| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/0499/Э |
| Дугаар | 525 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 525
2020 03 26 2020/ШЦТ/525
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мт холбогдох эрүүгийн 2006 01378 0636 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М.М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.М нь согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 23:40 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 86 дугаар байрны гадна шалтгаангүйгээр иргэн Б.Анужингийн баруун шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 01378 0636 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч М.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Б.Анужингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 23:40 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 86 дугаар байрны дэлгүүрийн гадаа үл таних согтуу эрэгтэй орилж хашгирч байгаад намайг дэлгүүр орох гээд явж байхад баруун шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохиж унагаасан. Тэгэхээр нь би аавыгаа дуудаж хашгирсан. Тэгээд удалгүй аав ирж тэр эрэгтэйг барьж авсан. Тэгээд аав цагдаа дуудсан. Баруун нүд хавдсан. Одоо өвдөөд хорсоод толгой эргээд байна. Хэрэв аав ирж болиулаагүй бол намайг унагачихаад дахиад цохих гэж байсан гэх мэдүүлэг /хх 6-7/,
Гэрч Б.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн:
Тэр өдөр би 23 цаг өнгөрч байх үед 2 охинтойгоо хамт байрныхаа доод талын дэлгүүр ороод бялуу авах гэсэн чинь байгаагүй юм. Тэгэхээр нь ATM ороод мөнгө хийчихээд 86 дугаар байрны дэлгүүр явсан юм. Тэгээд явж байхад бид 3-ын хажуугаар эргүүлийн 2 цагдаа машинтай өнгөрсөн. Би 2 хүүхэдтэйгээ хамт 86 дугаар байрны 1 дүгээр орцны дэлгүүр рүү орох үедээ том охиноо 2 дугаар орцны дэлгүүр ороод бялуу байна уу асуугаад ир гээд гүйлгэсэн. Би өөрөө 1 дүгээр орцны дэлгүүр рүү бага охинтой хамт дөнгөж ороод торт байна уу гээд эргээд хаалга руу гарах гээд явж байх үед гадаа манай том охин ааваа гээд аймаар чанга 1-2 удаа орилсон. Тэгэхээр нь би тэр дэлгүүрээс шууд гарсан чинь өөдөөс нэг залуу гуйваад хальт гүйх аядмаар болоод ирж байсан. Тэр залуу над дээр тулж ирэх үедээ надтай хальт мөргөлдөөд зодолдох гээд байгаа маягтай байсан. Тэгсэн чинь тэр залуугийн араас цаанаас манай том охин ааваа наад хүн чинь намайг цохичихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залуугийн баруун гар талын суганаас нь зүүн гараараа сугадаж аваад мушгиж дараад газар хэвтүүлсэн гэх мэдүүлэг /хх 20-21/,
Гэрч М.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:
... Тэгэхээр нь тэнд байдаг дэлгүүрийн үүдэнд хүмүүс овоороод байхаар нь яваад очсон чинь манай хүү 2 гараа нуруун доороо хийчихсэн дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд хажууд нь байсан нэг эрэгтэй хүнээс асуусан чинь “энэ залуу манай хүүхдийг цохичихлоо, би цагдаа дуудчихсан байгаа” гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай хүүхэдээ босгох гэсэн чинь тэр залуу “буцаад хэвт” гээд байсан. Тэгэхээр нь би тэр залууд “би наад хүүхдийн чинь ээж нь байгаа юм, яасан, юу болов” гэсэн чинь “танай хүүхэд манай хүүхдийг цохичихлоо, та хар” гэж хэлсэн. Тэгээд охиноо надад харуулсан чинь тэр эмэгтэй хүүхдийн дух хэсэг нь хавдаад хөхөрчихсөн байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд манай хүүхдийг аваад явсан гэх мэдүүлэг /хх 22-23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны 3106 дугаартай:
Б.Анужингийн биед тархи доргилт, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл гэх шинжээчийн дүгнэлт /хх 26/,
Шүүгдэгч Т.М.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би өчигдөр 18 цаг өнгөрч байх үед байгууллагынхаа хамт олонтойгоо нэг тогооч эгчийндээ очсон юм. Тэгээд тэндээсээ хэдэн цагийн үед гарсанаа сайн санахгүй байна. Тэгээд ухаан орсон чинь нэг ах миний дээр гарчихсан, цагдаад дуудлага өгч байх шиг байсан. Тэгээд би тэр ахаас “намайг уучилаарай, ахаа миний буруу” гэж хэлж байснаа санаж байна. Тэгээд цагдаа нар ирэх үед ухаан орсон чинь тэр ахын хажууд хоёр жоохон охин байсан. Би нэг хүүхдийг нь цохичихсон юм шиг байна лээ. Тэгээд өөр санаж байгаа зүйл байхгүй байна. Өглөө нэг сэрсэн чинь би эрүүлжүүлэхэд байсан гэх мэдүүлэг /хх 34-35/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,
-Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх 3/,
-цагдаагийн ажилтны илтгэх хуудас /хх 4/,
-эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 8/,
-камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-11/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч М.Мийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 41/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 38/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 42, 43/, ажлын газрын тодорхойлолт /хх 45/, хохирогчид хохирлын мөнгө шилжүүлсэн орлогын маягт /хх 63/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 73-74/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч М.Мийн иргэн Б.Анужингийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Анужингийн төрсөн эх Ч.Одончимэгийн 5002609516 тоот дансанд 600.000 төгрөгийг шилжүүлсэн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батсүхийн “гомдол, саналгүй” гэх хүсэлт байх ба шүүх хурлын тов мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч М.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохиролыг төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ