Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2020/0588/З |
Дугаар | 221/МА2021/0118 |
Огноо | 2021-03-05 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2021/0118
“Р и п м” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н, түүний өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нарыг /цахимаар/ оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0807 дугаар шийдвэртэй, “Р и п м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У-н давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0807 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Р и п м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/949 дүгээр захирамжийг хүчингүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож тус тус шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 807 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч “Р и п м” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар 02-ны өдрийн А/99 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 984 м кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг “Ш б" ХХК-аас шилжүүлж авсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан.
“Р и п м” ХХК нь өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулснаас хойш хуанлийн 2 жилийн хугацаанд гэрээнд заасан зориулалт болох “үйлчилгээтэй орон сууц”-ны зориулалтаар ашиглаагүй тул 2020 оны 07 дугаар 08-ны өдрийн А/949 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолд “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж заасан.
Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэргийн танхимын 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай зөвлөмжид “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийн “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохгүй объект бий болгоогүй байхыг ойлгох нь зүйтэй. Харин газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино.
Хуулийн дээрх зүйл, хэсгийн “хүндэтгэн үзэх шалтгаан” гэсэн заалт нь газрыг зориулалтаар ашиглаагүй, 2 жил ашиглаагүй гэдэг заалттай шууд хамааралтай юм.
Гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, эвдрэл, элэгдэл бий болсон болон эзэмшигч өвчтэй байсан. Гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаанд албан ёсоор мэдэгдсэн, зориулалтыг өөрчлүүлэх, хугацааг сунгуулах арга хэмжээ авсан эсэхийг шүүх заавал шалгаж тогтоосон байвал зохино” гэж тус тус заасан байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан нь “Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны дүгнэлт”-ийг Нийслэлийн Газрын зохион байгуулалтын албаар батлуулсан, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан баримтуудаар нотлогдож байна гэж үзсэн.
Анхан шатны шүүхээс гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах зорилготой байсан гэж үзсэн дээрх баримтууд нь газар эзэмшигч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.4 болон “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”–нд заасан үүргээ хэрэгжүүлсэн баримт тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2006 оны 04 дүгээр сарын 28-ны Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай зөвлөмж болон Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолд заасан газраа гэрээнд зориулалтын дагуу ашигласан гэж үзэх нь үндэслэлгүй юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 807 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Р и п м” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/949 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэн тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн зөвлөмж, тогтоолд бичсэн “газар эзэмшүүлэх гэрээ хийгдснээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно” гэснийг, мөн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдэгт хамаарахгүй байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй” гэжээ.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий газар болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Автобус-3”-ын зүүн талд байрлах 984 м.кв талбай бүхий газартаа барилга барихаар төлөвлөж, зориулалтын дагуу ашиглахаар төсөл хэрэгжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан 2019 онд “Б...” ХХК-тай байгуулсан “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ”, “Ажлын зураг боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ” болон Нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар батлуулсан архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний дагуу хийгдсэн эскиз зураг зэргээр тогтоогджээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь тухайн газрыг “үйлчилгээтэй орон сууц”-ны зориулалтаар нь эзэмшихийн тулд тухайн барилгыг барихад зайлшгүй шаардлагатай Барилгын тухай хууль, норм, дүрэмд заасны дагуу дээрх зураг төсөл боловсруулах, техникийн нөхцөл, бусад зөвшөөрөл авах ажиллагааг явуулж байсныг Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт тооцохоор байна.
Уг хуулийн заалтын “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэг нь газар эзэмших зориулалтаас шалтгаалж харилцан адилгүй байх боломжтой, хариуцагч нь энэ үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр гаргахаас өмнө газар эзэмшигчээс “зориулалтаар нь газрыг эзэмших талаар ямар үйл ажиллагаа явуулсан, энэ нь зайлшгүй хийгдэх ажиллагаа мөн эсэхийг тодруулж, бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр шийдвэрлэх үүрэгтэй. Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг ... бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж заасан.
Нэхэмжлэгч “Р и п м” ХХК-ний Барилгын тухай хууль, норм, дүрэмд заасны дагуу барилгын ажил эхлэхээс өмнө заавал авах шаардлагатай баримт бичиг, зураг төсөл, зөвшөөрөл авах ажиллагаа явуулсан нь түүнээс өөрөөс нь хамаарсан гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг Улсын Дээд шүүхийн зөвлөмж, тогтоолоос зөрүүтэй дүгнэлт гэж үзэхээргүй байна.
Мөн анхан шатны шүүх зөвхөн “хянан баталгааны дүгнэлт болон сүүлд шинэчилж байгуулсан 2019 оны гэрээнээс хугацааг тоолох” талаар дүгнээгүй, Барилгын тухай хуулийн дагуу бүрдүүлсэн дээрх үйл ажиллагааны талаар дүгнэсэн тул газар эзэмших гэрээний дагуу хийгдсэн ажлыг үнэлж шийдвэр гаргасан гэх давж заалдах гомдлыг мөн хангах үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0807 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч төрийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ