Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1350

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2016/01574/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сумын ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** дүгээр байрны ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт*******ын *******гийн

*******ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэдээ:

Миний бие Б.******* нь нөхөр *******ын хамтын эзэмшлийн арктай 1 өрөө байрыг 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сарын түрээс 250.000 төгрөг, ус, дулаан, цахилгааны төлбөрийг тухай бүр нь түрээслэгч төлж байхаар орон сууцны түрээсийн гэрээг түрээслэгч ******* Улаанбаатарт, түүний эхнэр ******* нь хөдөө ажиллаж байсан тул төрсөн охин *******тэй бичгээр гэрээ хийсэн. *******ын гэр бүлээс удаа дараа түрээслэсэн байрны төлбөрүүдийг төлөхийг шаардсан боловч элдэв шалтаг тоочин үүргээ биелүүлэхгүй байсан тул түрээсийн гэрээг цуцалж 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байрнаас гаргасан. Түрээсийн үлдэгдэл 200.000 төгрөг, усны төлбөр 149.781, дулааны төлбөр 219.054 төгрөг, нийт 568.835 төгрөгийн өртэй байгаа. Түрээслэгч энэхүү айл нь тогтсон орон байргүй, түрээсийн байраар дамжин ажилладаг. Нөхөр ******* нь Улаанбаатар хотод барилгын ажил хийдэг, эхнэр *******, түүний охин Ижилцэцэг нь Дархан-Уул аймгийн Олон улсын худалдааны төвийн 2073 тоот барааны лангуунд ээлжээр суудаг. *******ын гэр бүл одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                      

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтэд түүнийг эрэн сурвалжлуулах гэж байгаа үндэслэлээ тодорхой заах буюу ...түүний овог, нэр, хаана, ямар газарт хэзээ оршин сууж байсан, иргэний эрх зүйн маргаанд ямар учраас хариуцагчаар оролцвол зохих болсон зэргийг тусгана.

Хүсэлт гаргагч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... түрээсийн гэрээнд аав *******, ээж ******* нар нь байхгүй байсан тул насанд хүрээгүй охин *******ийг гарын үсэг зуруулсан тул *******ийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байна гэж тайлбарлаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Иргэний эрх зүйн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно” гэж зааснаар иргэний эрх зүйн чадамжгүй этгээдтэй хийсэн гэрээний дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохгүй этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  155 дугаар зүйлийн 155.3, 155.4-д зааснаар  *******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.АЛТАНТУЯА