Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 0008

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч М.Сансарсайрхан,

Шүүгдэгч Х.... түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чоног овогт ...ын ...т холбогдох 1908050901787 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 09 сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 50 хувийн хөдөлмөр чадвар алдалттай ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт, Баянгол дүүргийн 20 дугаар “...” ХХК-ийн хашаанд түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Чоног овогт ...ын ... /.../.ТОДОРХОЙЛОХ нь:

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 Х.... 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б....тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар толгойн үснээс нь зулгаан цохиж, түүний биед тархи доргилт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

   1.Хохирогч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би ...гэх хүнтэй 2018 оноос хойш өөрийнхөө дүү шиг харилцаа холбоотой манайхаар орж гардаг байсан. Тэгтэл миний машиныг зарж өгнө гэж 1 жил гаран авч явчихаад авчирч өгсөн чинь асахгүй байсан асуудлыг цагдаад өгсөн юм. 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө ...над руу яриад 200,000 төгрөг аваад гомдолгүй гэсэн бичиг хийгээд өгөөч гэсэн тул 5 шарын буудал дээр уулзахад ...байгаа нь 100,000 төгрөг байна үүнийг аваад гомдолгүй гэсэн бичиг хийгээд өгөөч гэсэн чинь ээж тийм юм байхгүй гэж намайг загнаад байхаар нь би хөдлөөд явсан. Тэгтэл Номин дэлгүүрийн зүүн талд явж байсан чинь нөгөө хэд урдуур шахаж зогсоогоод ...эхнэрийнхээ хамт бууж ирээд эхнэр нь шууд хаалга онгойлгож жолооны хүрдэн дээр хэл амаар доромжилж үсдээд авахаар нь би өөдөөс нь хоёр гараараа самардаж, нэг удаа өшиглөсөн ингээд зууралдаад байж байхад ягаан куртиктэй ...гийн эгч, манай ээж нар салгасан. Миний биед учирсан тархи доргилт гэмтлийг ... үсдэж, толгой руу цохиж учруулсан. Би өөдөөс нь самардаж өшиглөхөд ...ийн биед учирсан гэмтлүүдийг учруулсан байх. ...” гэх мэдүүлэг /хх 31 х/,

2.Шүүгдэгч Х....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би мөнгө авчихаад бичгээ хийж өгсөнгүй гэж уур хүрээд хойноос нь очиж машинаараа шахаж зогсоогоод нөхөр бид хоёр бууж очоод ...ийг бичгээ хийгээд өг эсхүл мөнгөө авая гэсэн чинь өгөхгүй гэснээс болж бид хоёр маргалдаж байгаад над руу жийхээр нь уур хүрээд үсдээд толгой руу нь цохисон чинь өөдөөс самардсан ингээд бид хоёр харилцан зодолдож байхад манай эгч нөхөр, ...ийн ээж нар салгаж бид нар машиндаа суугаад явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх 67-70 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 3.Гэрч Т....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... машинаар шахаж зогсоогоод ...гийн эхнэр нь бууж ирээд ...ийг жолооны хүрдэн дээр нь үсдэж дараад, толгой руу нь цохиод байсан. Хамт явсан ...түүний эгч гэх эмэгтэй хоёр хажуугаар нь орж ирээд нийлээд зууралдаад байсан тэр гурав нийлж ...ийг зодсон эсэхийг мэдэхгүй байна бүгдээрээ зууралдаад байсан. Ямар ч байсан эхлээд ...ийг ...н эхнэр нь зодсон, манай охин өөдөөс нь хөдөлж чадаагүй үсдэж даруулаад зодуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 44 х /,

            4.Гэрч Т....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... араас нь очиж шахаж зогсоогоод ... тэр эмэгтэйтэй уулзсан чинь машинаасаа буухгүй жолооны хүрдэн дээр ...ийг үсдэж жийгээд, тэр хоёр харилцан үсдэлцэж зодолдохоор нь бид нар очиж салгасан. Тэр үед ...ийн хүзүү хацрыг нь самардсан байсан. Тэгээд ... машиных нь түлхүүрийг булааж аваад цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх 42 х /,

           5.Гэрч Т....н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ... гэх эмэгтэйтэй 2017-2018 оны хооронд уулзаж гэр орноор нь орж гардаг байсан. 2017 онд ...ийн машиныг зарна гэж авч яваад 2 жилийн дараа буцааж бүрэн бүтэн өгсөн юм. Тэгтэл машины эд анги эвдэрсэн байна 400,000 төгрөг өг гэж нэхсэн. 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө ... залгаад мөнгө нэхсэн тэгэхээр нь 100,000 төгрөг байна гэсэн чинь авая тэгээд гомдолгүй гэсэн бичиг хийж өгье гэсэн. Тэгээд 5 шарын Сод Монгол шатахуун түгээх станцын орчим уулзаад би мөнгө өгчихөөд гомдолгүй гэсэн бичгээ хийгээд өгчих гэсэн чинь ээж нь дундуур орж ирээд авсаныхаа дараа бичиг хийж өгнө гэж уурлаад мөнгө авчихаад машинаа асаагаад явсан. Тэгээд манай эхнэр машинтайгаа араас нь очиж шахаж зогсоогоод ...тэй очиж уулзсан. Тэгээд би машины толинд харсан чинь машины хүрдэн дээр ..., эхнэр ... хоёр харилцан үсдэлцээд зодолдож байсан тэгэхээр нь эгч бид хоёр салгасан чинь манай эхнэр машиных нь түлхүүрийг аваад цагдаа дуудна гээд явсан. Тэгээд цагдаад өргөдөл гаргаж өгөөд явцгаасан. Тэр хүнээс өгсөн 100,000 төгрөгөө авч чадаагүй явцгаасан. ...” гэх мэдүүлэг /хх 41 х /,

6.Шинжээчийн 5923 тоот дүгнэлт

1.Б....ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 33 х/,

7.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 52 х/

8.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх 53-56 х/

 9.Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон актын хуулбар /хх 87х/

 10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 62 х/ зэрэг болно.

Хохирогч Б....т шүүх хуралдааны товыг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 80128740 дугаарын утсаар нь мэдэгдэхэд шүүх хуралд оролцоно, “1 сая гаран төгрөгийн баримт байгаа авч очино” гэж мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2, 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлд хамаарахгүй тул хохирогчийг оролцуулалгүй шүүх хуралдааныг хийсэн болно.

Гэрч Т....гийн “... манай охин өөдөөс нь хөдөлж чадаагүй үсдэж даруулаад зодуулсан ..” гэх мэдүүлэг /хх 44 х / нь: хохирогч Б....ийн “... би өөдөөс нь хоёр гараараа самардаж, нэг удаа өшиглөсөн ...”, гэрч Т....ийн “...... тэр эмэгтэйтэй уулзсан чинь машинаасаа буухгүй жолооны хүрдэн дээр Номинцэцгийг үсдэж жийгээд, тэр хоёр харилцан үсдэлцэж зодолдохоор нь бид нар очиж салгасан. Тэр үед ...ийн хүзүү хацрыг нь самардсан байсан. ...” /хх 42 х /, гэрч Т....н “......, эхнэр ... хоёр харилцан үсдэлцээд зодолдож байсан тэгэхээр нь эгч бид хоёр салгасан чинь манай эхнэр машиных нь түлхүүрийг аваад цагдаа дуудна гээд явсан. ...” /хх 41 х / гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байгаа тул шүүх Т....гийн дээрх мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар тооцож үнэлээгүй болно.

Шүүгдэгч Х.... 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б....тэй “Машин засварын 100,000 төгрөг авчихаад гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөнгүй зугтаалаа” гэх асуудлаас болж муудалцан харилцан зодолдох явцдаа үсдэж зулгаан толгой хэсэг рүү нь цохиж тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Хохирогч Б....ийн “...эхнэр нь шууд хаалга онгойлгож жолооны хүрдэн дээр хэл амаар доромжилж үсдээд авахаар нь би өөдөөс нь хоёр гараараа самардаж, нэг удаа өшиглөсөн ингээд зууралдаад байж байхад ягаан куртиктэй ...гийн эгч, манай ээж нар салгасан. Миний биед учирсан тархи доргилт гэмтлийг ... үсдэж, толгой руу цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 31 х/,

Шүүгдэгч Х....ийн “... 100,000 төгрөг авчихаад гомдолгүй гэсэн бичиг өгөлгүй зугтаад явахаар нь араас очоод над руу жийхээр нь уур хүрээд үсдээд толгой руу нь цохисон чинь өөдөөс самардсан ингээд бид хоёр харилцан зодолдож байхад манай эгч нөхөр, ...ийн ээж нар салгаж бид нар машиндаа суугаад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 67-70 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Т....ийн “...... тэр эмэгтэйтэй уулзсан чинь машинаасаа буухгүй жолооны хүрдэн дээр Номинцэцгийг үсдэж жийгээд, тэр хоёр харилцан үсдэлцэж зодолдохоор нь бид нар очиж салгасан. Тэр үед ...ийн хүзүү хацрыг нь самардсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 42 х /,

Гэрч Т....н “......, эхнэр ... хоёр харилцан үсдэлцээд зодолдож байсан тэгэхээр нь эгч бид хоёр салгасан чинь манай эхнэр машиных нь түлхүүрийг аваад цагдаа дуудна гээд явсан. ...” гэх мэдүүлэг /хх 41 х /,

Шинжээчийн 5923 тоот дүгнэлт

   1.Б....ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

   2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

   3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 33 х/ зэрэг яллах талын нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг бүрэн нотлон тогтоосон байна гэж үзсэн.

Шүүгдэгч Х.... нь хохирогч Б....ийн биед тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч Х.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Х....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирогч Б.... баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь хохирогчийн “надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй” гэх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 31 х/-ээр тогтоогдсон тул энэ шүүх хурлаар хэлэлцэх хохирол төлбөргүй, хохирогч зардлын баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Улсын яллагч: Х....т 600 нэгжтэй тэнцэх 600,000 төгрөгөөр торгох  ял оногдуулж, 04 сарын хугацаанд төлүүлэх саналыг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн тул 450 нэгжтэй тэнцэх торгуулийн ял оногдуулж өгнө үү? гэсэн.

Х.... нь уг гэмт хэргийг үйлдэхээр урьдаас төлөвлөсөн шинж байдал тогтоогдоогүй, тухайн агшинд хохирогч нь гомдолгүй гэсэн бичиг хийж өгөөгүй асуудлаас болж муудалцсан, мөн хохирогчийн зүгээс харилцан үсдэж зодолдсон, өшиглөсөн, маажсан асуудлууд хохирогч, шүүгдэгч болон гэрчүүд болох Т...., Т....нарын мэдүүлгээр тогтоогдсон тул дээрх нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, группэд байдаг, бусдад учруулсан хор уршиг их биш зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 450 нэгжтэй тэнцэх торгуулийн ял оногдуулж уг торгуулийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд нь тохирно гэж шүүх шийдвэрлэсэн.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чоног овогт ...ын ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х....ийг 450 нэгжтэй тэнцэх 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Х....т үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х....т мэдэгдсүгэй.

 5.Х....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч эмчилгээний зардлын баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ