| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01471/И |
| Дугаар | 1423 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 1423
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01471/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алт*** даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 4 дүгээр баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар *** , Б*** С*** ,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 4 дүгээр баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Б*** О*** нарт холбогдох
3.920.635.33 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*** , хариуцагч Т.С*** , Б.О*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул салбарын захирал Г.О*** , итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Т.С*** , Б.О*** нар нь 2013 оны 08 дугаар сарын 21-нд автомашин худалдан авах зорилгоор *** тоот дугаартай “Лизингийн зээлийн гэрээ”-г байгуулан 11.700.000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 20.4 хувийн хүүтэйгээр авсан. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш удаа дараалан зээлийг хуваарьт хугацаанаас хоцроон төлж зээлийн гэрээний 7.1.1-д “Зээл буцаан төлөх хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн, 7.1.7, 7.1.8-д зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл хүчингүй болсон, зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон гэсэн заалтыг зөрчиж, нэхэмжилсэн өдрийн байдлаар 232 хоног болон зээлийн хүүгийн төлбөрөө төлөөгүй байна. Банкны зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж зээл буцаан дуудах мэдэгдэх хуудас хүргүүлж, зээлээ төлөхийг шаардахад шаардлагыг биелүүлэхээс илт зайлсхийж, утсаа салгадаг уулзахаас зайлсхийдэг, янз бүрийн худлаа тайлбар тавьдаг зэрэг шалтгаанаар зээл төлүүлэхэд хүндрэлтэй байгаа учир гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж, гэрээний
үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон зээлдэгчийн бусад орлогоор хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.С*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т*** овогтой С*** би *** банкнаас лизингээр машин авсан нь үнэн болно. Графикийн дагуу төлбөрөө төлж байгаад өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж группт орсон тул банкны эдийн засагчтай уулзаж группын зээл авч 4.000.000 төгрөг төлөхдөө одоо төлбөр төлж чадахгүй байгаа болохоор машиныг үлдсэн мөнгөнд бодоод өгье гэсэн боловч авахгүй, яаж ийж байгаад төлж дуусга гэсэн. Тэгвэл шүүхэд өг гэхэд өгөхгүй байж байгаад хүүгийн өсгөж байгаад шүүхэд өгсөн байна. Иргэн Б.О*** г батлан даалтаас хасч өгнө үү гэж хуралдаад холбогдох хүмүүс нь танд хамаагүй болсон та 100 хувь өөрөө хариуцах болсон шүү гэж хэлсэн. Иргэн Б.О*** энэ зээлд хамааралгүй тул энэ зээлийг би өөрөө 100 хувь төлж дуусгана. Иргэн Б.О*** г энэ зээлд хамааралгүй болгож өгнө үү. Миний энэ хүсэлтийг хүлээн авч шийдэж өгнө үү гэв.
Хариуцагч Б.О*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бямба овогтой О*** миний бие нь Т*** овогтой С*** тэй хамтран амьдарч байх хугацаандаа 2013 оны 08 дугаар сарын 21-нд *** банкны Гаалийн салбараас Т.С*** гийн хүсэлтээр Соната-2 маркийн *** ДАХ машиныг барьцаалуулан зээлээр авсан юм. Т.С*** нь удаа дараа гэр бүлийн асуудал гаргаж Л.Г*** гэж эмэгтэй хүнтэй холбоотой байсаар байснаар Т.С*** гээс 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би салсан юм. Т.С*** нь тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл /2016.10.12/ *** ДАХ машиныг ганцаараа эзэмшиж байгаа билээ. Б.О*** би хамтран амьдрах хугацаандаа Соната-6 маркийн *** ДАХ машины зээлийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөлцөж байсан. Б.О*** би *** банкны захирал О*** , эдийн засагч Мягмарбаяр нарт 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл удаа дараалан болсон үйл явдлыг хэлж ярьж Т.С*** нь машиныг унаад аваад явсанг хэлж хандсанаар захирал О*** , эдийн засагч Мягмарбаяр нар нь Б.О*** гуай та өргөдлөө манай банкинд бичээд өгчих танд хамааралгүй болгоод графикаас хасаад өгье. Т.С*** гуайтай бид уулзаж ярьсан машиныг Т.С*** гуайд үлдээе гэсээр бид өргөдөл бичиж хүлээлгэж өгсөн. Б.О*** би удаа дараа компьютерээс харахад хамтран зээлдэгч программаас хассан байсан. Т.С*** нь өөрөө энэ бүх зээлийн төлбөр, Соната-6 *** ДАХ машиныг 100 хувь би хариуцна гэж хэлээд авч явсан. Б.О*** би Т.С*** гээс 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ямар ч хамааралгүй болоод 2 жил 07 сар болж байна. *** банкны мэдэлд байгаа Соната-6 *** ДАХ машины зээлийн төлбөрийг Б.О*** надад огт хамааралгүй учир Т.С*** нь 100 хувь хариуцна гэж авч явж салснаараа хариуцах ёстой. Энэ 2 жил 07 сарын хугацаанд О*** би Т.С*** гээс 1.050.000 төгрөг нэхэмжилсэн шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрээр гарсан мөнгөнөөс 200.000 төгрөгийг л авсан байгаа гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул салбар нь хариуцагч Т.С*** , Б.О*** нарт холбогдуулан үндсэн зээл 3.053.920.83 төгрөг, хуримтлагдсан хүү 767.973.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62.114.08 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 10.000 төгрөг, нийт 3.920.635.33 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т.С*** нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хариуцагч Б.О*** нь бид зээл авснаас хойш тусдаа амьдарч эхэлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч Т.С*** , Б.О*** нар нь автомашин худалдах, худалдан авах зорилгоор, *** банкны Дархан-Уул салбартай тохиролцож 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр *** дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан, 13 000 000 төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан Т.С*** гийн өмчлөлийн Хьюндай Соната-6 суудлын автомашиныг нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул салбарын өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 6-12/
Талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр дууссан байна.
Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөх графикийн зөрчиж байсны улмаас нэхэмжлэгч талаас зээл төлөх Мэдэгдлийг өгч байсан болох нь 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өгсөн Мэдэгдэл, хариуцагч Т.С*** гийн удаа дараа *** банкинд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 13-15/
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрхтэй эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар ...үүснэ” , 242 дугаар зүйлийн 242.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул салбар нь хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Т.С*** , Б.О*** нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Т.С*** , Б.О*** нараас үндсэн зээл 3 053 920,83 төгрөг, хүү 767 973,58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62 114,08 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 10 000 төгрөг нийт 3 920 635,33 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч Б.О*** нь бид хамтран амьдарч байхдаа зээл авсан, одоо 2 жил тусдаа амьдарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Талууд нь дээрхи Барьцаат зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчдийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар гэрээгээр шилжүүлсэн Хьюндай Соната-6 маркийн, *** арлын дугаартай, саарал өнгөтэй, автомашиныг Иргэний хуулийн 163 дугаар зүйлийн 163.1-д “Хэрэв барьцааны зүйлийн биржийн буюу зах зээлийн үнэ тодорхой байвал барьцаалагч нь уг зүйлийг худалдааны тусгай байгууллагаар дамжуулан худалдахаар итгэмжилж болно”, 163 дугаар зүйлийн 163.2-т “Барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдах болсон тухай болон худалдах үнийн тухай өмчлөгчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арван дөрөв хоногийн дотор барьцааны зүйлийг худалдаж болохгүй” гэж зааснаар барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т.С*** , Б.О*** нараас 3 920 635,33 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** банкны Дархан-Уул салбарт олгосугай.
2. Иргэний хуулийн 163 дугаар зүйлийн 163.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох Хьюндай Соната-6 маркийн, *** арлын дугаартай, саарал өнгөтэй, автомашиныг зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77 680,16 төгрөгийг *** сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 77680,16 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА