Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 61

 

Е.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Прокурор                                        Д.Энхтуяа

Хохирогч                                         Г.О-

Шүүгдэгч                                         Е.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Л.Цуурай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 208 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн  давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е-ийн Б-т холбогдох эрүүгийн 201709000158 тоот, 166/2017/0199/Э индектэй 2 хавтас хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Е-ийн Б-, регистрийн дугаар **********

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Е.Б- нь 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд иргэн Г.О-, Э.Г- нараас Буяндбадрахын Энхжин гэх цахим хаяг ашиглан хуурч мэхлэх аргаар Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн 5046281469 тоот данс, иргэн С.Аюушжавын эзэмшлийн 5055264500 тоот данс болон бусад байдлаар нийт 24.415.000 төгрөгийг залилан мэхлэж аван их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогджээ

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 208 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б- овогт Е-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эд хөрөнгө шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Е.Б-оос 24.415.000 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 4-93 тоотод оршин суух Цагаан овогт Ганбаатарын О- /ТЗ89092062/-т 14.615.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 4-93 тоотод оршин суух Боржигон овогт Энхтүвшингийн Г- /РД89072718/-т 9.800.000 төгрөгийг тус тус олгож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Б-ыг 1 жил 8 сар /нэг жил найман сар/-ын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Е.Б-т оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-т зааснаар 2009 оны 1 дүгээр сарын 26-нд төрсөн охин Б-ын Эмүжин, 2017 оны 5 дугаар сарын 25-нд төрсөн хүү Б-ын Данзан нарт асран хамгаалагч томилохыг Дархан сумын Засаг даргад үүрэг болгож,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бол тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тус тус зааж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Е.Б- нь Г.О-ээс авсан гэх 14.615.000 төгрөг дотор зээлж авсан цахилгаан бараа шарп маркийн 2 хаалгатай хөргөгч 350.000 төгрөг, 32 инчийн шарп маркийн 250.000 төгрөгийн зурагтын үнэ, нийт 600.000 төгрөгийг гэмт хэргийн хохиролд оруулан тооцсон нь үндэслэл муутай гэж үзнэ. Түүнчлэн Г.О- нь ах Э.Г-таа зуучлан Е.Б-т 9.800.000 төгрөгийг зээлдүүлснийг гэмт үйлдэл гэж үзсэн нь үндэслэл муутай гэж ойлгож байна. Иймд иргэний нэхэмжлэгчээс зээлсэн 9.800.000 төгрөг, бараа зээлж авсан 600.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос хасч тооцуулахыг хүсч байна.

Е.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Миний оролцоо байгаагүй бол энэ хэрэг болохгүй байсан, би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид олон сая төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу” гэжээ.

Гэвч шүүх “Е.Б- нь гэм буруугаа хүлээж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүй гэдэг дүгнэлт хийж, 1 жил 8 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн” нь Е.Б- болон түүний 2 сартай хүүхдийн эрх ашигт дэндүү хохиролтой байна...

Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн гоомой болчимгүй үйлдэл нь нөлөөлсөн гэж үзэхээр байна. Огт таньж мэдэхгүй, уулзаж учраагүй хүнд зөвхөн бичгээр харьцаж, итгэн мөнгө өгч, зээлж байгаа нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн.

Гэвч одоо Е.Б- нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч шийтгэх тогтоол бичигдэж гарах явцад 2.500.000 төгрөгийг бэлнээр төлж, цаашид учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байгаа билээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Е.Б-т оногдуулсан 1 жил 8 сарын хорих ял эдлүүлэхийг хойшлуулж өгнө үү. Е.Б- нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон болохыг анхаарч үзнэ үү” гэжээ.

 

Шүүгдэгч Е.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“Е.Б- миний буруутай үйлдлээс болж Г.О-т 24.415.000 төгрөгийн хохирол учирсан нь үнэн. Би энэ мөнгөнөөс 9.800.000 төгрөгийг ах Э.Г-аас нь буцаан өгөхөөр зээлж авсан. Мөн 600.000 төгрөгт нь Г.О-ээс цахилгаан бараа зээлж авсан болно. Би эдгээр хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна.

Би шүүх хурал дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч шүүх үүнийг үнэлж үзэхгүйгээр хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Учруулсан хохирлоо өөрөө төлөх болно. Нялх үрийг минь бодож оногдуулсан ялыг хошлуулж өгнө үү” гэжээ.

 

Хохирогч Г.О- давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“...25 сая төгрөгнөөс 2.5 сая төгрөгийг хийлээ гээд надад энэ хүний үйлдлүүдийн нотолгооноос харахад цаашид үлдэгдэл 21.915.000 төгрөгийг төлнө гэсэн итгэл үнэмшил төрөхгүй байна. Учир нь гэмт хэрэг бүтэн 2 жилийн турш үргэлжилсэн, ял эдэлж хоригдох хүртэл нэг төгрөг ч төлөгдөөгүй болно. Ийм бодит байдалд итгэх итгэл алга. Энэ хүн хорих ялаас хэлтрээд мөнгө эргүүлэн төлнө гэдэг юу л бол. Хоригдож эхлэсэн учраас мөнгө өгч, итгэл төрүүлэх арга хэрэглэж байна” гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч Э.Г- давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“...Нийт залилан авсан мөнгөн дүнгийн 10 хувь болох 2.500.000 төгрөгийг өгөөд ял шийтгэлийг хойшлуулчихвал маш шударга бус явдал юм. Учир нь энэ хүний яллагдаж эхлэх хүртэл хэлсэн, хийсэн, зохиосон, хийсвэр үйл явдлаас харахад үлдэгдэл 21.915.000 төгрөгийг төлнө гэсэн итгэл үнэмшил төрөхгүй байна...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Е.Б- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 7.300.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, Е.Б-ын 4 сартай бага насны хүүхэд болон 8 настай хүүхэд зэрэг дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Е.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“Би юу хийснээ ойлгож байна, миний буруу, уг гэмт хэргийн ард хэн нэгэн байгаа гэж хэлэхгүй. Би нэг хүнтэй сайхан амьдарна гээд амьдралаа буруугаар эхэлсэн байна. Би дахиж ийм байдал гаргахгүй. Үр хүүхэд хүнд амьдралын бэлэг болж ирдэг. Би эцэг болон 2 хүүхдийнхээ нэрийг дахиж ийм байдлаар гаргахгүй. Би ажилд орох хүсэлтээ өгч ажилдаа орж цалингийн зээл авч хохирлыг төлнө. Миний ажил хэцүү, айл өрхүүдээр явж дулаан бичдэг. Миний оронд орсон хүн ажлаа хийж чадахгүй байна гэсэн, намайг ажилд авна байх” гэв.

Хохирогч Г.О- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Е.Б- гэмт хэрэг үйлдсэн нь үнэн, би хохирсон нь үнэн. Аль болохоор хурдан хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна. Би мөнгөө өгсөн хугацаандаа авах сонирхолтой байна. Мөнгийг би Э.Г-т шилжүүлж өгч байгаа, энэ хүмүүсийг эхлээд хохиролгүй болгож, дараа нь өөрөө хохиролгүй болно. Би өөрөө жаахан хүүхэдтэй учраас Е.Б-ыг заавал ял эдлүүлэх хүсэл алга. Би эхлээд 275.000, 725.000, 1.497.000 төгрөг зэрэг нийлээд 2.500.000 төгрөгийг авсан, дараа нь 1.000.000 төгрөгийг, тэгээд машиныг авсан” гэв.

Прокурор Д.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Хуульд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт ял хойшлуулж болно гэж заасан болохоос заавал ял хойшлуулна гэж заагаагүй. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдааны шатанд хохирлыг төлөх байдлаа илэрхийлээгүй болохоор анхан шатны шүүх ял оногдуулсан. Шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах бүрэн боломжтой” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Е.Б-ыг 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд иргэн Г.О-, Э.Г- нараас Буяндбадрахын Энхжин гэх цахим хаяг ашиглан хуурч мэхлэх аргаар Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн 5046281469 тоот данс, иргэн С.Аюушжавын эзэмшлийн 5055264500 тоот данс болон бусад байдлаар нийт 24.415.000 төгрөгийг залилан мэхлэж аван их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Е.Б-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Е.Б-т оногдуулсан 1 жил 8 сарын хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан хойшлуулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлавал Е.Б- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.О-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 12-13, 199 хуудас/, иргэний нэхэмжлэгч Э.Г-ын мэдүүлэг /1-р хх-ийн 17-20, 202 хуудас/, гэрч Г.Мөнгөнчимэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 21 хуудас/, гэрч Б.Мөнхтулгын мэдүүлэг /1-р хх-ийн 22 хуудас/, гэрч Л.Энхбаатарын мэдүүлэг /1-р хх-ийн 25 хуудас/, гэрч С.Аюушжавын мэдүүлэг /1-р хх-ийн 27 хуудас/,  гэрч Б.Оюунчимэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 203 хуудас/, хохирогч Г.О- болон иргэний нэхэмжлэгч Э.Г-ын данснаас шүүгдэгч Е.Б-, С.Аюушжав нарын данс руу мөнгө шилжсэн, бэлэн мөнгөний машинаар эдгээр данснаас бэлэн мөнгө авсан болохыг нотолсон шүүгдэгч Е.Б-ын эзэмшлийн Хаан банк дахь 5046281469 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 209-215/, Гэрч С.Аюушжавын эзэмшлийн Хаан банк дахь 5055264500 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 69-70 хуудас/, хохирогч Г.О-ийн эзэмшлийн Хаан банк дахь 5045229454 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 218-238 хуудас/, Иргэний нэхэмжлэгч Э.Г-ын эзэмшлийн Хаан банк дахь 5030412457 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 100 хуудас/, Дархан-Уул аймаг дахь Хаан банкны салбарын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №1/183 тоот “АТМ272 нь манай банкны Дархан Их дэлгүүр дотор байрладаг, АТМ174 нь манай банкны 380-д байрлалтай, АТМ175 нь манай банкны үйлчилгээний төвийн гадна байрлалтай, АТМ488 нь Улаанбаатарт байрлалтай АТМ-ууд байна” гэх албан бичиг /1-р хх-ийн 73 хуудас/, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Хаан банкны орлогын мэдүүлгийн хуулбарласан хувь /1-р хх-ийн 201 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, анхан шатны шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга, сэдэлт, гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгч Е.Б-, түүний өмгөөлөгч Л.Цуурай нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Е.Б-, түүний өмгөөлөгч Л.Цуурай нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Шүүгдэгч Е.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьсугай.

         3. Шүүгдэгч Е.Б- хохирол төлбөрт 7.300.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                           ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                           ШҮҮГЧИД                                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                         Б.МАНЛАЙБААТАР