Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 575

 

 

                                                                                                                   

 

 

 

 2020         03          31                                   2020/ШЦТ/575    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч П.Мөнхтуяа,   

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Д, Л.О, Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д, Л.О, Б.А нарт холбогдох эрүүгийн 2006 01088 0672 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Б.Д.

Л.О.

Б.А.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д, Л.О, Б.А нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэн Н.Уранчимэгийн ХААН банкны 5090333866 дугаартай дансны интернэт банкаар хууль бусаар нэвтэрч, түүний дансанд байсан 3.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                   /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Б.Д, Л.О, Б.А нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

 

Хохирогч Н.Уранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өглөөний 9 цагаас “Вишин фаунд” банк бус санхүүгийн байгууллага руу очоод зээлээ баталгаажуулсан. Ингээд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, ЭТ 4-11 тоот гэртээ 13 цагийн үед ирсэн. 15 цаг 30 минутын үед эгчтэйгээ утсаар ярьж байхад мессэж ирсэн. Эгчтэйгээ ярьж дуусаад гар утсаа хараад мессэжээ хартал 2.970.000 төгрөг зээл олгов гээд Вишин фаунд банк бус санхүүгийн байгууллагаас ирсэн байсан. Тэгээд 10 минутын дараа буцаад 3 сая төгрөгний зарлага гарав гээд гүйлгээний утга1 гээд мессэж ирсэн. Тэгээд гайхаад Вишин фаундын банк бус санхүүгийн байгууллага руу эдийн засагч Баасанмаатай утсаар яриад шилжүүлсэн мөнгө чинь буцаад гарчихлаа ямар учиртай юм бэ гээд асуутал 99726842 гээд манай санхүүтэй ярь, би мэдэхгүй байна гэхээр нь уг хүнтэй ярихад бид нар мөнгө татаагүй, юу гэж таны данснаас мөнгө татах юм бэ, зээлээ өгдөгөөрөө өгсөн. ХААН банкинд яаралтай ханд гэсэн. ...

... Тэгээд Хаан банкны салбар дээр очоод учраа хэлсэн чинь Д.Гэрэл гэх нэртэй хүний данс руу та өөрөө мобайл банкаар шилжүүлсэн байна, төвтэй холбогд гээд байхаар нь ХААН банкны төв рүү очоод хариуцсан ажилтантай нь уулзахад таны интернэт банкаар гүйлгээ хийсэн байна гээд камерийн бичлэгийг нь үзэхэд 3 хүний дүрс бичлэг үзүүлсэн, дэлгэрэнгүй үзүүлж чадахгүй, цагдаагаас албан бичгээр хандаарай гэсэн. ... ХААН банкны төвийн мэдээллийн ажилтнаас авсан мэдээллээр бол миний интернэт банкаар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Цэрэнпагма гэх хүний дансанд 2500 төгрөг, 02 дугаар сарын 09-ний өдөр Нармандах гэх хүнд 100 төгрөг шилжүүлсэн байсан. Эдгээр гүйлгээнүүдийг би хийгээгүй. Би мэдэхгүй байна. Ойр ойрхон миний мэдэхгүй гүйлгээнүүдийг хийсэн байсан. Самсунг эс-7 загварын төхөөрөмж ашиглагч нэр нь Л.О гэх хэрэглэгчээс хэд хэдэн удаа хандаж байсан. Энэ хандалтыг үндэслэн тухайн төхөөрөмжийг ашигладаг Л.О гэх хүний мэдээллийг Хаан банкнаас гаргуулах хүсэлтэй байна гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хх 9-10/,

 

Гэрч Ц.Гэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

Миний бие Хаан банкны 5075210584 тоот дансыг 2 жилийн өмнөөс эзэмшиж эхэлсэн. Уг дансаар тэтгэвэрээ авдаг байсан. Ихэвчлэн тэтгэвэр орохоор өөрөө очиж авдаг. Би их гүйлгээ хийдэггүй, хүүхдүүд мөнгө хийвэл авдаг. Миний зээ хүү болох Б.Дд картаа өгч явуулаад гэрлийн үлдэгдэл мөнгийг төлөөд ир гэж картаа өгч явуулсан. Мөнгөө төлчихсөн гээд карт буцаагаад өгсөн гэх мэдүүлэг /хх11/,

 

-гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 3/,

-камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 5/,

-Ц.Гэрэлийн ХААН банкны 5075210584 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 50, 53/,

-Н.Уранчимэгийн ХААН банкны 5090333866 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 51-52/,

-хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 59-60/,

 

Шүүгдэгч Л.Оын мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өглөө автобусанд явж байтал сандал дээр сууж байсан эмэгтэй 2 гар утастай байсан ба интернэт банкаараа дахин, дахин гүйлгээ хийгээд байсан. Тэгээд би харж байгаад кодыг нь цээжилчихсэн. Тэр эмэгтэй гандан дээр буусан ба би Москва ресторон дээр буугаад ажил дээрээ очсон юм. Ажил дээр очоод нэвтэрч үзэх гэтэл болохгүй байсан. Ажлаа тараад гэртээ очоод утсаар орж үзтэл нэвтэрч байсан. Тэгээд маргааш нь найзтайгаа таараад гэрт нь очиход нэг найз нь байсан бид гурав хоорондоо ярилцаад уг хүний данснаас Б.Дий эмээгийн данс руу тогны мөнгө тушаах гэсэн юм гэж хэлж авсан. Тэгээд уг хүний данснаас 3 сая төгрөг шилжүүлээд би 1.100.000 сая төгрөг авсан. Тэгээд уг мөнгийг нь үрээд дуусгачихсан юм. Уг мөнгийг оюутны байранд байрлах хаан банкны АТМ-ээс очиж авсан юм гэх мэдүүлэг /хх 28-29/,

 

Шүүгдэгч Б.Дий мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр би Б.А гээд найзындаа байж байсан. Өглөө нь Б.А аавтайгаа цуг гадагшаа гарсан ба өдөр нь ирэхдээ Л.Отай хамт ирсэн. Тэгтэл Л.О надад хүний интернэт банкны нууц үг байна гэж хэлээд бид гурав ярилцсан. Тэр өдөр ээж тогны мөнгө өгөөрэй гэж надад хэлсэн байсан ба манайд очиж эмээгийн картыг аваад 1000 оюутны байрны орчим ATM ороод 3 сая төгрөг шилжүүлээд бэлнээр авсан. Тэгээд би 1.000.000 төгрөг авсан. Уг мөнгөө өөртөө зарцуулсан ба тоглоомын газар хонож, таксинд өгөөд дуусгасан юм гэх мэдүүлэг /хх 23-24/,

 

Шүүгдэгч Б.Аын мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр оюутны байрны ойролцоо явж байгаад 10 жилийн ангийн хүүхэд болох Л.Отай таарсан. Тэгээд уулзчихаад явах гэтэл нэг хүний интернэт банкны нууц үгийг мэднэ хамт явъя гээд надтай цуг манай гэр рүү явсан. Тухайн үед манай гэрт Б.Д байсан ба бид гурав ярилцаж байгаад уг хүний дансанд байсан 3 сая төгрөгийг Б.Дий эмээгийн карт руу нь шилжүүлж авсан. Уг мөнгөнөөс би 900.000 төгрөг авсан ба уг мөнгөөрөө утас аваад үлдсэн мөнгийг нь хэрэглээд дуусгасан байгаа юм гэх мэдүүлэг /хх 33-34/,

 

Хавтаст хэргээс: Л.О, Б.Д, Б.А нарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 35-37, 39-41, 44-46/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Д, Л.О, Б.А нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэн Н.Уранчимэгийн ХААН банкны 5090333866 дугаартай дансны интернэт банкаар хууль бусаар нэвтэрч, түүний дансанд байсан 3.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо. 

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нар нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Б.Д, Л.О, Б.А нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Б.Д, Л.О, Б.А нарыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хохирогчид учирсан хохиролыг нөхөн төлж барагдуулсан нь хохирогчийн “надад гомдол байхгүй, товлосон хугацаанд мөнгийг буцаан төлж хохирлыг барагдуулсан” гэх хүсэлт /хх 59/ байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Б.Д, Л.О, Б.А нарт ял оногдуулахад гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохиролоо төлсөн, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Д, Л.О, Б.А нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Л.О, Б.А нарыг гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Л.О, Б.А нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Д, Л.О, Б.А нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д, Л.О, Б.А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ