Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 1479

 

   Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 135/2016/01553/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дүгээр баг, *** дүгээр хороолол, *** дүгээр байрны *** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, албан тушаалын цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Д.******* миний бие 2013 оноос Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар хуулийн дагуу томилогдон ажиллаж байсан. Тус сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг даган мөрдөн ажиллаж сургуулийн үйл ажиллагааг хэвийн түвшинд удирдан зохион байгуулж ирсэн. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга******* 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай Ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргаж тушаалын хууль зүйн үндэслэл, ажлаас чөлөөлж буй шалтгаан зэргийг тайлбарлаж танилцуулахгүйгээр 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажлыг минь хүлээцүүлсэн. Миний бие ******* дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөөгүй боловч төрийн ажил тасралтгүй үргэлжлэх зарчим, хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа зэрэг цаг үеийн асуудлуудыг хүндэтгэн үзэж ажлаа хүлээлгэж өгсөн.

Ажлаас чөлөөлөх тухай ******* дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, хувийн ашиг сонирхлоо илэрхийлсэн, дур зоргын шинжтэй илт хүчин төгөлдөр бус захирамж болох нь тус захирамжийг үндэслэх хэсэгт дурдагдсан хууль, хуулийн заалтуудаас харагдаж байгаа болно.

Учир нь тус захирамжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл 38.1.2-т ажил олгогч санаачилсан гэх заалтыг баримтлан гаргасан байх боловч ажил олгогч өөрөө санаачилж хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тус хуулийн яг ямар зүйл заалт ямар үндэслэл тогтоогдсон гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан болох нь тодорхойгүй хууль зүйн үндэслэлгүй захирамж гаргасан байна. Ийнхүү аймгийн Засаг дарга хүнд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл гаргаж хичээлийн шинэ жилийн нээлтийн өмнөх өдөр боловсролын салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгчүүд бөөнөөр нь хууль зүйн үндэслэлгүй захирамж гаргаж ажлаас нь чөлөөлж дур зоргоор авирлаж байгаад гомдолтой байна.

Иймд хууль бус захирамж гаргаж нэхэмжлэгч Д.******* миний Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдаж, Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаажсан миний хөдөлмөрлөх эрхийг минь ноцтой зөрчсөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Дархан сумын 1 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, албан тушаалын цалингийн зөрүү, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.

Зохигчид шүүх хуралдаанд дээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Д.*******гийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, албан тушаалын цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар дараах байдлаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав.

Үүнд:

- Нэхэмжлэгч Д.******* нь Дархан сумын 9 дүгээр сургуулийн сургалтын менежер албан тушаалд томилсон Дархан сумын 9 дүгээр сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/57 дугаар тушаалыг хэвээр үлдээж, уг албан тушаалд үргэлжлүүлэн ажлуулна.

- Ажилгүй байсан хугацааны цалин болох 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 02-ны өдрийн цалин, өмнөх ажиллаж байсан 1 дүгээр сургуулийн захирлын албан тушаал болон 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажиллаж байгаа 9 дүгээр сургуулийн сургалтын менежерийн албан тушаалын цалингийн зөрүү, өмгөөллийн хөлс нийт 1.164.216 төгрөгийг хариуцагч тал Д.*******д олгоно

- Энэхүү гэрээний 2 дугаар заалтын 1.164.216 төгрөгийг хариуцагч тал 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор оны эцсийн цалингийн сангийн үлдэгдлээс болон 2017 оны төсөвт суулгаж тус оны 1 дүгээр улиралд багтааж Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр сургуулийн төсвөөс гаргаж нэхэмжлэгчид олгоно

- Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэл цалингийн зөрүүгээс тооцож төлнө гэж харилцан тохиролцов гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.*******гийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, албан тушаалын цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар Д.*******гийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 32.491 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.АЛТАНТУЯА