Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 492

 

 

 

 

 

 

 

 

 2020        03          24                                  2020/ШЦТ/492

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч Э.Ганчимэг,

шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээллтэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт А.Т, А.Г нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00000 1865 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

А.Т,

А.Г,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн гудамж "Аз" нэртэй хүнсний дэлгүүр, 016 дугаар худгийн орчим 41 настай эрэгтэй Д.Баатарыг зодож амь насыг хохироосон гэмт хэрэгт,

Шүүгдэгч А.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн гудамж "Аз" нэртэй хүнсний дэлгүүр, 016 дугаар худгийн орчим 41 настай эрэгтэй Д.Баатарыг зодож амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.                 

             /яллах дүгнэлтэд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч А.Т, А.Г нар нь бүлэглэж амь хохирогч Д.Баатарын их хэмжээний согтолттой, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтулгын мөрдөн байцаалтад өгсөн:

Маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү. Оршуулгын зардал, бусад зардалаа гаргуулан авмаар байна. 3 сая гаран төгрөгийн баримтыг нэгтгэж өгсөн байгаа гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38, 238-239/,

 

Гэрч Д.Даваагийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зээ хүүгийн хамт гэрийн зүүн талд матрас дэвсээд унтаж байхад гэрт хөлийн чимээ гарахаар нь сэрээд гэрлүү орход А.Г /жоохноо/ ээж том агаа Баянхонгорын Баатрааг алчихлаа ш тээ гээд уйлахаар нь үнэн юм уу гээд юу яриад байгаа юм бэ гэж асуухад та өөрөө очоод үз гэж хэлсэн. Хаана юм бэ гэж А.ГанА.Тс асуухад “Бэрхийн боргио” дэлгүүрийн хажуу талын худаг дээр гэж хэлсэн. Тэгээд би алхаад 20 орчим минутын дараа очиход 016 дугаар худагны зүүн хойд талд улаан цамцтай согтуу эмэгтэй хүн миний нөхрийг алчихлаа ш дээ. Та нарыг үр удмаар чинь устгана шүү гээд орилоод гутлаа тайлаад над руу шидсэн. Тэгээд би өөрийн 90646014 дугаараас 103 түргэн тусламж руу залгаад энд нэг хүн амины хэрэг гарсан байна. Манай хоёр хүүхэд хүн өшиглөсөн гэнэ гэж хэлэхэд та 102 –руу залга, цагдаад мэдэгд гэсэн. Би утсаа таслаад 102 дугаарт залгаж цагдаад энд нэг хүн амины хэрэг гарсан байна. Манай хоёр хүүхэд зодсон гэнэ гэж хэлэхэд миний урдаас хэн юм бэ асуухад А.Т, жоохноо хоёр гэхэд та бүтэн нэрийг нь хэл гэхээр нь би А.Т, А.Г хоёр гэж хэлээд Аз супермаркетын баруун талд 016 дугаар худгийн зүүн хойд талд гэж хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40/,

 

Гэрч Э.Хонгорзулын мөрдөн байцаалтанд өгсөн:

2019 оны 08 дугаар сарын 30-ны орой 19 цаг 50 минутын орчим би Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Аз мини маркет ажил дээрээ байж байхад талоны бараа авдаг хүмүүс орж ирээд гадаа зодоон болоод байна нэгнийгээ цохиод унагаачихлаа гэж хэлсэн. Талоны бараа өгч байхад орж ирж хэлсэн хүн буцаж гарчхаад орж ирээд нөгөө хүн сэрэхгүй шоконд орчихсон юм шиг байна гэж хэлсэн. Тэр хүн явсны дараа 10-15 минутын дараа нагац ах А.Г гарчхаад буцаж орж ирэхдээ нөгөө хүн сэрэхгүй байна түргэн дуудаад өгчих гэж хэлэхээр нь би түргэн дуудсан гэх мэдүүлэг /1-р хх 44-45/,

 

Гэрч Н.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн гудамж Аз гэх нэртэй дэлгүүрийн гадна талийгаачтай тааралдсан. Талийгаач эхнэр Болормаагийн хамт дэлгүүрийн гадна сууж байсан. Мөнхтулга бид хоёр очоод хамт зэрэгцээд суусан. Тэгээд юм яриад сууж байтал гэнэтхэн худгийн дэргэд Жоохоноо буюу Аптангэрэлийн А.Г, төрсөн ах А.Тгийн хамтаар талийгаачтай маргалдаж зодолдсон. Тэгээд би дундуур нь ороод салгах гээд дийлээгүй бөгөөд талийгаач газар дагз хэсгээрээ унах шиг болсон. Тэгээд талийгаач нэг сонин болоод явчихсан. Тэгээд би өндийлгөу босгох гээд дийлээгүй эхнэр Болормааг нь дуудсан. Нэг харахад талийгаач газар унасан байсан. Би нэгийг нь татахад нөгөөх нь цохиод нөгөөхийг нь салгахаар нөгөөх нь зөрж очоод унасан хүний толгой дээр нь дэвсээд байсан. Хоёул хоёулаа л дэвсээд байсан. Хэдэн удаа дэвссэнийг мэдэхгүй ямар ч байсан 2 уулаа ээлжлээд л өшиглөөд байсан.

Намайг харахад Баатар газарт унасан байсан. Миний харснаар эхлээд А.Т Баатарыг өшиглөөд байсан. Очиж салгахад А.Г зөрж очоод өшиглөөд байсан. Тэр хоёр хоёулаа Баатарын толгой руу өшиглөж байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52, 233-234/,

 

Шинжээч М.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

Тархины битүү гэмтэл, зүүн зулай, чамархай хэсгийн хуухан доорх цус хуралт, их бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх болон тархины хажуугийн ховдол, 3-4 ховдол дахь цусан хураа зэрэг нь нэг болон хэд хэдэн удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тархинд хүчтэй доргилт өгснөөр уг гэмтэл үүснэ. Баруун чихний дэлбэнгийн урд хэсэг, баруун мөрний ар гадрагын шинэ, баруун болон зүүн бугалганы гадна доод хэсэг, тохойны гадна доод хэсэг дэх хуучин зулгаралт, доод уруулын дотор салстын цус хуралт зэрэг нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, шинэ гэмтэл нь унах үед үүснэ. Энэ гэмтэл нь тус тусдаа унах оочих үед нэг удаа үүссэн эсхүл тус тусдаа нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Талийгаач хүнд зэргийн согтолттой байх үедээ хүнтэй зууралдах, ноцолдох, явах үйлдэл хийх боломжтой. Гэхдээ үүнийгээ өөрөө ухамсарлаж эргэж санахгүй байж болно. Талийгаач шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан тархины гэмтлийг авснаар эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломжгүй байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-166/,

 

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн:

БЗД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аз нэртэй миний маркетийн камерийн бичлэг бүхий “АЗ-1” гэж дугаарласан СД-нд үзлэг хийв. Уншуулахад 59 минут 59 секундын бичлэг байв. Баруун дээд буланд дүрс бичлэгийн огноо, цаг, минут, секунд байх ба зүүн доод буланд САМ2 гэсэн бичигтэй байна.

Дүрс бичлэгийн цагаар 2019-08-30 20:00:00 цагт бичлэгийн баруун дээд хэсэнт 016 дугаар худагны зүүн талд хүмүүс зогсож байх ба хүмүүсийн хөл нь тал харагдаж байна. /зураг 1/,

2019-08-30 20:01:08 цагт 016 дугаар худагны зүүн талаас ертөнцийн зүгээр хойд зүгт чиглэлтэй амь хохирогч Д.Баатар, бараан өнгийн хувцастай эмэгтэй хүнтэй алхав. /зураг 2, томруулсан/,

20:03:21 цагт ертөнцийн зүгээр хойд талаас урагшаа чиглэлтэй амь хохирогч Д.Баатар, ягаан өнгийн фудволктой эмэгтэй хүнтэй гуйвсан байдалтай алхаж байгаа нь /зураг 3/,

20:03:29 цагт 016 дугаар худагны зүүн хойд буланд амь хохирогч Д.Баатар үл таних хүнтэй уулзаж байгаа нь, ягаан өнгийн фудволктой эмэгтэй нь 016 дугаар худагны хойд талд зогсож байна. /зураг 4/,

20:03:32 цагт 016 дугаар худагны зүүн хойд буланд амь хохирогч Д.Баатар үл таних хүнтэй уулзаж байхад ягаан өнгийн фудволзтой эмэгтэй очин зүүн хөлөөрөө өшиглөж байгаа нь /зураг 5, томоруулсан/,

20:03:42-20:03:46 цагийн хооронд амь хохирогч Д.Баатар 016 дугаар худагны хойд хэсэгт баруун талд нь байрлах хашаа руу гуйвсан байдалтай алхаж очиж зогсож байгаад хойшоо чиглэлтэй алхав. /зураг 6, 7/,

20:04:46 цагт амь хохирогч Д.Баатар хойноос урагшаа чиглэлтэй гуйвсан байдалтай алхаж баруун талаар нь ягаан өнгийн фудволктой эмэгтэй урдаас хойшоо чиглэлтэй зөрөлдөн алхаж байгаа нь /зураг 8/,

20:08:55 цагт амь хохирогч Д.Баатар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй 016 дугаар худагны зүүн талаар ганцаараа гуйвсан байдалтай алхаж байгаа нь /зураг 9/,

20:13:01 цагт амь хохирогч Д.Баатар улаан хүрэн өнгийн судалтай цамцтай хар бараан өнгийн өмдтэй залуутай зууралцаж байгаа нь /зураг 10/,

20:13:05 цагт улаан хүрэн судалтай цамцтай хар бараан өнгийн өмдтэй залуутай муудалцаж байгаад улаан хүрэн судалтай цамцтай үл таних залуу урагшаа алхаж, хойд талаас нь ягаан өнгийн фудволктой эмэгтэй ирэн амь хохирогч Д.Баатарыг хойшоо татав. /зураг 11/,

20:14:14-20:14:29 цагийн хооронд 016 дугаар худагны зүүн талаар урдаас хойшоо чиглэлтэй шороон зам дээр цагаан өнгийн фудволктой, саарал өнгийн өмдтэй үл таних залуу алхаж өөдөөс нь ягаан өнгийн фудволктой эмэгтэй хойноос урагшаа чиглэлтэй алхаж дундаа тааралдан зодолдож, 016 дугаар худагны зүүн талаар урагшаа зууралдсан байдалтай алхаж байгаа нь /зураг 12, 13, 14/,

20:14:34 цагт 016 дугаар худагны зүүн талаар урагшаа зууралдсан байдалтай алхаж байгаа цагаан өнгийн фудволктой үл таних залуу, ягаан өнгийн фудволктой эмэгтэйн  араас амь хохирогч хойноос урагшаа чиглэлтэй гүйж байгаа нь /зураг 15/,

20:14:40 цагт 016 дугаар худагны зүүн талд цагаан өнгийн фудволктой үл таних залуу, ягаан өнгийн фудволктой эмэгтэй 2 дээр амь хохирогч гүйж очин салгаж байгаа нь /зураг 16, томоруулсан/,

20:14:43-20:14:47 цагийн хооронд 016 дугаар худагны зүүн талд цагаан өнгийн фудволктой үл таних залуу, ягаан өнгийн фудволктой эмэгтэй 2 дээр амь хохирогч гүйж очиж ноцолдож байхад ертөнцийн зүгээр урдаас улаан хүрэн судалтай цамцтай хар бараан өнгийн өмдтэй залуу гүйж ирэн амь хохирогч Д.Баатар, ягаан өнгийн фудволктой эмэгтэй нарыг цохиж газар унаган цагаан фудволктой үл таних залуу, улаан хүрэн судалтай цамцтай үл таних залуу нар дээрээс нь цохиж байгаа нь /зураг 17, 18 томоруулсан/,

20:14:50 цагт 016 дугаар худагны зүүн хойд талд цагаан өнгийн фудволктой үл таних залуу, улаан хүрэн судалтай цамцтай үл таних залуу 2 амь хохирогч Д.Баатар, ягаан өнгийн фудволктой эмэгтэй нарыг дээрээс нь цохиж, улаан хүрэн өнгийн судалтай цамцтай залуу нь амь хохирогч Д.Баатарын толгой хэсэг нь баруун хөлөөрөө дэвсэж байгаа нь /зураг 19, томоруулсан/,

20:14:57 цагт 016 дугаар худагны зүүн хойд талд цагаан өнгийн фудволктой үл таних залуу, улаан хүрэн судалтай цамцтай үл таних залуугийн урдуур тойрон амь хохирогч Д.Баатарын толгой хэсэгт нь очин толгойн хэсэг рүү нь гараараа цохиж байгаа. Хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн хойноос алхаж очин салгах гэсэн боловч дийлэхгүй, улаан хүрэн өнгийн судалтай цамцтай залуу, цагаан өнгийн фудволктой залуу хоёр амь хохирогч Д.Баатарыг ээлжлэн цохиж байв /зураг 20, томоруулсан/,

20:15:11-20:15:12 цагт 016 дугаар худагны зүүн хойл талд улаан хүрэн судалтай цамцтай үл таних залуу газар унаад хэвтэж байгаа амь хохирогч Д.Баатарын толгой хэсэгт нь хөлөөрөө хэд хэдэн удаа дэвсаж байгаа нь. Цагаан өнгийн фудволктой үл таних залуу, улаан хүрэн өнгийн судалтай цамцтай залуу хоёрыг хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн салгаж байв. /зураг 21, 22 томоруулсан/,

20:15:41 цагт 016 дугаар худагны зүүн хойд талд цагаан өнгийн фудволктой үл таних залуу амь хохирогч Д.Баатарыг дээш өргөн босгох гэсэн боловч амь хохирогч босохгүй байгаа нь /зураг 23/,

20:17:02 цагт 016 дугаар худагны зүүн хойд талд амь хохирогч Д.Баатар газар унасан, ухаангүй байдалтай хэвтэж байхад хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн амь хохирогчийг дээш өргөн босгох гэсэн боловч босохгүй байгаа нь /зураг 24/,

20:30:24 цагт 016 дугаар худагны зүүн хойд талд амь хохирогч Д.Баатар газар унасан, ухаангүй байдалтай хэвтэж байхад ягаан өнгийн фудволктой эмэгтэй хажууд нь очин суув /зураг 25, томоруулсан/,

21:07:58 цагт 016 дугаар худагны зүүн хойд талд амь хохирогч Д.Баатар газар унасан, ухаангүй байдалтай хэвтэж байхад түргэн тусламжийн тээврийн хэрэгсэл ирж байгаа нь /зураг 26/,

21:17:23 цагт хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар ирж хэргийн газрын хамгаалалт авч байгаа нь /зураг 27/ гэх тэмдэглэл, зураг /1-р хх-ийн 21-36/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1875 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

Д.Баатарын цогцост хийсэн ШЭ-ийн задлан шинжилгээгээр тархины битүү гэмтэл, зүүн зулай, чамархай хэсгийн хуйхан доорхи цус хуралт, их, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны доорхи болон тархины хажуугийн ховдол, III.IY ховдол дахь цусан хураа, баруун чихний дэлбэнгийн урд хэсэг, баруун мөрний ар гадаргын шинэ, баруун болон зүүн бугалганы гадна доод хэсэг, тохойн гадна доод хэсэг дэх хуучин зулгаралт, доод уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоозүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Тархины битүү гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба баруун чихний дэлбэнгийн урд хэсэг, баруун мөрний ар гадарганы шинэ, баруун болон зүүн бугалганы гадна доод хэсэг, тохойн гадна доод хэсэг дэх хуучин зулгаралт, доод уруулын дотор салстын цус хуралт гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаач Д.Баатар нь тархины цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаач Д.Баатар нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач Д.Баатар нь АВО системээр Ва(1 II) бүлгийн цустай байжээ гэх дүгнэлт, гэрэл зураг /1-р хх-ийн 161-164/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн криминалисткийн шинжилгээний газрын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 4353 дугаартай амь хохирогчийн өмсөж явсан хувцасанд урагдалт, цооролт байгаа эсэхийг шинжилсэн шинжээчийн:

Шинжилгээнд ирүүлсэн цагаан болон улаан алаг хос пүүзэн гуталд 20x15мм, цэнхэр жинсэн хүрэмд гарсан 10мм хэмжээтэй эдэлгээний явцад тус тус хуучин гэмтлүүд, цэнхэр жинсэн хүрэмд 170мм, хар футболканд 15мм, 20мм, 7мм, 7мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус шинэ ханзралт, урагдалтууд, хар футболканд 4х2мм хэмжээтэй хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр шинэ цооролт гарсан байна. Бусад хувцас гэмтэлгүй гэх дүгнэлт /1-р хх-ийн 192-196/,

 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1197 дугаартай 3 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй:

А.Г нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. А.Г нь тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. А.Г нь болсон зүйлсийн талаар зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. А.Г нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. А.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А.Гд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. А.Г нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцэд нөлөөлөх төрлийн эм /бэлдмэл/ хэрэглэсэн эсэхийг манай шинжилгээгээр тогтоодоггүй болно. А.Г нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. А.Г нь ярьсан зүйлээ ухамсарлан ойлгох чадвартай байна. А.Г нь хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /1-р хх-ийн 215-216/,

 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1198 дугаартай3 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй:

А.Т нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. А.Т нь тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. А.Т нь болсон зүйлсийн талаар зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. А.Т нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. А.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А.Тд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. А.Т нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцэд нөлөөлөх төрлийн эм /бэлдмэл/ хэрэглэсэн эсэхийг манай шинжилгээгээр тогтоодоггүй болно. А.Т нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. А.Т нь ярьсан зүйлээ ухамсарлан ойлгох чадвартай байна. А.Т нь хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /1-р хх-ийн 218-219/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 6/,

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зурагууд /1-р хх-ийн 7-10/,

-цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зурагууд /1-р хх-ийн 11-13/, 

-Д.Баатарын нас барсны бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 14/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 18-20, 131-133/,

-хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2019-09-16-ны өдрийн 37, 38 дугаартай тогтоол /1-р хх-ийн 129-130/,

-ШШҮХ-ийн криминалисткийн шинжилгээний газрын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4356 дугаартай, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4354 болон 4355 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 168-182, 185-187,

-ШШҮХ-ийн тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4977 дугаартай, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4979 дугаартай дүгнэлт, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4978 дугаартай, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4980 дугаатай, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4981 дугаартай, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4848 болон 4850 дугаартай,  шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 183, 188-189, 197-198, 200, 204, 209, 213/,

ШШҮХ-ийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 4847, 4849 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 207-208, 211-212/,

-хохиролын талаарх 3.443.605 төгрөгийн баримтууд /2-р хх-ийн 10-15/,

 

Шүүгдэгч А.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 08 дугаар сарын 30-ны үдээс хойш 16-17 цагийн үед гэрээсээ гараад Аз дэлгүүрийн урд талын худаг дээр очиход Болдоо ах, Мөнхөө ах, талийгаач, талийгаачийн эхнэр нар архи уугаад сууж байсан. Болдоо ах надад архи хийж өгөхөөр нь уусан. Тухайн үед би жоохон уучихсан явж байсан. Би Болормааг яв, эмэгтэй хүн байж гудамжинд архи уугаад гэж хэлсэн чинь чамд хамаагүй гээд босож ирээд гараараа миний толгойн ар тал, зүүн талын хэсэгрү цохиод байсан. Би 3 хоногийн өмнө Мөнхтулга ахад толгой, нурууруугаа чулуугаар цохиулж, зүүн нүдрүү гараар цохиулж байсан болхоор толгой их өвдөж байсан. Болормааг чи яахаараа хүн цохиод байдаг юм бэ? одоо болиоч, давраад бай гэхэд хэрэлдээд, зайл гээд түлхсэн чинь талийгаач эхнэр Болормаагаа өмөөрөөд босож ирээд надруу дайрхаар нь түлхчихсэн чинь хашаа налаад унасан. Төрсөн дүү А.Г доороос ирж байгаад намайг талийгаачтай болон эхнэртэй нь муудалцаж байхыг хараад намайг өмөөрөөд талийгаачийн хөлрүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд дүү А.Г /жоохноо/-д явъя явъя наадах чинь гай болно гэж би хэлээд жоохноог аваад гэрлүүгээ явсан. Удаагүй байж байхад хойд талын айлын хүүхдүүд орж ирээд Баатраа ах босохгүй байна гэж хэлсэн. Тэгэнгүүт нь ээж хойшоо худаг дээр очиж үзэхээр явсан. Би ээжийг гарсаны дараа хойшоо гэрээс гарч яваад хойно гудамжинд Мөнхтулгатай тааралдаад Баатар яасан гайгүй юу гэж асуухад мэдэхгүй босохгүй байна, авгай нь хажууд нь сууж байсан гэж хэлсэн. Би ээжтэй утсаар ярьж яасан гайгүй юу гэж асуухад босохгүй байна. Түргэн дуудчихаад хүлээж байна гэж хэлсэн. Цогтбаяртай уулзчихаад Цогтбаярын машинтай хамт гэрлүүгээ явсан. Гэртээ ирээд байж байхад цагдаа ирээд намайг аваад явсан. Би талийгаачийг өнгөрчихсөн гэж мэдээгүй байсан.

Бид хэдийг маргалдаж байхад салгасан хүн байхгүй. Би талийгаачийг түлхсэний дараа дүү А.Г ирээд яагаад ах дээрэлхээд байна аа гээд талийгаачийн зүүн гуя руу нь 1-2 удаа өшиглөсөн. Бид хэдийг зодолдож байхад хүн салгаагүй. Хажууд Мөнхөө ах, Болдоо ах, Болормаа, Цогоо нар байсан. Намайг яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90-95, 2-р хх-ийн 79/

 

Шүүгдэгч А.А.Г мөрдөн байцаалтад өгсөн:

... А.Т агаа урдаас гарч ирээд зодуулчихлаа гэж хэлхээр нь хэнд гэж асуухад Баянхонгорын Баатараа эхнэртэйгээ нийлээд зодчихлоо гэж надад хэлсэн. Хаана байгаа юм бэ гэхэд худаг дээр архи уугаад сууж байна гэж хэлхээр нь худаг дээр яваад очиход Мөнхтулга ах, Цогоо, Болдоо ах, Жижгээ ах, Жак ах, жижиг Эрка ах, Болормаа, талийгаач нар байсан. Би талийгаачид хандаж чи яагаад агааруу томроод байгаа юм бэ гэж хэлхэд талийгаач сая бид хоёр жоохон маргачихлаа гэж надад хэлж байхад талийгаачийн эхнэр Болормаа миний ар талаас цохих гэж чулуу барьчихсан байхад дүү Р.Чингис Жижгээ ахаа таныг чулуугаар цохих гэж байна гэж хэлсэн. Эргэж хараад Болормаагийн гарнаас чулууг нь аваад худгын хажуу талруу шидчихсэн. Тэгээд би Болормаа эгчид та одоо яагаад байгаа юм бэ? би нөхөртэй чинь юм ярьж байхад гэсэн чинь талийгаач пизда минь яагаад эхнэртэй маргаад байгаа юм гэхээр нь би талийгаачийг чи битгий далдагнаад бай гээд талийгаачийн нүүрлүү баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн чинь талийгаач газар уначихсан. Босож ирэхгүй байсан бөгөөд Болороо эгч наадах чинь худлаа маяглаж байгаа юм, хэдүүлээ архи ууя гэсэн. Тэгээд би харих гээд дүү Б.Чингистэй хамт гэрлүүгээ алхаж байхад А.Т ах бид хоёрын урдаас алхаж гарч ирсэн. Би агаад арчаагүй царайлаад хүмүүст зодуулаад байх юм гэрлүүгээ орооч гэж хэлсэн чинь агаа нь тамхи авчихаад орлоо гэсэн...

... Доржсүрэн буюу Гозоо ахын хүүхэд Отгоо ирээд А.Т ах хойно зодолдоод байна гэж хэлхээр нь би хойшоо ганцаараа алхаж очиход Аз дэлгүүрийн урд Болормаа А.Т агааг үсдчихсэн, доошоо дарчихсан байсан. А.Т ах өө муу балай авгай нүүр маажчихлаа гэж хэлсэн. Би Болормаа, А.Т ах хоёрыг салгасан. Энэ үед Мөнхтулга ах, Цогоо, Болдоо ах, Жижгээ ах, Жак ах, жижиг Эрка ах, талийгаач нар бүгд байсан. А.Т ах Болормаа хоёрыг салгачихаад би гэрлүү очсон. Болормаа, А.Т ах хоёр ямар шалтгаанаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Хоорондоо тэр хоёр зодолдсон байх. А.Т ахыг зодсон гэхээр нь би очиж талийгаачийг 1 удаа баруун хөлөөрөө өшиглөж унагасан. Хэсэг ухаангүй байж байгаад боссон байсан. А.Т ах талийгаачтай зодолдсоныг сайн мэдэхгүй байна. А.Т ах надад хэлэх дээ Баянхонгорын Баатраа буюу талийгаачийг эхнэртэйгээ нийлээд зодчихлоо гэсэн.

Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар учраас бүлэглэж хүний амь насыг хохироосон гэж үзээд байгааг ойлгохгүй байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-109, 2-р хх-ийн 80/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: А.Тгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 97-100/, А.А.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 111-118/, А.Г, А.Т нарын иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 24-25/ зэрэг хувийн байдалтай холбоотой баримтыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Т, А.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч А.Т, А.Г нарын амь хохирогч Д.Баатарыг согтууруулах ундаа хэрэглэж биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж бүлэглэн тогойн тус газарт нь өшиглөх, дэвсэх зэргээр зодож “тархины битүү гэмтэл, зүүн зулай, чамархай хэсгийн хуйхан доорхи цус хуралт, их, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны доорхи болон тархины хажуугийн ховдол, III.IY ховдол дахь цусан хураа, баруун чихний дэлбэнгийн урд хэсэг, баруун мөрний ар гадаргын шинэ, баруун болон зүүн бугалганы гадна доод хэсэг, тохойн гадна доод хэсэг дэх хуучин зулгаралт, доод уруулын дотор салстын цус хуралт” бүхий гэмтэл учруулан хүнийг алсан үйлдэл нь хүний амьд явах эрхийг үгүй хийх санаа зорилготойгоор хийгдсэн нийгэмд аюултай үйлдэл юм. Шүүгдэгч нар нь уг үйлдэлүүдийг хийснээр хүний биед гэмтэл учрах, хүний амь нас хохирч болох зэрэг хүрэх үр дүнг мэдсээр байж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Согтууруулах ундааны зүйлийг их хэмжээгээр хэрэглэж хүчтэй мансуурч, согтуурсаны улмаас гэмт этгээдийн үйлдэлийн хариуд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй, өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсон байгаа хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэж үзнэ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Д.Баатар нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан болох нь тогтоогдсон.

Амь хохирогч нь тодорхой үйлдэл хийж явах зэргээр бусад харилцах боловч гэмт хэрэг болоход шүүгдэгч нарын гаргаж байгаа үйлдлийн эсрэг ямар нэгэн байдлаар хариу үйлдэл хийж чадаагүй болох нь камерийн бичлэгт бичигдэжээ.

 

Мөн амь хохирогчтой хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс болох гэрч С.Мөнхтулга, Б.Болормаа нар нь болсон үйл явдлыг мэдээгүй талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөнөөс дүгнэхэд амь хохирогчийг мөн адил тэдний хэмжээний буюу хүчтэй согтож болж байгаа үйл явдалд идэвхтэй хариу өгөх чадваргүй байсан гэж үзэх боломжтой юм.

Харин шүүгдэгч А.Т, А.Г нарын мэдүүлэгээс дүгнэхэд тэдгээр нь согтууруулах ундааны зүйлийг тодорхой хэмжээгээр хэрэглэсэн боловч болж байгаа үйл явдалыг мэдэж байсан. Тухайн үйл явдалд дүгнэлт хийх, амь хохирогчийн байгаа байдалыг тодорхойлж үнэлэх чадвартай байсан байна.

 

Амь хохирогч Д.Баатар нь тархины цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан, уг гэмтэл нь хэрхэн яаж учирч болох нь шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэгээр тогтоогдож байх ба эдгээр нь камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт, гэрч Н.Ганболд, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй тохирч байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт А.Т, А.Г нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч А.Т, А.Г нарыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Т, А.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан ял шийтгэлийг оногдуулж, эдлэх ялыг хаалттай хорих байгуулагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтулга нь оршуулгын зардалын талаарх нийт 3.443.605 төгрөгийн нотлох баримтыг гарган өгч хэрэгт хавсаргуулсан байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй үндэслэлтэй байна.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар А.Т, А.Г нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Амь хохирогч нь зодоон хийж байсан учир хөндлөгөөс биеэ хамгаалах чадваргүй гэж дүгнэх боломжгүй. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлт гаргасан хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

            Улсын яллагч шүүгдэгч А.Т, А.Г нарт тус бүрт нь 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт нийцэхгүй байх ба шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирохгүйгээр шудрага ёсны зарчмыг алдагдуулхаар байна.

 

Шүүгдэгч А.Т, А.Г нар нь хэргийн учир 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 206 хоног цагдан хоригдсоныг тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед оролцогч нараас ямар нэг санал гаргаагүй тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуванцар савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлэн, 1 ширхэг сиди болон хэргийн газраас авч хэрэгт хавсаргасан шорооны дээж зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.   

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Т, А.Г нарыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, бүлэглэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар арван зургаан жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч А.Т, А.Г нарыг шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, А.Г нарт оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, А.Г нарын цагдан хоригдсон 206 /хоёр зуун зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, А.Г нараас 3.443.605 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтулга /ВЮ88010355/-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтулга нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх бусад баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн хуванцар савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар,

гэмт хэргийн талаарх бичлэг бүхий сиди 1 ширхэг, хэргийн газраас хураан авч цаасан дугтуйнд хийж 1-р хавтаст хэргийн 201-р талд хавсаргасан шорооны дээж зэргийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт тус тус шилжүүлсүгэй.

 

8. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т, А.Г нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ

 

                                   ШҮҮГЧИД                                С.ӨСӨХБАЯР

 

                                                                                       Т.ШИНЭБАЯР