Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 947

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүгч Р.Долгорсүрэн, шүүгч Л.Өлзийжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Бундхорол овогт У ын Д  /********/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга 

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ***тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан захирлын ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л , иргэдийн төлөөлөгч Д.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бундхорол овогт У ын Д  миний бие нь 2003 оноос одоог хүртэл Сэлэнгэ аймаг Шаамар суман дахь Мэргэжил сургалт Үйлдвэрлэлийн төвд ажиллаж байгаа билээ.

2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Монгол Улсын Хөдөлмөрийн Сайдын ***тоот тушаалаар тус Мэргэжил сургалт Үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан юм. Ажиллах хугацаандаа Төрийн албан хаагчийн нэр төрийг эрхэмлэн дээдэлж, сахилгын ямар нэгэн шийтгэл аваагүй, төрийн үйлчилгээний үйл ажиллагааг алдагдуулалгүй Хөдөлмөрийн сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу хэвийн явуулж байсан.

Энэ хугацаанд захирлын ажлын байрны сул орон тоонд хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалт зарлагдаагүй боловч Монгол Улсын Хөдөлмөрийн хамгааллын сайдын 2017 оны 01 сарын 03-ны өдрийн дугаар ***тоот тушаал гарч намайг үүрэг гүйцэтгэгчээс үндэслэлгүйгээр чөлөөлөн дахин үүрэг гүйцэтгэгч шинээр томилсон юм. Иймд дээрх ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч У.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 2004 оноос хойш ажиллаж байсан. Энэ хугацаанд багш, захиргаа, аж ахуйн менежер зэрэг ажлыг хийж байгаад 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар тус төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Энэ хугацаанд сахилгын зөрчил, удирдах албан тушаалтны ёс зүйн зөрчилгүйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалтай ажлын хэсэг ирж миний ажлыг хүлээлцсэн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж, өөрийн эрх мэдлийн хүрээнд гэж тушаалдаа дурдан намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад сонгон шалгаруулалт зарлагдаагүй, намайг ажлаа өгснөөс хойш сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалт 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болсон” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “У.Д ийг анх Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Мэргэжлийн боловсрол, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. 

Нэхэмжлэгчийг анх Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь Мэргэжлийн боловсрол, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо хууль тогтоомж зөрчиж томилсон байсан. Мэргэжлийн сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13-т заасны дагуу сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилж, чөлөөлдөг.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын сонгон шалгаруулалтыг явуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 2.4.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол яам, агентлагийн харьяа болон Сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсвийн байгууллагын дарга /төсвийн шууд захирагч/-ын албан тушаалд томилогдох нэг ажилтныг Төрийн албаны зөвлөлөөс баталсан журам, зааврын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий этгээдэд өгөх” гэж заасны дагуу яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн тусгайлсан чиг үүргийн хүрээнд эрхлэн явуулдаг. 

Гэтэл өмнө нь У.Д ийг томилохдоо дээрх Төрийн албаны тухай хууль тогтоомж, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журмын дагуу сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд түр орлон гүйцэтгэгч гэх хууль бус албан тушаалд томилсон байдаг.

Мөн уг захиргааны актын талаарх маргааныг Төрийн албаны зөвлөл урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульчилсан бөгөөд уг ажиллагаа хийгдээгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно. 

Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч У.Д ийг Хөдөлмөрийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ***дугаар тушаалаар Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь Мэргэжлийн боловсрол, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлыг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13-т заасны дагуу сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилж, чөлөөлдөг.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын сонгон шалгаруулалтыг явуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 2.4.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол яам, агентлагийн харьяа болон Сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсвийн байгууллагын дарга /төсвийн шууд захирагч/-ын албан тушаалд томилогдох нэг ажилтныг Төрийн албаны зөвлөлөөс баталсан журам, зааврын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий этгээдэд өгөх” гэж заасны дагуу яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн тусгайлсан чиг үүргийн хүрээнд эрхлэн явуулдаг. 

Гэтэл өмнө нь У.Д ийг томилохдоо дээрх Төрийн албаны тухай хууль тогтоомж, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журмын дагуу сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд түр орлон гүйцэтгэгч гэх хууль бус албан тушаалд томилсон байдаг.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-т “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13-т “төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх, ажлын байрны тодорхойлолтыг батлах” гэж тус тус заасныг баримтлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд дээрх хууль бус томилгоог авч үзэж, У.Д ийг чөлөөлсөн шийдвэр гаргасан” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалт буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамааралгүй, маргаагүй асуудалд шүүх дүгнэлт хийхгүй байхыг хүсье. Энэ нь н.Хишигжаргалын томилгооны асуудал юм. Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй учраас дүгнэлт хийхгүй байх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэртэй холбоотой асуудлыг шүүхээс шийдвэрлэсэн практикыг харж үзнэ үү. 

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэхийн ойлгохгүй байна. Түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоноор нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг яаж хамгаалж байна вэ. Нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлж тухайн төсвийн шууд захирагч буюу Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын ажлын байранд маань үргэлжлүүлэн ажлуулахгүй байгаа асуудалд маргавал нэхэмжлэгчийн эрх сэргээгдээд явах боломжтой. Хэрэв уг асуудалд дүгнэлт гаргаад явбал тухайн маргаанаа дахин шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрнэ. Үүнийг шүүх харгалзан үзнэ үү. Түр орлон гүйцэтгэгчийг чөлөөлж буй үндэслэл нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар сайдын шийдвэр хуульд нийцсэн байх ёстой гэж заасан байгаа. Өмнөх шийдвэр хуульд нийцээгүй байсан учраас хуульд нийцүүлэн нэхэмжлэгчийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн. Энэ нь хавсран гүйцэтгэж байсан албан тушаалыг хөндсөн шийдвэр биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Иргэдийн төлөөлөгч Д.Э  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч У.Д  нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ***тоот тушаалаас өөр, өмнө нь менежерийн ажил, албан тушаалаас халсан, чөлөөлсөн захиргааны акт байхгүй учир ***тушаалыг хүчингүй болгуулж, үүний дараа өмнөх ажилдаа томилуулах шийдвэр гаргуулах хэлбэрээр эрхээ хамгаалах боломж бий болох учир ***тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна. Үүний дараа Мэргэжлийн Сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын өөр, өмнөх ажил албан тушаалд томилохгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүйтэй маргах боломжтой” гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч С.Хашгэрэл нь “... Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ***дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан байна. 

Улмаар нэхэмжлэгч У.Д  нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ***тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан захирлын ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шүүх хуралдаанд “урьд эрхэлж байсан захирлын ажилд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа “урьд эрхэлж байсан захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилуулахыг даалгах” гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч У.Д ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” дугаар ***тоот тушаалаар Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “У.Д ийг ажлаас чөлөөлөх тухай” дугаар ***тоот тушаалаар Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Д ийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс тасалбар болгон захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.

Хариуцагч дээрх 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ***тоот тушаалд У.Д ийг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас яагаад чөлөөлж байгааг заагаагүй буюу уг тушаалыг гаргах болсон шалтгаан, үндэслэлийг заагаагүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж тус тус заасан байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны “У.Д ийг ажлаас чөлөөлөх тухай” дугаар ***тоот тушаалд уг тушаалыг гаргах болсон бодит нөхцөл байдал, шалтгааныг заагаагүй байгаа нь дээрх хуулийн заалтуудад нийцэхгүй байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан байна.

Хариуцагч нь Захиргааны ерөнхий 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй болох нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн № 4/3029 тоот албан бичгээр  нотлогдож байна. 

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13-д “төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх, ...” гэж мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг хуульчилсан байна.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулсны үндсэн дээр хуульд заасан шаардлагыг хангасан этгээдийг захирлын албан тушаалд томилох нь захиргааны байгууллага, албан тушаалтны чиг үүрэг ба энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүй хариуцагчийн үйлдлийн улмаас нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй. 

Нэхэмжлэгчийг Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” дугаар ***тоот тушаалын 3-д “У.Д ийн ажлыг зохих журмын дагуу хүлээлцүүлж, захирлын ажлын байрны сул орон тоонд хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулахыг Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгосон байна.

Дээрх 2016 оны “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” дугаар ***тоот тушаалын агуулгаас үзэхэд захирлын албан тушаалд хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулж, холбогдох томилгоог хууль ёсоор хийх хүртэл хугацаагаар У.Д ийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон гэж үзэхээр байна.

Гэтэл Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулсан талаарх бодит нөхцөл байдал үүсээгүй байхад нэхэмжлэгчийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. 

Мөн дээрх Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13 дахь заалтаас үзэхэд нэхэмжлэгчийг хуульд заасан үндэслэл үүссэн тохиолдолд чөлөөлөхөөр заасан байна.

Дээр дурдсан үйл баримтын үндэслэлүүд болон хууль зүйн үндэслэлүүдээс үзэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны “У.Д ийг ажлаас чөлөөлөх тухай” дугаар ***тоот тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалын сул орон тоонд хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулсны үндсэн дээр холбогдох томилгоог хууль ёсоор хийх хүртэл хугацаагаар буюу захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд нэхэмжлэгчийг томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж байгааг анхаарах нь зүйтэйг тэмдэглэж байна. 

У.Д  нь шүүхэд анх 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан болох нь нэхэмжлэл хүлээн авах бүртгэлийн дэвтрээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийг шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. 

Шүүх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “У.Д ийг ажлаас чөлөөлөх тухай” дугаар ***тоот тушаалыг хүчингүй болгож, У.Д ийг урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгаж шийдвэрлэж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуусталх хугацаагаар зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг хариуцагчид  даалгах нь зүйтэй байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” дугаар ***тоот тушаал, цалингийн картын дагуу тооцон үзэхэд нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг үндсэн болон нэмэгдэл цалинг оруулан 718,985 (долоон зуун арван найман мянга есөн зуун наян тав) төгрөгөөр тооцож, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуусталх нийт 7,512,951 (долоон сая таван зуун арван хоёр мянга есөн зуун тавин нэг)  төгрөгийг нэхэмжлэгчид олгож, У.Д ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Дээрх 7,512,951 (долоон сая таван зуун арван хоёр мянга есөн зуун тавин нэг)  төгрөг нь холбогдох татвар, шимтгэлийг суутгасан нэхэмжлэгчийн гарт олгох дүн юм.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.Д ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “У.Д ийг ажлаас чөлөөлөх тухай” дугаар ***тоот тушаалыг хүчингүй болгож, У.Д ийг урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7,512,951 (долоон сая таван зуун арван хоёр мянга есөн зуун тавин нэг) төгрөгийг У.Д д олгож, У.Д ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧ                              Н.ДОЛГОРСҮРЭН

                                        ШҮҮГЧ                              Л.ӨЛЗИЙЖАРГАЛ