| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбарамын Энхжаргал |
| Хэргийн индекс | 135/2016/00793/и |
| Дугаар | 3 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 3
Л.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2016/00793/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1467 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Боржигон овогт ******* Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Бүргэд овогт ******* С-
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох
“Шүүлтүүр цаасны үнэ 8.627.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн
2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч Л.Б-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюун-Өлзий нараас:
Ж.С- нь 2014 оны 11 дүгээр сард өөрийн компаниа “Оюу толгой” ХХК-тай байнгын гэрээтэй болгох үүднээс Sepor filter paper буюу шүүлтүүр цаасыг хямд үнээр нийлүүлэхийг надад санал болгосон. Түүний хүсэлтээр 2 удаагийн татан авалтаар нийт 50,000 ширхэг цаас АНУ-ын Sepor Inc компаниас худалдан авсан ба 2 дахь татан авалт хийгдсэний дараа 2015 оны 3 дугаар сард миний төрсөн эгч болох Х.Оюунбаяртай үл ойлголцож, нийлүүлж байсан цаасны үлдэгдэл 7000 ширхэг цаасны мөнгийг өгөхгүй, мэдэхгүй гэж зүтгэж эхэлсэн. Намайг “*******” ХХК-ийг хариуцан ажиллаж байх хугацаанд ”Оюу толгой” ХХК зөвхөн энэ компаниас энэхүү шүүлтүүр цаасыг сард 5000-аас дээш ширхэгийг авч хэрэглэдэг, их хэмжээгээр олон сарын өмнөөс нөөцлөн авдаг байсан. Иймээс “Оюу толгой” ХХК, Голомт банк, дээрх хариуцагчдын захидал харилцааг шалгаж Ж.С-, эсвэл “*******” ХХК-иас миний нэхэмжилж буй 8.627.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч Ж.С- нь манай төрсөн эгчийн нөхөр байсан. Энэ 2-ын харилцаа нь хэвийн байх явцад Ж.С- нь нөхөр бид хоёрт санал тавьж бид хоёр 100% хөрөнгийг нь гаргаад “Ханбогд техник техниологи ХХК-иар дамжуулан цаас нийлүүлж байсан.
2014 оны 5 дугаар сараас Ж.С- гэр бүлийн зөрчилтэй асуудал үүссэн. Тэр асуудлаас болж бидний дунд маргаан гарч Ж.С- нь бидний нийлүүлж байсан цаасыг зогсоогоод бид нарыг хохирооно гэж удаа дараа хэлж мессеж хүртэл бичиж, үлдэгдэл цаасыг борлогдоогүй, надад ямар ч компани байхгүй гэж мөнгийг нь төлөхөө больж, шилжиж ирсэн мөнгөнөөс авч эхэлсэн. Маргааны явцад бид Ж.С-тэй эвлэрч ойлголцох гэж олон явсан боловч эвлэрээгүй. Борлогдоогүй цаас 5500 ширхэг цаас байгаа. 1.575.000 төгрөгийг ямар нэгэн байдлаар бид нар өгөөгүй юм байна. Ж.С-гээс 6.562.000 төгрөг, “*******” ХХК-иас 1.575.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “*******” ХХК-аас:
Нэхэмжлэлд бичигдсэн байгаа 787.000 төгрөгийн тухай Х.Батбаяр нь компанийн данснаас 5 250 000 төгрөг авах ёстой байтал 6 037 000 төгрөг авсан байдаг. Компанийн дансанд 10 дугаар сарын 16-ны өдөр “Оюу толгой” ХХК-иас шилжүүлсэн 10 000 ширхэг цаасны төлбөр болох 10 500 000 төгрөгийн төлбөр орж ирэхэд Х.Батбаярын илүү авсан 787 000 төгрөгийг суутган хасч тооцон 9 713 000 төгрөгийг Х.Батбаярын данс руу бэлнээр шилжүүлсэн. Энэ 787 000 төгрөгийн маргаантай асуудлаар компани ямар ч холбогдолгүй. 2015.10.16-ны өдрөөс хойш “Оюу толгой” ХХК-иас тус компанийн харилцах дансруу шүүлтүүр цаасны төлбөр гэх мөнгөн ороогүй болно. Компани нь Голомт банкнаас өөр бусад банкуудад данс эзэмшдэггүй гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагаас:
Ж.С- нь нэхэмжлэгч Л.Б-тэй ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй, үүрэг хүлээгээгүй учир ямар ч мөнгө төлж, цаас өгөх асуудал байхгүй гэдэг учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөрөөхгүй байгаа гэсэн тайбарыг хэлдэг. Нэхэмжлэгч нь хариуцагч нараа зөв сонгоогүй. “Оюу толгой” ХХК-д цаасаа нийлүүлсэн гэсэн хэрнээ яагаад “Оюу толгой” ХХК-иас нэхэмжлэхгүй байгаа юм бэ?. Мөн нэхэмжлэлийн шаардлага тойдорхойгүй байна. 7000 ширхэг цаасны үнэ нэхээд байгаа юм уу? 5500 ширхэг цаасны үнэ нэхээд байгаа юм уу? 787 000 төгрөг нэхээд байгаа юм уу? хаанаас гараад ирсэн мөнгө гэдэг нь тодорхойгүй, хэзээ хэдэн оны хэдэн сараас хэдэн сар хүртэл хэдэн төгрөгөөр хэдэн ширхэг цаас нийлүүлсэн гэдэг нь тодорхойгүй, цаасны үнийн хувьд 3 төрлийн үнэ байдаг. Ямар гэрээгээр энэ цаасны үнээ тодорхойлоод байгаа, энэ хэрэгт хоёр хариуцагч татсан боловч хэнээс нь хэдэн төгрөг нэхээд байгаа нь тодорхойгүй байна. Ханбогд техник техниологи ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэж байсан С.Мөнх нь нэхэмжлэгч Л.Б-тэй ямар ч тохиолдолд биечилэн уулзаж, ярилцаж, утсаар холбогдож байгаагүй,танихгүй гэдэг. Манай агуулахад хадгалагдаж байсан 7000 ширхэг цаасыг мөнгөн дүнгээр нэхэж байгааг ойлгохгүй байна. Энэ цаас нь бэлэн байгаа цаасаа авахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбар хийдэг. Мөн 2015 оны 9 дүгээр 17-ны өдөр Голомт банкнаас Х.Батбаярын нэрээр бичиж гаргасан мөнгө байгаа. Энэ дээр 5000 ширхэг цаасны үнэ 5 250 000 төгрөгийг авах ёстой байсан боловч 787 000 төгрөгийг илүү нэмж аваад нийт 6 037 000 төгрөгийг авсан байдаг. Яагаад гэхээр “Ханбогд техник техниологи” ХХК-ийн захирал С.Үжин чекийг өгөхдөө мөнгөний тоо бичээгүй, хоосон чекэн дээр гарын үсэг зураад өгсөн байсан. Үүнийг Х.Батбаяр нь ашиглан 787.000 төгрөгийг нэмж авсан гэдэг нь баримт, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байхад энэ мөнгийг Ж.С-гээс нэхэмжлэх эрхгүй, урд нь авсан цаасны үнэ нь баримтуудаар нотлогдож байгаа. Хариуцагч нар нь нэхэмжлэгчид мөнгө өгөх талаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, цаас нь байгаа учир авахад ямар нэгэн асуудалгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1467 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 6.563.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б-д олгож, хариуцагч Ж.С-д холбогдох хэсэг 2.064.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Л.Б-ээс 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 153.310 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 6.563.000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 119.958 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагч "*******" ХХКомпани нь нэхэмжлэгчийн өмнө шүүлтүүр цаасыг борлуулж үнийг нь төлөх, борлогдоогүй цаасны үлдэгдлийг мөнгөөр төлөх талаар үүрэг хүлээсэн хэлцэл, гэрээ хийгдээгүй байхад шүүх зохигчдын хооронд ямар гэрээний харилцаа үүссэн талаар үндэслэх хэсэгтээ ямар нэгэн дүгнэлт хийгээгүй атлаа тогтоох хэсэгт Иргэний хуулийн 410.1, 242.3-т зааснаар зохигчдын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн гэж үзэхээр байна. Хэрэв зохигчдын хооронд зуучлалын гзрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 410.1-д: " Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчийн олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхолын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөор заагаагуй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заажээ. Гэтэл шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж борлогдоогүй буцааж өгөхөд бэлэн байгаа 7000 ширхэг шүүлтүүр цаасыг цаасаар нь гаргуулахын оронд зуучлагч гэж үзсэн хариуцагчаас борлогдоогүй цаасны үнийг мөнгөөр тооцон гаргуулсан нь Иргэний хуулиин 410.1 дэх заалттай нийцэхгүй байна. Нэхэмжлэгч Л.Б- нь АНУ-аас 50.000 ширхэг шүүлтүүр цаас оруулж ирж хариуцагч нарт “Оюу толгой” ХХК-д нийлүүлэхээр өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ цаас Л.Б-ийнх мөн эсэх, 50000 цаас хэнд хэзээ хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдаагүй байдгаас гадна хариуцагч "Ханбогд Техник технологи" ХХКомпани Л.Б-д цаасыг борлуулж өгөх, борлогдоогүй цаасны үнийг мөнгөөр тооцон төлөх талаар ямар нэгэн үүрэг хүлээсэн талаар нотлох баримт байхгүй байхад шүүх "борлогдоогүй цаасыг буцааж өгөхөд бэлэн" гэсэн хариуцагчийн тайлбарыг үл хайхран цаасны үнийг мөнгөөр тооцон гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Харин зохигчдын хооронд даалгаварын гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа болно. Шүүх Иргэний хуулийн 399.1, 399.4, 400.4, 405.1.2 дахь заалтуудыг хэрэглэн даалгавар гүйцэтгэгч 7000 ширхэг шүүлтүүр цаасыг борлуулах даалгавараас татгалзсан хэмжээгээр уг борлогдоогүй 7000 ширхэг цаасыг даалгавар өгөгчид бүцаан өгөх үүргийг хүлээхээр байтал борлогдоогүй цаасыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхийн оронд мөнгөн дүнгээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтанд 7000 ширхэг шүүлтүүр цаасыг хариуцагч “*******” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Л.Б- нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа 2015 оны 9 дүгээр сард “Оюу толгой” ХХК-с шилжүүлсэн мөнгөнөөс суутган авсан 787.000 төгрөг, 7000 ширхэг цаасны үнэ 7.840.000 төгрөг, нийт 8.627.000 төгрөгийг хариуцагч Ж.С-, хариуцагч “*******” ХХК-иас гаргуулах шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг Ж.С-гээс 6.562.000 төгрөг, “Ханбогд техник технологи” ХХК-иас 1.575.000 төгрөг гаргуулахаар өөрчилсөн байна.
Хариуцагч “Ханбогд техник, технологи” ХХКомпанийн нэр, дансыг ашиглан борлуулалт хийж байсан Л.Б-ийнх гэх шүүлтүүр цаас болон бусад барааны төлбөр тооцоог нэхэмжлэгч Л.Б-ийн дүү болох Хоньхүүгийн Батбаяр тухай бүрт нь компанийн данснаас бэлнээр гаргаж авч байсан 5000 ширхэг цаасны үнэ 5.250.000 төгрөг авах ёстой байтал 6.037.000 төгрөг авч 787.000 төгрөгөөр илүү авсныг 10.000 цаасны үнэ 10.500.000 төгрөгийн төлөлт орж ирэхэд нь суутган хасч тооцсон, 2015 оны 10 дугаар сарын 16-наас хойш шүүлтүүр цаасны мөнгө гэж ороогүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж,
Хариуцагч Ж.С- “би Л.Б-ийн цаасыг борлуулах талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй, Л.Б-ийн 7000 ширхэг цаасыг тус компаниас надад хаяглан ирүүлснийг олон удаа хэлсэн цаасыг биетээр өгөхөд бэлэн байна” гэсэн татгалзал тайлбарыг шүүхэд гаргажээ.
Анхан шатны шүүх зохигч Л.Б-, “*******” ХХК-ийн хооронд зуучлалын харилцаа үүссэн гэж дүгнэн хариуцагч “*******” ХХК-иас 6.563.000 төгрөг гаргуулж, Л.Б-, Ж.С- нар зуучлалын гэрээ хийсэн эсэх нь тодорхойгүй, суутгагдсан 787.000 төгрөгийг Ж.С- дангаараа хариуцах эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлээс Ж.С-д холбогдох 2.064.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүх зохигч Ц.Б-, “*******“ ХХК-ийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд хамааралгүй хуулийг хэрэглэсэн, маргааны харилцааг зохицуулсан хуулийг оновчтой хэрэглээгүй учир шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй, Ж.С-д холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон зөв боловч үйл баримтын талаарх дүгнэлт нь буруу байна.
Хэргийн үйл баримтаас үзэхэд Л.Б- “*******” ХХК-н нэр дээр “Оюу толгой” ХХК-д Sepor шүүлтүүр-100ЕА, 070В-007 цаасыг худалдан борлуулдаг, 2014 оны 12 дугаар сарын 28-наас 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 6 удаа, нийт 44500 ширхэг цаасыг, ширхэгийг нь 980-1050 төгрөгөөр худалдаж, 106.657.000 төгрөгийг \”Оюу толгой” ХХК-иас гаргасан баримтаар \ хариуцагчийн данснаас гаргаж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
Хэргийн нөхцөл байдал тогтоогдсон үйл баримтыг судлан үзвэл Л.Б- нь “*******” ХХК-ийн нэрээр “Оюу толгой” компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр өөрийн хөрөнгөөр худалдаж авсан цаасыг заруулж мөнгийг нь хүлээн авч байсан үйл баримт нь Иргэний хуулийн даалгаврын гэрээний шинжийг агуулж байсан боловч, үлдэгдэл 7000 ширхэг цаасны тухайд “*******” ХХК Л.Б-д цаасыг борлуулж өгөх, үүрэг хүлээгээгүй тул цаасны үнийг гаргуулах үндэслэл байхгүй байна.
Л.Б-ийн цаас компанид хадгалагдаж байгаа бодит байдал тогтоогдсон тул цаасыг гаргуулж өгөх нь зүйтэй. Харин шүүхийн шийдвэрийг биелүүлэх үед цаасыг биет байдлаар гаргах боломжгүй болох нөхцөл байдал бий болбол шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд тодорхой байх үүднээс 1 ширхэг цаасны үнийг 1050 төгрөгөөр тооцох нь зүйтэй бөгөөд цаасны үнийн талаар талууд маргаагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Б-ээс нийлүүлсэн цаас нь 50 000 ширхэг үүнээс боруулсан нь 44 500 ширхэг, үлдэгдэл нь 7000 ширхэг нийлбэр нь 51 500 ширхэг гэсэн тооцоо гарч байгаа боловч талууд үлдэгдэл цаас 7000 ширхэг гэдэг дээр маргаагүй байгааг харгалзсан болно.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдсан гомдлын үндэслэлдээ: Ж.С- нь нэхэмжлэгчтэй ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй, үүрэг хүлээгээгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ямар гэрээгээр цаасны үнээ тодорхойлоод байгаа, хоёр хариуцагчийн хэнээс хэдэн төгрөг нэхээд байгаа, 7000 ширхэг цаасыг мөнгөөр нэхэж байгааг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг судалж үзвэл:
Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад Ж.С-д холбогдуулсан шаардлагадаа “бид нарт санаатайгаар дутуу өгсөн 1.575.000 төгрөг байрны зээлийн мөнгө гэж нэмж бичиж авсан, 787.000 төгрөг, нийт 2.362.000 төгрөг өгөөгүй” гэж дурдсан байна.
Ж.С-гээс нэхэмжилсэн 787.000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-иас гаргуулж Л.Б-д олгохоор шийдвэрлэсэн тул түүнийг Ж.С-гээс давхардуулж гаргах боломжгүй, “Оюу толгой” ХХК-ийн ирүүлснээр нийлүүлсэн шүүлтүүрийн тоо, борлогдоогүй үлдсэн шүүлтүүр, Л.Б-ээс нийлүүлсэн шүүлтүүрийн тооны зөрүү 1500 ширхэг түүний үнэ 1.575.000 төгрөгийг Ж.С-гээс нэхэмжилсэн үндэслэлгүй байх тул түүнийг хариуцагч гэж үзэхээргүй байна.
Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын агуулгаас үзэхэд шүүлтүүр цаасыг цаасаар нь өгөх боломжтой үнэ гаргуулсан нь буруу гэсэн гомдол нь үндэслэл бүхий байх тул уг гомдлыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1467 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг,
“Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “******* “ ХХК-иас борлогдоогүй үлдсэн 7000 ширхэг шүүлтүүр цаас гаргаж нэхэмжлэгч Л.Б-д олгож, Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар хариуцагч Ж.С-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтад “..6.563.000 төгрөгт...” гэснийг “7.350.000 төгрөгт” гэж, “...119.958 төгрөг ...” гэснийг “132.550 төгрөг” гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.000 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД С.ОЮУНЦЭЦЭГ
С.ЭНХЖАРГАЛ