| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01515/И |
| Дугаар | 1405 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Эд хөрөнг үнэ төлбөргүй ашиглах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 1405
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01515/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар баг,*** тоотод оршин суух, регистрийн дугаар *** , И*** Х*** ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Дархан-Уул аймаг, Дархан сумын 10 дугаар баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар *** , Б*** О*** ,
Хариуцагч Дархан-Уул аймаг, Дархан сумын 10 дугаар баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар *** , С*** Б*** нарт холбогдох
3.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Х*** , хариуцагч Ж.О*** , Д.Б*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Х*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2013 оны 06 дугаар сард намайг эмнэлэгт хэвтэж байхад иргэн Б*** нэг хүлэмж өгөөч, ээждээ хүлэмж барьж өгөх гэсэн юм, Б*** ах танд хэлээд ав гэнээ гэсэн. Би нэгд эмнэлэгт хэвтэж байна, хоёрт өгмөөргүй байна гэсэн чинь Б*** ах бүгдийг зохицуулна гэсээн та санаа зоволтгүй, би ээждээ ганц хүлэмж авч өгөх гэсэн юм гээд шалаад байхаар нь за за авахаас даа гэсэн юм. Намайг эмнэлгээс эмнэлэг дамжин хэвтэж байгааг далимдуулан иргэн Б*** , О*** нар эзгүй хашаанаас нэг хүлэмж аваад явахдаа үлдсэн хүлэмжүүдийг 750.000 төгрөгийн үнэ бүхий дагалдах хэрэгсэл, тоноглол материалыг илүү аваад явсан байсан. Үүнээс болоод үлдсэн хүлэмжүүдийг би одоо болтол борлуулж чадахгүй хэвтэж байгаа. Гэтэл Э*** , Б*** нар тэр хүлэмжний мөнгийг төлөх нь бүү хэл, надаар банкнаас зээлүүлж аваад явсан их хэмжээний мөнгөө одоо болтол өгөхгүй, би эд хөрөнгө, эрүүл мэнд, эрх чөлөөгөө хүртэл хасуулж асар ихээр хохироод байгаа тул хохирлоо барагдуулахаар Б*** , Э*** нарын асуудлаар Цагдаагийн газарт гомдол гаргасан байгаа. Миний хүлэмжийг Б*** өөрөө надаас гуйгаад ээждээ барьж өгөх гэсэн юмаа та өгөөчээ дээ гэсэн ачаад явсан тул би 2014 оны хавар Батсууриас хүлэмжний мөнгөө ч нэхсэн бас чи хүлэмж авахдаа яагаад бусад хүлэмжүүдийг юмнаас илүү аваад явчихсан юм бэ, бүх юм чинь дутчихсан байна, би хүлэмжүүдээ зарах гээд сая л мэдлээ, зарж чадахгүй байна гэхэд би илүү аваагүй аниа гээд байсан. Хүлэмжний мөнгөө нэхэд Б*** ах таныг мөнгийг өгөхдөө хамт өгнө гэсэн ажил төрөл нь бүтэж байгаа одоохон тэр 2 бүх өрөө төлнө, санаа зоволтгүй тэнд тийм ч ажил хийж байгаа, энд ийм ч ажил хийж байгаа би хамт ажиллахаар явлаа гээд удаа дараа худлаа хэлсээр одоог хүртэл надад нэг ч төгрөг өгөөгүй байна. Б*** , түүний эхнэр О*** нар надаас гуйж өөрсдөө ачаад аваад явсан тул Хятад улсын Тянжин хотын хүлэмжний үйлдвэрийн 18*7 хэмжээтэй нэг иж бүрдэл, зуны хүлэмжний үнэ 2.250.000 төгрөг, дагалдах хэрэгсэл, тоноглол дутаад одоогийн байдлаар борлуулах боломжгүй хэвтэж байгаа хүлэмжүүдийг дагалдах хэрэгслийн үнэ 750.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 63.000 төгрөг, нийт 3.063.000 төгрөгийг хариуцагч Б*** , О*** нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.О*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Ж*** овогтой О*** нь нэхэмжлэл гаргасан Х*** эгчийн хүлэмжийг аваагүйн улмаас энэхүү хариу тайлбараа гаргаж байна. Миний нөхөр Д*** овогтой Б*** нь 2014 оны 04 дүгээр сараас *** дугаар сарыг дуустал Х*** эгч, миний хүргэн ах болох Б*** , О*** ахын хамт Хабитатад тарьж байсан цэцэг нь дээр эхнээс нь дуустал 3 сар ажилласан. Тэгээд миний хүргэн ах болох Б*** ах цалингаа тавьж чадахгүйн улмаас миний нөхөр, миний дүү 3 сар ажилласны хариуд бодож ахаасаа 1 ширхэг хүлэмж ав гэж Б*** ах хэлсэн. Миний нөхөр 3 сар тасралтгүй ажилласан цалингийнхаа оронд нэг ч төгрөг авалгүй нэг ширхэг 1.500.000 /нэг сая таван зуун мянган төгрөг/-өөр бодож Б*** ахаас авсан юм. Б*** ахын хүлэмжүүд Х*** эгчийн дүүгийнх нь хашаанд бариастай байсан учир буулгалгүйгээр Х*** эгчтэй ярьж Б*** ах 1 ширхэг хүлэмж ав гэсэн юмаа гэж хэлээд бэлэн хүлэмж авсан. Харин Б*** ахын 3 ширхэг хүлэмж Х*** эгчийн дүүгийнх нь хашаанд тэр чигтээ үлдсэн. Одоо хүртэл аваагүй, Тэгэхээс Х*** эгчээс миний нөхөр аваагүй, Б*** ахаас л хийсэн хөдөлмөрийн оронд, цалингийнхаа оронд бодож Б*** ахын хүлэмжийг авсан. Х*** эгчийн нэхэмжлэлийг уншихад бүх үгнүүд нь миний нөхрийг гүтгэж бичсэн байсан. Тийм болохоор би Батсуурийн эхнэрийн хувьд Х*** эгчид гомдолтой байна. Б*** ах, Х*** эгчийн хооронд юу болсонг бид хоёр мэдэхгүй. Тийм болохоор хоорондоо учраа олоочээ, битгий миний нөхөр болон намайг битгий дарамтлаачээ гэж гуймаар байна. Одоогоор миний бие жирэмсэн байгаа тул намайг сэтгэл санаагаар тайван байгаарай гэж эмч хэлсэн. Энэ өргөдөлд бичсэн бүх зүйл үнэн зөв болно гэв.
Хариуцагч Д.Б*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэхүү өргөдөл гаргах учир нь Д*** овогтой Б*** миний бие Дарьсүрэн овогтой Х*** ын нэхэмжлэлийн дагуу энэхүү өргөдлийг бичиж байна. Х*** нь өргөдлөө 2 хүлэмж болох 3.063.000 төгрөг нэхэмжилж бичсэн байна лээ. 2013 оны 03 дугаар сараас хойш баз хүргэн Б*** болон Х*** ын О*** нар хамтарч Хабитатад О*** ын хашаанд цэцэг тарьж эхэлсэн. Үүнээс шалтгаалан цэцэг тарихад хүлэмж шаардлагатай тул эхний ээлжид Х*** эгчид байсан 1 ширхэг хүлэмжийг О*** ын хашаанд барын цэцгийн үрсэлгээ тарьсан. Дахиад цэцгийн үрсэлгээ гаргаж авахад 3 хүлэмж нэмэх шаардлагатай болсон учир Б*** ах БНХАУ-руу хүлэмж авахаар явах үед Х*** эгч 20 ширхэг 18 метрийн урттай хүлэмж захиж авч ирүүлхээр болсон. Ингээд Б*** ах өөртөө 4 ширхэг хүлэмж Х*** эгчид 20 ширхэг хүлэмж нийт 24 ширхэг хүлэмжтэй ирсэн. Авч ирсэн хүлэмжийн 2 ширхэгийг О*** ын хашаанд нэмж бариад үлдэгдэл болох 22 ширхэг хүлэмжээс Х*** эгчид 20 ширхэг хүлэмж дээр нь авсан 1 ширхэг хүлэмжийг нэмж нийт 21 ширхэг хүлэмж туслах багж хэрэгсэлтэй нь хүлээлгэж өгсөн. Ингээд 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны *** дугаар сар хүртэлх цэцэг маань ургаад хүлээлгэж өгөх гэтэл Дархан-Уул аймгийн Захиргаа санхүүжилт байхгүй гээд цэцгийн аваагүйн улмаас Б*** ах ажилчдынхаа цалин хөлсийг тавьж чадахгүй бүрэн хохирсон, ингээд Б*** ах 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2013 оны *** дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан цалингийн оронд 1 ширхэг хүлэмж авчих гээд 1 ширхэг хүлэмжийг 1.500.000 төгрөгөөр тооцоод ав гэсэн. Б*** ахын 3 ширхэг хүлэмж О*** ын хашаанд тарьсан цэцэгтэйгээ хамт тэр хашаанд бариастай үлдсэн. Энэ хашааг Х*** эгчийн дүү нь худалдаж авсан. Тийм учраас Х*** эгчээс Б*** ахын 1 ширхэг хүлэмжийг авсан. Түүнээс биш Х*** эгчээс хүлэмж аваагүй. Би Х*** эгчид гомдолтой байна. Учир нь БНХАУ-аас ирсэн бүх хүлэмжийг буулгаж тоо ширхэгээр баглаж цэгцлэж хурааж, Хөтөлөөс хүн хүлэмж авахаар ирэхэд нь хүртэл хүнд хүлэмжийг нь ачиж өгч байсан. Х*** эгч өөрөө ч бас цуг байсан, тэр бүгдэд Х*** эгчээс ажлын хөлс авч байгаагүй, нэхэж ч байгаагүй. Тэгэж байхад ээжийн минь талаар худлаа бичиж ээждээ хүлэмж барьж өгөх гэсийн юм гэж худлаа бичиж бас Б*** ах таны мөнгийг өгөхдөө хамт өгнө гэсэн, ажил төрөл нь бүтэж байгаа, одоохон тэр хоёр бүх өрөө төлнө нь санаа зоволтгүй гэж намайг хэлсэн гэж бичсэн байсан. Учир нь энэ бүгд худлаа, би Х*** эгчтэй нарийн юм огт яриагүй, ярих шаардлага ч байхгүй. Бас манай эхнэр О*** ийг хамт ачаад аваад явсан гэж худлаа бичсэн байсан. Учир нь би Б*** ахаас хүлэмж авсан. Х*** эгчтэй утсаар ярьсан, учир нь Х*** эгчийн дүүгийн хашаанд хүлэмж байсан учир дүүгийнх нь утсаар Х*** эгчтэй яриад хэлээд авсан. Хүлэмж авахад дүү нь цуг байсан. Би илүү ч үгүй, дутуу ч үгүй тоо ширхэгээр нь авсан. Дүүгийнхээ хажууд тэгэхэд намайг эзгүй хашаанаас хүлэмж болон боолт, эрэг, шураг эхнэр О*** ийн хамт ачаад аваад явсан гэж худлаа гүтгэж бичсэн байсан. Тэр үед манай эхнэр байгаагүй байсан. Х*** эгчийг манай эхнэр таньдаггүй байсан, би Х*** эгчид худлаа зүйл бичиж гүтгэж байгаад гомдолтой байна. Х*** эгч, Б*** ахын хооронд ямар тооцоо асуудал байсанг огт мэдэхгүй. Тийм учраас намайг дарамтлахаа болиоч гэж гуймаар байна. Энэ бүх зүйл үнэн гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Х*** нь хариуцагч Ж.О*** , Д.Б*** нарт холбогдуулан хүлэмжний үнэ 2 250 000 төгрөг, сэлбэг, материалын үнэ 750 000 төгрөг нийт 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Б*** нь би нэг хүлэмжийг цалингийнхаа оронд Б*** ахаас авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хариуцагч Ж.О*** нь би хүлэмж авахад байлцаагүй тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Д.Х*** нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ... 2013 оны 06 дугаар сард намайг эмнэлэгт хэвтэж байхад иргэн Б*** нэг хүлэмж өгөөч, ээждээ хүлэмж барьж өгөх гэсэн юм, Б*** ах танд хэлээд ав гэнээ гэсэн. Би нэгд эмнэлэгт хэвтэж байна, хоёрт өгмөөргүй байна гэсэн чинь Б*** ах бүгдийг зохицуулна гэсээн та санаа зоволтгүй, би ээждээ ганц хүлэмж авч өгөх гэсэн юм гээд шалаад байхаар нь за за авахаас даа гэсэн юм. Намайг эмнэлгээс эмнэлэг дамжин хэвтэж байгааг далимдуулан иргэн Б*** , О*** нар эзгүй хашаанаас нэг хүлэмж аваад явахдаа үлдсэн хүлэмжүүдийг 750.000 төгрөгийн үнэ бүхий дагалдах хэрэгсэл, тоноглол материалыг илүү аваад явсан байсан. Үүнээс болоод үлдсэн хүлэмжүүдийг би одоо болтол борлуулж чадахгүй хэвтэж байгаа. Гэтэл Э*** , Б*** нар тэр хүлэмжний мөнгийг төлөх нь бүү хэл, надаар банкнаас зээлүүлж аваад явсан их хэмжээний мөнгөө одоо болтол өгөхгүй, би эд хөрөнгө, эрүүл мэнд, эрх чөлөөгөө хүртэл хасуулж асар ихээр хохироод байна гэж тайлбарласан болно.
Нэхэмжлэгч Д.Х*** нь хариуцагч Д.Б*** т хүлэмж зарсан гэж тайлбарлаж байгаа боловч хэдэн төгрөгөөр, хэзээ үнийг нь төлөхөөр тохиролцсон талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, бид тохиролцоогүй боловч Хүлэмжийг намайг ямар үнэээр зардаг талаар Д.Б*** мэднэ, хүлэмж авахдаа сэлбэг хэрэгсэл авсан байх гэж таамаглаж байна гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ...өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсэн хуулийн шаардлагыг биелүүлээгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь ....хариуцагч Д.Б*** утсаар ярьж Б*** ах ав гэсэн тул хүлэмж өгсөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ нь мөн хариуцагчийн тайлбараар давхар тогтоогдож байх тул хариуцагч Д.Б*** , Ж.О*** нар нь нэхэмжлэгч Д.Х*** ын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан Д.Х*** ын нэхэмжлэлтэй Д.Б*** , Ж.О*** нарт холбогдох 3.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 62950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА