| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/0505/Э |
| Дугаар | 526 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 526
2020 03 26 2020/ШЦТ/526
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Б.Уранцэцэг,
Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Ү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Үид холбогдох эрүүгийн 2006 01425 0655 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Ү.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ү нь 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмнэлгийн 2-36 тоотод Д.Батдэлгэртэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Үийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 01425 0655 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Б.Ү нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Батдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн үед Толгойтод байх гэрээсээ гараад Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо, Эмнэлэгийн 2-36 тоотод өмнө нь хамтран амьдардаг байсан Б.Ү гэх хүний гэрт ирсэн. Би гэрээсээ гарахаас өмнө Б.Үтэй утсаар ярьсан. Б.Ү намайг хүрээд ир гэхээр би гэрт нь ирсэн. Тэгээд бид 2 цай уугаад дараа нь “Хараа” нэртэй 0.33 литрийн архи 2 ширхэг уусан. Тэгээд юунаас болсон талаар мэдэхгүй Б.Үтэй маргалдсан байсан. Би их согтуу байсан учраас юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Өмнө нь хамт амьдардаг байсан Б.Ү намайг толгой, цээж, нүүр рүү гараараа цохиод байсан. Тэгээд юу болсон талаар би мэдэхгүй байна. Нэг мэдхэд цагдаа ирчихсэн, тэгээд манай хүүхдүүд ирээд намайг аваад явсан гэх мэдүүлэг /хх 7/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны 3231 дугаартай:
Д.Батдэлгэрийн биед хамрын ясны далд хугарал, тархи доргилт, уруул, баруун чихний дэлбэнд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх 18/,
Шүүгдэгч Б.Үийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 12:00 цаг өнгөрч байхад өмнө нь хамт амьдардаг байсан Батдэлгэр гэдэг эмэгтэй манай гэрт ирсэн юм. Батдэлгэр манай гэрт ирэхдээ архи уучихсан халамцуу ирсэн. Батдэлгэр бид хоёр дэлгүүрээс хоёр шил 0.33 литрийн архи худалдаж авч хувааж уусан. Тэгээд би уусан архиндаа согтчихсон байсан. Нэг мэдэхэд цагдаа ирчихсэн байсан. Архи уусны дараа нэг хэсэг юу болсон талаар санахгүй байгаа. Батдэлгэр бид хоёр архиа ууж байхдаа хоорондоо маргалдаад байснаа санаж байна. Юунаас болж маргалдсан болон өөр зүйл санахгүй байна. Батдэлгэр манай гэрт ирэхэд түүний биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй гэх мэдүүлэг /хх 13/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 4/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Үийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 31/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 30/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 39-40/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Үийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ү нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Үийн иргэн Д.Батдэлгэрийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Д.Батдэлгэр нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба шүүх хурлын тов мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ү нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Үийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Үийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Үид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Үид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ