Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 949

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ха*********л овогт Ц ын Ц /РД:*********/, 

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох,

Гуравдагч этгээд: Г***т овогт Р гийн Б . /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: “…Октябрийн районы 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн гуравдагч этгээд Р.Б , Г.Ш  нарын гэрлэлтийг бүртгэсэн 1426 дугаар бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй, 

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Сү*****рын районы 1972 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн нэхэмжлэгч Ц.Ц, Г.Ш  нарын гэрлэлтийг бүртгэсэн 414 дүгээр бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Удаанжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Ц болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.М нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“…Ц ын Ц миний бие иргэн Г ын Ш тай 1972 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Үүнээс хойш бид тусдаа амьдарч байсан ч албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй. Гэтэл миний нөхөртэй гэр бүл байсан гэх Р.Б  гэгч хүн гарч ирээд бидний өмч хөрөнгийг маань булаалцалдах боллоо.

Ер нь бол хэндээ, юугаа өмчлүүлэх нь бидний эрхийн асуудал гэж боддог юм. Монгол Улсад нэг эхнэр нэг нөхөр байдаг хууль үйлчилдэг байтал надтай гэрлэлтээ цуцлуулаагүй байж энэ Б тэй албан ёсоор гэр бүлээ батлуулсан гэхээр итгэж чадахгүй юм. Хууль гэж байдаг бол Р.Б , Г.Ш  нарын гэрлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү” гэв.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Иргэн Ц.Цын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн улсын бүртгэгч Ц.С би томилогдсон. Иргэн Гүн овгийн Г ын Ш , Ха*********л овгийн Ц ын Ц нар нь 1969 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 1972 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хот Сү*****рын районд гэрлэлтийн бүртгэлийн 414 дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Гэрлэлт цуцлалтын бүртгэлийг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан болон архивын санд шүүхэд гарахгүй байна. 

Г.Ш  нь 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Г***т овгийн Р гийн Б тэй дахин гэрлэж, 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хот Октябрийн районы гэрлэлтийн бүртгэлийн 1426 дугаар бүртгүүлсэн байна. Гэрлэлт бүртгүүлэхдээ гэрлэснийг бүртгэх анкетын 6 дугаар асуулгад Г.Ш  нь хэд дэх гэрлэлт болох гэсэн асуултанд анхных, Р.Б  2 дахь гэж бичүүлсэн байна. 

Г.Ш  нь 2 дахь гэрлэлтээ батлуулахдаа өмнөх гэрлэлтээ цуцлуулалгүйгээр батаглаа хийлгэсэн байна. Ц.Ц нь мөн Г.Ш тай гэрлэлтээ батлуулахдаа 2 дахь гэж бичсэн байх бөгөөд иргэн С.Хү******нтай дараа нь гэр бүл болохдоо Г.Ш тай гэрлэсэн гэрлэлтээ цуцлуулаагүй, Г.Ш тай гэрлэхээсээ өмнө хэнтэй гэрлэж байсан талаар баримт огт байхгүй байна.

Тухайн үед Иргэний бүртгэлийн мэдээллийн төв нь иргэний бүртгэлийн Civilreg, Online программ байгаагүй учир иргэний хэлсэн мэдээллээр 2 дахь гэрлэлтийг бүртгэсэн байна. Гэрлэлт бүртгүүлэхэд бүрдүүлсэн баримтыг тухайн дүүргийн бүртгэлийн хэлтэст хадгалагдаж байгаад устгалд орж, гэрлэлт бүртгэлийн журнал нь хадгалагдаж байна” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, өмгөөлөгч Н.Т нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн Ц.Цын нэхэмжлэлтэй гэрлэлтийн бүртгэл хүчингүйд тооцуулах тухай захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан Р.Б  нь Г.Ш тай гэрлэлтээ тухайн үед мөрдөгдөж байсан журмын дагуу зохих ёсоор бүртгүүлж гэр бүл болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хулээн зөвшөөрөх боломжгүй юм.

Г.Ш  Ц.Ц нарын гэрлэлт цуцлагдсан байсан болох нь нэхэмжлэгч 1987 онд С.Хү******н гэдэг хүнтэй гэр бүл болсон тухай бүртгэл хийгдсэнээр батлагдаж байна. Тухайн үеийн иргэний бүртгэл нь тухайн орон нутаг, сум дүүрэгт тус тусдаа бичигдэж бүртгэгддэг байсан боловч улсын нэгдсэн бүртгэлд бүрэн тусгагдаагүй орхигдсон байж болзошгүй бөгөөд бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа одоогийн цахим нэгдсэн сүлжээнд нэгдэхэд ч бүртгэлийг дутуу хийж, орхигдсон байж болзошгүй гэсэн тайлбарыг дүүргийн бүртгэлийн ажилтан бидэнд хэлсэн нь үндэслэлтэй байх гэж үзэж байна.

Гэтэл хариуцагч этгээдийн итгэмжлэгдсэн телөөлөгчөөр оролцож байгаа улсын бүртгэгч Ц.С нь түс шүүхэд гаргасан тайлбартаа Г.Ш  нь 2 дахь гэрлэлтээ батлуулахдаа өмнөх гэрлэлтээ цуцлуулалгүйгээр баталгаа хийлгэсэн байна гэсэн нь хэт хөнгөн дутуу, үндэслэлгүй тайлбар гаргаж байгаа нь харамсалтай.

Иргэний бүртгэлийн нэгдсэн бүртгэл шинэчлэгдэн цахим сүлжээнд шилжсэн, зарим бүртгэл устгалд орсон гэх үйл баримтуүд Г.Ш  Ц.Ц нарын гэрлэлтийг цуцалсан бүртгэл “гарч ирэхгүй” байхад хүргэсэн тул Г.Ш  Р.Б  нарын гэрлэлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцох нотлох баримт ханГ***ттай бус байна. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э шүүхэд гаргасан бие даасан шаардлага, түүний хууль зүйн үндэслэлээ: “...Гуравдагч этгээд Р.Б  нь Г.Ш тай хууль ёсоор гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн атал нэхэмжлэгч энэ гэрлэлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцуулах шаардлага гаргаж, Р.Б ийн хууль ёсны эрх ашгийг ноцтой хөндөж байна. 

Нэхэмжлэгч Ц.Хү******н гэдэг хүнтэй 1987 онд гэр бүл болж бүртгүүлсэн. Нэхэмжлэгч мөн 1967 онд гэр бүл болсон, хоёр дахь гэрлэлт гэж Ш тай 1972 онд гэрлэлтээ бүртгүүлсэн нь хуульд харшилсан бүртгэл байна. 

Иймд эхний гэрлэлтийг цуцлуулаагүй байж Г.Ш тай гэрлэлт 1972 онд бүртгүүлсэн, мөн 1967 онд гэрлэлт бүртгүүлсэн, 1967 онд гэр бүл болсон нь эмэгтэй нэг нөхөртэй байх хуульд харшилсан гэрлэлт болсон байна. 

Г.Ш  нь Ц.Цтой гэрлэсэн талаар нотлох баримтад мэдүүлж бичээгүй нь Ц.Ц Г.Ш  нарын гэрлэлт хууль бус байсан болохыг тодорхойлж байна. Иймд 1972 онд гэрлэлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

          Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр Сү*****рын районы 1972 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн нэхэмжлэгч Ц.Ц, Г.Ш  нарын гэрлэлтийг бүртгэсэн 414 дүгээр бүртгэл болон Октябрийн районы 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн гуравдагч этгээд Р.Б , Г.Ш  нарын гэрлэлтийг бүртгэсэн 1426 дугаар бүртгэлийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

          2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архиваас гаргасан Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч Ц.Ц болон Г.Ш  нарыг 1969 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 1972 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сү*****рын районы гэрлэлт бүртгэх 414 дугаарт бүртгэсэн бүртгэл байхад Г.Ш  нь 1991 онд гэрлэлтээ цуцлуулалгүйгээр дахин өөр хүнтэй батлуулсан байна гэсэн лавлагааг авч, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

          Нэхэмжлэгч Ц.Ц нь иргэн Г.Ш тай 1969 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсноо 1972 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сү*****рын районы гэрлэлтийг бүртгэх 414 дүгээрт бүртгүүлсэн байна.

       Гэвч Ц.Ц нь Г.Ш тай гэр бүл болохоосоо өмнө гэр бүлтэй байсан гэдэг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Улсын бүртгэлийн төв архивийн Иргэний баримтын архиваас ирүүлсэн нэхэмжлэгчийн 1981 оны 3 дугаар сарын 11-ний өдөр бичигдсэн гэх хаягийн лавлагаан дээрх нэхэмжлэгчээр овоглосон 3 хүүхэд болон 1972 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Г.Ш тай гэр бүл болсныг бүртгэсэн маргаан бүхий 414 дүгээр бүртгэлд “2 дахь гэрлэлт” гэж бичсэн зэргээр тус тус тогтоогдож байна.

         Үүний дараа иргэн Са****нгийн Хү******нтай 1967 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болсноо 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бүртгүүлэхдээ анхны гэрлэлт хэмээн мэдүүлж бүртгүүлсэн болох нь хариуцагчаас ирүүлсэн Сү*****рын районы гэрлэлтийг бүртгэх 1070 дугаар анкетаар тогтоогдож байх бөгөөд өмнөх гэрлэлтийг цуцлуулсан талаар баримт байхгүй болох нь хариуцагч байгууллагаас ирүүлсэн баримт, тайлбараар нотлогдож байна.

           Гуравдагч этгээд Р.Б ийн хувьд анх иргэн Ж.Сү*****ртай  1973 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэр бүл болсноо 1977 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сү*****рын районы 1977 оны 943 дугаарт бүртгүүлж улмаар 1982 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр цуцлуулсан байна. Үүний дараа Г.Ш тай 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсноо 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Октябрийн районы гэрлэлтийг бүртгэх 1426 дугаарт бүртгүүлжээ.

          Г.Ш ийн хувьд нэхэмжлэгч Ц.Ц болон гуравдагч этгээд Р.Б  нартай гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлэхдээ мөн анхны гэрлэлт хэмээн мэдүүлж бүртгүүлсний улмаас иргэн Ц.Ц болон Р.Б  нартай бүртгүүлсэн бүртгэлийн алиныг нь хүчин төгөлдөрт тооцох нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэхээр байна.

           Дээрх байдлаас нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч Ц.Ц нь анхны гэрлэлтээ бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй, түүнчлэн энэ талаар баримт Иргэний бүртгэлийн төв архивт байхгүй бөгөөд иргэн Г.Ш  болон иргэн С.Хү******нтай гэрлэлтээ бүртгүүлэхдээ анхны гэрлэлт хэмээн мэдүүлж бүртгүүлснээр өмнөх гэрлэлтүүд хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

          Учир нь Ц.Цын хувьд Г.Ш тай гэр бүл болохоос өмнө өөр иргэнтэй гэр бүл болсноо бүртгүүлсэн эсэхийг захиргааны байгууллага тодруулж, Г.Ш тай гэрлэсэн гэрлэлтийг цуцалсан бүртгэл байгаа эсэхийг нягтлан шалгаж улмаар С.Хү******нтай гэр бүл болсныг бүртгэсэн эсэхийг тодруулах шаардлагатай байна.

          Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гэр бүлийн хуулийн /1973/ 3 дугаар зүйлд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нэгээс илүү нөхөр буюу эхнэртэй байхыг хориглоно”, 4 дүгээр зүйлд “...Гэрлэгсэд, гэр бүлийн бусад гишүүний амины болон эд хөрөнгийн эрхийг улс нийгмийн ашиг сонирхолд нийцүүлэн хамгаалахын тулд гэрлэснээ улсын бүртгэлд заавал бүртгүүлнэ”, 10 дугаар зүйлд “Гэрлэх, түүнийг бүртгүүлэхэд харшлах шалтгаан нь: 1. Гэрлэхийг хүсэгчдийн аль нэгий нь өөр хүнтэй бүртгүүлсэн гэрлэлт хүчинтэй байгаа”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д “...улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагч захиргааны байгууллага хуульд заасан үүргээ биелүүлж, иргэн Ц.Ц нь анхны гэрлэлтээ бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн эсэх, энэ бүртгэл нь цуцлагдсан эсэх, Сү*****рын районы 1972 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн иргэн Ц.Ц, Г.Ш  нарын гэрлэлтийг бүртгэсэн 414 дүгээр бүртгэл болон Октябрийн районы 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн гуравдагч этгээд Р.Б , Г.Ш  нарын гэрлэлтийг бүртгэсэн 1426 дугаар бүртгэлийг аль нь хүчин төгөлдөр эсэх зэргийг тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах шаардлагатай байх тул дээрх иргэдийн гэр бүлийн бүртгэлийг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гэр бүлийн хуулийн /1973/ 3, 4, 10 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Цоос Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Октябрийн районы 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн гуравдагч этгээд Р.Б , Г.Ш  нарын гэрлэлтийг бүртгэсэн 1426 дугаар бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эаас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Сү*****рын районы 1972 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн иргэн Ц.Ц, Г.Ш  нарын гэрлэлтийг бүртгэсэн 414 дүгээр бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагыг тус тус шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Октябрийн районы 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн гуравдагч этгээд Р.Б , Г.Ш  нарын гэрлэлтийг бүртгэсэн 1426 дугаар бүртгэл болон Сү*****рын районы 1972 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн иргэн Ц.Ц, Г.Ш  нарын гэрлэлтийг бүртгэсэн 414 дүгээр бүртгэлийг тус тус хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОДМАА