| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/0459/Э |
| Дугаар | 524 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 524
2020 03 26 2020/ШЦТ/524
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Б.Уранцэцэг,
Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мад холбогдох эрүүгийн 2006 01206 0557 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2а хэсэг Баатархайрханы 1590 тоотод хохирогч Б.Оюунсүрэнгийн толгой руу галын дэгээ төмрөөр цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 01206 0557 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Оюунсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 2а хэсэг, 1590 тоотод байдаг өөрийн гэртээ нөхөр Нацагдорж, ач Дөлгөөн нарын хамт байхад гаднаас миний төрсөн дүү Б.М согтуу орж ирээд гэрлээ асаа гэхээр нь манай нөхөр гэрлээ асаасан чинь Б.М “муу гуйлагчин, хулгайч нар” гээд орилоод байхаар нь би гар утсаа авч цагдаа дуудах гэхэд Б.Мөнхтулга манай гэрт байдаг хуванцар сандлаар миний толгойн ар хэсэгт нэг удаа хүчтэй цохисон. Тэр үед нь би ухаан алдсан байх нэг сэрээд дахиад утсаа авах гэхэд Б.М галын дэгээ төмөр аваад миний баруун нүдний дээд талд нэг удаа цохисон. Тэр үед миний толгой хагарч цус их гараад тогтохгүй байсан. Тэр үед манай нөхөр Б.Мыг гэрээс хөөж гаргаад хаалга хаагаад цагдаа дуудахад удалгүй цагдаа ирээд манай дүү Б.Мыг гудамжнаас барьж авсан гэх мэдүүлэг /хх 7-8/,
Гэрч З.Нацагдоржийн мөрдөн байцаалтад өгсөн:
Орой гэртээ эхнэртэйгээ ачтайгаа унтаж байтал нэг хүн орилоод ална гээд ороод ирэхээр нь бостол манай эхнэрийн төрсөн дүү Б.М нь согтуу орж ирээд ална гээд дайраад байсан. Манай эхнэрийг толгой руу нь жижиг пивор сандлаар цохисон. Эхнэр ухаан алдаад унасан. Би тэр хүнтэй ноцолдсон. Тэгээд манай эхнэр босоод ирсэн чинь галын дэгээ төмрөөр толгой руу нь цохьсон. Би гэрээс хөөж гаргаад эхнэр цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх 13/,
Гэрч Г.Саальбаярын мөрдөн байцаалтад өгсөн:
2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн орой /одоо цагийг нь санахгүй байна/ ямар ч байсан гадаа харанхуй байсан. Би нөхөр Б.М руу залгаад хаана байгааг асуухад “би эгч Б.Оюунсүрэнгийн гэрт байна” гээд согтуу байхаар нь би “одоо очлоо” гээд гэрээс гараад замдаа худаг дээр нөхөртэйгээ таарсан. Тэгтэл араас цагдаа, мөн манай хадам эгч Б.Оюунсүрэн нар ирээд манай нөхрийг хүн зодсон гээд эрүүлжүүлэх байр руу аваад явсан. Тухайн үед хадам эгч Б.Оюунсүрэнгийн нүүр нь цус болсон байсан. Би маргааш өглөө нь эрүүлжүүлэх байрнаас аваад юу болсон талаар асуухад “би сайн санахгүй байна, хүргэн ахтай маргалдаж байхад эгч дундуур орж ирсэн” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 16/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны 2731 дугаартай:
Б.Оюунсүрэнгийн биед баруун хөмсөгт шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэх шинжээчийн дүгнэлт /хх 22-23/,
Шүүгдэгч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн үед би Улиастайд зүс таних ахтай таараад хоёр шил 0.5 граммын “Соёрхол” архи хувааж уугаад би өөрийн төрсөн эгч болох Б.Оюунсүрэнгийн гэрт очиход эгч нөхөртэйгээ унтаж байсан. Би хүргэн ах Нацагдоржтой маргалдсан. Одоо бол тэгэхдээ яг юунаас болж маргалдсаныг санахгүй байна. Нэг мэдэхэд бөөн хэрүүл болоод би эгчийн гэрт байсан хуванцар сандал аваад эгчийн толгой хэсэгт цохиход сандал нь бутраад хагарсан. Тэгэхээр нь би гэрээс гарч яваад худаг дээр эхнэрээ хүлээж байгаад цагдаад баригдсан. Ямар нэгэн шалтгаан байхгүй. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэргэлсэн байсан болохоор эгчийн гэрт очиж агсам согтуу тавьж сандлаар цохиж гэмтээсэн. Хийсэн хэргээ хүлээж байна. Миний буруу. Би эгчдээ эмчилгээний зардал гэж 500.000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг /хх 20/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 27/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 26/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 28/, ажлын газрын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Мын иргэн Б.Оюунсүрэнгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.Оюунсүрэнгийн 5039016920 тоот депозит дансны хуулгаар 500.000 төгрөг шилжүүлсэн болох нь хавтаст хэргийн 25 дугаар талд авагдсан, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохиролыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ