| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/0400/Э |
| Дугаар | 457 |
| Огноо | 2020-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 457
2020 03 19 2020/ШЦТ/457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Д.Уянга,
Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ат холбогдох эрүүгийн 1906 06686 0383 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М.А.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.А 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояал” караокены гадна иргэн М.Баяржавхланг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 06686 0383 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч М.А нь иргэн М.Баяржавхлангийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч М.Баяржавхлангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэцгэн буузны караокед найз Мөнхбатын хамт орж үйлчлүүлсэн юм. Тухайн үед Мөнхбат бид хоёр тэр караокед ажилладаг зүс таних Алтанхүү дээр очиж уулзаад өрөөнд орж дуулж суусан юм. Тэгээд Мөнхбат бид хоёр 4 шил пиво захиалж уугаад дуулж суусан. Шөнө 04 цаг болж байхад караоке хаах гэж байсан. Тэгээд Мөнхбат бид хоёр тооцооны хуудсаа авчихаад гарч тамхи татчихаад эргээд орсон чинь тус караокены үл таних зөөгч залуу Мөнхбат руу уурласан байдалтай харьцаад байсан. Тэгж байснаа тэр зөөгч нь Мөнхбаттай заамдалцаж аваад маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгах гээд байж байтал тэр караокег түрээслэдэг гэх залуу гаднаас орж ирээд юу юугүй шууд Мөнхбатыг толгойн тус газарт нь гараараа цохиж авсан. Тэгээд би тэр хоёрыг Мөнхбатаас салгаж аваад хоорондоо ярилцсан. Тэр караокены эзэн гэх залуу нь урьд нь надад 40.000 төгрөгийн өртэй байсан болохоор би мөнгийг нь өгмөөргүй санагдаад тэр өрнөөсөө суутгаад ав гэж хэлсэн. Тухайн үед Мөнхбат бид хоёр таньдаг найзаараа дамжуулж цагийн мөнгө төлөхгүйгээр орсон байсан. Тэгсэн чинь эзэн гээд байгаа залуу нь бид хоёрын тооцоо болох 21.000 төгрөг дээр цагийн мөнгөө нэмж бодуулаад урьдын өр 40.000 төгрөгнөөсөө аваад надад 4.000 төгрөг хариулж өгсөн. Тэгээд би хариулж өгсөн мөнгийг аваад гарч байтал бас нэг зөөгч залуу нь шүүрч авлаа гээд хэлж байсан. Тэгээд гадаа гартал араас эзэн гээд байгаа залуу нь гарч ирээд намайг газар унагаад нүүр рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Ингээд миний тархи доргиж өвдөөд, мөн баруун нүд хөхөрсөн байсан гэх мэдүүлэг /хх 8-9/,
Гэрч М.Энхмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө намайг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояал” караокед сууж байсан чинь манай зөөгч Төрөө нь намайг дуудсан. Тэгээд намайг очиход цэцгэн буузны Б1 давхрын караокены гадаа манай нөхөр М.А нь үл таних нэг эрэгтэй хүнтэй муудалцаад байж байсан. Намайг очиход М.А тэр залууг нэг цохичихсон гэж манай зөөгч Төрөө надад хэлсэн. Тэрнээс хэрүүл, зодоон болсон асуудлыг би хараагүй. Тэгээд би М.Аыг дагуулж караоке руу ороод гадуур хувцсаа өмсөөд гараад таксинд суугаад гэртээ харьцгаасан гэх мэдүүлэг /хх 14/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13431 дугаартай:
М.Баяржавхлангийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх 16/,
Шүүгдэгч М.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэцгэн буузны Б1 давхрын “Рояал” гэх караокед эхнэр Энхмандах, найз Шинэбаяр нарын хамт сууж байсан ба тухайн үед Шинэбаяр бид хоёр хэдэн пиво ууж уусан. Манай эхнэр уугаагүй. Тухайн үед манай караокед зүс таних Жавхаа гэх залуу нэг найзтайгаа ирж өрөөнд орж ууж суусан. Жавхаа нь гарахдаа төлбөр тооцоогоо хийхгүй гарах гэж байсан. Тэгэхээр нь би Жавхаад хандаж тооцоогоо хий гэж хэлсэн. Тэгсэн чинь та надад 40.000 төгрөгийн өртэй биз дээ гээд урдаас маргалдаад байсан. Манай эхнэр Энхмандах, зөөгч Төрөө нар Жавхааг хөөж гаргасан. Жавхаа нь гарахдаа хүн авчирч байгаад та нарыг зодуулна гээд гарсан. Тэгээд би муудалцаад гадаа гарч Жавхаатай барилцаж аваад гараараа Жавхаагийн нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Хажуунаас Энхмандах, зөөгч Төрөө нар салгаад намайг дотогшоо оруулсан. Жавхаа нь харин нэг найзтайгаа хамт хүн дуудна, бас цагдаа дуудна гээд үүдэнд үлдсэн. Тухайн шөнө ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх 31/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, дуудлагын лавлагааны хуудас /хх 6/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч М.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 20/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 21/ зэрэг нотлох баримтыг судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч М.Аыг иргэн М.Баяржавхлангийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.А нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч М.Ат ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхжаргалын М.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ