| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/0401/Э |
| Дугаар | 459 |
| Огноо | 2020-03-19 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 459
2020 03 19 2020/ШЦТ/459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч А.Ариунаа,
Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгч Ц.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Лд холбогдох эрүүгийн 1906 05121 0401 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц.Л.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Л нь 2019 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 00-01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 2-2044 тоот хашааны гадна байрлуулсан иргэн О.Өлзийбаярын эзэмшлийн “Тоёота приус” маркийн 07-83 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй дураараа авч явсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 05121 0401 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Л нь иргэн О.Өлзийбаярын эзэмшлийн “Тоёота приус” маркийн 07-83 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй дураараа авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:
Хохирогч О.Өлзийбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өөрийн 07-83 УНЧ улсын дугаартай хар өнгийн приус 11 маркийн автомашинаа өөрийн гэрийн хашааны гадна буюу гудамжиндаа 17 цагийн үед байрлуулаад гэртээ унтаад байж байтал 2019 оны 8 дугаар сарын 29-ний 00 цагийн үед манай хүүхэд Ариунбаярыг бие засаж байхад миний машиныг асаагаад аваад явсан байсан. Манай хүү тэр үед эхнэр бид хоёрт бие засчихаад орж ирж хэлээд би шууд гарсан. Намайг гарахад машин байхгүй байсан бөгөөд шууд цагдаа дуудаад хүү бид 2 гэрийн тэр хавиар машинаа хайж үзэхэд байгаагүй. Би машинаа 2015 онд 5.600.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний машин 1998 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд монголд орж ирсэн машин байсан. Урд талын гүпер нь зүүн талдаа хонхойсон урд талдаа бага зэрэг сэвтэй машин байсан. Би машинаа одоо 5.600.000 төгрөг буюу авсан үнээрээ үнэлж байна. Надад сэжиглэж байгаа ямар нэгэн хүн алга.
... Машинаа бүрэн хүлээж авсан, гомдолгүй гэх мэдүүлэг /хх 14-15, 17/,
Гэрч Ө.Ариунбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 00 цагаас 01 цагийн хооронд би гэртээ байж байгаад гадаа гарч бие засах газар ороод сууж байтал манай хашааны гадаа байх аавын машин асах чимээ гараад хартал манай машины гэрэл асчихсан хөдлөөд явж байсан. Тэгэхээр нь би хашаанаасаа гараад хартал манай аавын машин гудамжны ертөнцийн зүгээр зүүн зүгрүү хөдлөөд явж байсан. Би аавын машины араас гүйсэн боловч гүйцээгүй. Ингээд манай аав цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх 19/,
Шүүгдэгч Ц.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн орой 23 цаг өнгөрөөгөөд гэрээсээ буюу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын өвөр 1-1994 тоотоос гарсан. Тэр үед найз эмэгтэй болох Намуунаагийн гэрт очих гэж байсан юм. Тэгээд автобус зогсчихсон, унааны мөнгө байхгүй болохоор манайхаас дээшээ нэг айлын цаад талд байдаг Өлзийбаяр гэх ахын Приус 10 маркийн машиныг хашааных нь гадаа байхаар нь авч явсан. Тэр үед надад тухайн машины илүү түлхүүр нь байсан. Өмнө нь Өлзий ах нэг удаа машинаа бариулж явж байгаад түлхүүрээ авалгүй мартаад явчихсан. Тэгээд эргэж надаас аваагүй болохоор надад явж байсан юм. Тэгээд би машиныг нь унаад Намуунаа дээр очсон. Тэр үед Намуунаа гадуур архи уугаад явж байсан ба бид хоёр 10 дугаар хорооллын тэнд буудалд хоносон. Тэрнээс хойш 2 хоногийн дараа Өлзий ахын машиныг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар буудлын тэнд тавьсан. Тэгээд би гэр рүүгээ яваад өгсөн. ...
... Би Өлзийбаяр гэх хүнтэй хуурай ах дүүгийн харилцаатай байгаа. Би тухайн хүнийг 7-8 жилийн өмнөөс мэднэ. Би Дарь-Эхийн шинэ буудлаас дээшээ Жамсран уулын өвөр рүү хүн зөөдөг байсан юм. Тэр үед Өлзийбаяр ах бас хүн зөөдөг байсан тэгээд би мэддэг болсон. Би тухайн тээврийн хэрэгслийг хэлэлгүй авч явсан гэх мэдүүлэг /хх 33-34/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/,
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-9-10/,
-“Дамно” автомашин техникийн үнэлгээний БЗ2-20-006 дугаар тайлан /хх 28/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс Ц.Лгийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 51, 53, 67/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ц.Л нь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, үнэлгээний тайлан, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Ц.Лгийн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Л нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч Ц.Лд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаа тогтоон хийлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Лг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Лд хувийн баталгаа гарагах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ