Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1435

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/01503/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 6 дугаар хороо, *** Т байр, “*** ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, *** д байрлах “*** ” ХК-д холбогдох

 

4.787.500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*** н, хариуцагч *** ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.С*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *** ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*** , Б.Б*** н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь *** ХХК-тэй байгуулсан *** тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах *** тоот гэрээ, Барьцааны *** тоот гэрээг тус тус 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан болно. *** тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн сарын 30-ны дотор тооцоо нийлж акт үйлдэх ба сар бүрийн 10-ны дотор төлбөрийг бэлнээр эсвэл компаний дансанд төлж барагдуулна гэж заасан боловч өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байна.

Иймд *** тоот гэрээний 3.3, 5.1-д заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 3.830.000 төгрөг, түүний 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл нийт 50 хоног хугацаа хэтрүүлсэн алданги болох 957.500 төгрөг, нийт 4.787.500 төгрөгийг *** ХХК-иас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч *** ХК-ны гүйцэтгэх захирал Ц.С*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц*** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2006 оноос өнөөдрийг хүртэл 10 гаруй жил танай байгууллагаар үйлчлүүлж хамтран ажиллаж иржээ. Өнөөдрийн байдлаар манай 2 байгууллагын хооронд байгуулсан *** тоот гэрээний дагуу авсан шатахууны төлбөрөөс 3.830.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Манай компани 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ***р ХХК-тэй 2.887.000.000 төгрөгийн үнэ бүхий технологийн шохой нийлүүлэх *** тоот гэрээ байгуулж, гэрээний дагуу 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 6 вагон шохой нийлүүлсэн.

Гэвч *** р ХХК нь хүлээн авсан барааны үнэ болох 57.600.000 төгрөгөө шилжүүлээгүй учраас бид эргэлтийн хөрөнгийн дутагдалд орж өнөөдрийн байдлаар түр зогсолтод ороод байна. Энэ байдлыг харгалзан асуудлыг шүүхээр биш хоорондоо ойлголцон *** тоот гэрээний үлдэгдэл төлбөр болох 3.830.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор багтаан төлж барагдуулах саналтай байна. Алдангийг зөвшөөрөхгүй гэв.  

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХК-тай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн *** тоот Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 3 830 000 төгрөг, алданги 957500 төгрөг нийт 4.787.500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч *** ХХК-ны гүйцэтгэх захирал Ш.Б*** аас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр *** ХХК-ныг төлөөлж Б.У*** шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. / хх-ийн 3/

Хариуцагч *** ХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага 3 830 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги 957500 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч *** ХХК, хариуцагч *** ХК нар нь харилцан тохиролцож Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулсан байх бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Нэмэлт гэрээ байгуулан гэрээний хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 10-14/

Талууд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Барьцааны гэрээ байгуулан Дархан сумын 15-р баг *** 2981,0 мкв *** ын цех, 873 мкв хуучин захиргаад байршилтай үйлдвэрийн зориулалттай байгууламжуудыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан барьцааны гэрээ, өмчлөх эрхийн гэрчилгээ бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 15-17/

Талууд нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдсэн байх бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 4 230 000 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас хариуцагч нь 2016 оны 7 дугаар сарын 01-нд 400 000 төгрөг төлснийг хасаад 3 830 000 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна. / хх-ийн 23/

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХК-тай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн *** тоот Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.1-д “Худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан Барааны төлбөрийг тухайн сарын 30-ны өдөр тооцоо нийлж акт үйлдэх ба сар бүрийн 10-ны дотор Худалдаа хөгжлийн банкин дахь *** тоот төгрөгийн дансанд шилжүүлэх буюу худалдагчид бэлнээр төлнө, 3.3-д “Худалдан авагч нь энэ зүйлийн 3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлнө” гэж заасан бөгөөд хариуцагч *** ХК нь гэрээнд заасан үүргээ зөрчиж байсан болох нь хэрэгт авагдсан *** ХК-ны 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гаргасан албан бичиг, талуудын тайлбараар тогтоогдож байна. / хх-ийн 18/

Хариуцагч *** ХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд ... *** р ХК-тай гэрээ байгуулж шохой нийлүүлсэн, 57 600 000 төгрөгийн авлагатай, эргэлтийн хөрөнгийн дутагдалд орж өнөөдрийн байдлаар түр зогсоод байна. Үндсэн төлбөр 3 830 000 төгрөгийг зөвшөөрч, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232 дугаар зүйлийн 232.4-д “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар хариуцагч *** ХК-аас үндсэн төлбөр 3 830 000 төгрөг, 50 хоногийн алданги 957 000 төгрөг нийт 4 787 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч *** ХХК, хариуцагч *** ХК нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон байх бөгөөд итгэмжлэлийн үндсэн дээр Б.Б*** н, Н.Ц*** нар шүүх хуралдаанд оролцсон болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар 232..4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч *** ХК-аас 4 787 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91 550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** ХК-аас 91 550 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.АЛТАНТУЯА