуримтлал болон бусад эд хөрөнгүүдийг бий болгосон учир Ч.Батболдын нэр дээр бүртгэлтэй бүх орлого, мөнгөн хуримтлал болон бусад эд хөрөнгүүд нь ганц Ч.Батболдын өмч биш манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч юм.

Гэтэл гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс талийгаач Ч.Батболдын ээж Д.Н- нь үндэслэлгүйгээр 1 тэрбум төгрөг нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд А.У- миний бие болон талийгаач Ч.Батболд бид хоёрын дундаас гарсан хүүхдүүд болох Б.Болормаа, Б.Болоржин, Б.Танхил, Б.Цэцэн бид нар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Ч.Батболдод ногдох хэсгийг хууль ёсоор өвлөх эрхтэй учир бидний өмчлөх эрх болон өвлөх эрхийг хамгаалж, тодорхой бус үндэслэлгүй гаргасан Д.Н-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид эвлэрэх талаар ярилцсан, гэхдээ 600 000 000 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй. Газар нь өмчлөлийн газар биш, мөн авто зам нь нийтийн эзэмшлийнх учир өвлөгдөх хөрөнгөнд тооцогдохгүй. Бид гэр бүл байсан учир бүхий л хөрөнгө нь хуульд зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнд тооцогдоно гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01962 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 520.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.У-ээс ногдох өв болох 599 146 090 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 900 853 910 төгрөгийг болон Мобикомын 99111348 дугаар, “М” ХХК-ийн хувьцаа, 2014 оноос 2016 оны ногдол ашгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 3 153 680 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгч, хариуцагч нараас шинжээчийн зардалд 1 100 000 төгрөгийг гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2596 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01962 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6 дахь хэсэгт зааснаар ногдох өв 128 454 626 төгрөг, “М” ХХК-ийн хувьцааны 11.8 хувийг хариуцагч А.У-ээс гаргуулж нэхэмжлэгч Д.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 371 545 374 төгрөгийг болон Мобикомын 99111348 дугаар, “М” ХХК-ийн хувьцааны үлдэх хэсэг болон 2014 оноос 2016 оны ногдол ашиг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “3 153 680 төгрөгийг” гэснийг “870 448 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 2 511 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангасан бөгөөд хэрэгт хамааралтай, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шүүхээр судлан шинжлэгдсэн, нотлох баримт хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдсон, эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн бодитой дүгнэлт агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан шийдвэр гарсан.

Гэтэл хуульд заасан хэлбэрээр бэхжүүлэгдээгүй, гэрчлэгдээгүй баримтыг өөрөөр хэлбэл хуваарьт хөрөнгөө хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр ямар нэгэн тохиролцоо байхгүй байсан байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2596 дугаартай магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй бөгөөд дараах хуулийн заалтуудыг зөрчлөө.

Тухайлбал:

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан ...эхнэр, хүүхэд төрсөн болон үрчилж авсан эх /ээж/-ийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэсэн заалтыг,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулахдаа ...нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрэн бүрдүүлсэн эсэхийг, тухайлбал: гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө гэдгээ нотолсон нотлох баримт шүүхэд гаргаагүй байхад чухам ямар нотлох баримт үндэслэж өөрчлөлт оруулж дээрх заалтыг,

3. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөнөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байна гэж заасныг,

4. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөнд хамаарна, ...127.1.1 ...гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал ...127.1.3 ...амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан эд хөрөнгө нь хуваарьт хөрөнгө байна гэсэн заалтыг зөрчлөө.

Гэрлэхийн өмнө олж авсан гэрлэгчдийн эд хөрөнгө нь хуулийн дагуу дундын хөрөнгө болохгүй хувийн хөрөнгө хэвээр үлдэх нь хуулийн үндсэн зарчим юм. Ч.Батболд нь хар багаасаа ах дүү нартайгаа хамтарч хөдөлмөр эрхэлж тодорхой хэмжээний орлоготой, хөрөнгөтэй байсан нь түүний хөрөнгө, болон хадгаламжийн дэвтрийн хуулгаар нотлогдож байна. Түүнчлэн хамтран амьдарсан 17 жилийн хугацаанд 4-5 тэр бум төгрөгийн хөрөнгөтэй болох ямар ч боломжгүй юм.

5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5,  ... өөрийн хуваарьт хөрөнгийг бүхлээр нь буюу эсвэл хэсгийг нь гэр бүлийн дундын хөрөнгөнд шилжүүлээгүй бол түүний хувийн өмч хэвээр үлдэнэ... гэсэн заалтыг зөрчсөн.

Харин талийгаач Ч.Батболд нь 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “М” ХХК-ийн хувьцааны 29 хувийг А.У-т, Худалдаа хөгжлийн банкны 452531167 дугаартай долларын данс, “М” ХХК-ийн 5003346202 дугаартай дансыг А.У-тэй хамтран эзэмшдэг байсан тул дээрх хөрөнгийг хуулийн дагуу хувааж шийдсэн. Ийнхүү дээрх хөрөнгийг хуваарьт хөрөнгөнөөсөө тохиролцож шилжүүлсэн бөгөөд бусад хөрөнгө, мөнгөн хадгаламж нь хуваарьт хөрөнгөндөө хэвээр үлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон. Түүнчлэн өөрийн хуваарьт хөрөнгөө гэр бүлийн дундын хөрөнгөнд шилжүүлэхийг хүсээгүй, ямар нэгэн тохиролцоо байхгүй байсан бөгөөд талийгаач нас барах тухайн үедээ өөрийн төрсөн ээж Д.Н-, төрсөн дүү нартайгаа хамт амьдарч эхнэр гэх А.У- нь салахаар шийдэж тусдаа амьдарч байсан юм.

Нэхэмжлэгч Д.Н- нь хүү Ч.Батболдыг ажлын байран дээрээ сэжигтэй байдлаар нас барсанд нь түүний тусдаа амьдарч байсан эхнэр А.У- болон түүний тойрон хүрээлэгч нарыг сэжиглэдэг байсан бөгөөд одоо ч гомдол тасраагүй хэвээрээ байгаа юм. Ч.Батболд нь “М” ХХК-ийн 70.09 хувь буюу 161 564.3 ширхэг хувьцаа эзэмшдэг байсан бөгөөд давж заалдах шатны шүүх “М” ХХК-ийн хувьцааны 11.8 хувийг гаргаж шийдсэн нь хууль үндэстэй болсон тул ямар нэгэн гомдол байхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар шийдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д.Н- нь А.У-, “М” ХХК-д холбогдуулан хүү Ч.Батболдын өв хөрөнгөөс ногдох хувь, “М” ХХК-ийн хувьцаа болон ногдол ашиг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс их хэмжээний өв шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Ч.Батболд нь нэхэмжлэгч Д.Н-ийн төрсөн хүү бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан, хариуцагч А.У- нь талийгаачийн хууль ёсны эхнэр, Б.Болормаа, Б.Болоржин, Б.Танхил, Б.Цэцэн гэсэн 4 хүүхэдтэй байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1.-д зааснаар тэдгээр нь нэхэмжлэлд дурдсан хөрөнгийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгчид байна.

Анхан шатны шүүх маргаж буй хөрөнгөөс өвлөгч нарт ногдох хэсгийн хэмжээг тогтоохдоо өвлүүлэгчийн эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн байдлыг үндэслэн тодорхойлсон нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, учир дутагдалтай болсон байх бөгөөд нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, зассан нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж, 126.2.4.-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна” гэж тус тус тодорхойлсон байх тул дан ганц талийгаачийн нэр дээр бүртгэлтэй байсан хөрөнгийг түүний хуваарьт хөрөнгө гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээг тодорхойлсны дараа өвлөгдөх эд хөрөнгийн хэмжээг тогтоож, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь дан ганц өвлүүлэгчийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийг Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-127.1.6.-д заасан аль үндэслэлээр талийгаачийн хуваарьт хөрөнгө гэж үзсэн үндэслэлээ нотлоогүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул талийгаачийн нэр дээр бүртгэлтэй, түүний хуваарьт хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэн шийдвэрлэсэн нь  хууль зөрчсөн гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2596 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сувданчимэг, түүний өмгөөлөгч Ч.Нямсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сувданчимэг нь хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД