| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2020/0017/Э |
| Дугаар | 0116 |
| Огноо | 2020-01-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 0116
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С...барам,
Улсын яллагч М.Амарзаяа,
Хохирогч Б.,
Шүүгдэгч А.,
Шүүгдэгч О., тэдний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгансайхан овогт ...ийн , Баянтүмэн овогт ...ын нарт холбогдох 1908058581760 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа улирлын чанартай барилгын туслахын ажил эрхэлдэг, ам бүл 6, ээж, 4 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын ...тоотод оршин суух, урьд
1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан, Булгансайхан овогт ...ийн /РД:.../.
Монгол улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа улирлын чанартай барилгын туслахын ажил эрхэлдэг, ам бүл 2, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо ...тоотод оршин суух, урьд
2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүжл, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянтүмэн овогт ...ын /РД..../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч О. А. нар бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын ...тоот хашаанд ажил хийж байх хугацаандаа 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Б.ийн эзэмшлийн гагнуурын аппарат, цемент зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 388,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би төрсөн дүү ...ын Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын ...тоот хашаанд гэр бариад хувиараа евро хашааны бэлдэц хийж байгаа бөгөөд өөрийн танил ..., гэх хүмүүсийг тухайн гэрт байрлуулж ажиллуулж байсан. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гадуур ажилтай байсан учраас 13 цагийн үед ..., хоёрыг үлдээгээд явчихаад орой 20 цагийн үед ирэхэд тэр хоёр гэрт байхгүй байхаар нь шууд унтаад өгсөн. Маргааш өглөө сэрэхэд тэр хоёр ирээгүй байсан ба гэрийн баруун талд байсан ногоон өнгийн “нвет” гэсэн бичигтэй 220 вольтын гагнуурын аппарат байхгүй байсан. Гэрээс гараад бусад юмаа шалгатал 4 уут цемент байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 10 х/,
2.Хохирогч Б.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Шүүгдэгч нар миний барьж өгсөн гэрт байрлаж барилгын ажил хйиж байхдаа хашаа болон гэрт байсан эд зүйлсийг хулгайлж 388,000 төгрөгийн хохирол учруулсан.Шүүгдэгч нарт нийт 300,000 төгрөгийн цалин өгөх ёстой бөгөөд үүнийг тэдгээрийн учруулсан 388,000 төгрөгийн хохирлоос хасч үлдсэн 88,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулж өгнө үү? ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Шүүгдэгч А.ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын эхээр өөрийн танил болох ... гэх хүнээр зуучлуулаад той уулзаад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүнсалааны Улаан дэлгүүрийн орчим евро хашааны ажил хийхээр тохироод тэнд барьсан гэрт найз ы хамт байрлаж ажиллахаар болсон. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн үед ийг гараад явсан хойгуур архи уумаар санагдаад байхаар нь бид хоёр ярилцаад гадаа хураалттай байсан цементээс зараад архи ууя гэж тохирсон. Тэгээд такси авч ирээд 4 шуудай цемент болон гагнуурын аппаратыг нь ачаад Баянхошууны тойргийн замын цагдаагийн постны хойно байрлах барилгын материалын дэлгүүрт 4 шуудай цементийг нийтэд нь 10.000 төгрөгөөр зараад таксинд 2.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгөөр нь 1 шил Их Монгол нэртэй архи аваад манай гэрт очиж уугаад унтаж амарсан. Маргааш өглөө нь 09 цагийн үед сэрэхэд гагнуурын аппаратыг аваад явсан байсан. ... цалинд авах ёстой 200,000 төгрөгийг бидний төлбөрөөс суутгуулж тооцох саналтай байна, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй” гэх мэдүүлэг /хх 49 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
4.Шүүгдэгч О.ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын эхээр найз “Зүүнсалаанд хашаа барих ажил хийх үү” гэхээр нь “тэгье” гээд Зүүнсалааны Улаан дэлгүүрийн тэнд гэх хүний гэрт байрлаж хашаа барих ажил хийсэн. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн орчим гадуур ажилтай гээд гараад явсны дараа бид хоёр ийн цементийг зарж архи уухаар болоод би зам дээрээс такси бариад 4 шуудай цементийг ачсан чинь гагнуурын аппаратыг нь ачсан. Тэгээд Тойрог ороод барилгын материалын дэлгүүрийн худалдагч эмэгтэйд 4 шуудай цементээ 10,000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө архи аваад ийн гэрт очиж уугаад унтсан. Маргааш өглөө нь 08 цагийн үед сэрэхэд унтаж байхаар нь би гагнуурын аппаратыг гудамжинд танихгүй хүнд 50,000 төгрөгөөр зараад архи уугаад явж байгаад той таарахад “бид хоёрын хулгай хийсэн асуудлыг цагдаа нар мэдчихсэн байна” гэж хэлсэн. Тухайн үед архи уух гээд хулгай хийсэн. ... цалинд авах ёстой 100,000 төгрөгийг бидний төлбөрөөс суутгуулж тооцох саналтай байна, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй” гэх мэдүүлэг /хх 55 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
5.Гэрч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын эхээр манай ах манай хашаанд буюу Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 17 дугаар гудамжны 1 тоот хашаанд евро хашаа буюу бетонон хашааны бэлдэц хийж байсан юм. Хашаа хийхдээ 2 хүнийг барьсан гэрт байрлуулаад 10 хоног ажиллуулсан. Тэгээд намайг болон манай ахыг эзгүй хойгуур хашаанд байсан хоёр хүн ахын гагнуурын аппарат, 4 шуудай цементийг аваад явсан байсан гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 33 х/,
6.Гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үдээс хойш, цагийг нь санахгүй байна. Бараандуу хувцастай, уруулын дээрээ сахалтай, 35-40 орчим насны нэг залуу орж ирээд “4 шуудай цемент хямдхан авчих” гээд гуйгаад байхаар нь би “хулгайн юм зарах гэж байгаа юм биш биздээ” гэхэд “ажил дээрээс илүү гарчихаад байна” гээд байхаар нь 4 шуудай цементийг 10,000 төгрөгөөр худалдаж авсан. ...” гэх мэдүүлэг /хх 25 х/,
7.Гэрч А....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ах эхнэр хүүхэдгүй. Ээжийн гэрээр амьдарч байгаа. Ах ааш зангийн хувьд даруухан дуу цөөтэй, архи уухаараа бага зэрэг агсам зантай. Архийг найз нөхөдтэйгээ уудаг, ээжийн хажууд ээжээс айгаад гэрээрээ архи уугаад байдаггүй. Манай ах спортлог талдаа сагсан бөмбөг, гар бөмбөг сайн тоглодог. ...” гэх мэдүүлэг /хх 21 х/,
8.Гэрч О....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... миний хамгийн бага дүү. Манай дүү их дуу цөөтэй, даруухан зантай, архи уухаараа ямар нэг гаж буруу ааш зан байхгүй, мөрөөрөө л байдаг. ...” гэх мэдүүлэг /хх 23 х/,
9.Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “гагнуурын аппарат 350,000 т, 4 шуудай цемент 38,000 т”, нийт 388,000 төгрөг /хх 28 х/
10.А.ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 56 х/
11.О.ы оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 57 х/
12.А.ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 58 х/
13.А.ийн шийтгэх тогтоолын хуулбар /хх 61 х/
14.О.ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 62 х/
15.О.ы шийтгэх тогтоолын хуулбар /хх 65-66 х/
16.А.Дамдинсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 69 х/
17.О.ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 72 х/ зэрэг болно.
Шүүгдэгч О. А. нар бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын ...тоот хашаанд баригдсан гэрт байрлаж ажиллах хугацаандаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 20 цагийн орчимд иргэн Б.ийн эзэмшлийн гагнуурын аппарат, гадаа хашаанд байсан 4 шуудай цемент зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 388,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.ийн “...тэр хоёр ирээгүй байсан ба гэрийн баруун талд байсан ногоон өнгийн “нвет” гэсэн бичигтэй 220 вольтын гагнуурын аппарат байхгүй байсан. Гэрээс гараад бусад юмаа шалгатал 4 уут цемент байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 10 х/,
Шүүгдэгч А.ийн “... барилгын материалын дэлгүүрт 4 шуудай цементийг нийтэд нь 10,000 төгрөгөөр зараад таксинд 2,000 төгрөг өгөөд үлдсэн мөнгөөр нь 1 шил Их Монгол нэртэй архи аваад манай гэрт очиж уугаад унтаж амарсан. Маргааш өглөө нь 09 цагийн үед сэрэхэд гагнуурын аппаратыг аваад явсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 49 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч О.ы “...ийн цементийг зарж архи уухаар болоод би зам дээрээс такси бариад 4 шуудай цементийг ачсан чинь гагнуурын аппаратыг нь ачсан. Тэгээд Тойрог ороод барилгын материалын дэлгүүрийн худалдагч эмэгтэйд 4 шуудай цементээ 10,000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө архи аваад ийн гэрт очиж уугаад унтсан. Маргааш өглөө нь 08 цагийн үед сэрэхэд унтаж байхаар нь би гагнуурын аппаратыг гудамжинд танихгүй хүнд 50,000 төгрөгөөр зараад архи уугаад явж байгаад той таарахад “бид хоёрын хулгай хийсэн асуудлыг цагдаа нар мэдчихсэн байна” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 55 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Б....ын “... намайг болон манай ахыг эзгүй хойгуур хашаанд байсан хоёр хүн ахын гагнуурын аппарат, 4 шуудай цементийг аваад явсан байсан гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 33 х/,
Гэрч Б....гийн “... Бараандуу хувцастай, сахалтай, 35-40 орчим насны нэг залуу орж ирээд “4 шуудай цемент хямдхан авчих” гээд гуйгаад байхаар нь би “хулгайн юм зарах гэж байгаа юм биш биздээ” гэхэд “ажил дээрээс илүү гарчихаад байна” гээд байхаар нь 4 шуудай цементийг 10,000 төгрөгөөр худалдаж авсан. ...” гэх мэдүүлэг /хх 25 х/,
Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “гагнуурын аппарат 350,000 т, 4 шуудай цемент 38,000 т”, нийт 388,000 төгрөг /хх 42 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн.
Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой бөгөөд Б.ийн эзэмшлийн гагнуурын аппарат, цемент зэргийг авсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.
А., О. нар нь иргэн Б.ийн эзэмшлийн гагнуурын аппарат, цемент зэргийг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч 388,000 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хууль тогтоогчийн тайлбараар “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. ...” гэж заасан.
“бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс бага хэмжээг.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3.
Шүүгдэгч нарын хулгайлсан эд зүйлийн үнэлгээ /хх 28 х/ 388,000 төгрөгөөр тогтоогдсон нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрч байгаа.
Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар шүүгдэгч А., О. нар бусдын эзэмшлийн гагнуурын аппарат, цемент зэргийг хулгайлан авсан өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А., О. нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.
Хохирогч Б.-д учирсан шууд хохирол 388,000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогчоос шүүгдэгч нарт өгөөгүй байсан цалингийн нийт 300,000 төгрөгийг суутгаж тооцоод үлдэгдэл 88,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж өгнө үү? гэсэн баримтыг бичгээр гаргаж өгсөн тул шүүгдэгч нарын хохирлын дүнгээс 300,000 төгрөгийг төлсөнд тооцож, үлдэгдэл 88,000 төгрөгийг тэдгээрээс тэнцүү хувааж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Улсын яллагчаас: А.ид 07 сарын, О.д 07 сарын хорих ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Шүүгдэгч нар гэм буруу дээр маргаагүй, хохирлыг төлөхийг зөвшөөрч байгаа тул улсын яллагчийн санал болгосон хорих ялыг тэнсэж өгнө үү? гэх саналыг гаргасан.
Шүүгдэгч А., О. нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нар хувийн байдлын хувьд урьд 1 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол их биш, үлдэгдэл хохирлоо төлөхийг зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тэднийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзээд тус бүрт нь 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн барагдуулаагүй, төлөхийг зөвшөөрч байгаа хэдий ч түүнийг давхар нотлох баримтгүй тул тэдгээрт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй тул өмгөөлөгчийн гаргасан ялын саналыг хүлээн авах боломжгүй.
Шүүгдэгч А., О. нар шүүхийн шатанд 18 хоног урьдчилан цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар 144 /18 хоног х 08 цаг/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тэдгээрт оногдуулсан ялаас хасаж биечлэн эдлэх ялын хэмжээг 576 /720оногдуулсан ял-144цагдан хоригдсон хоногтой дүйцэх ял=576биечлэн эдлэх ял/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол А., О. нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.3 дугаар зүйлийн 1, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Булгансайхан овогт ...ийн , Баянтүмэн овогт ...ын нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.ийг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, О.ыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.ийн биечлэн эдлэх ялыг 576 /720оногдуулсан ял-144цагдан хоригдсон хоногтой дүйцэх ял=576биечлэн эдлэх ял/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, О.ы /720оногдуулсан ял-144цагдан хоригдсон хоногтой дүйцэх ял=576биечлэн эдлэх ял/ биечлэн эдлэх ялыг 576 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А., О. нарт мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар А.оос 44,000 төгрөг, О.аас 44,000 төгрөг тус тус гаргуулж Баянзүрх дүүргийн 16-р хороо 11б-3 тоотод оршин суух, МИ84770417 регистрийн дугаартай Б.-д олгосугай
6.А., О. нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А., О. нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож тэдгээрт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ