| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01587/И |
| Дугаар | 1417 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 1417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01587/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч ****** аймаг, ****** сумын ****** дугаар баг, ****** банкны нэхэмжлэлтэй
Хариуцагч ****** аймаг, ****** сумын ****** дугаар баг, ******* ****** тоотод оршин суух, регистрийн дугаар ******, ******
Хамтран хариуцагч ****** аймаг, ****** сумын ****** дугаар баг, ******* ****** тоотод оршин суух, регистрийн дугаар ******, ******н ****** нарт холбогдох
Зээлийн төлбөр 13 028 601 31 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э***, хариуцагч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.С*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** банкны Дархан салбарын захирал А.С*** , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*** нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Ц.О***, У.С*** нар нь 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр *** банктай барьцаат зээлийн *** дугаар гэрээ байгуулж 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө, өрхийн хэрэглээний зориулалтаар, 36 сарын хугацаатай, Банкны жилийн хүү жилийн 26.4 хувийн хүүтэйгээр авсан. Мөн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр *** банктай барьцаат зээлийн *** дугаар гэрээ байгуулж, 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн бөөний ногоо татах, өрхийн хэрэглээний зориулалтаар 24 сарын хугацаатай, банкны жилийн хүү жилийн 26.4 хувийн хүүтэйгээр нэмэлт зээл авсан. Үүний дараа 2 зээлээ нэгтгэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн *** тоот зээлийн гэрээгээр 12.332.000 төгрөгийн зээлийг нөхцөл өөрчлүүлсэн.
Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар:
Зээлдэгч нь барьцаат зээлийн *** гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг.
Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсаны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч Ц.О***, У.С*** нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн нөхцөл байдлаас шалтгаалж цаашид барьцаат зээлийн *** дугаар гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна.
Зээлдэгч Ц.О***, У.С*** нар нь *** дугаар зээлийн гэрээний 3.2, 3.2.1-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 5 дугаар заалтын 5.1 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна. Зээлдэгч Ц.О***, У.С*** нарын зээлийн үлдэгдэл 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар:
1. Барьцаат зээлийн *** дугаар гэрээний 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 11.842.393.11 төгрөг, хүү 969.340 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 193.868 төгрөг, нотариатын зардал 23.000 төгрөг нийт 13.028.601.31 төгрөг болоод байна. Барьцаа хөрөнгүүдийн гэрээний үнэлгээ, зах зээлийн үнэлгээ нь зээлийн үлдэгдэлд хүрэлцэхгүй болсон тул зээлдэгчийн бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлийн нийт төлбөр болох 13.028.601.31 төгрөгийг ц.О***, У.С*** нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгө, орлогоос хангуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгө орлогоос гаргуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагч Ц.О***, У.С*** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Цэрэннамжил овогтой О***, У*** овогтой С*** бид 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр *** банктай гэрээ хийж 15.000.000 төгрөгийг өрхийн хэрэглээндээ 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 4.000.000 төгрөгийг Увс нутаг явж нутгийн ахан дүүсдээ бэлэглэсэн, хурим найр, нутгийн 90 жилийн ойд явах зорилгоор нэмэлт зээл авсан байгаа. 2015 онд ногоо тарьсан боловч ган болсонтой холбогдуулан ургац авч чадаагүй юм. Бид зээлээ цаг хугацаандаа төлж байсан боловч сүүлийн жилийн хямралтай холбогдуулан орлого, гүйлгээ эрс муудаж хүмүүсийн худалдан авах чадвар буурч бид банкныхаа мөнгийг цаг хугацаанд нь төлж чадахаа больж банкны удирдлагатай очиж уулзсан. Бид уулзаад гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулж 2 гэрээгээ нэгтгэсэн юм. Уг нь тухайн үед манай нөхөр ****** ******* ******* уурхайд ажиллаж байгаад орон тооны цомхотголд ороод гэнэт ажилгүй болсон. Бид нийт *** банкнаас 19.000.000 төгрөгийн зээл аваад үүнийнхээ 7.000.000 төгрөгийг нь хүүтэй нь үндсэндээ хийсэн байгаа. Сүүлийн жилд орлого, гүйлгээтэй холбогдуулан худалдан авах чадвар муудсанаар бид ч банкныхаа мөнгийг цаг хугацаанд нь бүрэн гүйцэт төлж чадалгүй хагас дутуу хийсэн. Бид ногоо тарьж ногоогоо бөөндөж банкныхаа мөнгийг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан боловч энэ жил ногооны ханш унаж ямар ч үнэ цэнэгүй байшин бүрийн буланд ногоо зарсан хүмүүс, гадуур машинтай хүн болгон ногоогоо хямд энд тэндгүй зарж бид лангуу нь дээр орлого гүйлгээ муу болсон. Бид банкинд очиж эдийн засагч Одгэрэлтэй уулзаж үнэн учраа хэлсэн. Тэд ногооны ханш ямар байгааг мэдэж байсан, судалсан байсан. 1 шуудай төмс 7.000-8.000 төгрөг, 1 шуудай лууван 5.000-6.000 төгрөгний ханштай байсан. Одоо ч ханш тийм байгаа. Ингээд бид тарьсан ногоогоо бүгдийг нь бөөндөөд ч бидний тарьсан ногоо банкны төлөх үлдэгдэл мөнгөний хаана ч хүрэхгүй. Тэр бүү хэл захын ченж нар ч орлого, гүйлгээгүй байна. Бид саяхан хамгийн сүүлд 9 дүгээр сарын сүүлээр 700.000 төгрөгийг *** банкинд хийсэн байгаа. Бид нэхэмжилсэн энэ банкны мөнгө болох үлдэгдэл 11.842.393.31 төгрөг, хүү 969.340 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 193.868 төгрөг, нотариатын зардал 23.000 төгрөг буюу нийт 13.028.601.31 төгрөгийг хугацаандаа болон бидний хоёр талын гэрээний хугацаа болох 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дотор бид төлж барагдуулах болно гэдгээ амлаж байна. Бидний гэр орон, хашаа байшин зээлийн үлдэгдэлд хүрэлцэхээргүй тийм хямд үнэтэй хашаа байшин бишээ. Банкныхан өөрсдөө ч мэдэж байгаа, хэд хэдэн удаа ирж уулзсан, бид ч учирлаж хэлж байсан. Бид гэр орон, хашаа байшин эд хөрөнгөө битүүмжлүүлэхгүй, гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2018 оны 07 дугаар сарын 16-ны дотор бүрэн гүйцэд төлж барагдуулах болно. Бид хоорондоо ярилцаж байгаад орлого, гүйлгээ муу байгаатай холбогдуулж сар бүр 300.000 төлөх хүсэлтэй байна. Манай нөхөр ажилд *******руу явах гэж байгаа, цалинтай золготлоо бас хугацаа хэрэгтэй. Цалин мөнгөө буухаар манай нөхөр нэмж хийгээд болох байхаа тэр үеэс 300.000 төгрөгөө цааш нь нэмээд аль болох илүү хийж хурдан дуусгахыг бодож байна. Иймд бидний энэ хариу тайлбарыг хүлээж авч тус болно уу гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** банкны Дархан салбар нь хариуцагч Ц.О***, У.С*** нарт холбогдуулан зээлийн гэрээний дагуу төлвөл зохих зээлийн төлбөрийн үндсэн зээлийн үлдэгдэл 11.842.393.31 төгрөг, хүү 969.340 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 193.868 төгрөг, нотариатын зардал 23.000 төгрөг, нийт 13.028.601.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц.О***, У.С*** нар нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй тул хугацаандаа төлбөрийг барагдуулах болно гэж маргажээ.
Нэхэмжлэгч *** банкны Дархан салбар нь хариуцагч Ц.О***, У.С*** нартай харилцан тохиролцож 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр №*** дугаартай зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, Дархан сумын 15-р баг, ******* 10-р хэсэг, *** тоот ГД*** , Ү*** эрхийн гэрчилгээ бүхий хашаа байшин, ГД-*** , Ү-*** эрхийн гэрчилгээ бүхий газрыг ипотекийн гэрээ байгуулан барьцаалсан, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 4 000 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэй олгосон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд, Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хувиарууд, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. / хх-ийн 6-29/
Хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн хүү, үндсэн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж байсны улмаас *** банкны салбараас шаардах хуудас хүргүүлж байсан, хариуцагч нар нь зээлийн төлбөрийн талаар *** банкинд удаа дараа хүсэлт гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 30-34/
Нэхэмжлэгч *** банкны Дархан салбар нь хариуцагч нартай тохиролцож, 2 зээлийг нэгтгэн, зээлээ эргэн төлөх нөхцлийг өөрчилж, 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр *** болон *** дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр дахин гэрээ байгуулж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 24-28/
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй боловч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар талуудын хооронд байгуулсан талуудын хооронд байгуулсан 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн нэмэлт зээлийн гэрээг цуцлах нь зүйтэй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нараас 13 028 601,31 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** банкны Дархан салбарт олгох нь зүйтэй.
Дээрх зээлийн Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Хариуцагч Ц.О*** нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд түүнийг төлөөлж итгэмжлэлээр хариуцагч Ц.С*** оролцсон болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул аймаг дахь салбар, хариуцагч Ц.О***, У.С*** нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан нэмэлт зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ц.О***, У.С*** нараас 13 028 601,31 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох ****** сумын ****** баг, ******* ****** хэсэг, ****** тоот ****** , ****** эрхийн гэрчилгээ бүхий хашаа байшин, ****** , ****** эрхийн гэрчилгээ бүхий газрыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 230100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгосугай.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА