Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1389

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2016/01410/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар баг, Зурагтын ***-*** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******гийн *******гийн хүсэлттэй

Төрсөн он тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 1956 оны бичин жилийн намар Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр бригадын нутаг Гозгор хар гэдэг газар төрсөн гэдгийг миний ах *******гийн Батаа, ангийн сурагч Чойжилын Жамбал болон ах дүү нар мэддэг ба гэрчилдэг болно. Би 1956 онд төрөөд 1964 онд 8 настайдаа Малчин сумын бага сургуульд ороод 1971 онд 7 дугаар ангиа төгсөж 1971 ондоо МХЗЭ-гийн илтгээлтээр Малчин сумандаа ээжийнхээ хамтаар малчин болсон юм. Ээж маань өндөр настай байсан тул өөрийн дэргэд байлгаж мал маллуулах хүсэл сонирхлын үүднээс хугацаат цэргийн албанд явуулахгүй гэж 1 насаар хасаж миний насыг 1957 онд төрсөн болгож өөрчилсөн юм. Иймээс миний иргэний үнэмлэх 1957 онд төрсөн гэж байдаг бөгөөд 1956 онд төрсөн гэдгээ баталгаажуулахын тулд Улсын бүртгэлийн ерөнхий газрын архив, Увс аймгийн архивын газраас лавлагаа авахыг хүссэн бөгөөд олдохгүй байгаа. Иймд миний төрсөн оныг үнэн зөвөөр нь тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                              

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* төрсөн он тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

    Хүсэлт гаргагч Д.******* нь 1956 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн нь Хөдөлмөрийн дэвтэр, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 2004 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолт, Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр сургуулийн 50 жилийн ойн нэрэмжит “Насан багийн дурсамж” номын 65 дугаар тал дахь хэсэг, гэрч Н.Зинагийн “...бид 10 жилийн сургуульд 1 дүгээр ангиас 7 дугаар анги хүртэл хамт сурч байсан юм. Би 1956 онд төрсөн, 1964 онд 1 дүгээр ангид Д.*******той хамт элсэж орсон...” гэх мэдүүлэг, гэрч Д.Батаагийн “...Д.******* 1956 оны 10 дугаар сард Гозгор хад гэх газар төрсөн юм. Д.******* миний төрсөн дүү, 1964 онд 1 дүгээр ангид элсэж орсон юм...” гэх мэдүүлэг, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1104 тоот Шинжээчийн “...Д.******* нь 1956 онд төрсөн, одоо 60 настай байх боломжтой...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                     

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******гийн ******* нь 1956 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.АЛТАНТУЯА