Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00674

 

Т.З-гийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 129/ШШ2017/00694 дүгээр шийдвэр

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар магадлалтай

Т.З-гийн  нэхэмжлэлтэй

Ж.Г-т холбогдох

1 838 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Ж.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ж.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Г- нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Т.З-гээс 1 186 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сар тутам 5 хувийн хүүтэй зээлж авсан. Иймд Ж.Г-ээс зээлсэн мөнгө 1 186 000 төгрөг, 2 сарын хүү 118 600 төгрөг, алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 652 300 төгрөг, нийт 1 838 300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Т.З-гээс зээл авч байсан нь үнэн. Т.З- зээлийн төлбөрт миний хүү Б.Элдэв-Очирын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгийг 2009-2015 он хүртэл авахаар итгэмжлэл хийлгэж авсан. Надад болон миний хүүд нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд сар бүр, жил тутам мөнгө нэмж авдаг байсан. Харин ч би Т.З-гээс мөнгө нэхэмжлэх ёстой. Би 2016 оны 02 дугаар сарын 25-нд Т.З-гээс 1 186 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлж аваагүй. Харин Т.З- гэрээний хугацаа дууссан тул сунгана гээд сунгалт хийлгэж гарын үсэг зуруулсан. Намайг гарын үсэг зурах үед огноо болон мөнгө хүлээн авсан гэсэн бичиг гэрээнд байгаагүй. Т.З-гээс 1 186 000 төгрөгийг аваагүй гэдгийг нотлох гэхээр надад нотлох баримт байхгүй байна. Иймд Т.З-гийн нэхэмжилсэн 1 838 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 129/ШШ2017/00694 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 492 дугаар зүйлийн 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Г-ээс 1 186 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.З-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 652 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 358 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Ж.Г-ээс 33 014 төгрөг гаргуулан Т.З-д олгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар магадлалаар Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 129/ШШ2017/00694 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33 014 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрсөн.

Хариуцагч Ж.Г- миний бие нэхэмжлэгч Т.З-гээс 2016 оны 02 дугаар сарны 25-ны өдөр 1 186 000 төгрөг зээлж аваагүй. ...Т.З-гийн нэхэмжлэлтэй холбогдуулан би сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх миний сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй. Учир нь 2016 оны 02 дугаар сарны 25-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой сөрөг нэхэмжлэл байсан. ... Т.З-гээс ...нийт гурван удаа 850 000 төгрөг зээлсний төлөө хүү Б.Элдэв-Очирын 2009-2016 оны хоорондох тэжээгчээ алдсаны тэтгэмж 11 000 000 сая төгрөгийг авсан. ... 2016 оны 02 дугаар сарны 25-ны гэрээнд гарын үсэг зурсан миний гарын үсэг нь мөнгө авсан гэж гарын үсэг зураагүй, харин Т.З- нь зээлийн хугацааны сунгалт гэж зуруулсан маягтаа ашиглаж надаас 1 186 000 төгрөг нэхэмжилж шүүхэд өгсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хамтатган шийдэх ёстой. ...Т.З-гийн гарын үсэг ашиглан залилж байгааг Архангай аймгийн Цагдаагийн газарт өргөдөл өгч шалгуулж байгаагаа давж заалдах шатны шүүхэд мөрдөн шалгаж байгаа албан бичиг өгсөн боловч, давж заалдах шатны шүүх албан бичгийг аваагүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүйгээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1.-д нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Т.З- Ж.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 838 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, тус зээлийг аваагүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан, тус гэрээгээр зээлдүүлэгч Т.З-  зээлдэгч Ж.Г-т 1 186 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан өгөх, үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5%-ийн анз төлөх үүрэг хүлээсэн, гэрээнд заасан 1 186 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр хүлээн авсан талаар зээлдэгч гэрээнд гарын үсэг зурсан, гэрээ байгуулснаас хойш зээлийн төлбөрийг төлөөгүй үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг эрх зүйн хоёр өөр харилцаанд хамааруулан дүгнэсэн байна.

1. Иргэний хуулийн Хорин дөрөвдүгээр бүлэг, 281 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэл бүхий байх бөгөөд хэрэгт авагдсан Зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж чадсан, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т заасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Гэрээний зүйл болох 1 186 000 төгрөгийг шилжүүлсэн, хүлээн авсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч нь зээлдүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй, зээлдэгч зээлсэн хөрөнгийг эргүүлэн төлөх, гэрээгээр тохирсон бол хүү төлөх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан хүүгийн хэмжээ засвартай бичигдсэн байх тул зээлийн хүүг эргэлзээгүй тодорхойлох боломжгүй гэж дүгнэн зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан 1 186 000  төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

2. Иргэний хуулийн Хоёрдугаар дэд бүлэг, 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж тодорхойлж, “...нэхэмжлэгч Т.З- бусдад мөнгө зээлдүүлэх үйл ажиллагааг тогтмол явуулдаг талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1., 452.2. дахь зохицуулалт нэхэмжлэгчид хамаарна, банк хуулийн этгээдээс олгох зээлд анз буюу алданги тооцох ёсгүй байхад алданги тооцож буй нь нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөл бүрдүүлж байна...” гэж дүгнэсэн байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйл нь Банк, зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүүг зохицуулсан заалт бөгөөд хувь хүнээс олгосон зээлийн үйл ажиллагаа хуулийн дээрх заалтад хамаарахгүй, түүнчлэн тус заалттай холбогдуулан нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, үүний улмаас хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...тогтмол зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээд нь хуулийн этгээдийг байгуулж, зохих тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх болохыг холбогдох хууль тогтоомжид заасан...”  гэж гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дурдсан атлаа гэрээний хүүг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний хүү тооцох заалттай холбогдуулан дүгнэсэн нь ойлгомжгүй, шүүхийн дүгнэлт хоорондоо зөрчилтэй болжээ.  

Хувь хүн буюу нэхэмжлэгч нь банк, эрх  бүхий хуулийн этгээдээс зээл олгох үйл ажиллагааг эрхэлсэн гэж үзсэн бол талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан “...хэргийг бүхэлд нь хянах...” үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хариуцагч Ж.Г- нь гэрээнд заасан 1  186 000 төгрөгийг аваагүй, гэрээний сунгалт гэж гарын үсэг зуруулж байсан гэх тайлбар, үндэслэлээ нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтад нийцсэн байна.

Мөн хүү Б.Элдэв-Очирын тэтгэмжийг 2009 оноос 2016 оны 03 сарын хугацаанд  авсан үндэслэлээр нийт 7 454 700 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй гэж үзэн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь заалтыг зөрчөөгүй тул “...сөрөг нэхэмжлэлийг хамтад нь шийдэх ёстой байсан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгохыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын хууль хэрэглээний алдааг засч, өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 129/ШШ2017/00694 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Г-ээс 1 186 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.З-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 652 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Ж.Г-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ж.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33 014 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД